Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0625

 

 

 

 

 

 

                                                                          

      “Д*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

             захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Д*******” ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/403 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсэг буюу хавсралтын 19 дэх мөрийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0491 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******, Ц.Т*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2023/0964/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Д*******” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/403 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсэг буюу хавсралтын 19 дэх мөрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0491 дүгээр шийдвэрээр: 

“Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/403 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсэг буюу хавсралтын 19 дэх мөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Д*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 491 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34 2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг зөрчсөн ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.

 Нэхэмжлэгч "Д*******" ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн А/403 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайн маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг олгосон цагаас хойш 15 жилийн хугацаанд тухайн газраа нэгч удаа ашиглаагүй, цар тахал /Ковид-19/ нь 15 жил үргэлжлээгүй гэж маргасан.

Маргаан бүхий А/403 дугаар захирамжаас үзэхэд зөвхөн сүүлийн 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан байдаг. Дээрхээс үзэхэд 2021-2023 оныг хүртэлх хугацаанд тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж цуцалсан бөгөөд дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдалтай байсныг огт харгалзан үзээгүй ба энэ хугацааг хасаж үзвэл 2 жилийн хугацаа нь болоогүй байсан.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон шүүхийн зүгээс "Д*******" ХХК нь 2008 оноос хойш маргаан бүхий засаг даргын 2023 оны захирамж гарах хүртэл 15 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальсан байдлаар хууль зүйн дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаа нь дэлхий даяар дэгдсэн ковид-19 цар тахлын хугацаатай давхцах бөгөөд тухайн цаг хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглах ямарч боломжгүй байсан нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Мөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдан гарсан ба 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр үйлчилсэн байдаг. Хуулийг тайлбарлан хэрэглэхдээ үг, өгүүлбэрийг шууд утгачлан ойлгох замаар хэрэглэдэг ба Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн хугацааны үйлчлэлийг үндэслэл болгон хуулийг шууд утгаар нь ойлгон хэрэглэх нь зүйд нийцнэ. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 491 дүгээр шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан, “Д*******” ХХК-ийн тухайд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 130 дугаар захирамжаар одоогийн 1.5 га газрыг анх эзэмшиж эхэлснээс хойш маргаан бүхий захирамж гарах хүртэл нийт 16 жилийн хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй болох нь шүүхийн үзлэг, бодит нөхцөл байдал, фото зураг, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогджээ.

Хариуцагчаас дээрх хугацаанд 2008, 2013, 2019 онд тус тус газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, тухай бүр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон, гэвч нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрт дүгнэсэнчилэн цахилгааны транформатор суурилуулсанаас өөрөөр эзэмшил үүсгээгүй, хашаалсан байсан гэх боловч бодит байдалд бусдаас тусгаарлах хашаагүй, үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зориулалтаар газраа ашиглаагүй, ийнхүү ашиглаж чадаагүйгээ ковид цар тахлын улмаас тогтоосон хөл хориотой холбон тайлбарлаж байгааг цаг хугацааны хувьд хүндэтгэх шалтгаан гэж үзэхгүй, хуулийн дээрх заалттай ч энэ нь нийцэхгүй.

Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг”,

-мөн зүйл, хэсэгт заасан "…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг тус тус ойлгоно” гэж тайлбарлажээ.

2.Нэхэмжлэгчийн тухайд хамгийн сүүлийн буюу 15 жилийн хугацаагаар сунгасан Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/582 дугаар захирамжаас хойш тооцоход ч хуульд заасан 2 жилийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 20-ний өдрөөр дуусахаар, гэтэл маргаан бүхий захирамж үүнээс 3 жил 6 сарын дараа буюу 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдөр гарсан байна.

Түүнчлэн 2007-2019 оны хооронд нийт 4 удаа Засаг даргын захирамж гарахад газрын эзэмшигч огт өөрчлөгдөөгүй энэ тохиолдолд хуульд заасан 2 жилийн хугацааг “Д*******” ХХК-д анх олгосноос нь хойш тооцсоныг Газрын тухай хуулийн 40.1.6-г буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхгүй.

Мөн шийдвэрт “…газар эзэмших эрх авсан 2008 оноос хойш 2023 оны захирамж гарах хүртэл 15 жилийн хугацаанд уг газрыг зориулалтын дагуу ашиглахын тулд бодитой ажил хийсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна…” гэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнтэй нийцээгүй гэж үзэхгүй.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан бичгийн тайлбартаа “…нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлснээс хойш тухайн газраа огт ашиглаагүй…” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарладаг, энэ талаар ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо дурдсан байх тул шүүх харин ч хэргийн оролцогчдын маргасан асуудлын талаар дүгнэлт хийсэн байна.

3.Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 1.5 га газрын эрхийг 2013 оны А/336 дугаар захирамжаар 5 жилийн, 2019 оны А/528 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар тус тус сунгах үед хэдий нь тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдсэн байсан, гэвч газар эзэмших эрхийг ийнхүү удаа дараа сунгасаар байхад газраа зориулалтын дагуу огт ашиглаагүй атлаа эдгээр хугацааг үл харгалзан зөвхөн 2020 оноос эхэлсэн ковид цар тахал, түүнээс урьдчилан сэргийлэх хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдалтай холбон хүндэтгэх шалтгаантай байсан гэж тайлбарлах боломжгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2009 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “Д*******” ХХК-ийн үүсгэн байгуулагч “Эрэл” ХХК-иас “Вектор Мэп” ХХК-тай 1.5 га газарт Газрын төлөв байдал, чанарын баталгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 579/2013 тоот 600 кВт-ын цахилгааны техникийн нөхцөл авсан, улмаар цахилгааны шугам татаж, ЦТП байгуулснаас өөрөөр ямар нэгэн барилга байгууламж бариагүй, барилгын зураг төслийн зохиогоогүй, үйлдвэрлэл эрхлээгүй байх тул гэрээнд заасны дагуу “үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар”-ын зориулалтаар газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 16 жилийн турш ашиглаагүй нь тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хангалттай үндэслэл болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 491 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                                        Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН