| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2022/0206/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/201 |
| Огноо | 2022-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа
Улсын яллагч Б.Батцоож
Шүүгдэгч Д.Тамир, Б.Алтанхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Тамир, Б.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн 2236000000244 дугаартай, 178/2022/0206/Э/ индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химийн офицер мэргэжилтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабт орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер ажилтай, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 26-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй Хайрхан ургийн овогт Даваасүрэнгийн Тамир, регистрийн дугаар: ПЮ87100475
2. Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Зүүн говь суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нярав мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 123-р ангид нярав ажилтай, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбарагав багийн Турлиахтын 2-р 14 айлын 6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Шангас ургийн овогт Балжиннямын Алтанхуяг, регистрийн дугаар: ОД89012618
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Тамир, Б.Алтанхуяг нар нь 2022 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвсгэрт байх “Баянбулаг” амралтын газарт согтуууулах ундааны зүйл хэрэглэн маргалдаж, харилцан зодолдсоны улмаас нэг нэгнийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 2-р хуудас/
Гэрч Б.Төмөрсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...2022 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө намайг Баянбулаг амралтын газарт амарч байхад үүрээр 05:00 цагийн үед хурандаа Ганхуяг “танай хүн тэнд ухаан алдчихлаа” гэж хэлэхээр нь би босоод нэг байрны хойт талд очсон чинь Б.Алтанхуяг зодуулсан ухаан алдсан байдалтай газарт хэвтэж байсан. Тэгээд машинд суулгаад Бүсийн эмчилгээ оношлогооны төв рүү авч явсан...” гэх мэдүүлэг / хэргийн 11-р хуудас/
Гэрч Б.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2022 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Баянбулаг амралтын газар байрандаа амарч байтал гадна хүмүүс шуугилдаад байхаар нь гараад очиход 3 хүн байсан.Намайг очиход Д.Тамирын нүүр нь хавдсан, ам хамраас нь цус гарчихсан байдалтай байсан. Харин Б.Алтанхуягийн амнаас хөөс сахарсан согтуу “алаад өгнөө” гээд орилж байсан.Тэр хоёрын хажууд дэд хурандаа Баасанцог эрүүл зогсож байсан.Би Б.Алтанхуягийг “ явж амар” гэж хэлэхэд “ намайг амраадаг хэн бэ чи” гэх зэргээр агсамнаад байхаар нь тэндээс 10 метр орчим зайд явж байтал Баасанцог “энэ уначихлаа” гэхээр нь эргээд очтол Б.Алтанхуяг дээшээ хараад уначихсан байсан.Тэгээд хүмүүс дуудаж эмнэлэг рүү явуулсан...” гэх мэдүүлэг / хэргийн 13-14-р хуудас/
Гэрч Г.Баасанцогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... 2022 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө сургалтанд оролцсон хүмүүсээ амарсан эсэхийг шалгаад явж байтал өмнөөс нэг хүн ирж байхаар нь гар чийдэн тусгаад харахад Д.Тамир нүүрээ дарчихсан нүүр ам нь цус болчихсон явж байхаар нь “ яав, юу болов” гэхэд “ хүнд зодуулчихлаа” гэсэн. Тэгтэл араас нь махлагдуу өндөр шар залуу “ алнаа пизда минь” гээд хүрээд ирсэн.Амнаас нь хөөс сахарчихсан, амьсгаадчихсан байсан.Тэгтэл Б.Ганхуяг ирээд “танай захирагчид чинь хэлнэ” гээд дагуулаад урд нь ороод алхаж байтал ард пид гээд дуугарахаар нь эргээд харахад нөгөө ногоон фодволктой залуу унаж байсан.Би эргэж очоод анхан шатны тусламж үзүүлээд Б.Ганхуяг хурандаа түүнийг хариуцаж явсан Төмөрсүх гэх офицерийг дуудаж асуухад “ угаасаа ингэж унадаг юм” гэж хэлээд эмнэлэг рүү өгч явуулсан...” гэх мэдүүлэг / хэргийн 17-р хуудас/
Хохирогч Б.Алтанхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...анх зодоон эхлэх үед Б.Тамир над руу “Алтанхуягаа чамайг ална” гэж орилж заналхийлж байсан.Тэгээд би ухаан алдсан байсан учир өөр зүйл мэдэхгүй байна. Эмчлүүлсэн зардал 110000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 13000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг / хэргийн 23-р хуудас/
Хохирогч Д.Тамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Б.Алтанхуяг байх ёстой газраа байгаагүй, Цэргийн хувцастай архи уугаад явж байхаар нь би хууль ёсны шаардлага тавьсан. Надад учирсан гэмтлийг Б.Алтанхуяг учруулсан.Бид хоёрын зодоонд өөр хүн оролцоогүй...” гэх мэдүүлэг / хэргийн 27-р хуудас/
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 164 дугаартай шүүх химийн шинжилгээний ...Б.Алтанхуягийн биенээс авсан гэх шингэн цусанд 1.4 промилли этилийн спирт илэрсэн.Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хэргийн 32-33-р хуудас/
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 163 дугаартай шүүх химийн шинжилгээний ...Д.Тамирын биенээс авсан гэх шингэн цусанд 1.6 промилли этилийн спирт илэрсэн.Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хэргийн 32-33-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 750 дугаартай шинжээчийн...Д.Тамирын биед дээд уруулын дотор хэсгийн язарсан шарх, зулгаралт, цус хуралт, доод уруулын дотор хэсгийн цус хуралт,баруун хацрын дотор хэсгийн цус хуралт,духны баруун хэсгийн зулгаралт,духны дунд доод хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамар хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна хэсгийн цус хуралт, зүүн мөрний хэсгийн цус хуралт, зүүн далны баруун дээд хэсгийн зулгаралт, цээжний зүүн хажуу хэсгийн цус хуралт, зүүн тохой хэсгийн зулгаралт, баруун шууны гадна хэсэг болон сарвууны ар хэсгийн зулгаралтууд, хэвлийн зүүн дээд хэсгийн зулгаралт, баруун түнхний үе хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 45-47-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 762 дугаартай шинжээчийн...Б.Алтанхуягийн биед тархи доргилт, зүүн доод эрүүний хэсгийн зулгаралтын сорви, баруун доод эрүүний хэсгийн зулгаралтын сорви, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, өвчүүний дунд дээд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 52-55-р хуудас/
Шүүгдэгч Д.Тамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.Би Б.Алтанхуягаас ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй, бид хоёр эвлэрсэн... гэх мэдүүлэг / хэргийн 73-р хуудас/
Шүүгдэгч Б.Алтанхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хэргийн 83-р хуудас/
Гэрч Ө.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... бидний унтаж амарч байсан өрөөний харалдаа коридорт 2 эрэгтэй хүн хоорондоо маргалдаад чанга чанга дуугараад байсан. Тэгээд маргалдаж байгаад гараад явчих шиг болсон.Би сэрчихээд цаг харахад 05 цаг 20 минут болж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 85-86-р хуудас/
Гэрч С.Энх-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...шөнө унтаж амарч байтал коридорт хүмүүс чанга чанга чимээ гараад байхаар нь сэрчихсэн.Надтай хамт өрөөнд байсан Төмөрхүү хаалгаар шагайгаад “ энд хүмүүс амарч байна, та нар болиоч” гэж хэлэхэд “уучлаарай” гээд гараад явсан. Манай өрөөний Амгалан бид хоёр гадаа гарч бие засахад хоёр хүн зодолдож байхаар нь сургалт хариуцсан офицерт орж хэлчихээд өрөөндөө орж амарсан...гэх мэдүүлэг / хэргийн 89-90-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Д.Тамир, Б.Алтанхуяг нар нь Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвсгэрт Баянбулаг амралтын газарт 2022 оны 09 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд сургалтанд оролцож байхдаа шөнө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоорондоо маргалдан зодолдож харилцан бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж зодолдон нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна.
Шүүгдэгч Д.Тамир, Б.Алтанхуяг нар архи согтууруула ундааны зүйл хэрэглэж хоорондоо зүй бус харилцсаны улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Тамир, Б.Алтанхуяг нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоорондоо зодолдож харилцан нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ тус тус хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Д.Тамир, Б.Алтанхуяг нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Б.Ганхуяг, Г.Баасанцог, Ө.Дуламсүрэн, С.Энх-Оргил нарын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 750,762 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Тамир, Б.Алтанхуяг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Тамир, Б.Алтанхуяг нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Тамир, Б.Алтанхуяг нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хэргийн 106,121-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Алтанхуягийн хувийн байдлын талаар гэрч М.Эрдэнэтогтохын өгсөн... сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид ажиллаж байгаад 2012 оноос Зэвсэгт хүчний 123-р ангид ажиллаж байна. Манай нөхөр ажилдаа хариуцлагатай, цэвэрч нямбай, түргэн ууртай, сэтгэл хөдлөл өндөртэй хүн. Сэтгэл хөдлөл ихтэй учраас архи уусан үедээ тэр нь илэрдэг... гэх мэдүүлэг /хэргийн 108-р хуудас/,
Шүүгдэгч Д.Тамирын хувийн байдлын талаар гэрч Д.Оюундэлгэрийн өгсөн...Д.Тамир нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь Ерөнхий боловсролын дунд сургуульд багшилдаг.Д.Тамир тусч, хичээнгүй,тууштай, хоёр дүүдээ түшиг тулгаартай хүн.Архи уусан үедээ ямар нэгэн муу зуршил гаргадаггүй... гэх мэдүүлэг / хэргийн 123 -р хуудас/
Шүүгдэгч нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Засаг даргын тодорхойлолт,Б.Алтанхуягийн ажлын үнэмлэхний хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тодорхойлолт, Д.Тамирын цалин хөлсний тодорхойлолт, шагнал урамшуулал зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.Тамир,Б.Алтанхуяг нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тамир,Б.Алтанхуяг нарт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах гэх санал,дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Алтанхуяг өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна... гэх тайлбар,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Тамир өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлоо төлсөн. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна ...гэх тайлбар тус тус гаргав.
Шүүгдэгч Д.Тамир, Б.Алтанхуяг нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч Д.Тамир,Б.Алтанхуяг нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, тайлбар зэргийг харгалзан, улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Д.Тамир,Б.Алтанхуяг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарлаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Тамирын... Б.Алтанхуягийн томографийн шинжилгээний зардал, эмнэлгийн ор хоногийн мөнгө болох 208000 төгрөгийг төлсөн...гэх мэдүүлэг, хохирогч Б.Алтанхуягийн...Д.Тамир над дээр ирээд уучлалт гуйсан. Миний тархины зураг авхуулсан төлбөр, эмнэлгийн ор хоногийн мөнгийг Д.Тамир төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлгээр шүүгдэгч Д.Тамирыг бусдад төлөх хохирол төлбөргүй,
Хохирогч Д.Тамирын ... би Б.Алтанхуягаас нэхэмжлэх зүйлгүй, надад учирсан хохирол байхгүй... гэх мэдүүлгээс шүүгдэгч Б.Алтанхуягийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2236000000244 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2,36.2,36.6- 36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хайрхан ургийн овогт Даваасүрэнгийн Тамир, Шангас ургийн овогт Балжиннямын Алтанхуяг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хайрхан ургийн овогт Даваасүрэнгийн Тамир, Шангас ургийн овогт Балжиннямын Алтанхуяг нарыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн 2236000000244 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Тамир, Б.Алтанхуяг нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Тамир, Б.Алтанхуяг нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.Тамир, Б.Алтанхуяг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС