| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0800/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/832 |
| Огноо | 2022-10-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/832
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,
Улсын яллагч Б.Батцэцэг,
Шүүгдэгч Б.С /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С холбогдох эрүүгийн 2211000001458 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Б.С, 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт амьдардаг, Архангай аймгийн Тариат сумын 1 дүгээр багийн Тэрх гэх газар байнга оршин суух хаягтай /одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Арслантай гүүрний Оюутны хотхоны 1 дүгээр Багш, ажилчдын байрны ... тоотод түр амьдарч байгаа/, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, /
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 15 цаг 40 минутын орчимд хохирогч Д.Чтой утсаар холбогдон “..машиныг чинь үзье авъя..” хэмээн хуурч, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод монгол” шатахуун түгээх станцын орчимд түүний эзэмшлийн 66-94 УБО улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Соната-6 загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан бөгөөд Дамно хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх 66-94 УБО улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Соната-6 загварын машиныг 6.148.221 төгрөгөөр үнэлсэн болох нь:
Шүүгдэгч Б.Саас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Саас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-39-41/ “..Би тухайн өдөр Архангай аймгийн Тариат сум руу явах ажил гарсан тул тээврийн хэрэгсэл хэрэгтэй болсон юм. Тэр үед би өөрийн фэйсбүүк хаягаар фэйсбүүк орж баитал машин зарна гэх зарын групп дээр “...Миний машиныг энэ хүн аваад явчихлаа гэсэн үтгатай бичиг баримтны зураг оруулсан байсан. Тус зарыг хараад би энэ төрлийн аргыг хэрэглэж болох юм байна гэсэн бодол төрсөн. Тэгээд би удалгүй Соната-6 авна зарна гэх фэйсбүүк группт өөрийн Б.С С гэх хаягаар нэгдэн орж 88142363 дугаарлуу өөрийн 86012399 дугаараас холбогдоод хэдэн төгрөгөөр зарах вэ?, Мөн тээврийн хэрэгслийг хаана байгаа талаар асуухад Хайлаастын 84-ын буудал дээр уулзъя гэж хэлсэн. Би Хайлаастын Сод Монголын шатахуун тугээх станци дээр ирээд тухайн ахыг хүлээж байтал 66-94 УБО улсын дугаартай, саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй ах хоёр бага насны хүүхдийнхээ хамтаар ирсэн. Би тээврийн хэрэгслийг үзэж урд талын хэсгийг нээж моторыг нь хартал тээврийн хэрэгслийг надад үзүүлэхээр ирсэн ах мотор ямар ч асуудалгүй ахын дүү унаад үз гэж хэлсэн. Би тээврийн хэрэгслийг унаж үзэхээр тээврийн хэрэгсэлд сууж хөдөлгөөд ойролцоох гудамж руу ороод явж байтал Архангай аймаг руу явах унаа мөн уу? гэж надруу 99950002 дугаараас нэг хун залгаж ярисан ба би мөн байна гэж хэлсэн юм. Тэгээд Архангай аймгийн Тариат сум руу эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг нийт 50.000 төгрөгөөр авч явахаар тохиролцсон. Тэгээд би тахилтаас тухайн эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг аваад шууд 61-ын гармаар гарч хүй долоо худгаар дамжин Архангай аймаг явах зам руу ороод хэсэг явж байгаад зогсоод бие засаад цааш явах гэтэл тээврийн хэрэгсэл асаагүй юм. Би тээврийн хэрэгсэл зам дээрээс зогсоогоод буцаж Улаанбаатар луу чирэгдэж 22-ын товчоон дээр байрлах шатахуун түгээх станци дээр ирээд 40.000 төгрөгөөр газ аваад Архангай аймаг явах зам руу ороод 60 км орчим явж байтал 95032399 гэх дугаараас хүн залгаад Архангай аймаг явах уу? гэж асуухаар нь би гараад явж байна гэтэл 7-н буудлаас ирээд авчаач 200.000 төгрөг өгье гэсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн 7-н буудал руу ирэх зорилгоор явж байгаад 22-ын товчоо дээр цагдаад баригдсан..” гэх мэдүүлэг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Нээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..өөрийн хүргэн болох Д.Ч тээврийн хэрэгслээ зарж борлуулаад өгөөч гэж хэлээд өгсөн. Би хүргэндээ тээврийн хэрэгслээ өгөхдөө 6,000,000 төгрөгөөс 5,500,000 төгрөгт зарж борлуулаад өгөөч гэж хэлсэн. Тээврийн хэрэгслийн бичиг баримт надад байгаа..” гэх мэдүүлэг /хх-9/,
Хохирогч Д.Чоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..манай эхнэр ”Соната-6” гэсэн групп дээр “соната-6 зарна” гэсэн зар тавиад өөрийнхөө 88142363 дугаараа тавьсан байхад 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн үед үл таних эрэгтэй холбогдоод “машиныг чинь үзье авъя” гэж хэлээд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод монгол” шатахуун түгээх станцын хажууд очоод үл таних эрэгтэй хүнтэй уулзсан. Би эхнэр 2 хүүхдээ машинаас буулгаад, тэр залууд машинаа тойрч үзүүлээд байж байхад тэр үл таних залуу машины обудыг хараад “энэ гоё обуд байна” гэж хэлээд машин дотор суугаад хөдлөөд, Чингэлтэй рүү явсан засмал зам дагаад явж байгаад баруун эргээд гудамж руу орсон. Эхнэр бид 2 удахгүй буцаад хүрээд ирэх байх гээд 10 минут орчим хүлээгээд ирэхгүй болохоор нь явсан газар луу нь араас нь ороод харахад байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн...эхнэрийн 88142363 дугаар луу дугаараа нууцалж 3 удаа залгасан байсан. Би одоо харвал танина..” гэх мэдүүлэг /хх-12-13/,
Гэрч Ч.Огаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..эхнэрийн дүү болох Хүрэлээ нь фейсбүүкээс “Архангай аймаг руу явах хямдхан унаа олчихлоо гээд 95032399 гэх дугаар луу залгаад холбогдоорой” гэсэн..Тариат сум руу 1 хүний 30.000 төгрөгөөр явна гэхээр нь зөвшөөрөөд тэр хүн 7 буудлаас манай гэр лүү хүрч ирээд эхнэр бид хоёрыг авахаар болсон. ..Тахилтын тэр хавьд жолооч машинаа зогсоогоод утсаар ярьсан хүнээ хүлээгээд байж байх үед цагдаа нар хүрч ирээд жолоочийг барьж авсан. Ингээд би хулгайн машинд сууж явж байгаагаа мэдсэн. ..автомашины жолооч нь халзан, бор царайтай, ногоон өнгийн цамцтай, 18-23 орчим насны орчим туранхай эрэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-15-16/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...энэ машины жолоочтой Б.С “Схбт” гэсэн фейсбүүк хаягтай, утас нь 95032399 гэсэн дугаартай хүн байсан..” гэх мэдүүлэг /хх-19-20/, Хөрөнгийн Үнэлгээний “Дамно” ХХК-ийн ЧД2-22-699 дугаартай “...тээврийн хэрэгсэл 6.148.221 төгрөг” гэх тайлан /хх-30-32/, шүүгдэгч Б.Сын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-35/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.С нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Б.Сын машиныг чинь үзье авъя гэж хуурч авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрхи гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй бөгөөд прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн зүйл заалт зөв байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Саас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Сад оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүгдэгч Б.Сад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.С Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР