Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00185

 

 

Н.Норовсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 138/ШШ2019/00472 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 201/МА2019/00020 дугаар магадлалтай,

Н.Норовсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Д.Ганбаярт холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө хувааж 49,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Норовсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Оргил, хариуцагч Д.Ганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Д.Ганбаяртай 2009 онд танилцаж, 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр охинтой болж хамт амьдрах болсон. Хамт амьдарч байх хугацаанд Д.Ганбаяр нь олон удаа гэр бүлээс гадуур бусадтай харилцаатай байсан. Би хүүхдээ байнгын хэрүүлтэй, хөндий хүйтэн орчинд өсгөхийг хүсэхгүй байна. Д.Ганбаяр нь охинтойгоо уулзахдаа ээжтэйгээ байх ямар байна, аавтайгаа хамт байхыг хүсэж байна гэж хэлээрэй, ээж чинь нөхөртэй болж байна уу гэж байнга асуудаг. Охин маань Д.Ганбаяртай уулзахаараа уур уцаартай, цочимтгой болчихсон байдаг. Д.Ганбаяр нь надтай хамт амьдарч байх хугацаандаа орой үдэш гадуур гарч эмэгтэй хүнтэй уулздаг байсан. Гэртээ хүртэл авчирч байсан тохиолдол байсан. Би эмэгтэй хүн рүү бичсэн мессеж, чатыг нь хадгалж байсан боловч одоо байхгүй. Би охиноо бодоод энэ бүхнийг уучилж, Д.Ганбаяр ч дахин ийм явдал гаргахгүй гэж хэлж байсан учраас итгээд амьдралаа авч явъя гэж бодсон. Гэвч энэ бүхэн дахин давтагдсан. Би Д.Ганбаяртай муудахаараа охиноо дагуулж өөрийнхөө аав, ээж дээрээ очдог, миний охин манай аавд илүү сайн байдаг. Би айлын том охин, ээж маань намайг олон ах хүнтэй суулаа амьдралаа авч яваарай гэж хэлж байсан тул аав, ээжийнхээ санааг зовоохгүй гэсэндээ Д.Ганбаярын талаар хэлдэггүй байсан. Одоо надад Д.Ганбаяртай хамт байх ямар ч бодол, хайр сэтгэл огт байхгүй. Иймд би Д.Ганбаяраас гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би 2017 оны 10 дугаар сард Д.Ганбаяраас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандсан. Тухайн үед би Д.Ганбаяртай муудалцан аав, ээжийндээ очсон байсан. Тэр болгондоо охиноо бодоод нийлдэг байсан. Энэ бүхэн нь Д.Ганбаярын гэр бүлээс гадуурх харилцаатай байснаас болсон. Миний хувьд Д.Ганбаяраас 12 насаар дүү, тэгэхэд тэр надаас дүү хүмүүстэй холбогдоод байдаг. Д.Ганбаяр нь гэр бүлээс гадуур харилцаатай байсан учир бидний харилцаа таарамжгүй байсан гэж болно. Д.Ганбаяр нь надтай гэр бүл болохдоо 90 сая төгрөгийн өртэй байсан. Үүнийг би мэддэггүй байсан. Гэтэл нэг эмэгтэй над руу яриад Д.Ганбаяр нь надтай хамт амьдарч байхдаа миний байрыг зарж алга болсон гэсэн. Тухайн үед би ажилтай байсан бөгөөд ямар нэгэн өр зээлгүй байсан. Ингээд би Хас банкнаас цалингийн зээл авч өр, зээлийг нь төлөлцөж байсан. Аав ээж минь хүртэл Д.Ганбаярт тусалж машиныг зах зээлийн үнээс дээгүүр үнээр худалдаж авч байсан. Би одоо 15,000,000 төгрөгийн цалингийн зээлтэй. Энэ бүхнийг гэр бүлдээ л зориулж байсан. Өөртөө зориулсан зүйл огт байхгүй. Иймд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 3 газар, 1 амины орон сууцнаас өөрт болон охиндоо ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Би амины орон сууцаа 40 сая төгрөгөөр үнэлж байгаа. 3 газрыг тус бүрд нь 1,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Үүнийг одоо би тус бүрийг нь 3,000,000 төгрөгөөр үнэлж нийт 9,000,000 төгрөгөөр тооцож, 49,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа. Гэвч мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр амины байшин болон газар нийлээд 54,202,975 төгрөгөөр тооцсоны дагуу гэр бүлийн гишүүдэд хувааж охин, бид хоёрт ногдох хэсгийг мөнгөн дүнгээр гаргуулах хүсэлтэй байна. Д.Ганбаярын гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрөхгүй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд энэ хүнтэй цаашид хамт байх ямар ч сэтгэл, бодол байхгүй. Харин охиноо аятай таатай нөхцөлд байлгамаар байна. Би одоо охиноо волейболын дугуйланд сард 250,000 төгрөг төлөөд сургаж байгаа. Энэ хүний хэлж байгаа шиг байнга ганцааранг нь орхисон зүйл байхгүй. Нэг удаа багшаар нь хүргүүлсэн. Би ахынхаа байрыг худалдаж авсан нь үнэн. Одоо би дүүтэйгээ, охинтойгоо хамт амьдарч байгаа гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие эхнэр Н.Норовсүрэнгийн гаргасан нэхэмжлэлд дурдсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд охиноо өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Мөн тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын зуучлагч нь эвлэрүүлэн зуучлал дуусгавар болгосон тэмдэглэлдээ намайг нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүгдийг хүлээн зөвшөөрснөөр бичсэнд гомдолтой байдаг. Эвлэрүүлэн зуучлалыг ор нэр төдий хийсэн болж уг ажиллагааг дуусгавар болгосон. Гэр бүлийн маргаан бол өөрөө төвөгтэй, бие биедээ туньсан, хэлье гэсэн зүйлээ шууд хэлж чаддаггүй, бардам зангаасаа болж асуудлыг даамжруулах мэт олон учир шалтгаантай байдаг. Миний хувьд гэр бүлийн хүрээнд үүссэн асуудалд өөрийн байр сууринд баттай зогсож буулт хийхгүй өнөөдрийн ийм байдалд хүргэсэн алдаа байгаа. Мөн эхнэрийнхээ үйлдэлд цочирдож бухимдаж утсаар, мессежээр, хэл амаар доромжлох үйлдлүүдийг гаргаж байсан. Гэхдээ би эхнэрийгээ энэ байдлыг ойлгож ухаарах байх гэж өнөөдрийг хүртэл хүлээсээр байна. Мөн эхнэр, хүүхдэдээ согтуугаар агсан тавих, зодож дарамтлах зэрэг биеийн хүчирхийлэл огт гаргаж байгаагүй. Бид хоёр анх гэр бүл болох үед Н.Норовсүрэн нь бусадтай бэлгийн харьцаа тогтоосон байсан. Би нэг удаа гэр бүлээс гадуур бусадтай харилцаа тогтоосон асуудал байсан. Энэ асуудалдаа эхнэрээсээ уучлалт гуйгаад амьдралын төлөө, өөрийн хөдөлмөрөөр амьдралаа босгохын төлөө байсан. Н.Норовсүрэн нь Улаанбаатар хотод ажилд орохдоо хуучин танил залуугаараа дамжуулж ажилд орсон. Хотод байх хугацаандаа миний утсыг блоклоод ямар ч холбоо барих боломжгүй байдаг. Миний охиныг надтай ярихад дургүй яриулахгүй байдаг. Миний хувьд эд хөрөнгө хуваах асуудалд маргах зүйл байхгүй. Харин гэрлэлтээ цуцлуулахгүй, хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Миний охин 21-р сургуульд сурч байгаа боловч бүртгэлгүй, өдөрт 3 цаг сурдаг. Миний охиныг сургуульд хүргэж өгөх, сургуулиас авах үед ээж нь ажилтай байдаг. Сургуулиас гадуур харж хандах хүн байхгүй. Манай аймгийн сургуулиудын хувьд сургалт сайтай, манайхан миний охины сургалтад анхаарах боломжтой хүмүүс. Иймээс охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 138/ШШ2019/00472 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Заяа Заяахан овогт Даваахүүгийн Ганбаяр, Боржигон овогт Намхайнямбуугийн Норовсүрэн нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн хуулийн 14 дугаар зүйлийн 14.6, 14.7-д тус тус зааснаар 2010 оны 06 сарын 23-ны өдөр төрсөн охин Г.Мишээлийг эх Н.Норовсүрэнгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Г.Мишээлийг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Д.Ганбаяраас тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар Хэрлэн сумын 10-р баг Магнай трейд ХХК-ний ШТСтанцын хойно байрлах 65 м.кв бүхий амины орон сууц, Хэрлэн сумын 1-р баг нисэхийн 20-11 тоот, Амгалангийн 2-10 тоот, Амгалангийн 2-05 тоотын газруудыг хариуцагч Д.Ганбаярын өмчлөлд үлдээж, хариуцагч Д.Ганбаяраас 36,135,317 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Норовсүрэнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 571,761 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Ганбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 571,761 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Норовсүрэнд олгож, Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 201/МА2019/00020 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 138/ШШ2019/00472 дугаар шийдвэрийн 4 дэх заалтын ... Амгалангийн 2-10 тоот,... гэсний дараа ...Амгалангийн 2-11 тоот,... гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Ганбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Би Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.05-ны өдрийн 201/МА2019/0020 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, илэрхий нэг талд үйлчилж, өс хонзонгийн, мэдлэг чадваргүй, нотлох баримтгүйгээр, өнгө үзэмжээр, хуулийг буруу тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх ИХШХШ тухай хуулийн 132.1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна, 132.2. Энэ хуулийн 132.1-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг зөвхөн нэг удаа хэрэглэнэ. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байх нь шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш гэр бүлийн маргааны талаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзах үндэслэл болохгүй. гэсэн байхад гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоогоогүй, эвлэрүүлэх ямар ч арга хэмжээ аваагүй шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хариуцагчийн гаргасан удаа дараагийн хүсэлтүүд нь хэргийг шийдвэрлэхэд илэрхий ач холбогдолтой байхад гомдол гаргах эрхгүйгээр захирамж гаргасан, ах дүүс хоорондоо хуйвалдан Улаанбаатар хотод орон байртай мэтээр илэрхий хуйвалдаж, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нотлох баримтыг гаргаж өгсөн байхад, түүнийг хууль бус гэдгийг тогтоолгох хариуцагчийн шинжээч томилох хүсэлтийг хангаагүй. Миний охин өнөөдөр Улаанбаатар хотод түрээсийнх нь мэдэгдэхгүй хэзээ ч хөөгдөөд гараад явахад байг гэхгүй газар амьдарч, орцны жижүүрээр сургуульд нь хүргүүлдэг, авахуулдаг, өдөржингөө гэртээ ганцаараа, орцны жижүүрээр хараа хяналт тавиулдаг гэх мэт илэрхий эрсдэлтэй нөхцөлд амьдарч байхад түүнийг шүүгч хэвийн зүйл, ирээдүй нь баталгаатай мэтээр дүгнэж шийдвэрлэсэн. Үүнийг давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж хөнгөн дүгнэсэнд гомдолтой байна.

Миний бие охиноо өөрийн асрамжид авсан тохиолдолд эд хөрөнгийн талаар маргахгүй гэсэн тайлбарыг өгсөн байхад шүүх эд хөрөнгийн талаар маргаагүй гэж дүгнэсэн нь илтэд гуйвуулсан хариуцагчийг басамжлан доромжилсон үйлдэл боллоо. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар дүгнэсэн дүгнэлт нь хууль ёсны биш, үл хөдлөх хөрөнгийн талаар анхан шатны мэдлэггүй хэргийг шийдвэрлэсэн. Амины орон сууц нь үл хөдлөхийн хөрөнгийн гэрчилгээтэй боловч газрын гэрчилгээгүй. Хавтаст хэрэгт газрын гэрчилгээ байхгүй. Эд хөрөнгө нь эдийн засгийн эргэлтэд орох ямар ч боломжгүй, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн шаардлагыг хангаагүй, бүрдүүлбэр дутуу ийм хөрөнгийг үнэлж шийдвэрлэсэн зэрэг нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасныг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх үл хөдлөх хөрөнгийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан үзэхэд уг хөрөнгө нь зардлын өртгийн аргаар үнэлэгдсэн, хариуцагч Д.Ганбаяраас энэ үнэлгээг үгүйсгэсэн, няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна гэсэн нь мөн л хууль зөрчсөн дүгнэлт боллоо. Энэ нь ИХШХШ тухай хуулийн 40-р зүйлийг бүхэлд нь ялангуяа 40.4-т заасан .... нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэснийг зөрчжээ. Үл хөдлөх хөрөнгө буюу байшин газраас салгамагц өөрийн үнэ цэнээ алддаг. Газарт бэхлэгдсэнийг газрын эрхийн бүртгэлийн гэрчилгээгээр баталгааждаг. Өөрөөр хэлбэл, амины хашаа байшин газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хамт байж аливаа эдийн засгийн эргэлтэд орох боломжтой болдог. Бидний амьдарч байсан байшин нь газрын гэрчилгээгүй түр сууц байсныг удаа дараа шүүх хуралдаанд тайлбарласан боловч хариуцагчийг үгүйсгэсэн баримт гаргаагүй гэсэн нь угаасаа байхгүй баримтыг шаардаж хуулийг буруу хэрэглэж байна. Мөн бидний дунд гэр бүлийн хэрэгцээнд Приус маркийн автомашин байсан. Түүний талаар лавлагааг гаргуулах хүсэлт гаргасан байхад шүүх шийдвэрлээгүй орхисон. Мөн эд хөрөнгийн маргаан дээр надад Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн зохицуулалтаар олгогдсон газрыг дундын өмчлөлийн эд хөрөнгө хэмээн үнэлж хувааж шийдвэрлэсэн нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.4. Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх гэснийг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 36.1. Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно. гэсний дагуу анхан шатны шүүх рүү хэргийг буцааж залруулан шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр удаа дараа өөрсдийнх нь гаргаж өгсөн аюулын зэргийн үнэлгээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт ач холбогдолгүй гэж тайлбар гаргаж байхад мөн хариуцагч миний бие уг аюулын зэргийн үнэлгээг хууль бусаар хийсэн, түүнийг хууль бус гэдгийг тогтоолгон нотлох баримтаас хасуулахаар хүсэлт гаргасан байхад шүүх СБД-ийн шүүхэд даалгавар бичиж хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж биелэгдэж хэрэгт авагдсан нотлох баримт хууль бус болох нь тогтоогдсон байхад түүнийг хасуулах хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, шүүхийн даалгавар дутуу гүйцэтгэгдсэн байхад түүнийг хуульд нийцүүлээгүй үнэлсэн зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заасан байдаг. 11 /улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн/ харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, 17-р зүйлийн 2-т Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн, мөн Гэр бүлийн тухай хуульд 26.1. Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2. Эцэг, эх дараах үүрэг хүлээнэ. Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, 26.4. Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ. 26.5. Энэ хуулийн 26.4-т заасан тохиолдолд эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно. 26.6. Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно. Миний бие удаа дараагийн хүсэлтээр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэйгээ хэлж, шинжээч томилуулах, гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч хангаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэнэ гэж тухайн үед хууран шүүх хуралдаанаараа хэлэлцээгүй. Эхнэр бид 2 тусдаа амьдардаг болсноос хойш би охинтойгоо уулзах гэж маш хэцүү байдалд ордог байсан. Үнэхээр хэцүү утсаар ярихад хажууд нь байнга сонсож охин дарамтад байгаа нь мэдрэгддэг. Маш цөөхөн тоотой уулзсан. Цагаан сараар Дорнодод аав, ээжийндээ ирчихээд чимээгүйхэн буцаад явчихна. Аавтай нь золгуулдаггүй, шинэ жилээр охиндоо бэлэг өгөх гэсэн юм гэхээр тэнд хүрээд ир гээд заасан газар нь очихоор өөр газар явж байна гээд үнэхээр хэцүү. Би үнэндээ охиныхоо нүдэн дээр хэрүүл уруул хийхгүй гэсэндээ өнөөдрийг хүртэл тэвчиж ирсэн. Энэ тэвчээр маань эцэст нь охиноосоо хол хөндий амьдрах эсвэл байнга охинтойгоо уулзана гэж хэрүүл хийж охинд аавыг нь муу хүн болгож харагдуулах тийм л байдалд хүргэх болоод байна. Гэтэл дээр дурдсан хуулиудад энэ бүхнийг хуульчилж зохицуулсан байхад шүүх Монгол Улсын нэг гэр бүлийг яаран хөнгөн хуумгай салгаж шийдвэрлэлээ. Хариуцагчийн шүүхийн шатанд дурдсан шаардлага бол гарцаагүй хууль ёсных, бодитой, хэргийг шийдвэрлэхэд нэн чухал шаардлагатай байхад шүүх илтэд нэхэмжлэгч талд үйлчилж, ямар ч нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх, миний охины ирээдүйг эрсдэлд оруулахгүй үнэн, бодит шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Норовсүрэн нь хариуцагч Д.Ганбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 49,000,000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон охиндоо ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, охиноо өөрийн асрамжид авна гэж маргасан байна.

Анхан шатны шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин Г.Мишээлийг эх Н.Норовсүрэнгийн асрамжид үлдээж, хуульд заасан хувь хэмжээгээр сар тутам эцэг Д.Ганбаяраас тэтгэлэг гаргуулж, 65 м.кв бүхий амины орон сууц, 20-11 тоот,  2-10 тоот, 2-05 тоот газруудыг хариуцагч Д.Ганбаярын өмчлөлд үлдээж, хариуцагчаас 36,135,317 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийн 4 дэх заалтад ...Амгалангийн 2-11 тоот,.. гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Ганбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.    Гэрлэлт цуцлах талаар:

Хэргийн баримтаар нэхэмжлэгч Н.Норовсүрэн, хариуцагч Д.Ганбаяр нар нь 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 492 дугаарт бүртгэсэн, тэдний дундаас 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр охин Г.Мишээл төрсөн байна. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т нийцжээ.

2. Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах талаар:

Анхан шатны шүүх хүүхдийн асрамжийг тогтоохдоо хэрэгт авагдсан баримт болон 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Г.Мишээлийн саналыг харгалзан эх Н.Норовсүрэнгийн асрамжид үлдээснийг буруутгах боломжгүй, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно., 14.6-д ... тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ., 14.7-д Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Д.Ганбаяраас охин Г.Мишээлийг тэжээн тэтгүүлэх тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т нийцсэн, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасан зохицуулалтын зарчмыг зөв тайлбарлажээ.

3. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар:

Шүүх гэрлэгчдийн дундын хөрөнгийг хуваахдаа үнэлгээний компанийн дүгнэлтийг үндэслэсэн нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагад заагаагүй дундын эд хөрөнгөд хамааралгүй 2-11 тоот газрыг хуваасан нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д нийцсэн гэж үзэхгүй. Давж заалдах шатны шүүх энэ гомдлыг хангахгүйгээр шүүхийн шийдвэрт нэмэлт оруулсан нь учир дутагдалтай болжээ.

Иймээс хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангаж, хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй 4 газрыг тус бүр 2,800,000 төгрөгөөр үнэлсэн байх тул энэ хэмжээнээс тооцож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Шүүх удаа дараа гаргасан хүсэлтийг хангаагүй гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй, түүнчлэн Приус машин нь гэрлэлт цуцлах үед байсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд гэрлэлт цуцлахтай холбоотой үүссэн маргаанд хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн байх тул ...хэргийг дахин шийдвэрлүүлэхийг хүссэн... хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 201/МА2019/00020 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 138/ШШ2019/00472 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн дөрөв дэх заалтыг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар Хэрлэн сумын 10 дугаар баг Магнай трейд ХХК-ийн ШТСтанцын хойно байрлах 65 м.кв бүхий амины орон сууц, Хэрлэн сумын 1 дүгээр баг нисэхийн 20-11 тоот, Амгалангийн 2-10 тоот, Амгалангийн 2-05 тоотын газруудыг хариуцагч Д.Ганбаярын өмчлөлд үлдээж, хариуцагч Д.Ганбаяраас 34,268,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Норовсүрэнд олгосугай гэж, шийдвэрийн 5 дахь заалтыг Д.Ганбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 571,761 төгрөг гэснийг Д.Ганбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 329,293 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 338,630.00 /гурван зуун гучин найман мянга зургаан зуун гуч/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД