Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 125/ШШ2021/0018

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ БАТАЛЖ,

ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ  БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би Ш.Ө -ын Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 дугаар захирамжийн 67 дугаарт бичигдсэн З.Г -т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг  хүссэн нэхэмжлэлийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ө  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ш.Ө  нь З.Г -тай тохиролцож түүний эзэмшилд байсан Цамбагарав багийн 11 дүгээр гудамжны 12 тоот хашааны 200704181 нэгж талбарын дугаартай 0165733 дугаар гэрчилгээтэй 0,0824 га газрыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/220 дугаар захирамжийн дагуу шилжүүлж авсан билээ.

Энэхүү эзэмшлийн газраа зохих журмын дагуу өөрийн өмчлөлд авахаар 2020 оны 7-р сард аймгийн Газрын албанд өргөдөл гаргасан боловч цар тахал гарсантай холбоотойгоор хүлээгдэж байна гэсэн хариу өгсөөр 2021 оны 7 сарын 3-нд газрын албан дээр очиж уулзахад бидний баримт бичгийг гаргаж ирээд үзэж нягталж байснаа “...энэ газар чинь З.Г  гэдэг хүний өмчлөлд байна” гээд З.Г -гийг Газрын албаны мэргэжилтэн Д.Ө  дуудаж “ Эзэмшиж байсан газраа Ш. Ө -т шилжүүлсэн атлаа яагаад удалгүй өөрөө өмчилж авсан юм, энэ чинь хууль бус байна гэхэд 3. Ганхуяг нь миний буруу биш, би ийм хүсэлт гаргаагүй, танай газрын албаны буруу гээд зөвшөөрөхгүй, улмаар ГХБХБ-ын газарт "... Цамбагарав багийн 11 дүгээр гудамжны 12 тоот хашааны 200704181 нэгж талбарын дугаартай Г-1617003923 бүртгэлийн дугаартай, 823,7 м2 газраа Ш.Ө -т худалдсан тул өмчлөлийн мэдээллийн санд байгаа нэрийг Ш.Ө  болгон шилжүүлж өгнө үү” гэсэн өргөдөл бичиж өгсөн юм. Би тухайн үед З.Г -аас өөрийн эзэмшилд шилжүүлж аваад сарын дараа тэр мэргэжилтэн Л.Э -тай уулзаж “...энэ газраа өмчилж авмаар байна” гэхэд “болохгүй" гэсэн, тэгсэн мөртлөө удалгүй хоёр сарын дараа З.Г- т шууд өмчлүүлсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл манайд 2012 оны 10 сард эзэмшүүлсэн газрыг З.Г -т 2013 оны 1-р сард өмчлүүлсэн шийдвэр гаргуулан авсныг одоогийн ГХБХБГ-ын дарга Э.Д  тэр мэргэжилтний буруу байна, Захиргааны хэргийн шүүхэд хандаж энэ асуудлаа шийдүүлээрэй гэсэн болно. Мөн З.Г  нь би тийм хүсэлт гаргаагүй, газрын албаныхны буруу, надад өмчлөлийн гэрчилгээ байхгүй гэж хэлдэг. Манайх энэ газраа эзэмших болсон үеэсээ буюу 9 жил амьдарч байна.

Иймд Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 -дугаар захирамжийн 67-рт бичигдсэн Ч  овогт З -ны Г -гт Цамбагарав багийн 11 дүгээр гудамжны 12 тоот хашааны газрыг өмчлүүлсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд З.Г  шүүхэд гаргасан тайлбартаа: Цамбагарав багийн 11 дүгээр гудамжны 12 тоот хашааны 200704181 нэгж талбарын дугаартай 0165733 дугаар гэрчилгээтэй, 0.0824 га газрыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/220 дугаартай захирамжийн дагуу Ш.Ө -т шилжүүлэн өгсөн нь үнэн. Миний зүгээс ямар нэгэн маргаан байхгүй. Иймд Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 дугаар захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г  шүүхэд гаргасан тайлбартаа:Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г би дараах хүсэлт гаргаж байна. Нэхэмжлэгч Ш.Ө- ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан Г  нь тухайн газрыг зарсан, өмчлөлийн маргаан байхгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул Ховд аймгийн Засаг даргаас Ш.Ө -т холбогдох хэсгийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй. Иймд хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ө  нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 дугаар захирамжийн 67 дугаарт бичигдсэн З.Г холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд З.Г  нь Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 дугаар захирамжийн 67 дугаарт бичигдсэн З.Г -т холбогдох хэсгийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 дугаар захирамжийн 67 дугаарт бичигдсэн З.Г -т холбогдох хэсгийг хүчингүй болгох тухайгаа тус тус бичгээр илэрхийлсэн байна.

Ховд аймгийн Засаг даргын 2021 оны 8 сарын 24-ний өдрийн 1/1277 дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г -т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д  заасан эрхийг тусгайлан олгожээ.

Хариуцагч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа  дуусгавар  болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Ш.Ө -ын Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 дугаар захирамжийн 67 дугаарт бичигдсэн З.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Ө -ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.ЯНЖИНДУЛАМ