Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1216

 

 

 

 

 

 

 

 

    2022         9             30                                    2022/ШЦТ/1216

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,   

Улсын яллагч Б.Энэрэл,

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, **оны **дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамжны * тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овгийн Б.Д /РД: ШУ*****/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ** тоотод хамт архи уусан Н.Той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Цагаан хусын *** тоотод иргэн Н.Тыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :   

  • гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан.... СХД-н ** дугаар

хорооны нутаг дэвсгэр *** 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зүс таних залууст зодуулсан байна гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

  • шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь

тал/,

- хохирогч Н.Тын...Би 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед айлд очих гээд явж байхад зүс таних Д., Д хоёр намайг дуудаад байхаар нь очиход согтуу байсан...Гэрт нь хүргээд өг гэхээр нь хүргэж өгөхөд Дагвадорж намайг зодох гээд, цаасны хутгаар гуяны хэсэгт хүргээд хатгах гээд байхаар нь боль гэж хэлсэн чинь Б.Д нь миний зүүн нүд рүү гараараа 2 удаа цохиж, гуя хэсэгт газарт унагааж байгаад нэг удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,   

- гэрч Б.Д-н...2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр манай ах Д нь согтуурхаад...гартаа нэг үзүүртэй зүйл барьсан Тн гуяны хэсэгт хүрэхэд Түвшинцогт уурласан ба ах Д, Т нүүр лүү хэд хэдэн удаа цохиход хамраас нь цус гарсан. Би Д ахыг Т зодоод байхаар нь салгах гэж Т ахыг татах гэж байгаад зүүн шанааны хэсэгт цохичих шиг болсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

- гэрч Н.Төгсбадрахын...2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг  өнгөрч байхад гэрээс гарч гэрийн ойролцоо байх дэлгүүрээс тамхи аваад гараад ирэхэд гудамжинд манай ах Тзүүн талын шанаа хацар нь хавагнасан байдалтай таарахаар яасан бэ гэж асуухад Д намайг зодсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

- шинжээчийн дүгнэлт : Н.Тын биед зүүн доод зовхи, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхи, баруун гуянд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 18 дахь тал/,

- шүүгдэгч Б.Д...Би өөрийн буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-49/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

Иймд шүүгдэгч Б.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг :    

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын талаар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч гомдол саналгүй тухай мэдүүлсэн байх /хх-52 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/, тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-22, 25, 35-41, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал   

 

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч Б.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид оногдуулсан 320 /гурван зуун хорь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР