Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 18

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

           Улсын яллагч А.Ттуяа          

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогзолмаа

Шүүгдэгч В.Ц- нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэхь Сум, сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Т овогт В-ийн Ц-ад холбогдох 201623010059 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн ... суманд 1966 оны ... сарын ...-ны өдөр төрсөн, 50 настай, халх, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, ........... ажилтай, ам бүл ..., хүүгийн хамт Хэнтий аймгийн .... сумын ...-р баг ...-р байрны ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, .... регистрийн дугаартай Т овогт В-ийн Ц-.

                            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.Ц- нь 2016 оны 09 сарын 25-ны шөнө 01-02 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ...-р баг . .... тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч С.Мтай маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

-Хохирогч С.Мын “2016 оны 09 сарын 24-ний өдөр хамт ажилладаг А, С, Т, Н, Ц- нарын хамт Бор-Өндөр суманд Геологийн байранд ямаа хорхоглож идсэн. Тэр үед 3 шил архи хувааж уусан. Тэгээд шөнө 01-02 цагийн үед Ц-тай маргалдсан. Юунаас болсон гэхээр М багш руу Ц-, Н хоёр “чи юу чаддаг юм, юу ч чадахгүй гэж багшийнх нь хувьд шүүмжлээд үг сөрөөд байсан. Би тэгэхээр нь Ц-ад хандан  “Ц-аа наад М чинь чамаас илүү тоо бодно, надаас илүү тоо бодно, чадвартай багш шүү, та нар шиг жаахан юманд өөрийгөө товойлгож явдаггүй хүн” гэсэн чинь Ц- уурлаад над руу “чи юу чаддаг юм бэ, чамаар яадаг юм бэ, танай анги чинь урлаг, спорт, сурлага юу ч байдаггүй” гэхээр нь би “хүүе би ярилгүй яах вэ, ярьвал 1982 оноос эхэлж ярина шүү гэсэн. Тэгсэн чинь Ц- “чиний өмнөх амьдрал хөгийн л байсан ш дээ” гэхээр нь би “чи миний өмнөх амьдралын 2 хүүхдийн аавыг 1 минут ч хараагүй байж одоо ингэж ясыг нь өндөлзүүлж болохгүй, би өөрийн 2 хүүхдээ нэг л хойд эцэг харуулсан. Тэр хүний нарийн чанарыг та нар мэдэхгүй, чам шиг би хүний суух гэж байсан нөхрийг нь авч суугаагүй” гэсэн. Мөн “чам шиг саван, боок, хоолны мах шавь нараасаа гуйж яваагүй” гэж хэлсэн. Тэгээд би буйдан дээр хажуу тийшээ зүүн гараараа толгойгоо түшээд хэвтэж байхад Ц- багш босож ирээд гараа зангидаж байгаад баруун шанаа руу цохьсон. Тэр үед миний толгой маш хүчтэй доргисон. Тэгээд би Ц-ад “чи яаалаа гэж намайг цохиж байгаа юм бэ, намайг 53 нас хүртэл хэн ч миний нүүрэнд хүрч байгаагүй” гэсэн. Тэгээд тэр шөнөдөө нэгдсэн эмнэлэгт очоод эмчид үзүүлсэн. Миний баруун хацар хавдаж нэлээн том хэмжээтэй хөхөрч няцарсан. Би Улаанбаатар хот явж 2016 оны 09 сарын 28-нд Гэмтлийн эмнэлэг, Улсын клиникийн 1-р эмнэлэгт үзүүлсэн. Би Ц- багшид цохиулснаас болж учирсан гэмтэл, өвчлөлийг эдгэртэл эмчилгээний зардал, 5 хоногийн өвчтэй байсан цалингийн мөнгө, мөн энэ асуудлаас болж сэтгэл санаа цочирдсон, нэр хүнд сэвтсэн, гоо сайхан алдагдсан хохирлоо нэхэмжилнэ. Эдгээр хохирлоо 10 сая төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, /хх-ийн 08-09/

-Гэрч Х.Жгийн “Би Ц- багштай 1996 оноос, С.М багштай 2003 оноос хойш цуг ажиллаж байгаад 2014 онд тэтгэвэртээ гарсан. Ц- багш ажилдаа нэлээн няхуур, нямбай, буурь суурьтай, олон таван үггүй хүн байгаа юм. М багш нь бага зэрэг хөнгөн сэтгэлтэй, цайлган, хүнд тусархуу хүн байгаа юм. Би 2016 оны 09 сарын 24-ний өдөр гэртээ байж байхад хамт ажилладаг байсан хүмүүс “танай хашаанд ямааны хорхог хийж идье” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд 3 шил архи уусан. Би 22 цагт унтаж амарсан. Маргааш өглөө нь М багш манай гэрт 08 цагийн үед орж ирээд “Ц- намайг ингээд цохичихсон, үүний улмаас миний баруун хацар хөхөрсөн” гээд харуулж байсан. Тэгээд харахад Мын баруун хацар орчимд 2 хуруу хиртэй өргөнтэй хөхөрсөн харагдаж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 10/

-Гэрч Тийн “Би М багш, Ц- багш нартай 1998, 2000 оноос хойш сургуульд хамт ажиллаж байгаа. 2016 оны 09 сарын 24-ний өдөр би сургуулийнхаа менежерт “миний хөдөлмөр алдар тэмдэглэх үед бэлэглэсэн нэг ямаа байгаа юм. Энэ ямааг хамт ажиллаж байгаа багш нартайгаа хорхоглож идье гээд Ж багшийн хашаанд хорхоглож идсэн. Хоол унд идээд 3 шил архи хувааж уусан. 01 цагийн үед бид нар ажил төрлөө ярьж байсан. М босоод ирчихсэн гараараа Ц- багшийн нүүр рүү чичлээд “чи хүний суух гэж байсан хүнийг булааж суусан, дундуур нь орсон” гэх мэтээр загнаж байсан. Тэгээд би Мд “ямар муухай юм бэ, өчнөөн настай хүмүүс байж айлд ирчихээд айлын гэр оронд хэрүүл хийгээд байх юм боль, Маа чи л өөрөө ер нь Ц-ыг элдвээр хэлээд байна ш дээ боль, өдий настай болчихоод юун нөхөр сүүдэр заваан юм ярьдаг юм бэ” гэж хэлсэн. Тэгээд Мыг орон дээр хажуу талдаа суулгасан. Тэгсэн чинь Ц- босож ирээд Мын нүүр рүү гарынхаа араар хальт шүргүүлээд цохьчих шиг болсон. Тэгсэн чинь М нь босч ирээд “чи намайг алгадлаа” гээд Ц-ад хэлж байсан. Тэр үед Ц- эргээд “уучлаарай найзаа ёстой муухай юм боллоо” гээд уучлалт гуйж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 11/

-Гэрч Д.Нийн “Би Ц-, М багш нартай 2000 оноос хойш цуг ажиллаж байгаа. Ц- багш нь ажил төрөлдөө их хариуцлагатай, хамт ажиллагсдадаа тус дэмтэй. Би 2016 оны 09 сарын 24-ний өдөр ямааны хорхог хийж идсэн. М, Ц- нар хоорондоо хэрэлдэж байсан. М багш нь Ц- багш руу эр нөхрийн асуудал болон хоол ундгүй байсан талаар хэлээд давшлаад байсан. Ц- багш уг нь тэвчээд нэг хэсэг Мын үгийг сонсоод суугаад байсан. Ц- Мын нүүр рүү гарынхаа араар нэг удаа цохих шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 12/

-Гэрч Х.Сийн “Би Ц-, М багштай 2011 оноос хойш хамт ажиллаж байгаа. Ц- багш ажил төрөлдөө их сайн, хамт олны дунд нэр хүнд сайтай. М хов жив их хөөцөлддөг, хүний алдаан дээр дөрөөлдөг, жаахан уур уцаартай. 2016 оны 09 сарын 24-ний өдөр 16-17 цагийн үед хамт ажилладаг багш нартайгаа Ж багшийн хашаанд очиж хоол унд идсэн. М уурлаад босож ирээд Ц-ад хандан “чи өөрийгөө юу гэж бодоод байгаа юм бэ, чи 4 жил сурч төгсөж ирээгүй, чи чадвар муутай гэж хэлсэн. М сандал дээрээсээ босож ирээд Ц-ын нүүр рүү гараараа чичлээд “чи 2 нөхөртэй суугаад салсан, хүний амьдрал үймүүлж нөхрийг нь авч суусан, ангийнхаа хүүхдүүдийн эцэг эхээс хоолны мах, гурил гуйгаад явдаг” гээд давшлаад байсан. Ц- босоод Мын баруун шанаа руу нэг удаа ёвроод авах шиг болсон. Мын нүднээс нь бага зэргийн цус гарсан. Баруун хацар нь хавдаж хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14/

-Гэрч П.Агийн “Би Ц-тай 1988 оноос, Мтай 2006 оноос хамт ажиллаж байгаа. Ц- ажил төрөлдөө сайн. М хэлье гэснээ хамаагүй ярьчихдаг. Ц- багш босоод Мын хажууд очоод баруун шанаа руу нь нэг удаа гарынхаа араар цохиод авсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16/

-Гэрч Н.Жавзандуламын “Ц- зан байдлын хувьд их зарчимч, төлөв даруу зантай, үнэнч шударга, хамт олондоо эвсэг найрсаг хүн байгаа юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 17/

-Гэрч Д.Оийн “Ц- нь зарчимч, төлөв даруу зантай, олон жил багшилсан, эелдэг зөөлөн зантай” гэх мэдүүлэг, /хх-ийн 18/

-Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 05-ны өдрийн 183 тоот:

1.С.Мын биед тархи доргилт, баруун шанаа хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна.

4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 20/

 -Шүүгдэгч В.Ц-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/

 -Хохирогч С.Мын шүүхэд гаргасан “В.Ц- надаас уучлалт гуйж буруугаа хүлээж эмчилгээний зардалд 50000 төгрөгийг бэлнээр, 130000 төгрөгийг дансаар нийт 180000 төгрөгийг Улаанбаатар хот руу эмчид үзүүлэхээр явсан замын зардал, томограф зураг авахуулсан төлбөрийг төлсөн. Улаанбаатар хот руу эмчид үзүүлэхээр явах хугацаанд 5 хоног миний ангид 5 өдөр хичээл заасан. Надад хохирлыг төлж барагдуулсан. Бид хоёр 15 жил хамт ажилласан. Цаашид ч хамт ажиллах учир бие биенээ ойлгож В.Ц- нь надад сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байна. Иймд бид эвлэрсэн тул надад гомдол санал байхгүй, дахин нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд В.Ц-ын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, /хх-ийн 68-69/

-Шүүгдэгч В.Ц-ын шүүх хуралдаанд өгсөн “Миний бие 1984 оноос хойш 32 дахь жилдээ багшаар ажиллаж байна. М багштай 15 жил цуг ажиллаж байна. 2016 оны 09 сарын 24-ний өдөр багш нарын хамт ямаа хорхоглож идсэн. 2016 оны 09 сарын 25-ны шөнө 01-02 цагийн үед М багштай маргалдсан. М намайг “чи шавь нарынхаа эцэг эхээс хоолны мах гуйдаг, айлын нөхөр салгаж суусан” гэж дайрч доромжлоод байсан. Би нэлээн удаан тэвчиж хүлээсэн. Зах зээлийн үед жаахан ядуухан амьдарч байсан үе байсан. Би Мыг 1 удаа цохьсон. Тэр үед уучлалт гуйсан. Маргааш нь цагдаад өргөдөл өглөө гээд бариад явж байсан. Надад уншуулсан. Би Мыг Улаанбаатар хот явсан үед нь өөрийнх нь ангид нь хичээл заасан. Хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байхад 180000 төгрөг өгсөн. 2016 оны 11 сарын 01, 02-нд 500000 төгрөг өгсөн. Нийт 680000 төгрөг өгсөн. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Маас уучлалт гуйж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч В.Ц- нь 2016 оны 09 сарын 25-ны шөнө 01-02 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ...-р баг ... тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч С.Мтай маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.М, гэрч Х.Ж, Р.Т, Д.Н, Х.С, П.А нарын мэдүүлэг, шинжээчийн 183 тоот дүгнэлт, шүүгдэгчээс үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 Хэнтий аймгийн Бор-Өндөр дэхь Сум, сум дундын Прокурорын газраас шүүгдэгч В.Ц-ад холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүгдэгч В.Ц- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч В.Ц- нь “хохирогч С.Мд эмчилгээний зардал 680000 төгрөгийг төлсөн, хохирогч С.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг мөн хохирогч С.М нь “шүүгдэгч В.Ц-тай сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч В.Ц- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байна.

Иймд шүүх уг хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч В.Ц- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэний гадна дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч В.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч В.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297.1.1-297.1.4, 298, 301, 303 дугаар

 зүйлд тус тус  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:


             1.Шүүгдэгч Т овогт В-ийн Ц-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
         2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт В-ийн Ц-ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ц-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 3.Шүүгдэгч В.Ц- нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч В.Ц-ад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь хэрэглэсүгэй.

5.Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.ЭНХМАНДАХ