Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 186/2022/0768/Э |
Дугаар | 2022/ШЦТ/812 |
Огноо | 2022-10-18 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/812
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Алтнай,
Улсын яллагч О.Нандинцэцэг,
Шүүгдэгч Г.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 2211000001440 дугаар хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Г.Б, 1990 оны 07 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Жэв..” салонд үсчин ажилтай, ам бүл 4, эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо .....тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2022 оны 07 дугаар сарын 25-нд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивланд байх зуслангийн байшинд Б.Цтай үл ялих шалтгааны улмаас маргалдан эрх, эрх чөлөөнд халдан мөргөсний улмаас нь доод урууланд шарх, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 07 дугаар сарын 25-нд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивланд байх зуслангийн байшинд Б.Цтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж түүнийг мөргөсний улмаас нь доод урууланд шарх, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Г.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Г.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би Жевэл салонд үсчинээр 11 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай ажлынхан орой 18 цагийн үед ажлаа тараад хадгайтын тэнд байрлах захиралын амралтын газар луу очиж салхинд гарахаар ажлын хамт олонтойгоо явсан. Бид нар замаасаа хүнсний дэлгүүрээс 2 хроп пиво болон 0.75 литрийн савалтгаатай Эдэн гэх нэртэй 2 шил архи худалдаж аваад явсан. Манай ажпынхан нийт 8-уулаа явж байсан бөгөөд бид нар амралтын газраа хүрч ирээд архи, пивоо хувааж уугаад мах шарж идээд байж байсан. Гэтэл тухайн үед Ц нилээн согтчихсон татаж тамхиныхаа ишийг цог нь унтраагүй байхад өвс рүү шидээд байхад нь би Цд хандаж “Ахын дүү наад тамхиныхаа хогыг үнсний сав руу хийчих” гэж хэлтэл миний үгийг тоохгүй байсан. Тэгээд 25-26-нд шилжих шөнийн 01 цагийн үед Ц тамхи татаж байгаад дахиад тамхиныхаа ишийг ил задгай хаяхаар нь би дахиж Цд шаардлага тавьтал тоохгүй байсан удалгүй дахиж Ц тамхи татаад өвс рүү татсан тамхиныхаа ишийг шидхээр нь миний уур хүрээд Цд хандаж “Би чамд түрүүнээс хойш зөндөө олон удаа хэллээ ш дээ ингэж байгаад гал алдчихвал яаж юм” гэж хэлтэл Ц миний хэлсэн үгийг огт тоохгүй байхаар нь би Цгийн нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн. Гэтэл хажуу талд Мөнхбаясгалан зогсож байгаад намайг болиулаад бид 2 салгаад 2 тийш нь аваад явсан. Дараа нь би Цгаас би зөндөө их уучлалт гуйгаад бид 2 хоорондоо эвлэрчихсэн байхад цагдаа нар хүрч ирээд намайг эрүүлжүүлэн саатуулах байр луу аваад явсан юмаа..” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Цгаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2022 оны 07 дугаар сарын 25-ны орой хуучин ажилладаг байсан үсчингийн газрын танил хүмүүстэйгээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивланд байх зуслангийн байшинд ажлын хүмүүстэйгээ буюу наймуулаа очсон юм. Тэнд очоод бид нар нэг шил экс нэртэй архи болон пивонууд уугаад, мах шарж идэцгээгээд байж байсан ба тамхи татаж байгаад татсан тамхины ишээ хашаан дотор нь хаяад байж байтал Б гэгч нь татсан тамхины ишээ газраас авч хая гэж хэлээд заамдаж аваад шүд хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн. Эмнэлэгт үзүүлэхэд үүдэн нэг шүд хугарсан байна гэсэн..” гэсэн мэдүүлэг /хх-6-10/,
Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Ц тамхи татаад тамхиныхаа ишийг ил задгай өвс рүү шидээд хаяад байсан. Тэр үед нь Б тамхиныхаа ишийг битгий ил задгай хаяад бай гээд 3-4 удаа шаардлага тавьтал Ц огт тоохгүй байсан. Тэгээд Б тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад Б нь Цгийн нүүр хэсэг рүү нэг удаа мөргөчих шиг болсон..” гэсэн мэдүүлэг /хх-11-17/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10411 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “..Б.Цгийн биед доод урууланд шарх, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-тзааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-118-124/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, Шүүгдэгч Г.Бий иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Б.Цд учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Цг Шадивланд байх зуслангийн байшинд тамхины ишээ хаялаа гэх шалтгааны улмаас маргалдан нүүр рүү нь мөргөсний улмаас нь хохирогчийн биед доод урууланд шарх, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Бд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Цд хохиролд 1.115.000 төгрөг төлсөн ба хохирогч Б.Ц нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР