Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 416

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/03259 дүгээр шийдвэртэй, Б.Ягийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.От холбогдох, зээлийн гэрээний төлбөрт үндэслэлгүйгээр илүү авсан 18 380 000 төгрөг гаргуулах,

Б.Ягээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бум-Аюуш,

Хариуцагч М.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ангийн найз М.Оаас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хүүгүй, барьцаагүй, алданги тооцохгүй 30 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан зээлсэн. Үүнээс хойш гэрээний үүрэг болох зээлсэн мөнгөө М.Оын хүсэлтээр түүний эхнэрийн дансаар төлсөөр өдийг хүрсэн. Гэтэл М.О, түүний эхнэр нар нийт 48 380 000 төгрөг төлсөөр байхад сарын 5 хувийн хүү тооцсон, одоо хүү 5 000 000 төгрөг, үндсэн зээл 10 000 000 төгрөг өг гэж байна. Түүнд төлсөн мөнгөө тооцохоор зээлийн гэрээний үүргээс 18 380 000 төгрөгийг илүү төлсөн тул үүнийг М.Оаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Я нь 2014 оны 10 дугаар сард банкны батлан даалтын үйлчилгээ явуулна. Японоос иений гуйвуулга явуулах мөнгө шилжүүлэх ажил хийнэ, их хэмжээний ашигтай ажиллана гэж итгэл үнэмшил төрүүлж 30 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлж авсан. Тухайн үед Б.Я их хэмжээний ашигтай ажиллана, байнга ашиг хүртэнэ, сар бүр ашгаа өгнө, үндсэн мөнгөө богино хугацаанд нөхөж олно гээд хүү тооцуулаагүй,  мөнгө авснаас хойш сарын хугацаа өнгөрч ямар ч ажил хийгээгүй тул мөнгөө буцааж авъя гэж шаардсан. Гэтэл чиний мөнгө байхгүй Японд дүү рүүгээ шилжүүлсэн, дүү өрөнд ороод өгсөн гэсэн. Тэрээр 30 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй үргэлжлүүлэн зээлье гэж гуйгаад 2014 оны 11 дүгээр сарын 07-оос 30 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцон /өмнөх гэрээний нөхцөл өөрчилж/ хэмээн бичгээр гэрээ хийж, хүү 1,5 сая төгрөгийг сар бүр шилжүүлж байсан. Иймд харилцан тохиролцсон ёсоор зээл, хүүг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Я зээлсэн мөнгөний хүүг шилжүүллээ гэж өөрийн гар утаснаас бичиж байсан мессежүүд, 30 000 000 төгрөгийн 5 хувь болох 1 500 000 төгрөгийн олон удаагийн шилжүүлгүүд үүнийг гэрчилнэ. Иймээс гэрээнд тохирсон хүүгийн үлдэгдэл болох 9 800 000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 18 000 000 төгрөг, нийтдээ 28 500 000 төгрөгийг Б.Ягээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Б.Я нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүргээс илүү төлсөн 18 380 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хэрэгт авагдсан банкны дансны хуулгууд болон бусад баримтуудыг тулгаж үзэхэд Б.Я нийт 42 681 204 төгрөгний төлөлт хийж, гэрээгээр хүлээсэн үүргээс 12 681 204 төгрөг илүү төлсөн учир энэ төлбөрийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлээ багасгаж байгаа. Анхны гэрээ дуусаагүй бөгөөд 30 000 000 төгрөгийг хүүгүй, барьцаагүй, алданги тооцохгүй авсан бөгөөд энэ гэрээ хүчин төгөлдөр байгаа. Тиймээс зээлийн гэрээний үүргийг Б.Я 12 681 204 төгрөгөөр илүү төлж М.О тухайн дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн нь харагдаж байна.

Б.Ягийн хувьд төлбөрийг хариуцагчийн эхнэр С.Отгонцэцэгийн данс руу шилжүүлдэг байсан. Үүн дээр хариуцагч тал маргахгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Яг М.Оын эхнэр элдвээр хэлж, доромжилж 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5 хувийн хүүтэйгээр зээлэх талаар бичиж өг, тэгэхгүй бол ажлын чинь, гэрийн чинь үүдэнд хашгирлаа гэх мэтээр дарамталж бичүүлж аваад, өөрсдөө сайн дураараа хүү тооцоод яваад байсан байдаг. Мөн энэ гэрээгээр анхны гэрээг дүгнээд, 5 хувийн хүү тооцохоор өөрчилсөн нь тогтоогддоггүй. Учир нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэрээг бичсэн байдаг. Гэтэл энэ хугацаанд Б.Ягээс нийт 10 000 000 төгрөг төлөгдсөн. Хэрэв гэрээний нөхцөл өөрчлөгдсөн бол төлөгдсөн 10 000 000 төгрөгийг хасч, 20 000 000 төгрөгт гэрээг хийж хүүг тооцож болох байсан.

Гэтэл энэ гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байх тул сөрөг нэхэмжлэлээр зээлийн гэрээний үнийг шаардах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М.Оаас 12 681 204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ягийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ягээс зээлийн гэрээний үүрэгт 15 368 800 төгрөг гаргуулан хариуцагч М.От олгож, сөрөг нэхэмжлэлээс 12 430 189 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249 850 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319 050 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 234 794 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болох хүүгүй, барьцаагүй, алданги тооцохгүй 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр зээлийн гэрээгээр нотлогддог бөгөөд гэрээний дагуу төлбөрийг хэсэгчлэн төлж шилжүүлсэн, хэргийн баримт, гэрчийн мэдүүлгээр нийт 39 681 204 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “талууд гэрээ байгуулснаас хойш 8 сарын дараа буюу 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өмнөх гэрээг дүгнэн, гэрээний нөхцлийг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс сар бүр 5 хувийн хүү тооцох, хугацааг 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар өөрчилж, хэн аль нь баталгаажуулан гарын үсэг зуржээ.

... Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан хуулийн зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна” гэж дүгнэжээ. Гэтэл дээрх шүүхээс нөхцөл өөрчилсөн гэх хэлцэл нь энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл байлаа гэхэд дээрх хэлцэл 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээний нөхцлийг өөрчилсөн гэдэг нь тодорхойгүй, хэлцэлд өмнөх зээлийн гэрээг дүгнэсэн, нөхцөл өөрчилсөн талаар болон дээрх хэлцлийг хийхээс өмнө нэхэмжлэгч хариуцагчид 4 000 000 төгрөгийн төлөлт хийгдсэн, энэ нь 30 000 000 төгрөгөөс хасагдсан талаар дурдагдаагүй бөгөөд өмнөх гэрээг дүгнэн зээлийн нөхцлийг өөрчилж хүү тооцохоор болсон нь хуулийн дагуу болжээ гэж дүгнэсэн нь ямар нотлох баримтыг үндэслэн шийдвэрийн үндэслэл болж байгаа нь тодорхойгүй, өөрийн хийсвэр дүгнэлтэд үндэслэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн дээрх хэлцлийн дагуу хүү тооцох зээлийн гэрээ гэж үзэхэд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн хэлцэл хийгдсэн боловч мөнгөө шилжүүлсэн талаар нотлох баримт авагдаагүй нь хүү тооцох эрхгүй байхад шүүх хууль ёсны гэж үнэлж Б.Ягийн төлсөн мөнгөнөөс хүү тооцсон нь үндэслэлгүй.

Мөн шийдвэрт Б.Я нь дээрх хугацаанаас хойш 2016 оны 3 дугаар сарын 11 хүртэл 4 удаагийн төлөлтөөр 8 000 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлж, зээлийн төлбөр буцаан төлөх баталгаа үйлдэн, 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө хүүгийн хамт буцаан төлөхөөр баталгаа гаргасан. Уг баримт болон зохигчид хоорондоо гар утсаар харилцсан захидлуудыг үндэслэн зээлийн гэрээний хугацаа болон хүүгийн талаарх тохиролцоог 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгасан гэж үзсэн.

Гэтэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зээлийн гэрээний холбоотой нарийн зохицуулалтыг хуульчилсан бөгөөд зээлийн гэрээний хүүг тооцох үндэслэл нь тохиролцоо болон захидлаар хийнэ гэсэн утга тусгагдаагүй байхад шүүх ямар хуулийн заалтыг үндэслэж тохиролцоо болон захидлыг үндэслэн үргэлжлүүлэн хүү тооцоно гэж 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 5 хувийн хүүгийн тооцоолол хийж 15 368 800 төгрөгийг Б.Ягээс гаргуулж М.От олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрт Б.Ягийн М.От илүү төлсөн 9 681 204 төгрөгийг гаргуулж, Б.Ягээс М.От олгож шийдвэрлэсэн 15 368 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Б.Я нь хариуцагч М.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн төлбөр 12 681 204 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үлдэгдэл 27 798 989 төгрөгийг шаардаж сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Шүүх Б.Ягийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан зохицуулалтыг зөв хэрэглэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үзвэл 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зохигчид бичгээр гэрээ байгуулж М.О нь зээлдэгч Б.Яд 30 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд, хүүгүй, барьцаагүй, алданги тооцохгүй байхаар тохиролцон зээлдүүлсэн байх боловч 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр уг гэрээг дүгнэж “2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 30 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулах”-аар гэрээний нөхцлийг өөрчилж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан “Гэрээ”-г хийсэн байна. /хх 35,126,157/

 

Талууд ийнхүү анхны тохиролцоогоор шилжүүлсэн 30 000 000 төгрөгийн зээлийн үүрэгт хүү тооцож, барьцааны зүйлийг нэрлэн зааж, төлбөр төлөх хугацааг тохиролцсон гэрээг сүүлд нөхөж байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар хүү төлөх талаар хожим хүлээн зөвшөөрч хийсэн хэлцэл гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү тогтоосон гэрээг анх бичгээр хийгээгүй боловч тухайн гэрээний хугацаанд хүү төлөх тохиролцоо байсныг хожим хүлээн зөвшөөрч, бичгийн хэлбэрээр илэрхийлснийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

 

Иймээс талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээгээр зээлдэгч Б.Я нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 12 000 000 төгрөгийн хүү төлөх үүрэг үүссэн байна. Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид зээлийн хүүд төлсөн мөнгийг гэрээний үндэслэлгүй илүү төлөлт гэж үзэх боломжгүй тул буцаан шаардсан нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй юм.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд шүүх 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б.Ягийн үйлдсэн баримтыг зээлийн гэрээний сунгалт гэж дүгнэсэн нь буруу. Уг баримтаар зээлдэгч нь М.Оаас зээлсэн 30 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр нийт 34 500 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө хэсэгчлэн төлөх нөхцлийг илэрхийлсэн нэг талын хүсэлтийг гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх “хүү төлнө” гэх агуулга бүхий цахим мэдээлэлд үзлэг хийж баримтжуулсан байх боловч талуудын харилцан тавьж байсан саналыг тэдгээрийн хооронд хийгдсэн тохиролцоо гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Харин хуулийн дээрх зохицуулалтаар нэгэнт үүрэг үүссэн бол нөгөө тал түүнийг хүлээн зөвшөөрсөн талаар бичгээр мэдэгдсэн тохиолдолд хүчин төгөлдөр болох учиртай. Энэ агуулгаар үзвэл Б.Я зээлийн хүүд 4 500 000 төгрөгийг тодорхой хугацаанд төлөх үүрэг үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч нөгөө талдаа бичгээр мэдэгдсэн баримт гэж үзнэ. /хх41/

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Б.Я нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 30 000 000 төгрөгийн үндсэн зээл, 12 000 000 төгрөгийн хүү, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн өр үүссэн талаар хүлээн зөвшөөрсөн 4 500 000 төгрөгийн хүү, нийт 46 500 000 төгрөгийг зээлдүүлэгч М.От төлөх үүрэгтэй байжээ. Хэрэгт авагдсан баримтаар Б.Я нь нийт 39 681 200 төгрөгийг зээлдүүлэгч талд төлсөн үйл баримт тогтоогдсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 6 818 800 төгрөгийг хангаж, 15 368 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй. /хх41,184-186/

 

Иймд шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/03259 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “15 368 800” гэснийг “6 818 800” гэж, “12 430 189” гэснийг “20 980 189” гэж, 3 дахь заалтын “234 794” гэснийг “124 051” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА