| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/00910/И |
| Дугаар | 135/ШШ2018/00972 |
| Огноо | 2018-09-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 135/ШШ2018/00972
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/00910/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******тоотод оршин суух, ******* овогт ******* *******,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******тоотод оршин суух, ******* овогт ******* нарт холбогдох
2 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Саранцэцэг, хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2016 оны 2 дугаар сард С.*******тай манай нөхөр наймаа хийх тохироо хийж би өөрийн данснаас 2016 оны 2 дугаар сарын 12-ноос 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрүүдэд нийт 4,335,000 төгрөгийг *******ын хаан банкны ******* гэсэн данс руу 2 удаа тушаасан. Эхнийх нь 2 835 000 төгрөгийг тоолуурын үнэ гэж дараа нь 1 500 000 төгрөгийг тус дансаар өгсөн. Ингэж тохиролцон 2016 оны 2 дугаар сарын 12-ноос 2016 оны 3 сарын 16-ны хооронд наймаа хийгээд ашгаа хувааж авахаар ярьсан бөгөөд миний зүгээс зүгээр байхаар хүүхдийн эмчилгээнд нэмэр болох зорилгоор мөнгө гаргаж өгсөн. Тэгээд хугацаа өнгөрөхөд ******* наймаа маань бүтэлгүй болчихлоо гээд үлдсэн мөнгийг удаахгүй өгнө гэсэн. Надад 1 сая төгрөг буцааж өгсөн. Би *******ыг эртнээс таньдаг байсан. Дараа нь би мөнгөө шаардсан. Дараа нь 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэхсэн. Үлдэгдэл мөнгөө өгөхгүй болохоор нь ******* нарыг нотариат дээр дагуулж очоод гэрээ хийх гэсэн боловч ******* иргэний үнэмлэхгүй байсан тул тай гэрээ хийсэн. С.******* А. нар нь тухайн үед Орос гарах хар тамгатай байсан юм шиг байгаа юм. Түүний дараа надтай уулзаад миний мөнгө наймаа хийхэд хүрэхгүй байна. Жаахан мөнгө зээлээч гэсэн. надад наймааны ашгаас хуваах санал тавьсан тул би зөвшөөрч цалингийн зээл хаагаад нэмж 1 950 000 төгрөгийг зээлж аваад энэ хүнд гар дээр нь тоолж өгсөн. Би нийт энэ хоёрт 6 285 000 төгрөг өгөөд буцааж авахдаа эхлээд 1 000 000 төгрөг, дараа нь 2 750 000 төгрөг нийт 3 750 000 төгрөг авсан. Одоо үндсэн зээл 2 сая төгрөг дээр 600 000 төгрөгийн алдагдал тооцож нэхэмжилж байна. Учир нь би энэ мөнгийг авахдаа өөрийн цалингийн зээлээ авч өгсөн тул би банкинд давхар хүү төлөөд байгаа гэв.
Хариуцагч С.*******, А. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний нөхөр С.******* нь Дархан хотын иргэн гэгчтэй хуучны танил гэж хамтран наймаа хийж ашиг орлого олох санаатай ОХУ-ын Улаан-Үд хотоос цахилгааны тоолуур 50 ширхэг, 380 вольт 3 амп оруулж ирсэн. Гэвч тэр нь эрчим хүчний зөвшөөрлөөр зарагддаг байсан учир баталгаажуулж чадахгүй хугацаа алдсан. Энэ хугацаанд манайд орж ирээд өөрөө хараад явсан. Бид залилан мэхэлж хүний мөнгийг өсгөж, үржүүлж ашиг олоогүй, бүр хугацаа алдаж ийм байдалд хүрсэн. , *******ын дутуу мөнгийг дансны хуулгаар Сэндэн *******ын ******* дансаар 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 400000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 600.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 1000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 300 000 төгрөг, он сарыг нь сайн санахгүй байна би өөрөө 350 000 төгрөгийг гэрт нь нийт 3 150 000 төгрөгийг өгсөн. Нэхэмжилсэн 4 320 950 төгрөгөөс 3150 000 төгрөгийг хасч *******ын үлдэгдэл 1 170 950 төгрөг, үүн дээр миний авсан 2 000 000 төгрөгөөс шилжүүлсэн 1 600 000 төгрөг, үлдэгдэл 400 000 төгрөг, *******ын 1 170 950 төгрөгийг нэмээд 1 570 950 төгрөгийг графикийн дагуу төлнө гэжээ.
Хариуцагч А. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Манай нөхөр С.*******, Н.******* нөхөр хоёрын хувьд бол тохироо хийгээд 4,335,000 төгрөг аваад түүнээс 2,835,000 төгрөгийг төлж үлдэгдэл 1,500,000 төгрөг өгч чадалгүй үлдсэн байсан дээр би Н. 1,950,000 төгрөг нэмж аваад нийт 3,450,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 1,600,000 төгрөгийг дансаар өгөөд 350,000 төгрөгийг гэрт нь аваачиж өгсөн. Одоо 1,500,000 төгрөг дутуу байгаа. Үүн дээр түүний алдагдал гээд нэхэмжлээд байгаа 600,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна. Нийт 2,100,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Н.Саранцэцэг нь хариуцагч С.*******, А. нарт холбогдуулан зээлсэн мөнгөний үлдэгдэл 2 000 000 төгрөг, хохирол 600 000 төгрөг нийт 2 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А. нь Н. нийт 6 285 000 төгрөгийг авсан нь үнэн, буцааж 4 785 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1 500 000 төгрөг дээр хохирол 600 000 төгрөг нийт 2 100 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан болно.
Нэхэмжлэгч нь төлбөрт буцаан 1 000 000 төгрөг дээр нэмж 2 750 000 төгрөг нийт 3 750 000 төгрөг авсан гэж, хариуцагч нар нь төлбөрт 4 785 000 төгрөг төлсөн гэж маргаж байгаа болно.
Талууд нь харилцан тохиролцож, ОХУ-аас цахилгааны тоолуур 50 ширхэг 380 вольт 3 ампер оруулж ирж, зарж борлуулаад ашгийг нь хувааж авахаар хэлцэл хийн, нэхэмжлэгч Н. цалингийн зээл авахуулж 2016 оны 2 дугаар сарын 12 ноос 2016 оны 3 дугаар сарын 12-ны хооронд нийт 4 335 000 төгрөг, нэмж 1 950 000 төгрөг нийт 6 285 000 төгрөгийг авсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Хаан банкны Барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож, талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч С.*******, А. нар нь төлбөрт нийт 4 785 000 төгрөг төлсөн гэж тайлбар гаргаж байгаа боловч төлбөр төлсөн талаар нотлох баримт ирүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагч С.*******, А. нараас 6 285 000 төгрөгөөс төлбөрт төлсөн 3 750 000 төгрөгийг хасч үлдэх 2 535 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н. олгож, 65000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний тухай хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч С.*******, А. нараас 2 535 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н. олгож, 65000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 55510 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА