Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 186/2022/0769/Э |
Дугаар | 2022/ШЦТ/829 |
Огноо | 2022-10-25 |
Зүйл хэсэг | 17.7.1., |
Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/829
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Алтнай,
Улсын яллагч О.Нандинцэцэг,
Шүүгдэгч С.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Гт холбогдох эрүүгийн 2211 00000 1408 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, С.Г, 2003 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Шинэ хотхоны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч С.Г нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2022 оны 07 дугаар сарын 15-ны өглөө иргэн Э.Лын эзэмшиж байсан 18-89 УБН улсын дугаартай Тоёота акуа загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
2022 оны 07 дугаар сарын 15-ний өдөр шүүгдэгч С.Г нь найз нарын хамт хохирогч Э.Л нартай танилцан хохирогч Э.Л эзэмшлийн 18-00 УБН улсын дугаартай Тоёота, Акуа машинаар гэртээ хүргүүлэхээр сууж байгаад хохирогчийг машинаасаа мартсан зүйлээ авахаар машинаас буусан үед шүүгдэгч С.Г нь тухайн тээврийн хэрэгслийг авч явсан болох нь тогтоогдож байна.
Энэ нь шүүгдэгч С.Гээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Тухайн өдөр өглөө 6-7 цагийн үед дүүтэйгээ хамт КФС орчихоод гэр рүүгээ алхаж байсан. Тэгтэл танихгүй 2 залуу машинтай ирээд гэр рүү чинь хүргээд өгье гэхээр нь зөвшөөрөөд цааш явсан. Тэгээд гэр рүүгээ орж хувцсаа сольчихоод гараад найз Эгээ замаараа авсан. Тэгээд тэр 2 залуу Цамбагараваас нэг эрэгтэй найзаа авсан. Бид нар явж байгаад тэр залуугийн гэрт Баянбүрдэд ирсэн. Би архи, тамхи хэрэглэж чаддаггүй. Тэд нар 2 шил архи, 4 пиво уусан. Бид 2 шөнө ажилтай болохоор ядарсан байсан учир дүүгээ хажуу талын өрөөнд ороод унтуулсан. Тэгсэн машин жолоодож байсан залуу манай дүүгээр оролдоод байхаар нь би уурлаж байтал тэр залуугийн ах гэх залуу ирээд хаалга үүдийг нь нүдээд байсан. Тэгээд өдөр болсон байсан учир бид нар айгаад явах гэж байтал жолоо барьж байсан залуу нилээн согтсон байсан учир би утсаа авах гээд гэр рүүгээ ороход нь жолооч талын суудалд сууж машиныг авч явсан. Тэгээд би Зурагтын шинэ эцэс хүртэл яваад буцаж ирээд утасныхаа дугаарыг үлдээгээд машинаа аваарай гэж хэлээд явсан..” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч С.Гээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 07 дугаар сарын 15-ний өдөр би өөрийн найз дүү болох Адарийн хамт СХД-т байрлах Саппоро төвийн ойролцоо харих гээд өглөөний 06 цагийн үед зам дагуу алхаж явтал нэг цагаан өнгийн Акуа машин ирж зогсоод дотор талд нь 2 эрэгтэй хүн суучихсан дөхүүлээд өгөх үү гэхээр нь тэгье гээд зөвшөөрөөд тухайн машин дотор Адарь бид 2 суугаад өөрийн гэрлүүгээ хүргүүлээд 5 шар дээр очиход машин барьж явсан жолооч ганц юм хувааж уухуу гэхээр нь за тэгье гэж зөвшөөрөөд би гэрлүүгээ ороод хувцасаа сольчихоод буцаж гарч ирээд Адарийн хамтаар өглөөний танилцсан 2 залуугийн хамт 5 шараас цамбагаравлуу яваад үйлдвэр комбинатын 19-ийн үйлчилгээний төвийн буудал дээр очоод манай найз болох Эг/утасны дугаар болон овог нэрийг нь мэдэхгүй Энжин гэдэг нэрийг нь мэднэ/ аваад бид нар хөдөлж Баянбүрдийн ертөнцийн зүгээр баруун ард талд байрлах Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотыг нь сайн мэдэхгүй улаан өнгийн тоосгон нийтийн байранд ирээд 2 давхарт байрлах өрөөнд бид нар хамтдаа ороод Адарь, Эг өглөө танилцсан залуучууд хамтдаа 075 литрийн хэмжээтэй архи 2 шил /нэрийг нь мэдэхгүй/, 3-4 ширхэг 2.4 литрийн хэмжээтэй/нэрийг нь мэдэхгүй/ пиво хувааж уусан бөгөөд тухайн үед би архи согтуууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй надаас бусад нь уусан. Ингээд бид нар архи пиво уугаад сууж байтал Адарь нэлээн согтоод ирэхээр нь би хамт байсан өрөөнөөсөө дүүгээ авч гараад хажуугийн эзгүй өрөөлүү Адарийг оруулаад унтуулчихаад буцаад анх орсон өрөөлүүгээ ороод сууж байтал машин барьж байсан залуу Адарийн хэвтэж байсан өрөөлүү явж ороод хажуугаар нь орж хэвтээд байсан тэгээд би Адарийг босгоод явах гэтэл нэг танихгүй хүн хаалга нүдээд байхаар нь би онгойлгохгүй байж байтал гаднаас цонхруу чулуу шидээд байхаар нь би буцаж өрөөлүү ороод хамт байсан залуучуудад бид нар одоо явлаа хүргээд өг гэж хэлтэл явуулахгүй унтчихаад яв гэхээр нь бид нар явна гээд хоорондоо хэрэлдээд би цаасан дээр “машинаа энэ дугаарлуу залгаж аваарай 99212287” гэж бичиж үлдээгээд тухайн нийтийн байрнаас Адарь, Э, машины жолооч залуугийн хамтаар гарч анх хүргэж ирсэн цагаан өнгийн акуа машин дээр Э, Адарь, машины жолооч бид 4 суухад тухайн машины жолооч согтуу байж машин барина гээд байсан бөгөөд тухайн согтуу эрэгтэй машинаас буугаад гэр дотороо юмаа мартчихаж гээд эргээд орсон тэгэхээр нь би жолоочийн суудал дээр суугаад машиныг асаагаад цагаан өнгийн акуа машиныг жолоодож Э, Адарь хоёрын хамтаар тухайн газараас хөдөлж зурагтаар дээш өгсөж баянхошууны замаар ороод 21 дүгээр хорооллын замаар доош уруудаад 5 шарлуу өөрийн гэртээ очсон. Тэгээд гэртээ Э Адарь бид 3 гэртээ ороод хамтдаа унтсан. Тэгээд гэртээ унтаж байгаад 20 цагийн орчим сэрээд Адарь Э бид 3 гараад үл таних залуугийн цагаан өнгийн акуа машиныг би унаад бид 3 хамт Парк дээр ирээд Эг буулгаад буцаж яваад бөмбөгөр чиглэлрүү явж гэмтэлрүү өгсөж гэмтлийн замаас хойш засмал замаар өгсөөд би өөрийн өвөөгийхөө гэрт очоод цай уучихаад Адарийн хамтаар 5 шарлуу гэрлүүгээ явсан. Тэгээд 5 шар орж хувцасаа сольчихоод өвөөгийхөө гэрт очоод өөрийн 2 жоохон дүүг аваад хархорингийн автобусын буудлын /ертөнцийн зүгээр хойд/ ТҮЦ ороод дүү нартаа юм авч өгчихөөд дүү нараа эргэж гэрт нь хүргэж өгөх буцаад явсан бөгөөд буцах явахдаа Сонгинохайрхан дүүргийн замын Цагдаагийн хэлтсийн ертөнцийн зүгээр баруун талаар дээш өгссөн засмал замаар дээш өгсөж байхдаа айлын хашааг баруун урд талаараа нэг удаа мөргөөд тухайн газараасаа хөдөлж өөрийн өвөөгийхөө гэрлүү яваад 2 дүүгээ буулгаж өгчихөөд анх машин авч явсан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны хажуугийн зогсоол дээр авч ирээд машиных ньтүлхүүрийгжолоочийн талын арын дугуйны доор үлдээгээд надруу залгаад байсан машины эзний дугаарлуу машиныг чинь аваад ирлээ гэж хэлэх гээд дугаарлуу нь залгатал утсаа авахгүй байхаар нь би тухайн газараа машиныг нь үлдээгээд Адарийн хамтаар гэрлүүгээ явсан. Ингээд хэд хоногийн дараа надруу машины эзэн залгаад машин авч ирж тавьсан уу гээд залгаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-44-45/.
Хохирогч Э.Лаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Миний бие 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өглөөний 6 цаг болж байхад найз Батдэлгэрийн хамт 10 дугаар хорооллын автобусны буудал дээр 18-89 УБН улсын дугаартай Тоёота акуа загварын машинтайгаа зогсож байтал 2 үл таних эмэгтэй хүн алхаад явж байсан. Тэгэхээр нь тухайн 2 охинд хандан “...хүргээд өгөх үү...” гэж асуутал тэр 2 зөвшөөрөөд машинд маань суусан. Ингээд тухайн 2 эмэгтэйтэй манай найз бид 2 танилцсан бөгөөд Г, А гэж өөрсдийгөө танилцуулсан. Дээрх 2 охиноос хаашаа явах талаар нь асуухад Г гэх нэртэй охин нь таван шар явъя. Би гэртээ очиж хувцсаа сольчхоод гараад ирье гэж хэлсэн ба гэрнийх нь гадаа хүлээгээд зогсож байтал хувцсаа сольчхоод гараад ирсэн. Тэгээд манай найз Батдэлгэрийн гэр болох яг хаягийг нь сайн мэдэхгүй байна ямар ч л байсан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Баянбүрдийн тойргийн ард талд байрлалтай гэрт нь очиж 4 ширхэг том савлагаатай пиво уусан. Мөн тэр 2 охин дээр нэмэгдээд Э гэх найз нь ирсэн. Тэгээд юм яриад байж байгаад гэртээ харихаар болоод гараад машинаа асаагаад тухайн гурван охиныг машиндаа суулгачхаад буцаж гэр лүү нь ороод гар утсаа аваад гараад ирэхэд машин маань алга болсон байсан. Миний машиныг тэр 3 охин авсан нь тодорхой... “ гэх мэдүүлэг /хх-8-10/,
Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.. 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн танил эгч болох Гийн хамтаар үүрийн 6 цагийн үед 3 дугаар эмнэлгээс саппоро төв рүү чиглэн зам дагуу алхаж явтал 18-89 УБН улсын дугаартай цагаан өнгийн Акуа машин зогсоод машин дотор 2 залуу суучихсан дөхүүлээд өгөх үү гэхээр нь бид 2 зөвшөөрөөд машинд орж суугаад 5 шар орж гэр лүүгээ ороод Г бид хоёр хувцсаа сольчхоод эргэж гарч ирээд тухайн 2 залуугийн машинд суугаад 19-ийн үйлчилгээний төв орж Э гэх нэртэй найзыгаа аваад бид нар хамтдаа Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах улаан өнгийн тоосгон /нэг давхартаа вьетнам засвартай/ 3 давхар барилга дээр ирээд тухайн 2 давхар луу гарч нэг өрөөнд ороод тухайн 2 залуу болон Г. Э бид нар хамтдаа тухайн залуучуудтай юм яриад 2.4 литрийн хэмжээтэй Сэнгүр гэх нэртэй пиво, мөн архи уусан бөгөөд тухайн үед Э, Г 2 архи согтууруулах ундааны төрлийн зүйл уугаагүй харин би 1-2 аяга пиво уугаад би ядраад байсан учраас нойр хүрээд унтах гээд байсан бөгөөд намайг Г эгч хажуугийн өрөөнд ороод амарчих гээд хамт байсан өрөөнөөсөө гараад хажуу талд нь байх эзэнгүй өрөөнд оруулаад намайг хэвтүүлчхээд гарсан. Удалгүй машин барьж байсан үл таних залуу өрөөнд орж ирээд миний хажуугаар хэвттэл гаднаас Г эгч орж ирээд уурлаад нөгөө залууг босгоод өрөөнөөс гаргатал тухайн өрөөний хаалгыг гаднаас хүн нүдээд байхаар нь онгойлгохгүй байтал гаднаас цонх руу чулуу шидээд байхаар нь би өрөөнөөс гараад анх сууж байсан өрөө лүүгээ ороод нөгөө залуучуудад бид нар явлаа гэж хэлээд Г, Э машин барьж байсан залуу бид 4 тухайн байшингаас гараад гадаа байсан 18-89УБН Улсын дугаартай тоёота акуа машинд суутал машины эзэн залуу би гэртээ юмаа мартчихаж гээд гэр лүүгээ орсон хойгуур Г жолоочийн суудал дээр суугаад машиныг нь бариад Э Г бид 3 хөдөлж яваад Баянхошууны замаар орж яваад 5 шар луу очиж гэртээ орж амраад 20 цагийн үед сэрээд Г, Э бид 3 сэрж Эг ажил дээр нь хүргэж өгөхөөр паркийн ертөнцийн зүгээр урд талд байрлах Роаб 68 гэх нэртэй баар луу 1889 УБН улсын дугаартай машиныг Г бариад хөдөлж Эг парк дээр буулгачхаад цааш хөдлөн 1 дүгээр хорооллын арын гэр хороолол руу хөдлөн Гийн өвөөгийн гэрт очиж цай уучхаад буцаж гараад Г 1889 УБН Улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг унаж 5 шар ороод хувцсаа сольчхоод буцаж ирээд Гийн 2 жоохон дүүг аваад машин өвөөгийнх нь гэрээс гарч 18-89 УБН Улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл дотор суулган машиныг Г бариад Хархорины автобусны буудал ороод ТҮЦ-нээс 2 дүүд нь чихэр авч өгчихөөд буцаад өвөөгийн рүү нь явж байх замдаа Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн арын засмал замаар дээш өгсөж байхдаа Гурванцэцэ гэгч 18-89 УБН улсын дугаартай тоёота акуа машины баруун урд талаар айлын хашаа мөргөчихсөн тэгээд бид 2 буугаад хартал жолоочийн урд талаар хашаа мөргөчихсөн байсан. Ингээд бид 2 буцаж машиндаа суугаад 2 дүүг нь өвөөгийнх нь гэрт хүргэж өгчихөөд тухайн газраасаа хөдөлж анх машин авч явсан газар буюу Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байран дээр ирээд тухайн байрны гадаа 18-89 УБН Улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг үлдээгээд түлхүүрийг нь хойд дугуйных нь доор үлдээгээд явсан....” гэх мэдүүлэг /хх-19-20/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 950 дугаартай хөрөнгө, даатгалын үнэлгээний тайлан/хх-28-35/, шүүгдэгч С.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-26/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-24/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-21/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хохирогч Э.Лт 1.275.000 төгрөгийн төлөх төлбөртэйг тогтоосны дараа шүүгдэгч С.Гээс хохирлыг төлөх хүсэлт гаргаж 5 хоногийн завсарлага өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан боловч хуралдаан завсарласан хугацаанд шүүгдэгчээс хохирогчид хохирол төлөөгүй болно.
Шүүгдэгч С.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлөхөө илэрхийлсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, ам бүлийн байдал зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Гт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сАулав.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч С.Г нь Э.Лын эзэмшлийн 18-,, УБН улсын дугаарта Тоёота акуа маркийн автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах үедээ айлын хашаа мөргөсөн бөгөөд тухайн тээврийн хэрэгсэлд 1.275.000 төгрөгийн хохирол учирсан нь автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч С.Гээс 1.275.000 төгрөгийг гаргуулан хохирогч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачны .. тоотод оршин суух ..-д олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Гт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сАулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Гээс 1.275.000 төгрөгийг гаргуулан Э-д олгуулсугай.
6. Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР