Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1337

 

    2022         10          27                                    2022/ШЦТ/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,  

Улсын яллагч Н.Ундрах,

Хохирогч Д.Б,

Шүүгдэгч О.Л, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :     

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Лд холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **оны * дугаар сарын **-ны өдөр **суманд төрсөн** настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эх, дүү, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан  дүүргийн ** дугаар хороо, **** дүгээр хороо гудамжны задгайд оршин суух, ял шийтгэлгүй, **овогт **/РД : ЖБ***/. 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :

Шүүгдэгч О.Л нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ***дүгээр гудамжны ** тоотод оршин суух иргэн Л.Н гэрт 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэн Д.Бын өмчлөлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч улмаар уг карт бүхий данснаас 3.000.000 төгрөгийг уншуулан авч бусдад **буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлсан, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр **дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **зочид буудалд найзтайгаа хардсан шалтгааны улмаас иргэн У.Бын нуруу хэсэгт архины шилээр зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :                 

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

            Шүүгдэгч О.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ред Рок” зочид буудалд хардалтын улмаас хамтран амьдрагч У.Бын нуруу хэсэгт архины шилээр зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь :     

            - шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан...СХД-н ** дугаар хороо Ред Рок зочид буудалд эхнэр нь нөхрийгөө архины шилээр зүссэн...тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,   

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 79-83 дахь тал/,

            - хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 86-88, 90-91 дэх тал/,

            - хохирогч У.Бын...2022 оны 8 дугаар сарын 4-ний өдөр би хамтран амьдрагч Лхагватай Цамбагарав дээр эхо оношилгооны газарт очиж О.Лхагвыг үзүүлэхэд 4 сартай жирэмсэн байна гэсэн. Тэгээд О.Лхагвын найзууд болох Гэрэлээ, Улсболд нартай уулзаж хүүхэдтэй болсныг тэмдэглэхээр СХД-н ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ред Рок зочид буудалд 101 тоот өрөөнд орж 2 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж ууж байхад О.Л нь намайг өөрийн найз Г хардаад уурлаад байсан. Тэгээд ууж байсан Хараа нэртэй архины шилийг миний толгой дээр хагалж намайг тонгойход хагарсан шилийнхээ амсар хэсгийг хоёр далны хооронд хэд хэдэн удаа зоогоод гэмтээсэн. Би гэмтлийн эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэж байгаад гарсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дахь тал/,  

            - гэрч Д.Сн...Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо манай “..” зочид буудалд тус 2022.08.04-ний өдөр 14 цагийн үед гаднаас эрэгтэй, эмэгтэй нийлсэн 4 согтуу хүн орж ирсэн, би 101 тоотын өрөөнд оруулчхаад шатаа угаагаад явж байсан чинь хүний орилох чимээ гараад байхаар нь ороод хартал нөхөр нь гэх хүн эхнэрийгээ үстээд зодоод байхаар нь “чи болиоч” гэхэд би зодоогүй, чамайг эмэгтэй хүн болохоор чинь энэ хүмүүс өмөөрч байгаа шүү гээд орондоо хэвтэхээр нь өрөөнөөс нь гарч явсан...Шөнө 01 цагийн үед буудлын 2 давхарт надаас ирээд тамхи асуухад нь тамхиа өгчихөөд доош буугаад өрөө рүү нь орсон чинь орон дээр эрэгтэй хүн хэвтчихсэн нуруунаас цус гоожсон байдалтай байж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад эхнэр нь гэх хүн би нөхрийгөө шилээр зүссэн гээд зогсож байсан. Тэгэхээр нь би 103 дуудсан тэгээд цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дэх тал/,

            - шинжээчийн дүгнэлт : У.Бын биед баруун, зүүн далны дотор дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ямар ч үйлдлийн улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломж багатай. Дээрх гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 114-115 дахь тал/,  

- У.Беклотын өвчний түүх /хавтаст хэргийн 107-112 дахь тал/,

 

            - шүүгдэгч О.Лн...Би өөрийн үйлдсэн хэрэгт маш их харамсаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед У.Б манай найз охин руу хандраад байх шиг байхаар нь уур хүрээд ууж байсан архины шилийг толгой дээр нь цохиж хагалаад гарт үлдсэн хагархай хүзүү хэсгийг нь нурууны орчимд нь 2 удаа хатгаж гэмтээсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 144 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар, мөн

Шүүгдэгч О.Л нь 2021.07.30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***  дугаар хороо, **** тоотод оршин суух иргэн Л.Нямрагчаагийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг нь далимдуулан Д.Бын эзэмшлийн “Хаан банкны виза карт”-ыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч улмаар тус картыг Сонгинохайрхан дүүргийн****, Их нарангийн эцсийн буудлы  дэргэдэх “Хүнсний дэлгүүр” дотор байрлах Хаан банкны АТМ, мөн Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, Шөнийн зах дотор байрлах Хаан банкны АТМ-д тус тус уншуулан нийт 3.000.000 төгрөгийг хууль бусаар авсан болох нь :       

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...СХД-н **дугаар хороо **гудамжинд байрлах найзын хашаанд архи ууж байгаад банкны картнаас 3.000.000 төгрөг алдсан гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

            - хохирогч Д.Бын...2021оны 7 дугаар сарын 30-ны өдөр архи ууж байхад  Нямрагчаагийн урд хашааны 25-30 настай хоёр эмэгтэй орж ирчихсэн сууж байсан.  Тэгээд 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн орчим гэртээ харих гэтэл миний Хаан банкны карт алга болсон байхаар нь хаячихсан юм байна гэж бодоод гэртээ ирээд гар утсаа цэнэглээд үзэхэд данснаас 3.000.000 төгрөг тухайн өдөр алдагдсан байсан. Би Н утсаар яриад биеэр очиж уулзахад би картыг чинь аваагүй чамд буцаагаад өгсөн гээд байгаа. Сүүлийн өдөр орж ирсэн хоёр охиныг л авчихлаа гэж бодсон. Согтуу байсан болохоор яах гэж орж ирсэнийг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

- гэрч Д.Гн...Би 2021.07.28-нд Бн хамт СХД-ийн **дугаар хороонд байх Н гэрт очсон...Болдоо картаа Нямрагчаад өгч явуулж 1 шил архи захисан. Архиа бид гурав хувааж ууж байхад урд айлынх нь гэх 2 эмэгтэй хүн орж ирсэн. Өглөө сэрэхэд Болдоо миний карт хаана байна гэж Нямрагчаагаас асуугаад нэхсэн. Надад Хаан банкны карттай явсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/, 

            - насанд хүрээгүй гэрч Т.О...2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед гадаа гудамжинд байх шийдэн дээр сагс тоглож байгаад гэртээ орж ирэхэд... эгч намайг 2-лаа хамт АТМ орье гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Их нарангийн шинэ эцсийн буудал дээр байх хүнсний дэлгүүрийн Хаан банкны АТМ-с намайг мөнгө аваад өг гэж хэлээд ногоон өнгөтэй Болд гэх хүний карт өгөөд картын нууц кодыг надад хэлсэн, тэндээс нийт 2.000.000 төгрөг авсан, эндээс такси бариад Сонгинохайрхан дүүргийн **хорооны Шөнийн зах дээр ирж бууж, шөнийн зах дотор байх Хаан банкны АТМ-с 1.000.000 төгрөг 1 удаа уншуулж авсан. Тэгээд Лэгч 3.000.000 төгрөгийг бэлнээр нь аваад надаас салаад Хороолол орно гэж хэлээд явсан...Картыг яаж авсан талаараа хэлээгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,  

            - Хаан банкны ******* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга.../хавтаст хэргийн 30-31, 41-42 дахь тал/, Хаан банкны ********4 тоот данснаас 2021.07.30-ны өдөр гүйлгээ хийх үеийн АТМ-н зураг болон хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/  /хавтаст хэргийн 32-37 дахь тал/,  

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний... Хаан банкны виза карт хуучин хэрэглэж байсан, нэг ширхэг 5000 төгрөг....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

            - шүүгдэгч О.Л...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний бие хохирол барагдуулаагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн нийлмэл гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.   

2.2. Тус шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж тус тус бүрэн нотлогдож тогтоогдсон, харин тус гэмт хэргийн шинжүүдийг үгүйсгэх үндэслэл, үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Шүүгдэгч О.Л нь хамтран амьдрагч У.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шалтгаан нь “эр, эмийн хардалт”-аас болсон, тус шалтгаанаар тухайн шүүгдэгч ба хохирогч нар маргалдсан, мөн хохирогч нь О.Лхагвын эсрэг халдсан болох нь үгүйсгэгдээгүй байх тул тус хэргийн зүйлчлэлийн хувьд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэх боломжгүй гэж үзэв.

2.4. Шүүгдэгч О.Л нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Д.Бын эзэмшлийн “Хаан банкны виза карт”-ыг болон тус картаас 3000.000 төгрөгийг авсан нь тогтоогдсон тус хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн буюу тус хэрэгт өөр бусад этгээд хамтран оролцсон гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй.     

Шүүгдэгч О.Л нь хохирогч Д.Бын эзэмшлийн Хаан банкны виза картыг АТМ-д уншуулан 3.000.000 төгрөгийг авахдаа насанд хүрээгүй дүү Т.Оюунболдоор гүйцэтгүүлсэн байх боловч тус хэрэгт цугларсан баримтаас үзэхэд /хх-23-24, 27-28, 53/ О.Л хулгайлах гэмт хэрэг үйлдүүлж байгааг Т.Оюунболд мэдэж байсан гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай нотлох баримтгүй болохыг дурдах нь зүйтэй.  

2.5. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байна.    

Иймд шүүгдэгч О.Л хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд, мөн хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

 

  1. Хохирол, хор уршиг :          

Хохирогч У.Б тус хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтгүй буюу нэхэмжилсэн зүйлгүй байх тул /хх-95, **4/ шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

Харин хохирогч Д.Б3.005.000 төгрөгийн хохирол учирсан /хх-14-15, 44-45, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчээс 3.005.000 төгрөг гаргуулж тус хохирогчид олгуулах үндэслэлтэй байна.     

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт    

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхэдтэй, удахгүй төрөх буюу жирэмсэн гэх болон ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-53, 56, 60-62, 64, 66, 144, 150-**1 шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч О.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, нийт 60 хоног буюу 2 сарыг нэмж нэгтгэн О.Л биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Харин тус шүүгдэгчийн хувьд тус нэг шийтгэх тогтоолоор анх удаа хөнгөн гэмт хэрэгт гэмт буруутайд тооцогдсон байхаас гадна жирэмсэн буюу удахгүй төрөх гэж байгаа нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар тус шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч О.Лд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтоож шийдвэрлэх нь тус бага насны хүүхэдтэй, мөн жирэмсэн эх О.Л эрх зүйн байдал болон тухайн эх, хүүхдүүдийн эрүүл мэнд,  эрх ашигт нийцнэ гэж үзлээ.             

 

  1. Бусад асуудал       

Уг хэрэгт хураагдсан 1 ширхэг компакт дискийг тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсарган үлдээх, хагархай архины шилний хүзүү 1 ширхэгийг устгах, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч О.Л хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Шүүгдэгч О.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.    

            3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож нийт 60 хоног буюу 2 сарыг нэмж нэгтгэн О.Л биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.    

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар О.Лд оногдуулсан нийт 1 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.           

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Лд нийт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.          

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар тус шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч О.Лд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лас 3.005.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Бод олгосугай.    

8. Тус хэрэгт хураагдсан нэг ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл тус хэрэгт нь хавсарган үлдээж, хагархай архины шилний хүзүү 1 ширхэгийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

9. Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч У.Б тус хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.       

10.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар О.Лд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд  хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн бол хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биелэн эдлүүлэх, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг  сануулсугай.      

11. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

12. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   О.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ГАНБААТАР