Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 119/2024/0005/З |
Дугаар | 221/МА2024/0600 |
Огноо | 2024-09-12 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2024/0600
“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “ХХ” ГХО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У
Нэхэмжлэгч: “ХХ” ГХО ХХК
Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга
Хариуцагч: Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээлгэх, газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг даалгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, О.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 119/2024/0005/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ХХ” ГХО ХХК-иас хариуцагч Орхон аймгийн засаг дарга, Орхон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээлгэх, газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр: “Монголын Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006-12-15/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3/г/ , 29.3 , Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 44.5, 44.8, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг тус тус баримтлан “ХХ гхо ХХК-ийн Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээлгэх, газар ашиглах эрхийг гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/629 дугаар захирамж нь хууль бус бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэлээ хууль бус акт гэж үзэж маргаж байгаад үнэлэлт өгөөгүйд гомдолтой байна. Ийм учраас энэ хууль бус актыг үндэслэж гарсан 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаар захирамжаар өөр этгээдэд газар олгосон акттай маргахгүй гэж шүүх хурал тайлбарласан болно. Хууль бус эрхийн актыг дагаж гарсан хууль бус акт хүчин төгөлдөр байхаар хуульд заасан болно. Мөн хууль хус захиргааны актыг гаргасан байгууллага өөрөө хүчингүй болгох талаар шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсгийн 3.11-д заасан байна.
3.2. Хариуцагчийн зүгээс 2015 онд “ХХ” ХХК-д 2015 онд 7 га газар олгохоор шийдвэрлэх гэж тайлбарладаг боловч энэ нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх явцад энэ талбайн ямар хэмжээтэй нь барилгажсан талбай болсон ямар хэмжээтэй талбайг төсөв сонгон шалгаруулалтаар өгсөн талаар кадастрын зургийг хэрэгт хавсаргаж өгөөгүй. Өнөөдрийн байдлаар “Хаунлу хуантун” ХХК-д анх олгосон 21 га талбай 7 га болж багассан гэдгийг тайлбарлаж байгаа боловч энэ 7 га талбайн хэдэн га нь барилгажсан тухай баримт хэрэгт байхгүй байна. Хариуцагч талаас нэхэмжлэлд тайлбар гаргахдаа энэ талаар ерөөсөө хариуцагч тайлбартаа бичдэггүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэсэн заалтыг үндэслэн Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчөөгүй гэж үзсэн нь хууль бус юм. Тухайлбал 2015 оны А/574 дугаартай захирамж гаргаснаас хойш 6 жил 16 хоног өнгөрсөний дараа 2021 оны A/629 дугаар захирамж гарсан нь хууль бус юм.
3.3. Төрийн захиргааны байгууллага өөрөө хуулиа баримтлахгүй хууль бус үйлдэл гаргаж байна. Хуульд заасан 5 жилийн хугацаанаас хойш даруй 1 жил 16 хоног өнгөрсөн байхад шүүхээс ингэж дүгнэж буй нь хууль бус юм. Хуулийн заалтыг хариуцагчид хамаарч үйлчлэхээрээ хугацаа хамаарахгүй болж буй нь хууль бус юм. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “ХХ” ХХК нь 2010 оноос хойш газар ашиглах эрхээ сунгуулсан захирамж гаргуулж гэж, газрын гэрчилгээ авах гэж байнга шүүхдэж, байсан төдийгүй өөрсдөө захиргааны байгууллага дээр ирж уулзаад, аргаа бараад захиргааны байгууллагын ажилтнуудыг өөрийн зардлаар Хятад улсад урьж уулзалт зохиогоод, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж явуулсан байхад газрын алба болон анхан шатны шүүхээс итгэмжлэлийг хүлээж авахгүй буцааж, дарамтад байлгаж байсан. Ингэж нэхэмжлэл буцаасан хэргийн шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа болно. 2009 оноос эхлэн 15 жил шүүхдэд нэг ч удаа газар ашиглах гэрчилгээгээ авч чадаагүй байдлаа бүрэн нотлосон баримтыг шүүхэд өгсөн.Шүүхээс энэ нөхцөлд байдалд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
3.4. “ХХ” ХХК-ийн эрх бүхий ганц төлөөлөгч болох В нь “Хятад улсын дотооддоо тогтоосон дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчний хориг”-ийн улмаас Монгол Улсад ирж чадаагүй гэдгээ нотлосон баримтыг хэрэгт өгсөн байхад үнэлж үзээгүйд гомдолтой байна. Хариуцагч тал нэхэмжлэгч талын гаргасан цар тахлын хорио цээр цуцалсан тухай нотлох баримтыг үгүйсгэсэн тайлбар шүүх хуралдаан дээр гаргасан болно. Иргэний хуульд нийтийг хамарсан хорио цээрийг давагдашгүй хүчин зүйлд тооцохоор заасан байна. “ХХ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байдалд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хориг тавьсан байсан тул хаягийн бүртгэлийн өөрчлөлт хийх ямар ч боломжгүй байсан нь шүүх хурлын явцад улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааны баримтуудыг нотлох баримтаар үнэлэх явцад тогтоогдсон.
3.5. 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/06 дугаартай Орхон аймгийн Эрдэнэт хотын 7 дугаар хорооллын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг хүчингүй болгосон гэрээ байхгүй юм. Шүүхээс ингэж дүгнэсэн нь хууль бус болсон. Эрдэнэт үйлдвэр ажилчдадаа орон сууцны зээлд хамруулна гэсэн гэрээ байгуулснаар Хятад улсын иргэн В өөрийн хөрөнгөөр дэнчин тавьж, хороолол барих төсөв зургаа батлуулж, дулаан, цахилгааны шугамаа татаж, бүхэл бүтэн 8 барилга барьж эхэлсэн байхад орон нутгийн захиргаа, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагаа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс үүдэн өнөөдөр энэ нөхцөл байдал үүссэнд шүүхээс дүгнэлт өгөх үүрэгтэй байсан гэж үзэж байна.
3.6. Орхон аймгийн Засаг даргын зүгээс газар олгосон 2015 оны захирамжийг хүчингүй болгох гэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-д заасан процесс ажиллагаа явуулах үүрэгтэй байсан. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.5-д заасан зүйл заалтуудыг мөрдөөгүйд гомдолтой байна. 2015 оны захирамжийн дагуу гэрчилгээ гаргах, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргахад хариуцагчийн зүгээс дуудлага худалдаа төсөв сонгон шалгаруулалтын талаар ямар ч тайлбар гаргаж байгаагүй атал сонсох ажиллагаа явуулахгүй, хуульд заасан 5 жилийн хугацаа өнгөрсний дараа “ХХ” ХХК-д газар ашиглах эрх олгосон захирамжаа хүчингүй болгосон нь хууль бус юм. Эдгээр үндэслэлээр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 119/ШШ2024/0030 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “ХХ” ГХО ХХК-аас хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээлгэх, газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасан.
3. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын талаар “...“ХХ” ХХК-ийн зүгээс газар ашиглах эрхийн гэрчилгээг авах, гэрээ байгуулах, газрыг зориулалтын дагуу ашиглах талаар захиргааны байгууллагад ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй, ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар захиргааны байгууллагатай харилцаж байгаагүй, газар ашиглах талаар ямар нэгэн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаагүйгээс дүгнэхэд газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүйд захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна” гэж дүгнээд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.
4. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн байна.
5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэн өмнө нь орон сууцны зориулалтаар нэхэмжлэгч “ХХ” ХХК-д 7 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн мөн аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамжийг хүчингүй болгосныг Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 360 дугаартай тогтоолоор тус захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн,
Харин маргаан бүхий акт болох Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар ашиглуулах шийдвэр хүчингүй болгох тухай” А/625 дугаар захирамжаар нэхэмжлэгчид орон сууцны зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын дээрх А/574 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгожээ.
6. Нэхэмжлэгч “ХХ” ХХК-д анх 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаартай захирамжаар орон сууцны 7 дугаар хорооллын барилгыг барих зориулалтаар 21 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж байсан байх бөгөөд тус 21 га газар, 2015 онд мөн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн 7 га газруудын кадастрын дэлгэрэнгүй болон агаар сансарын зургууд хэрэгт авагдаагүй, үүний улмаас нэхэмжлэгчийн барьсан 8 орон сууц дээрх 7 га газарт хамрагдаж байгаа эсэх нь тодорхойлогдоогүй байхад шүүх үүнтэй холбоотой баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
7. Мөн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 197 дугаартай албан бичиг, мөн аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02б/1942 дугаартай албан бичгээр газрын гэрээгээ байгуулж, гэрчилгээ авах талаар тус тус нэхэмжлэгчид мэдэгдэж, улмаар Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05/2541 дугаартай албан бичгээр “ХХ” ХХК-ийг дуудан ирүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулахад хамтран ажиллах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байх боловч эрх бүхий этгээдээс нэхэмжлэгч компанид дуудлага худалдааны үнийг төлөх талаар албан ёсоор мэдэгдсэн эсэх, үүнтэй холбоотой дуудлага худалдааны үнийг төлүүлэх талаар аливаа үйл ажиллагаа явуулсан эсэх талаар тодруулсны эцэст хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх байжээ.
8. Түүнчлэн захиргааны байгууллага дээрх байдлаар “ХХ” ХХК-ийг дуудан ирүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан байх хэдий ч тухайн цаг үед дэлхий нийтээр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал үүссэн нөхцөл байдалд мөн дүгнэлт хийх нь хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл шүүх хэргийн оролцогч нарын маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах шаардлагатай нөхцөл байдлыг бүрэн тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх байтал ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
9. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.
10. Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА