Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1309

 

 

 

 

 

 

      2022         10            21                                            2022/ШЦТ/1309

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,   

Улсын яллагч О.Эрхэмбаяр,

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.М холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ****оны ** дүгээр сарын **-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа модон эдлэл засвар үйлчилгээний ажил хийдэг, ам бүл *, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, **тоотод оршин суудаг, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147.2-т зааснаар 5 жил 8 сар хорих ял, мөн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж байсан, Б овгийн Э М /регистрийн дугаар: НЬ****/  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М ь 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын автобусны буудал дээр иргэн ****хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :      

        

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Э.М ь 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын автобусны буудал дээр иргэн ****хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь :

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...СХД** дугаар хороо автобусны буудал дээр***  настай ....зодуулсан гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,  

- хэргийн газрын ойр орчимд хийсэн ажиллагааны илтгэх хуудас /1хх-81-82/,

- хохирогч Б.Т ...2022.05.27-ны өдөр 15 цагийн үед гэрээсээ гарсан, найз Э гэрт очиж архи уусан...23 цагийн үед дүү Б машинтай Бат-Эрдэнэтэй явсан...Гэр лүүгээ явж байгаад замдаа буухаар болоод Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Содон хорооллын автобусны буудал дээр шөнийн 01 цагийн орчимд буугаад байж байтал нэг үл таних залуутай маргалдаад, цохиж зодуулсан...Толгойн зүүн тал руу цохих шиг болоод зугтсан...Би тэр үл таних залууг харвал танина...Би архи уусан байсан, би өөрөө такси бариад ГССҮТ-д үзүүлтэл хэвт гэсэн, 14 хэвтэн эмчлүүлж байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15, 18 дахь тал/,  

- гэрч Х.Н-н...2022.05.27-ны 15 цагийн үед нөхөр хаашаагаа явах гэж байгаагаа хэлэхгүй гараад явсан. Тэгээд гэртээ унтаж байтал 2022 оны 5 дугаар сарын 28-ны үүрээр 5 цагийн үед ГССҮТ эмч залгаад танай нөхөр өчигдөр үүрээр гэмтлийн эмнэлэгт ирсэн. Одоо гавал тархины гэмтлийн тасагт хэвтүүллээ гэдгийг хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

- гэрч Л.Э...2022.05.27-ы өдөр Сонгинохайрхан дүүргийн Зүүн салаанд Т найзтайгаа уулзаад архи уусан. Орой 23 цагийн үед манай таньдаг дүү Б Тг аваад явсан. 2022.05.28-ны өдөр Тн эхнэр надад : Т ГССҮТ-д хагалгаанд орох гэж байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

- гэрч Б.Б..... Т ахыг Б бид хоёр хүргэж өгөхөөр болоод машинтай хөдөлсөн. Тэгээд дүүргийн автобусны буудлын хажуу талд ирээд гэр чинь хаана билээ гэхэд би эхнэртэйгээ муудалдсан байгаа гэртээ очихгүй намайг 21-н автобусны буудал дээр буулгачих, дэлгүүрээс юм авна гээд байхаар нь 3 цаг 20 минутад Сонгинохайрхан дүүргийн** дүгээр хороо, ** дүгээр хорооллын автобусны буудал дээр буулгаад бид хоёр гэртээ хариад амарсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт : Б.Т биед дух, зүүн чамархай, суурь ясны

нийлмэл хугарал, зүүн зулай, дух, чамархай хэсгийн тархины хатуу хальсан дээрх цусан хураа, чамархайн булчингийн цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна  /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл : Сонгинохайрхан дүүргийн 37  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын автобусны буудал дээр зодсон хүний гэрэл зураг 2 дугаартай гэрэл зураг мөн байна би тухайн эрэгтэйн царайг нь хараад шууд танилаа гэв /хавтаст хэргийн 83-86 дахь тал/

- шүүгдэгч Э. Мн...2022.05.27-ны өдөр 22-23 цагийн үед ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын эсрэг талын караоке руу ганцаараа орж архи согтууруулах ундааны зүйл буюу 3 ширхэг лаазтай пиво уугаад буцаж, шөнийн 01 цагийн үед караокеноос гарч ирээд харих гээд замын эсрэг тал руу буюу ***хорооллын автобусны дээр гарцаар гараад автобусны буудал дээр зогсож байтал нэг согтуу залуу намайг “хөөе чи хаашаа явах гэж байгаа юм” гэхээр нь би манайх ойрхон доошоо алхаад орчихдог юм билүү гэхэд...чи ханын материалын Тр гэж таних уу гэхээр нь би цаашаагаа яваач дээ гэсэн чинь тэр Тр гэх залуу намайг муу банди нар том болчихжээ чам шиг банди нарыг би шоронд шааж явсан гэхээр нь би уурлаад юу гэнээ гэхэд тэр Тр гэх залуу над руу тулж ирээд миний нүүр лүү толгойгоороо 1 удаа мөргөхөөр нь Тр гэх залуугийн нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон чинь газар уначихаар нь дээрээс нь нүүр лүү нь гараараа 2 удаа алгадаад, толгой хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн...Цаанаас 1 залуу ирээд салгасан...Миний биед гэмтэл шарх учраагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч гэм буруугаа зөвшөөрсөн байх ба тус гэмт хэргийг үйлдсэн нь тус хэрэгт цугларсан бусад нотлох баримтын эх сурвалжаар тогтоогдсон байгааг тодотгох нь зүйтэй.     

 

 

2.3. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл тогтоогдоогүй.

Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд тэдний хооронд маргаан болсон байгааг үгүйсгэхгүй боловч шүүгдэгч нь хохирогчийг газарт унагаасныхаа дараа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх үйлдлүүдийг удаа дараа хийсэн, тус үйлдлүүдийг хийхэд хохирогч газарт унасан болон согтуурлын улмаас биеэ хамгаалах үйлдлүүд хийх боломжгүй нөхцөлд байсан, түүнчлэн хохирогч нь шүүгдэгчийн эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулсан баримтгүй байх тул  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэлгүй гэж үзнэ.

2.4. Тус шүүгдэгчийн хувьд өмгөөлөгч авах эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх учраас түүний тус эрх зөрчигдөөгүй.       

Шүүгдэгчээс мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд мэдүүлэг авахад түүнд хуулиар олгогдсон эрхийг танилцуулж, тайлбарласан /хх-98-101, шүүх хуралдааны тэмдэглэл/, түүнийг заавал өмгөөлөгчөөр хангах хуульд заасан үндэслэл, журам үүсээгүй, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж мэдүүлэг өгөх, шүүх хуралдаанд оролцохоо амаар, бичгээр илэрхийлсэн байгааг дурдав.     

Иймд шүүгдэгч Э.М-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

3. Хохирол, хор уршиг :   

 

Гэмт хэргийн улмаас хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 3.419.650 төгрөгөөр эмчлүүлсэн, мөн 155.371 төгрөгийн хохирлын баримт бүрдүүлсэн /хх-106/ байх ба шүүгдэгч нь 2.300.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй тухай мэдүүлсэн байх /хх-139 шүүх хуралдааны тэмдэглэл/, тул шүүгдэгч нь тус тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, харин хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.    

Тус гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээний зардалд нийт 3.419.650 төгрөг зарцуулсан байх /хх-113, 115/ тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.М с 3.419.650 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох үндэслэлтэй.      

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.М нь урьд 2011, 2017 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүний ял эдэлж дууссанд хамаарах нотлох баримтын эх сурвалж байх /хх-36, 43-51,  шүүх хуралдааны тэмдэглэл/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч талд учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, бага насны 2 хүүхэдтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон түүний амьдрал ахуй, хөрөнгө, бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /хх-54-80, 118-138, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр урьдчилан тогтсон талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

 

  1. Бусад асуудал   

 

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

 

ТОГТООХ нь :   

 

1. Шүүгдэгч Э.Мг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.                 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож,  хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.  

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Э.Мөнхдоржоос 3.419.650 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Шүүгдэгч Э.Мж цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР