Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 186/2022/0792/Э |
Дугаар | 2022/ШЦТ/827 |
Огноо | 2022-10-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/827
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч О.Нандинцэцэг ,
Шүүгдэгч Э.О /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Од холбогдох эрүүгийн 2211 00000 1554 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Э.О, 1991 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо ..тоотод оршин суудаг, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 783 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ..
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.О нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилт 2-180В тоотод хамтран амьдрагч Б.Оын баруун гарын булчинд хайчаар хатгаж, баруун бугалгад хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Э.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Э.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр найзуудтайгаа уулзаж караокед дуулж байгаад орой 23 цагийн орчимд хамтран амьдрагч Оын гэрт таксигаар хүргүүлээд иртэл О надад хандаж уурлаад таксины жолооч залуу руу ямар их мөнгө нэхдэг юм бэ? гээд үг хэлээд дайрч доромжпоод байхаар нь Оад хандаж чи одоо болиоч зүгээр байгаа хүмүүс рүү дайраад байх юм гэж хэлсэн тэгээд гэрт нь ороод байж байсан чинь намайг хаагуур хэнтэй архидаад яваад байдаг юм гээд өшиглөөд зодохоор юм оёдог утас таслагчаар баруун гарын бугалгад нь нэг удаа хатгасан тэгтэл цус гарахаар нь сандраад цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-35-38/,
Хохирогч Б.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр би хүргэн ах Одхүүгийн гэр болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрт нь очиж 2.5 литрийн багтаамжтай Сэнгүр нэртэй архи хувааж уугаад гэрээс нь би 21 цагийн үед ганцаараа гараад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилт 2-180В тоотод гэртээ ирэхэд хамтран амьдрагч Э.О гэртээ байхгүй байхаар нь гар утас руу нь залгахад утсаа аваагүй хэсэг байж байгаад өөрөө залгаад би сансарт найзуудтайгаа ууж байна гэхээр нь би дүүтэйгээ очоод авах уу гэсэн чинь өөдөөс хэрүүл өдөөд байхаар нь гар утсаа тасалсан. Ингээд би гэртээ байж байхад 23 цагийн үед Э.О такси бариад ирэхээр нь би мөнгийг нь өгөөд гэрт ороод байж байтал Э.О намайг өмнө нь хамт амьдарч байсан тэр хүүхэнтэйгээ хамт амьдраад байгаа юм уу гээд хэрүүл эхэлсэн ба би уурлаад мөр лүү нь нэг удаа түлхсэн чинь орон дээр унасан тэгснээ босож ирээд ширээн дээр байсан жижиг оёдлын утас тасалдаг хайч аваад миний баруун гарын булчин хэсэгт нэг удаа хатгачихсан. Энэ үед төрсөн эгч Цэрэндолгор орж ирээд болиулаад намайг гэрээс гар гээд явуулсан ба би нэг хашаанд амьдардаг төрсөн ах Лхамсүрэнгийн гэрт байж байгаад буцаад орсон чинь Э.О унтаж байхаар нь би бас унтаад өгсөн. Удаагүй цагдаа нар орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-4-6/,
Гэрч Б.Цоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Хашаан дотор О, О хоёр хэрэлдээд байх шиг байхаар нь би гараад тэр хоёрыг гэртээ ороод учраа олцгоо гэж хэлээд гэрт нь оруулсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа манай гэрт байдаг хамаатны дүү болох Батцоож гэх залуу аниа таныг дуудаж байна гээд гэрт ороод ирэхээр нь би Оын гэрт ортол Оын баруун гарын булчин хэсгээс цус гоожчихсон байсан ба би дарж боож өгөөд гэрээс нь гарсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-15-16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Ж.Г 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 11766 дугаартай дүгнэлтэнд: “..Б.Оын биед баруун бугалгад хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-19-20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Ж.Г 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11768 дугаартай дүгнэлтэд /хх-25-26/ “...Э.Оын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт, шүүгдэгч Э.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Б.Оад учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.О нь хохирогч Б.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний баруун гарын булчинд хайчаар хатгаж, баруун бугалгад хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Оаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Э.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Од торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Б.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Э.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Од оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Э.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР