Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1356

 

 

 

 

 

 

    2022         11            01                                  2022/ШЦТ/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,  

Улсын яллагч Р.Мягмардорж,

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Мд холбогдох ****дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, 2 хүүхэд, 6 дүүгийн хамт **дүүрэг ** дугаар хороо 57-30 тоотод оршин суух хаягтай, *****оршин сууж байгаа, 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 4 жил 4 сар 23 хоногийн хорих ялаас чөлөөлсөн, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 157 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 20 хоногийн хорих ялаар сольсон, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мд 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, Ө овгийн М.М /регистрийн дугаар: УП**** /   

Холбогдсон хэргийн талаар :  

Шүүгдэгч М.М нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Содон хорооллын худалдааны төвөөс Remy martin нэртэй 700 граммын Виски 1 ширхэг, Japanese cake нэртэй 1000 граммын архи 1 ширхэг, Monday шампунь 1 ширхэг, Monday ангижруулагч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 846.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ. 

                                                                       

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :   

           

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх  хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

            Шүүгдэгч М.М нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Содон хорооллын худалдааны төвөөс Remy martin нэртэй 700 граммын Виски 1 ширхэг, Japanese cake нэртэй 1000  граммын архи 1 ширхэг, Monday шампунь 1 ширхэг, ангижруулагч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 846.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :   

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...СХД-н *** дугаар хороо, **хорооллын **худалдааны төвөөс 16 цагийн орчимд эд зүйлс хулгайд алдагдсан гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

- эд зүйлд үзлэг хийсэн болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-7 дахь тал/,

- хохирогч Б.Гн...Би Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, камерын хянагчаар 3 дахь жилдээ ажиллаж байна. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ байхад манай худалдагч Ц 1 эмэгтэй хүнийг харж байгаарай тооцоогоо хийх нь үү, үгүй юу гэж хэлсэн. Би камераа хянаж байхад 1 виски, 1 саки, 2 шампунь зэргийг гартаа барьчхаад заал руу явж байхдаа цагаан өнгийн цүнхэндээ хийгээд байсан. Тэгээд кассны хажуугаар гараад хаалган дээр зогсож байгаад гараад явчихаар нь цагдаад дуудлага өгсөн...Тухайн эмэгтэй нь архи уусан согтуу байдалтай байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 87 дахь тал/,  

- гэрч З.Ц... 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би худалдааны төвийн худалдагчаар, архины тасаг дээр гарч байсан ба 25-30 орчим насны махлаг эмэгтэй хүн, тэр хавиар явж байгаад үнэтэй виски, бас нэг Саки гээд Япон архинуудыг аваад гартаа барьж байсан цүнхэндээ хийсэн. Тэгээд архинууд нь дандаа үнэтэй болохоор хянагчдаа хандаж энэ эмэгтэй харж байгаарай касс дээр бичүүлэхнүү үгүй юу тэрийг нь хараарай гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй касс дээр бичүүлэхгүй гараад явахаар нь хянагч цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

- “Мастер Үнэлгээ” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан : Remy martin фирм 700 граммын 602.000 төгрөг, Japanese cake фирм 1000 граммын 230.000 төгрөг, Monday гэсэн бичиглэлтэй шампунь 1 ширхэг 7000 төгрөг, Monday гэсэн бичиглэлтэй ангижруулагч 1 ширхэг 7000 төгрөг нийт дүн 846.000 төгрөг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

- шүүгдэгч М.Мын...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

2.2. Тус шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн шинж бүрэн нотлогдож тогтоогдсон, харин тус гэмт хэргийн шинжүүдийг үгүйсгэх үндэслэл, үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй.   

Тус шүүгдэгч нь тухайн дэлгүүрээс авсан эд зүйлсийг авахдаа худалдагч нар болон бусад этгээд хараагүй, мэдээгүй гэж тооцож буюу нууцаар авсан, хэргийн газраас гарч явсны дараа хэрэг нь илчлэгдэж таслан зогсоогдсон байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэв.    

2.3. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан, өмгөөлөгч авах эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх учраас түүний тус эрх зөрчигдөөгүй болно.

Иймд шүүгдэгч М.Мыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

3. Хохирол, хор уршиг :        

 

Тус хэрэгт хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар буцаагдсан /хх-5, 11, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзнэ.             

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч нь урьд 2011, 2012, 2020 онд хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн байх боловч тус ял шийтгэлийг эдэлж дуусгавар болгосонд хамаарах баримтууд байх тул /хх-32, 34, 38-47 / тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.     

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2 хүүхэдтэй, бага хүүхэд нь 2021 оны 07 сард төрсөн, мөн одоо жирэмсний 35 дахь долоо хоногтой гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримт хэрэгт цугларсан /хх-22, 27, 33, 70, 73, 75, 83, 88-95, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан болно.         

Шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тус шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулснаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх үндэслэл тогтоогдсон /хх-48-69, шүүх хуралдааны тэмдэглэлд бэхжигдсэн баримтууд/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.30-ны өдрийн 1198 дугаартай шийтгэх тогтоолоор : Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д  зааснаар М.Мд оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 308 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 38 хоног буюу 1 сар 8 хоногийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 1 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.       

Харин М.Мын хувьд урьд 2011, 2012, 2020 онд хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг эдэлж дуусгавар болсон тухайн асуудлаар түүний эрх зүйн байдлыг дордуулах ямар нэгэн хязгаарлалтыг Эрүүгийн хуулиар тогтоогоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй, тийнхүү хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг эдэлж дуусгавар болгосноос хойш тус шийтгэх тогтоолоор хөнгөн гэмт хэрэгт анх удаа хорих ялаар шийтгэгдэж байгаа, түүнчлэн бага насны хүүхэдтэй, мөн 9 сартай жирэмсэн буюу удахгүй төрөх гэж буй зэрэг  нөхцөл байдал тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мд 2 жил 1 сар 8 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д тус тус зааснаар тус шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд М.Мд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх нь тус бага насны хүүхэдтэй, мөн жирэмсэн эх М.Мын эрүүл мэнд, харгалзвал зохих бусад эрх зүйн байдалд нь нийцнэ гэж дүгнэв.         

 

  1. Бусад асуудал

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь : 

 

1. Шүүгдэгч М.Мыг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Мд оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 308 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 38 хоног буюу 1 сар 8 хоногийг нэмж нэгтгэн М.Мын биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 1 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 2 жил 1 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч М.Мд 2 жил 1 сар 8 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.             

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д тус тус зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч М.Мд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.     

7. Шүүгдэгч М.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар М.Мд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд  хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн бол хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биелэн эдлүүлэх, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг  сануулсугай.      

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР