Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/831

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

Улсын яллагч Ц.Майбаяр ,

Шүүгдэгч Л.Н /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Над холбогдох эрүүгийн 2211 00000 1603 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Монгол Улсын иргэн, Л.Н 1985 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа том тэрэг барьдаг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Сургуулийн ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Н нь 2022 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан хохирогч П.Быг өшиглөж,  баруун доод 1, 2, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын салстад няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун дээд, зүүн доод зовхинд цус хуралт, цээж хэвлий хоёр өвдөг зүүн гуянд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Л.Наас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Л.Наас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 32-ын тойрогт Батсайхантай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад манай гэр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-41 тоотод очоод нэг ширхэг архи задлаад уух гэж байгаад үзэл бодол таарахгүй хэрэлдэж, маргалдаад гэрээс гарч хашааны дотор үргэлжлүүлэн маргалдсан. Батсайхан над руу салаавч гаргаад миний ам хэсэгрүү чиглүүлсэн. Түүнээс болж би уурлаж Батсайханыг газарт унаад хэвтэж байхад нь нүүр хэсэг буюу ам хэсэгрүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. ...Өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-25-26/,

 

Хохирогч П.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Нтай хамт ажиллаад олон жил болж байгаа ба 2022 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 22 цагаас 23 цагийн орчимд Нын хамтаар Чингэлтэй дүүргийн 32-ын тойрогт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Нын хамтаар гэрт нь очсон. Нынх Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Хүчит шонхор захын ертөнцийн зүгээр урд талд байрлалтай байсан. Н бид хоёр харилцан яриа өрнүүлж байгаад үзэл бодол таарахгүй маргалдсан. Тэгээд би гэрээс нь гараад хашаан дотор нь явж байгаад би санамсаргүй газарт биеийнхээ баруун хэсгээр унасан. Би газраас босож чадаагүй байтал Н миний уруул хэсэг рүү хөлөөрөө нэг удаа, баруун хөмсөгний дээд хэсэг рүү нэг удаа, зүүн талын хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэр үедээ Н арьсан түрүүтэй гуталтай байсан...Бид Нын гэрийн гадаа хашааны дотор маргалдаж, муудалцаж түүнээс болж миний биед гэмтэл учирсан ба биднийг маргалдаж, муудалцах үед бид хоёроос өөр хэн нэгэн байгаагүй болно...” гэх мэдүүлэг /хх-9/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, эмч Э.Б 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12233 дугаартай дүгнэлтэд: /хх-17-18/ “...П.Бы биед баруун доод 1, 2, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын салстад няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун дээд, зүүн доод зовхинд цус хуралт, цээж хэвлий хоёр өвдөг зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, шүүгдэгч Л.Нын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч П.Бд учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.Н нь хохирогч П.Бтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний уруул хэсэг рүү хөлөөрөө нэг удаа, баруун хөмсөгний дээд хэсэг рүү нэг удаа, зүүн талын хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөж, улмаар баруун доод 1, 2, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын салстад няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун дээд, зүүн доод зовхинд цус хуралт, цээж хэвлий хоёр өвдөг зүүн гуянд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Л.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Наас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Л.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Над торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч П.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Л.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ныг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Над оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Л.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР