| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 144/2019/0064/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 31
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор Д.Ганчимэг /онлайнаар/,
Цагаатгагдсан этгээд Д.Х ,
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/72 дугаар цагаатгах тогтоолтой, Д.Х т холбогдох 1929000940048 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлээр 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, ЭР ХХК-д үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ямаа ................ оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Олохнууд овгийн Д.Х /РД:............../.
Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн ................. тоотод иргэн М.А той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь Д.Х ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Д.Х т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 1929000940048 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч Д.Х ийг цагаатгаж, хэргийг сум дундын прокурорын газар буцааж, шүүгдэгч Д.Х т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.
Прокурор В.Төгсбаяр эсэргүүцэлдээ: “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр шүүгдэгч Д.Х ийг цагаатгахдаа Цагдаагийн байгууллагын “Зөрчлийн талаар холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл”, иргэн М.А ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байгаа нотлох баримт, цагаатгах тогтоолын үндэслэл болгож дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Хавтаст хэрэгт цугларсан ямар нотлох баримтаар няцаагдаж, шүүгдэгч Д.Х нь гэмт хэрэг үйлдсэн болох нь яагаад нотлогдоогүй талаар огт дүгнэлт хийлгүйгээр цагаатгаж хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй байна.
Мөн шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт: “Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв” гэж шүүгдэгч Д.Х ийн нэрийг А.О гэж буруу бичсэн байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан байхад, прокурорын шийдвэрийг хүчингүй болгоогүй, шүүгдэгчийг цагаатгах үндэслэлийг огт дурдаагүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргасан нь буруу.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгчийг цагаатгасан үндэслэл”-ийг тусгахаар заасан байхад шүүгдэгч Д.Х ийг цагаатгасан үндэслэлийг огт заалгүй орхигдуулж, хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна.
Хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн бүхий л нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Х нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байхад үндэслэлгүйгээр цагаатгаж хэргийг прокурорт буцаасан нь буруу байна.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг цагаатгаж, прокурорт буцаасан үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Шүүхээс хэргийн бодит байдлын талаар дүгнэлт хийгээгүй мөртлөө гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж цагаатгах тогтоол гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.
Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “Иймд хүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х т холбогдох эрүүгийн 192900940048 дугаартай хэргийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн мөртлөө цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт ...Д.Х т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...1929000940048 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч ...Д.Х ийг цагаатгаж, ...” гэсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх хуулийг шаардлагыг зөрчсөн байна.
4 дүгээр сарын 03-ны өдрийн №179 дугаартай шинжээчийн дүгнэлт нь үндэслэл бүхий болж, чадаагүй эргэлзээтэй байна.
4 дүгээр сарын 02-ны өдрийн зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналд шинжээч эмч Жаргалтуяагийн 179 дугаартай дүгнэлтээр М.А ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаар бичигдсэн байхад хэргийн 32 дугаар хуудсанд авагдсан 179 дугаар дүгнэлт нь 4 дүгээр сарын 03-ны өдөр гарсан талаар, мөн дүгнэлтээр М.А ийн биед хүндэвтэр хохирол учирсан талаар дурдагдсан байна. Өөрөөр хэлбэл, 4 дүгээр сарын 03-ны өдөр 179 дугаартай дүгнэлтээр хүндэвтэр хохирол учирсан, өмнөх өдөр нь мөн №179 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гарсан талаар зөрүүтэй нотлох баримт хэрэгт хавсаргагдсан байдаг нь тухайн шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарсан эсэх нь эргэлзээтэйг харуулж байна.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Х т холбогдох эрүүгийн хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна.
Прокурор эсэргүүцлийнхээ эхний үндэслэлд “Шүүх ...гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, иргэн М.А ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байгаа нотлох баримт, цагаатгах тогтоолын үндэслэл болгож дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн нь учир дутагдалтай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тухайн хүн үнэн зөв мэдээлэл гаргах хуулийн зохицуулалтай байхад М М.А худал мэдээлэл өгсөн нь түүний зөрүүтэй мэдүүлгийг шүүх үнэлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэж байна.
Мөн прокурор эсэргүүцэлдээ “...шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О нь мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв" гэж шүүгдэгч Д.Х ийн нэрийг А.О гэж буруу бичсэн байна” гэх мэтчилэн шүүхийн техникийн шинжтэй алдааг дурдсан нь цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл биш бөгөөд давж заалдах шатны шүүхээс энэхүү техникийн шинжтэй алдааг засах боломжтой гэж үзэж байна.
Иймд Д.Х т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/72 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Цагаатгагдсан этгээд Д.Х нь хохирогч М.А ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогддог. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн цуглуулсны эцэст яллагдагчаар явж байгаа. Орон нутгийн онцлог, алслагдмал байдлаас болоод шинжээчийн дүгнэлттэй холбоотой тайлбар хэлье. Шинжээчийн дүгнэлт 4 сарын 03-ны өдөр гарсан байдаг. Хэрэг бүртгэлтийн хэргийг мөн өдөр нээсэн байдаг. Мөн эрх бүхий албан тушаалтны хариуцлагагүй байдлаас шалтгаалаад прокурорт хөнгөн хохирол учирсан байдлаар танилцуулагдаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн асуудал мөн энэ дээр давхар яригддаг. Өнөөдөр хэрэг бүртгэлтийн хэрэг хөнгөн байдлаар нээгдээд, Д.Х , М.А ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан юм аа гэдэг бүхий л нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүссэн. Мөн тухайн хэргийн нөхцөл байдлын хувьд Баттүвшин гэрчийн мэдүүлэг өгөхдөө М.А ийг унахад хөлөөрөө дэвссэн гэсэн гэрчийн мэдүүлэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Амартүвшин, Хоролсүрэн нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэдэг байдлаар хандаж байна. Гэтэл Л мэдүүлэг өгөхдөө манай охин М.А ийг үстэж авсан байдалтай, Д.Х ээс салгаж авах үед М.А ийн нүүр хэсэг рүү баруун хөлөөрөө өшиглөсөн гэсэн мэдүүлэг өгдөг. Мөн гэрч Төртүвшин мэдүүлэхдээ Баттүвшингийн мэдүүлгээр баталсан мэдүүлэг өгсөн байдаг. Намайг байхгүйд манай дүү газар дээшээ харсан, бөгсөн бие нь орон доор орсон, цээжин бие нь Д.Х үснээс нь зулгаасан байдалтай байх үед би салгасан гэж зодоон болж байх үед хажуу айлд нь байсан 2 хүн ирж салгасан, нүдээрээ харсан ийм гэрч нар байдаг. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй талаар тайлбарлаж байна. Шинжээч эмчээс мэдүүлэг авсан. Мэдүүлэгтээ бол тухайн нүдэнд учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг 30 хувиар алдагдуулна, бүр хараагүй гэж дүгнэсэн байдаг. Гэтэл өмгөөлөгч тайлбартаа хэлж байна. Хүнд хохирол учирсан юм шиг, хараагүй болсон юм шиг байна гэж байна. Шинжээчийн дүгнэлт дээр хараагүйдэл нь 30 хувь хөдөлмөрийн чадвар алддаг гэсэн дүгнэлт гарсан, мөн мэдүүлэг өгсөн байдаг. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч зөрчлийн гомдол мэдээллээр хийгдсэн ажиллагааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байдлаар тайлбарлаж байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1.3-т нотлох баримт гэсэн заалт дээр прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон үнэлэх талаар хуульд заасан байдаг. Ийм учраас үнэлэгдэх боломжтой. Мөн сум дундын шүүхээс 2019 оны 06 сарын 11-ний өдрийн цагаатгах тогтоол нь өөрөө хэргийн хүрээнд авагдсан, бичгийн нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруутай нь тогтоогдоод байхад шүүгдэгчийг цагаатгаад байгаа учраас анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 26-ны өдрийн 72 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаалгах саналыг гаргаж байна гэв.
Шүүгдэгч Д.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг асуудал манай нөхрийн хамаатан садан намайг зоддог, өөрөө ч мөн зоддог байсан. Би нөхөртэйгөө суугаад 10 жил болж байна. Ер нь л өмнө нь салгана барина гээд зодож байсан. Анх Б гээд хүн манай нөхрийг сар гаран аваад явсан. Би хүүхдээ харангаа ажлаа хийдэг. Тэгээд та нэг сар гаран аваад явчлаа гээд хэлсэн чинь хариу өгөөгүй. Манай хүнийг лам хуврагаар ном уншуулна гээд аваад явсан. Тэгээд бид нартай холбоо бариагүй, тэгээд манай нөхөр хотод байна гээд ярьсан. Манай нэг дүү дарамтлаад сал гээд байна хань нь удахгүй очно гээд ярьж байсан. Тэгээд 7 хоногийн дараа Цогтцэций дээр ирсэн байна чи надтай ирж уулзаад намайг ирж аваач ээ, надад хэцүү байна гээд би очиж авахаар очсон. Тэгээд намайг очиход манай нөхөр хэвтэж байсан. Очоод нөхөртэйгээ юм яриад харъя гээд ярьж байхад Баттүвшин хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод, чи манай ахад хань болохгүй, насны зөрүүтэй гээд насны зөрүү их гаргадаг. Тэгээд намайг зодож эхэлсэн. Тэгээд байж байхад охин нь голоор орж ирсэн. Тэгээд охиныхоо нүдийг хөшгөлчихөөд чамайг шоронд хатаана, чи манай охины нүдийг сохолсон шүү, би чамайг ахаасаа салгаж шоронд явуулна гэсэн. Гэхдээ би тэр гэрт учиргүй зодож нүдээд байсан зүйл байхгүй, ээжтэй нь хэрэлдэж маргалдсан зүйл бол байхгүй. Энэ хэргийн улмаас ажил төрөлгүй болсон. Би гомдолтой байна. Намайг яагаад ингээд гүтгээд байгаа юм бэ, надад үнэхээр хэцүү байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, хэрэгт авагдсан баримтуудыг хэрхэн яаж үнэлэх талаар тусгасан. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан, шинжлэн судлах аргаар үнэлнэ гэж заасан. Тэгэхээр дээрх цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж үнэлбэл тухайн үед Д.Х нь М.А ид гэмтэл учруулсан гэдэг нотлох баримт хангалтгүй байдаг. Прокурорын зүгээс хүндэвтэр гэмтэл учруулсан гэдэг нь бүхий л нотлох баримтаар тогтоогддог гэдэг боловч энэ нь ганц л шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Гэтэл энэ дүгнэлт маань сүүлдээ үнэхээр хүндэвтэр гэмтэл учруулсан уу? үгүй юу? хөнгөн байж байгаад яагаад хүндэвтэр болсон талаар тодорхойгүй. Энэ гэмтлийг Д.Х учруулсан юм уу? ээж нь учруулсан юм уу, энэ бүх гэрчийн мэдүүлэг өгөөд байгаа хүмүүс чинь хоорондоо ямар харилцаа холбоотой байсан. Яагаад Д.Х ийг М.А ийг зодсон гээд мэдүүлэг өгөөд байгаа юм, тэр нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх хангалттай үндэслэлтэй байна гэж үзээд, хуульд нийцсэний дагуу хэргийг үнэн зөв шийдсэн гэж үзэж байгаа. Иймээс 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна.
Д.Х тэй холбогдуулан энэ хэргээс болж ар гэрт нь асар их асуудал тулгарч байгааг хэлэх нь зүйтэй байх, хүүхэд нь хагалгаанд орох асуудал нь хойшилсоор байгаад өнөөдрийг хүрсэн, ажилгүй болсон. Энэ ам бүл орлогогүй болсон, өнөөдөр хүүхдээ дагуулаад коридорт сууж байна. Энэ асуудал нь цаашлаад хуулийн байгууллагуудын техникийн шинжтэй алдаа, бусад байр байдлаас шалтгаалаад эргэж буцах бол дахиад л энэ асуудал ээдрээтэй, хүндээр тусах тул шүүх бүрэлдэхүүн энэ байдлыг харгалзан үзэж цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, техникийн шинжтэй алдааг засаж, залруулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокурорын эсэргүүцлийг бүрэн дүүрэн дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх, шийдвэрийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхээргүй бичигдэх хуулийн шаардлагыг хангаагүй. Тухайн хэргийн мөрдөн байцаагчийн ажиллагаа бол бүрэн гүйцэт хийгдээгүй, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй, бодит байдлаас тогтоогоогүй гэж үзэж байна. Тухайн хэргийн улмаас ямар гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах талаар тодорхой заасан зүйл хавтаст хэрэгт авагдаагүй. Шинжээч хүнд зэргийн гэмтэл учирсан байна гэж танилцуулсан нь хөнгөн зэргийн гэмтэл учрах ёсгүй гэсэн маргаан үүссэн. Маргааш нь хүндэвтэр гэмтэл учирсан гэсэн тайлбарын хохирогч талд хэлсэн байдаг. Хавтаст хэргийн материалаас харахаар шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн баруун нүд хараагүйжих шинж тогтоогдлоо гэсэн. Тэр нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж заасан. Гэмтлийн зэргийн 4.7-31-т нүд хараагүй болвол хөдөлмөрийн чадвар алдалтын 65 хувиар буруулна гэж заасан. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж журамд заасан. Хохирогчид ямар зэргийн гэмтэл учирсан гэдгийг бүрэн дүүрэн нотлоогүй. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, үүнээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэргийг зүйлчилж прокурорт шилжүүлсэн байхад шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг хэрэгсэхгүй болгосон цагаатгах тогтоол гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх нь Д.Х т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх асуудал бүрийг хэлэлцсэний дараа шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол тогтоолыг мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын нэрийн өмнөөс, цагаатгах хэлбэртэй гаргана.
Гэтэл шүүх нь Д.Х т холбогдох хэргийг хэлэлцэж гаргасан тогтоолоо цагаатгах тогтоолын хэлбэрээр гаргасан боловч уг тогтоолоо Шүүхийн тухай хуульд байхгүй зүйл хэсэг болох 34 дүгээр зүйлийн 19 гэсэн заалтыг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана”, 5 дахь хэсэг “Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тусгана” гэсэн заалтыг баримталж гаргасан байна.
Хуульд заасан хэлбэр, бүтэц, агуулгын дагуу гараагүй нь цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болж байгаа ч цагаатгах тогтоолоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлага, дарааллын дагуу үйлдээгүй, түүнчлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтад тулгуурлаж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, үйл баримтыг тогтоож чадаагүй байх тул анхан шатны шүүхийн хууль зөрчсөн зөрчлийг магадлалдаа заах нь зүйтэй гэж үзэв. Үүнд:
Шинжлэн судалсан дээрх нотлох баримтын талаар шүүх цагаатгах тогтоолынхоо тодорхойлох хэсэгт “...шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг ... хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай биш гэж шүүх үнэлэв” гэж дүгнэлт хийсэн боловч энэ үндэслэлээ цагаатгах тогтоолдоо заагаагүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлээд “нотлох баримтыг хангалттай биш” гэх дүгнэлтэд хүрэх нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн шинжийг тодорхойлоход ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулаагүй орхигдуулсан, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрэн цуглуулаагүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласнаас хэргийн бодит байдлыг тогтоож шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлж болох нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ.
Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн шаардлагыг баримталж нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг зөрчиж шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Шүүх “...шинжлэн судалсан нотлох баримтыг...хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай биш..., ...мөрдөгч, прокурор нар ...хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй...” гэж үзсэн тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Д.Х ийг гэм буруутай эсэхийг тогтоох шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй гэж үзэх тул шүүхийг нотлох баримтад үндэслээгүй шийдвэр гаргасан гэж үзнэ.
3. Шүүхээс үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв, бүрэн тогтоосноор гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй, эсхүл гэмт үйлдэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд үйлдэгдсэнээс гэмт хэрэгт тооцох боломжгүй, эсхүл тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нөхцөлд шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож, цагаатгах тогтоол гаргах ёстой.
Гэтэл цагаатгах тогтоолд ямар нэг үйл баримт тогтоогоогүй, эрх зүйн дүгнэлт хийгээгүй атлаа “хангалттай бус” гэж үзсэн, өөрөөр хэлбэл нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй гэж шүүх өөрөө үзсэн “М.А ийн биед ...баруун нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт бүхий Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 179 дугаартай шинжээчийн дүгнэлтийг, мөн зөрчлийн талаар гаргасан мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч М.А ийн гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагад анх гаргаж байсан өргөдөл, зөрчлийн хэргийг харьяаллын дагуу хэрэг бүртгэх албанд шалгуулахаар шилжүүлсэн Цагдаагийн ажилтны саналыг тус тус үндэслэхдээ эдгээр нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ цагаатгах тогтоолд тодорхойлолгүйгээр Д.Х ийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.
4. Шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Д.Х нь анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн байхад “шүүгдэгч Д.Х ийг мэдүүлэг өгөхөөс татгалзав” гэж, мөн Д.Х т холбогдох нэг шүүгдэгчтэй хэргийг хянан хэлэлцэж байгаа атлаа “шүүгдэгч А.О мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй” гэсэн нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. /хэргийн 149, 156 дугаар тал/
5. Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолын 4 дүгээр заалтанд шинжээчийн мэдэлд М.А ийг, эмнэлгийн бичиг баримтын хамт шилжүүлсэн тухай байдал тусгагдсан ба шинжээчээр томилогдсон шинжээч гэх Ж.Жаргалтуяагийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 179” гэсэн дүгнэлтийн агуулгад “2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр.....М.А ийн биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцаж дүгнэлт гаргав..., Дүгнэлт гаргасан Ж.Жаргалтуяа. Бичигдсэн 2019.04.03” гэж бичигдсэн байна./хэргийн 32 дугаар хуудас/
Харин хэрэгт авагдсан М.А ийн амбулаториор эмчлүүлэгчийн картын үзлэг хэсэгт “2019.3.29”, “Health-Aid” үүдэн эмнэлгийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ гэх баримтанд “2019-03-26” гэж тус тус бичигдсэн байна.
Хэрэгт шинжээчээс дүгнэлт хийх хугацааг сунгасан, гарсан дүгнэлтийг танилцуулсан баримт байхгүй байх тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг шүүхийн шинжилгээний байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн шинжилгээ хийж дуусгах хугацааг тооцно”, 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт “Шинжилгээ хийж дууссаны дараа шинжээч нь шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, буцаах баримт материалыг шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтанд танилцуулснаар шинжилгээг дууссанд тооцно” гэсний дагуу М.А ийн биед шинжилгээг хэдийнээс хэдий хугацаанд хийснийг тодорхойлох боломжгүй байна.
Мөн шинжилгээ хийлгэх тухай тогтоолдоо шинжээчийг нэрлэн заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг зөрчжээ. /хэргийн 11, 32 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагааг “шүүхийн шинжилгээ” гэж ойлгоно. Шинжээч Ж.Жаргалтуяагийн гаргасан гэх дүгнэлтэд шинжилгээний обеъктийн талаар 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр эмнэлгийн бичиг баримт байсан тухай бичсэн боловч 3 дугаар сарын 20, түүнээс өмнөх өдрүүдэд М.А ийн эмчид үзүүлсэн тухай ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй тул шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргасан гэхэд эргэлзээтэй байна. /хэргийн 30-31 дүгээр хуудас”
Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу гараагүй “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 179” гэх дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаанд шинжилгээ хийгдээгүй гэж үзнэ.
Мөрдөн байцаалтын ажиллагаанд заавал хийх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан шинжилгээг анхан шатны шүүхээс шинжээч томилж хийлгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах эрх хэмжээтэй нийцэхгүй тул хэргийг прокурорт буцаах үндэслэл болно.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэх боломжгүй, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/72 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.Х т холбогдох 1929000940048 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Дээд шатны прокурорын эсэргүүцлээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох” хэсгийг хүлээн авч, “хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай” хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/72 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Х т холбогдох 1929000940048 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай.
2. “Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай” дээд шатны прокурорын эсэргүүцлийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хэргийг прокурорт очтол Д.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.БЯМБАЖАВ