Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
Хэргийн индекс | 157/2016/00017/Э |
Дугаар | 19 |
Огноо | 2016-11-28 |
Зүйл хэсэг | 215.3., |
Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ,
Улсын яллагч П.Эрдэнэбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б-,
Хохирогч Т.Б-,
Шүүгдэгч З.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт З-ын Г-д холбогдох эрүүгийн 201523010050 дугаартай хэргийг 2016 оны11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны ... дугаар сарын ...-ны өдөр Хэнтий аймгийн ... суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., ....хамт Хэнтий аймгийн ... сумын ....дугаар баг, “...” гэх газар оршин суух улсаас авсан гавъяа, шагналгүй, урьд ял шийтгэлгүй, РД:...., Ө овогт З-ын Г-.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
З.Г- нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн орчим Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Буурлын Ухаа” гэх газарт улсын дугааргүй Shipeng тракторыг жолоодож хадлан хадаж байхдаа тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэсний улмаас тухайн тракторын бүхээг дотроос 4 настай эрэгтэй Г.Н- нь унаж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч З.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн орой 17 цагийн үед гэртээ хоол ундаа идчихээд эхнэр, найз нартайгаа өвс хадахаар гарсан. Бид нар өвс хадаад 22 цагийн үед буухаар болж байсан. Манай хүү трактор дээр сууя гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь хүүгээ хажуудаа авч суусан. Тэгээд хоёр тойрчихоод бууя гэж байтал хүү маань арагшаа унасан. Тэгээд хүү маань нас барсан” гэх мэдүүлэг.
Хохирогч Т.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...талийгаач миний төрсөн хүүхэд байгаа юм...2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хоолоо идчихээд нөхөр хүүхдүүдийн хамт “Буурлын ухаа” гэх газарт очиж хадлангаа хадаж байсан юм. Талийгаач тухайн үед урдуур хойгуур тоглоод явж байсан.. Тэгээд байж байгаад л аав дээрээ очоод трактор дээр сууж үзье гээд ааваасаа гуйгаад урдуур хойгуур нь гүйгээд огт болж өгөхгүй байсан... Тэгээд талийгаачийг хажуудаа авчирчихаад өвсөө овоолж байсан чинь гэнэт тракторноос манай нөхөр орилоод хүү маань болохоо байчихлаа гээд буугаад ирсэн... намайг очиход талийгаачийн их бие нь тракторын хажуу талд, толгой нь тракторны доор байсан... надад ямар нэгэн гомдол санал байхгүй, тухайн хэрэг санамсаргүй гэнэтийн ослын улмаас болсон учраас гомдолгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 26 дугаар хуудас/
Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Г- бид хоёр багаасаа л нэг нутагт өсөж хүмүүжсээр найзууд болсон юм. Г- нь төлөв даруу зантай, үг дуу цөөнтэй, ар гэрээ сайн авч явдаг амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, хэдэн малаа өсгөж ар гэртээ нэмэр болох юмсан гэсэн сэтгэлтэй, найз нөхөд олонтой, хүүхэдүүддээ сайн эцэг нь байгаа юм. Найз нөхдөөс нь Г-ын талаар асууж тодруулах юм бол ер нь бол муу хэдэх хүн байхгүй дандаа л сайнаар ярьцгаадаг юм. Г- нь ажилч, хөдөлмөрч, хичээнгүй бусдыг ялгаварлан харьцдаггүй бүгдтэй нь л ижил тэгш харьцдаг, ямар нэгэн буруу зуршил байхгүй, архи тамхи хэрэглээд байдаггүй тийм л хүн байгаа юм ...Г-ын унаж хадлангаа хадаж байсан улаан өнгийн пад трактор нь Г-ын өөрийнх нь эзэмшлийн трактор. Уг улаан өнгийн пад тракторыг Г- бид хоёр нийлж байгаад босгож явдаг болгосон. Г-ын явдаггүй эвдэрхий төмрийн сэг байсныг Г- бид хоёр нийлж байгаад босгож авсан юм. Пад тракторт тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй. Пад трактороо угсарч босгоод бичиг баримт бүрдүүлж өгөөгүй. Пад тракторт арлын болон моторын дугаар байхгүй байх. Пад тракторт худгийн мотор ажиллуулдаг мотор авч тавьсан болохоор дугаар байхгүй байх” гэсэн мэдүүлэг. /хх-н 31-32 дугаар хуудас/
Гэрч Б.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Г- дуу цөөтэй, найзархаг, эелдэг даруу, архи дарс хэрэглээд байдаггүй, ар гэртээ түшигтэй, ажилд их сайн, хийнэ гэсэн зүйлээ хийгээд дуусгадаг, ажилч, хөдөлмөрч ноён нуруутай сайн эр байгаа юм. Ер нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаагүй, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байж байгаад сая бага хүүхэд нь талийгаач болчихлоо...” гэх мэдүүлэг. /хх-н 34 дүгээр хуудас/
Гэрч Т.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай хүн төлөв даруу ямар нэгэн онгироо зан байхгүй ажилч, хөдөлмөрч, хүний хий гэсэн зүйлийг хийчихдэг бусдыг ямар нэгэн байдлаар ялгаварлаж харьцдаггүй, Хэнтий аймагт коллеж төгссөн боловсролтой дөлгөөхөн залуу байгаа юм. Найз нөхөд олонтой бусдад их тусархаг, архи дарс хэрэглээд байхгүй, ар гэрийн ажилд сайн, эхнэр хүүхдээ бусдаас дутаачихгүй гэсэн сэтгэлээр хандаж тэднийгээ авч явдаг юм. Г- нь миний мэдэхээр урд өмнө ямар нэгэн байдлаар хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг. /хх-н 35 дугаар хуудас/
Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дугаартай
Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Т.М-ын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн
1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Зам тээврийн осол” зам дээр тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал гэж тодорхойлсон байдаг. Тодорхойлолтонд зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас хохирсон учир 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн иргэн Г.Н-ын хадлан хадаж байсан “Shiten 6” маркын тээврийн хэрэгсэл буюу трактор дээрээс унаж нас барсан үйлдэл зам тээврийн осол мөн.
2. “Shiten 6” маркын тракторын жолооч Загдын Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8 “Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоос тогтоосон тооноос олон хүн: б/ “хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт”, уг дүрмийн 2 дугаар хавсралт “Тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил” 6 “Бусад төхөөрөмж: 6.5. Ар талаа харах толь, салхины шил, нарны хаалтгүй болсон” трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гарчээ.
3. Загдын Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэсэн заалтыг зөрчин трактор жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодсон нь осолд нөлөөлөөгүй гэж дүгнэлтийг гаргав гэсэн дүгнэлт. /хх-н 38 дугаар хуудас/
ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-н 74 хуудас/
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7 дугаар хуудас/, З.Г-ын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 20 дугаар хуудас/, Хас банкны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 431/155 дугаартай, Төрийн банкны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 129 дугаартай тодорхойлолтууд /хх-н 70, 72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан байх ба шүүх тэдгээр баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлсэн болно.
Шүүгдэгч З.Г- нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 22 цагийн орчим Хэнтий аймгийн Баянмөнх сумын төвөөс хойд зүгт 40 орчим км зайд байх “Буурлын Ухаа” гэх газарт Shipeng гэх бичигтэй тракторыг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдгөөний дүрмийн 21.8 Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоос тогтоосон тооноос олон хүн б/ хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт, уг дүрмийн 2 дугаар хавсралт Тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй буюу ар талаа харах толь, салхины шил, нарны хаалтгүй болсон машин механизмыг ашиглахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас 4 настай Г.Н-ыг тракторын бүхээгнээс унагаж амь насыг нь хохироосон болох нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 21 дугаартай дүгнэлт, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч Т.М-ын дүгнэлт, яллагдагчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Прокуророос шүүгдэгч З.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч З.Г-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч З.Г-д ял шийтгэл оногдуулахад хуульд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хамгийн бага хэмжээний хорих ялыг оногдуулж, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэгт хураагдсан шүүгдэгч З.Г-ын В ангилалын .............. дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчийг цагдан хоригдсон хоноггүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдаж шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч З.Г-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоолгүй мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш явуулсныг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
1. Өрнөх овогт Загдын Г-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар З.Г-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар З.Г-д оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Ялтан З.Г- нь хэргийн учир цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц З.Г-ын ¹ .............. дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хамт Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэхийг шүүгчийн туслах Ш.Отгонцэцэгт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар З.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар З.Г-д оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд З.Г-д хяналт тавихыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Цагдаагийн тасагт даалгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Г-д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР