Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/770

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч П.Ариунболд, Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн /б/ танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Иргэдийн төлөөлөгч Т.Солонгоцэцэг,

            Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

            Улсын яллагч Р.Энх-Оюун,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Н.Нарангуа, С.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мд холбогдох эрүүгийн 2211 00000 0382 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  Э. М, 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн ..тоотод бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 2-1606 тоотод амь хохирогчийн хамт амьдарч байсан, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар:...

 

            Шүүх хуралдаанаар доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Э.Маас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би 19-ний орой ажлаа тараад 8 цагийн үед пабад орж суусан. Надад бэлэн 50.000 төгрөг байсан. Нэг шил нь 5000 төгрөг гэхээр би 9 шил пиво уусан, 5000 төгрөг үлдсэн. Урьд нь хамт ажилладаг байсан Алтансоёмбынд очиж пиво аваад, зээлээр архи авч уусан. Би тэр үед бараг 10 гаруй шил пиво, 200-300 грамм цагаан архи уусан, нэлээн согтолттой байсан. Хамгийн сүүлд ямар ч санах юмгүй байсан. А намайг таксинд суулгаж өгсөн эсэх дээр би эргэлзсэн. Камерын бичлэгээр олдох байх гэж бодсон. Гэвч камерын бичлэгт соната 6 байтугай зөв талдаа рүүлтэй машин ч олдоогүй. Яагаад гэвэл үүрийн 4, 5  цагийн үед маш цөөхөн машин явж байгаа тул мэдээж олдох нь амархан байх гэж бодсон. Гэр рүүгээ яг хэдэн цагт орсныг сайн мэдэхгүй байгаа болохоор Өыг утсаар ярьсанд би хувьдаа итгэхгүй байгаа. Яг хэдэн цагт орж ирсэн, ороод ямар хүмүүстэй байсан юм, эсвэл ганцаараа байсан юм уу, эсвэл хүмүүстэй байсан юм уу гэдгийг сайн мэдэхгүй байгаа. Эхний мэдүүлэг дээр намайг заавал санаж байх ёстой гэсэн үүднээс өмгөөлөгч маань тайлбарлаж өгсөн, үнэхээр тухайн үедээ айсан сандарсан байсан учраас ойролцоо дөхүүлээд ер нь бол худлаа хэлсэн. Ороод байсан юм уу, унтаж байсан юм уу, сэрүүн байсан юм уу, надтай юу ярьсныг үнэхээр санахгүй байгаа. Би анх үнэхээр өөрийгөө нэгт сэжигтнээр тавьж байсан ч гэсэн, энэ хэргийг хохирогч тал ч гэсэн хэн хохироосон талаар үнэн зөвөөр мэдмээр байна гэсэн. Би ч гэсэн мэдмээр байна, би ч юм уу, эсвэл өөр хэн нэгэн байх магадлалтай учраас үүнийг цаашид шалгуулъя гэсэн бодолтой байсан. Би хувьдаа нэмэлт ажиллагаа дээр утасны дуудлагыг шалгуулая гэсэн байсан. Талийгаач М ах бид хоёрыг хоорондоо зодолдсон гэж яллаад байна. Шинжээчийн авсан зурагт миний куртикний ард талд гутлын мөр байдаг, би тэрийгээ мэдэхгүй байна. Зургийг харахад амь хохирогч тавчиктай, би болохоор гуталтай байсан, хоёулаа байх боломжгүй, ядаж л хамгийн багадаа 3 хүн байх болчхоод байна. Өглөө босоод би сандарсан, Ө намайг сэрээсэн. О эгч болохоор “би 2-3 удаа сэрээсэн” гэсэн. О эгч байгаагүй. Ө ганцаараа орж ирээд намайг сэрээсэн, “юу болсон бэ, яасан бэ” гэхээр нь би сандраад босоод ирсэн. М ах ингэсэн байна гэхээр нь би шоконд ороод  “чи эмнэлэг дуудсан уу, яасан бэ” гэж асуусан. Гэтэл дуудсан, цагдаа бас дуудсан гэсэн тэгээд би босоод уйлаад л гарсан. Тэгээд би урд талын гэр рүү ороход О эгч, охинтойгоо хоёулхнаа байсан. Тэгээд намайг “чи ийм юм хийчихлээ ш дээ” гэсэн. Шал согтуу хүнийг тийм аймар зодох уу, үнэхээр аймар зодсон байсан, би зургийг нь хараад үнэхээр айсан. Өглөө шинжээч цагдаа хумс авах гэсэн, тэр үед би гараа харсан, тэгэхэд цагдаа харж байсан, авах хумс байхгүй байна гэсэн. Миний гаран дээр нэг ч цус байхгүй байсан, намайг чи гараа угаасан юм уу гэсэн, дөнгөж сэрсэн хүн яаж угаах вэ дээ, сэрэхээс эхлээд цагдаа ирэх хүртэл би тэд нарын хажууд байсан, ерөөсөө хяналтад байсан гэж үзээд байгаа. Тэр миний хар куртикэн дээр байгаа гутлын мөрийг шалгаад гарч ирэх болов уу гэтэл шинжээчийн дүгнэлтээр шалгах боломжгүй гэж гарч ирсэн би тэрийг их гайхсан. Ядаж архины шилэн дээр хурууны хээ гарч ирэх болов уу гэж найдаж байсан, ядаж би байсан юм уу, эсвэл М ах уусан юм уу, ганц шил архийг хэзээ авсан бэ. Оюунаа эгчийн мэдүүлэг дээр “автобусны мөнгө нэхэж байгаа хүн ямар мөнгөөрөө архи авч уух юм вэ” гэсэн. Энэ мөнгө хаанаас орж ирсэн бэ гээд прокуророос асуугаад шалгуулая гэсэн, дахин мэдүүлэг авая гэсэн. О эгчийн 2 дахь мэдүүлэг дээр 5000 төгрөг өгсөн гэж яриад байгаа. Тэр мөнгө нь дэлгүүрээс архи авах боломжгүй мөнгө, хамгийн багадаа 10.000 төгрөгөөс дээш л архи авна. Ганцаараа архи уусан уу, архины мөнгөө хаанаас хэнээс авсан бэ, эсвэл өөр хүмүүстэй уусан байсан уу гэдгийг би сайн мэдэхгүй байна. А намайг таксинд суулгасан байх гэж би итгэсэн. Цагдаа нар өглөө намайг хоолны махаа авъя гэж ах чинь хэлж байхад чинь та 2 хоорондоо маргалдсан юм уу гэж хэлсэн. Би үнэхээр тэгсэн юм болов уу гэж бодсон. Гэхдээ би ямар ч байсан шалгуулах нь зөв болов уу гэж бодсон. Утасны дугаарыг шалгуулая, гутлын мөрийг шалгуулая, архины шилэн дээр хурууны хээ байгаа эсэхийг шалгуулая гэсэн. Хамгийн гол нь миний куртикны ар талд байгаа дэвссэн гутлын мөр их сонирхолтой байгаад байна. Талийгаач бид хоёр хоорондоо зодолдсон гэхэд талийгаач тавчиктай, би гуталтайгаа байна. Хоёр хүн согтуугаар зодолдлоо гэж бодоход нэг нэгтэйгээ зууралдана гэтэл тэр гэрт зурагт нь ч унаагүй, шүүгээнүүд нь нааш цаашаа болоогүй, ерөөсөө тэр гэр дотор зодоон болсон шинжгүй. Шалаар нэг цус болсон байсан. Миний хувцсан дээрээс цус гарсан уу, ядаж л зодоон хийж байгаа хүмүүс дээр дороо орно. Талийгаачийн гар солгой, согтуу хүн баруун гараараа цохивол миний зүүн нүд хөхрөх байх гэж би бодоод байна. Солгой гараараа цохих юм бол миний баруун нүд хөхөрнө гэж бодож байна. Би өөрийгөө өмөөрөөгүй, би үнэнийг шийдүүлэх хүсэлтэй байна..” гэсэн мэдүүлэг.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Өглөө Оийн охидууд над руу ярьсан. Би өчнөөн жил уулзаагүй болохоор сайн мэдэхгүй, хараад ч танихгүй. Над руу залгаад Мөнхөө энэ 2 хоорондоо зодолдож байгаад М ахыг алчихсан юм шиг байна гэсэн би босоод машинаа асаагаад шууд яваад очсон. Очиход цагдаа нар үзлэгээ хийж байсан, тэгээд нас барсан байсан, би том ахыгаа дуудаад тэгж мэдсэн. Уг нь өөрийнх нь гэр байсан. Сүүлд гэр оронгүй болсон гэхээр нь би байсан гэрээ өгсөн. Энэ 2 нийлээд хашаа түрээслээд амьдарч байсан юм шиг байна. Би нэг өдөр согтуу очсон. Тэгэхэд зүүн нүд нь сэтэрчихсэн байсан. Манай ах өөрөө хүнд гэм хоргүй хүн, харваас жоохон бие муутай, аймхай хүн байсан, хүнтэй зодолдох хүн ч биш. Би ах Мтаа “таны нүд яасан бэ, та Мд зодуулсан юм биш үү гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ” гээд хэрүүл болж байхад хашааных нь эмэгтэй цагдаа дуудсан байсан. М байнга агсан тавьдаг гэсэн. Тэгээд бид гурав цагдаагийн хэлтэс дээр очоод цагдаатай яриад айл гэрт агсан согтуу тавьсан биш гадаа бие зассан гэдгээр торголоо гээд торгуулаад явуулсан. Манай дүү миний машиныг бариад явж байсан, тэгээд энэ хоёрыг хүргэж өгөөд би буцаад яваад өгсөн, тэрнээс хойш Мтай нээх уулзаагүй. Би баримт цуглуулна гэж мэдээгүй. Өмгөөлөгч дансны хуулгаа гаргаад биччих гэсэн. Амь хохирогч бид 2 ч гэсэн аав, ээжгүй. Ээжийн дүү нар ихэнхи нь гадаадад байдаг. Ажил явдлыг би ганцаараа хийсэн. Харамсаж байгаа зүйл гэвэл манай ах үр хүүхэдгүй, эхнэргүй байсан. Тэгээд явсанд нь л жоохон харамсаж байна. 15.417.655 төгрөгөө нэхэмжилж байна. Гомдолтой байна..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч О.Өоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Тухайн өдөр яг юу болсныг мэдэхгүй байна, би хамт байгаагүй. Над руу бол залгасан. Тухайн үед сайн санахгүй байна, яг 5 цагийн үед л залгасан. Би нойрмог байсан тул хагас дутуу сонсоод залгасан. Эхлээд хоол хийнэ гээд хоолны мах авъя гээд талийгаач М залгасан. Тэгээд би “юу яриад байгаа юм бэ, ээж унтаж байна, наад асуудлаа өглөө бол” гэж хэлсэн. Тэгээд дахиж залгасан. Дахиж залгахдаа “чи ороод ирээ, намайг аллаа” гэсэн. Тэгээд би “юу яриад байгаа юм бэ, ээж унтаж байна, ээж сэрчихвэл дахиж унтахгүй” гээд би утсаа таслаад аяыг нь хаагаад унтсан. Өглөө 11 цаг билүү 10 цаг өнгөрч байсан, тэгээд орж ирэхгүй байсан, тэгээд бос, галаа түл гэж хэлэх гээд бага дүүтэйгээ хамт орсон. Тэгээд талийгаач газар хэвтэж байсан, М ах орон дээр хэвтэж байсан.  Тэгээд сэрээсэн. Тэгээд би талийгаачийн баруун бил үү зүүн хөлөнд хүрээд хүйтэн, хөрсөн байхаар нь ээжийг дуудаад өнгөрчихсөн байна гэж бага дүүдээ хэлсэн. Бага дүү айгаад алга болсон. Би өөрөө орж ээжийг дуудсан. Мыг сэрээтэл сандарсан байдалтай сэрсэн. Агаа та босооч гэсэн чинь сэрэхгүй байсан, тэгсэн чинь М ах өнгөрчихжээ, та босооч гэсэн чинь сандарсан. Тэгж хэлэхээр сандарч сэрсэн, түүнээс бол мэдээгүй байсан. Хоол хүнстэй холбоотой тийм маргаан байхгүй. Манайх урд талд байдаг байсан тул тэндээс ороод хоолоо иддэг байсан. М ах өөрөө тогооч хийдэг, орой ирдэг. Талийгаач заримдаа хоолыг нь авч үлддэг, заримдаа хоолыг нь авч үлддэггүй. Дээр бас нэг шөнө талийгаач М согтуу хоолны мах авсан. Тэгж авдаг өдөр өөрөө бараг 10 гаруй хоног уусан. Тэгээд би хоол хийж өгсөн чинь хоол идэхгүй гээд тэгээд хэд хоногийн дараа тэгж мах авсан гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..А таксинд суулгаж өгсөн, манай гэр төв замаасаа нилээн өгсүүр байдаг тул би таксинаас доор л буусан байх гэж бодож байна. Тэгээд гэртээ орохдоо тэнцвэрээ алдаад зуухныхаа урд талыг налаад уначихсан чинь М босч ирээд би хэдэн цагт ирээд байгаа юм бэ?, Зуух хазайлагачихлаа гээд загнаад л байсан. Би тухайн үед нилээд согтсон байсан болохоор юу яриад байсныг нь санахгүй байна...Миний зүүн талын нүдийг талийгаачийг л цохисон байх гэж бодож байна. Намайг цохисон бол би түлхэх ч юм уу ямар нэгэн хариу үзүүлэх байхаа..” гэсэн мэдүүлэг /1хх-213-215/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би талийгаач Баяр овогтой Мын төрсөн дүү нь бөгөөд 2000 оны орчмоос тусдаа амьдрах болсон. Хааяа утсаар ярьдаг, баяр ёслолын үеэр хааяа нэг уулздаг байсан. Талийгаач ах маань өөрөө ах дүү нартайгаа нэг их уулзаад байдаггүй. Хойд эцгийн ах дүү нартай арай ойр дотно байгаад, хамт амьдраад байдаг юм. Хамгийн сүүлд амьдарч байсан энэ хашаа нь хойд эцгийн төрсөн дүүгийнх нь хашаа байгаа юм. Би түүнтэй 2022 оны 02 сарын 03-ны орчим том ахын гэрт золголт хийхээр уулзаж, дараа манай гэрт ирж цай ууж байсан. 2022 оны 02 сарын 07-ны өдөр талийгаач над руу яриад унааны мөнгө гуйж байсан тухайн үед хамт амьдардаг Мын данс руу хийлгэж байсан. Нилээн хэдэн жилийн өмнө 5 орчим жилийн өмнө байх ходоод өвдсөн гээд эмнэлэгт хэвтэж байсан боловч хагалгаанд ороогүй нэг сүртэй зүйл байгаагүй сурагтай байсан. 2 гар, хүзүү орчимдоо цахилгааны ажил хийж байгаад цахилгаанд цохиулан түлэгдэж гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Өөр өвчин гэхээр зүйл байгаагүй. Түүнтэй уулзахад биеийн байдал нь зүгээр л харагдаж байсан. Утсаар холбогдоход ч гэсэн зүгээр байдалтай ярьж байсан. Талийгаач Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо тахилт 2-1606 тоот хойд эцгийн төрсөн дүү эмэгтэйн хашаанд тусдаа гэрт мөн хойд эцгийн хамаатан Мын хамт сүүлийн 2 жилийн хугацаанд амьдарч байсан. Яг хамт байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Хааяа би түүн рүү утсаар ярихаар согтуу байж байдаг. Мтайгаа хамт үе, үе архи уугаад байдаг шиг байсан. 2021 оны 11 сарын орчим би нэг удаа сүүлд амьдарч байсан хашаанаасаа хойно өөр айлын хашаанд түрээсээр амьдардаг байсан гэрт нь очиж уулзахад Мын аль нэг нүдний орчим шалбарсан Мын хамт согтуу байхаар нь Мдаа зодуулсан байх гэж бодоод асуухад тодорхой зүйл ярихгүй Мыг өмөөрөөд байсан. Тухайн үед хашаанд нь хамт амьдарч байсан айлын эмэгтэй нь Мыг агсан согтуу тавьдаг талаар хэлж байсан..” гэсэн мэдүүлэг /1хх-26-37/,

 

Гэрч Ж.Оээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 2-1606 тоот хашаанд миний төрсөн ах Ууганбаярын дагавар хүү болох Баярын Мын хамт тус тусдаа гэрт амьдардаг юм. Би хамгийн сүүлд буюу 2022 оны 02 дугаар сарын 19-ний 22 цагт талийгаач Б.Мын гэрт ороход гар утсаа ухаад, зурагтаа үзээд сууж байсан. Тэгээд надтай нээх юм ярихгүй эмээгээд ээрч муураад байхаар нь “чи архи уучихсан юм биш үү гэхэд нь би үнэртэх гэхэд үнэртүүлээгүй цаашаа хараад суугаад байсан, тэгэхээр нь би битгий архи уугаад бай, ууж болохгүй шүү” гэж хэлсэн юм. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр талийгаач болон М нар нь надад архи уухгүй гэж амлаж байсан юм. Би 2022 оны 02 дугаар сарын 18-ны шөнө би нойргүй хоносон болохоор 2022 оны 02 дугаар сарын 19-ний шөнө Кетотефин нэртэй харшлын төрлийн эм уугаад унтаад өгсөн тэгээд 2022 оны 02 дугаар сарын 20-ны 10 цаг 40 минутанд сэрсэн чинь миний хүү Ө /21 настай/ надад ээжээ талийгаач болон М нар надруу залгасан энэ хоёр шөнө архи уусан байх би дүүгийн хамт ороод шалгаад ирье гэхэд дүү нь бас цуг ороод загнаад ирье гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай охин, хүү хоёр орж ирээд М ах унтаж байна харин Мыг цус нөж болчихсон газар хэвтэж байна гэж хэлсэн. Тэгээд та ороод хардаа гэхэд нь би ороод харахад талийгаач М нь өнгөрсөн байсан...Уг нь талийгаач нь манай гэрт надтай амьдардаг байсан юм. Тэгээд 2021 оны зунаас манай найзын хашаанд гэрээ бариад Мын хамт амьдарч байсан. Тэгсэн уг амьдарч байсан газартаа архи уугаад агсам тавиад байна гэхээр нь уг газраас нь 2021 оны 10 дугаар сард өөрийн хашаандаа буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилт 2-1606 тоотод хашаандаа гэрийг нь бариулаад М, М нарыг хамт нэг гэрт амьдруулсан юм....М нь 1992 онд Улаанбаатар хотод төрсөн. Миний ээжийн төрсөн дүү Энхбаярын хүүхэд буюу миний үеэл байгаа юм. М нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг байж байгаад эхнэртэйгээ хүүхдийн асуудлаас болоод маргалдаад 2021 оны 10 дугаар сард манай гэрт ирсэн..Архи уучихаарай агсам дуу...” гэсэн мэдүүлэг /хх-1хх-29, 32-33/,

 

Гэрч О.Өоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 02 дугаар сарын 20-ны шөнө Чингэлтэй дүүргийн 19-р хороо тахилт 2-1606 тоотод ээж О, дүү Отгон-Үжин нарын хамт гэртээ унтацгааж байсан. Шөнө 05 цаг 13 минутын үед миний гар утасны 88871767 дугаарлуу 89511212 дугаараас ээжийн төрсөн ахынх нь дагавар хүүхэд  болох М надруу залгаад хоолны мах авья гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм өглөө бол гээд би гар утсаа тасалсан. 05 цаг 24 минутын үед над руу дахиж залгахаар нь утсаа авсан чинь мах авья гэхээр нь өглөө бол ээж сэрчүүл буцаж унтахгүй гэж хэлээд гар утсыг нь таслалгүй сонсож байхад М ах М ах руу дайраад пизда минь босоод ир гээд агсан тавиад байгаа нь сонсогдоод байсан ба 2 минут ярьж сонсож байгаад би гар утсаа тасалсан. Тэгээд би төрсөн дүү Отгон-Үжингийн хамт өдөр 11 цаг 18 минутын үед М ахын гэрлүү нь орсон чинь Мөнжаргал ах хойморын орон дээр одеяал хөнжил нөмрөөд унтаж байсан. М ах зуухны ертөнцийн зүгээр зүүн хэсэгт нүүрээрээ газар хараад зүүн гараа цээжиндээ нугалчисан баруун хөл нь бүрэн жийлттэй зүүн хөл нь хагас нугалсан баруун гар нь хөндлөн 90 градус дээш нь байршуулсан зуух байрнаасаа хөдөлчихсөн, М ахын эргэн тойронд шалан дээр цус болчихсон байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би М ахын гар хөлөнд нь хүрсэн чинь хүйтэн байсан ба хөлийг нь нугалах гэсэн чинь хөшсөн байдалтай байсан. Тэгэхээр нь би М ахыг сэрээсэн чинь зүүн нүд нь хөхөрчихсөн хүзүү нь улайчихсан байдалтай байсан. 102-луу дуудлага өгсөн юм. Удалгүй 103-н эмч ирээд М ахыг үзсэн чинь нас барчихсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-35-36, 38-39/,

 

Гэрч О.Аос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 6 буудлын “Оргилуун” төвийн 2 давхрын пабыг түрээслэн ажиллуулдаг, би цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна, 00-01 цагийн үед М ганцаараа бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай манай ажил дээр орж ирээд 1 шил сэнгүр захиалсан, би хамт суугаад 1 шил пиво уусан. М “би хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хавьцаа пабд тогооч хийж байгаа, манайд олон хүний масстай захиалгын хоол орж ирдэг, манай хүчин чадал дийлэхгүй байгаа учраас чи талыг нь авах уу?, Чи хэдийг нь авах боломжтой байна гэж асуухаар нь би “100 хүний хоол хийгээд байх боломжтой" гэж хэлсэн. М найз нь ганц нэг пиво ууя аль эсвэл хэдэн грамм цагаан юм байсан ч яахав, цалингаа буухаар мөнгийг нь өгчихье” гэж хэлээд 100 грамм авъя гэхээр нь би согтчихож магадгүй гэж бодоод 50 грамм хийж өгсөн, ахиад 100 грамм гээд байхаар нь 50 граммаар 3 удаа хийж өгсөн, нийт 150 грамм архи уусан. Гарахынхаа үед өлсөөд байна гэхээр нь хиам шараад будаатай салаттай өгсөн боловч ерөөсөө амсаагүй.

Би паб 05 цагт хаадаг боловч өчигдөр хүн багатай байсан учраас 04 цагийн үед хаахаар болсон, би Мтай 04 цаг өнгөрч байхад пабаас гараад яг үүднээсээ таксинд суулгаж явуулахаасаа өмнө “маргааш яриарай, болгоомжтой яваарай” гэж хэлээд явуулсан. М манай пабад орж ирэхдээ ерөнхийдөө халамцуу байдалтай ирсэн, надтай ажил төрлийн асуудлаар зүгээр ярьж байсан. Би өмнө нь Мтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй. Архи уучихаараа ер нь агсам байж магадгүй гэж бодсон, ахиж нэмж уумаар байна гээд уурлаад байсан. Мын биед ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй, зүв зүгээр байсан...Би таксины дугаарыг хараагүй, хар өнгийн соната 6 маркийн машин байна гэж харсан...Мыг таксинд суулгах гээд хамт гадаа зогсож байхад урдаас чиглэлтэй машин ирж байсан, би тэр машины урдаас харахад өргөндүү байхаар нь хэлбэрээр нь л соната-6 маркийн тээврийн хэрэгсэл байна гэж харсан, уг тээврийн хэрэгсэл нь зөв талдаа рультэй /хүрдтэй/ байсан. Уг тээврийн хэрэгсэл нь ямар ч байсан хар өнгөтэй байсан. Мыг суулгасан машин нь жолоочоос өөр хүн байгаагүй, М хойд талын суудлын жолоочийн эсрэг талд суусан, би уг тээврийн хэрэгслийн жолоочийг ерөөсөө анзаараагүй мөн юм яриагүй. Жолооч нь “хаашаа явах юм бэ?” гэж асуугаагүй. Мыг машинд суусны дараа би “за болгоомжтой яваарай, маргааш яриарай” гэж хэлээд гар барьсан чинь за гэж хэлж байсан, би пабаа онгорхой орхичихсон байсан болохоор яараад буцаад яваад орчихсон....М надаас таксины мөнгө асуугаагүй болохоор таксинд төлөх мөнгө байгаа юм байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /1хх-47, 2хх-6/,

 

Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Мтай 2012 онд танилцахад хамаатныхаа эгч Оийн гэрт нь хамт амьдардаг байсан. ..Бид хоёр тусдаа амьдраад 1 жил болж байна. М бид 2 албан ёсны гэрлэлтийн баталгаагүй, гэхдээ дундаасаа 3 хүүхэдтэй, том охин Отгонсайханы Хос-Уянга /2013 оны 08 сарын 10-нд төрсөн/, дунд охин Мын Хос- Энэрэл /2017 оны 05 сарын 29-нд төрсөн/, бага хүү Отгонсайханы Энхсанаа /2019 оны 07 сарын 05-нд төрсөн/. Миний нөхрийн аав, ээж 2 нь нас барчихсан, өөрөө айлын ганц хүүхэд байгаа юм. Мын хамаатны эгч Оийн охин А над руу залгаад М ах М ахтай зодолдоод М ахыг алчихсан юм шиг байна шдээ та яаралтай хотод хүрээд ир гэж ярихаар нь эгчийнхээ машинаар ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-51/,

 

Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Харин 19-ний өдөр манай хашааны арын гэрт талийгаач ах ганцаараа байсан байх сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 20 цагийн үед гэрлүү нь ороход ганцаараа утсаараа тоглоод зүгээр сууж байсан ба би “нохойндоо хоолыг нь өгөөрэй” гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд гэртээ байж байгаад ээж, ах бид гурав 12 цагийн үед унтсан. Өглөө 10 цаг 50 минутанд сэрээд угаадсаа гэрийнхээ баруун талд байдаг нойлруу асгачихаад Ө ахыг сэрээгээд манай гэрийн хойд талын талийгаачийн гэрлүү хамт ороход талийгаач гал тогооны тавилганы урд талд толгой нь үүдрүү харсан байдалтай доошоогоо харчихсан хэвтэж байсан ба талийгаачийн эргэн тойронд их хэмжээний цус болчихсон, хойморийн орон дээр М ах хойшоогоо хараад унтаж байсан. Бас М ах гуталтайгаа унтаж байсан ба гутал нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь ах бид хоёр гараад ээжийг дуудаад хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн..” гэх мэдүүлэг /1хх 44-45/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3264 дугаартай дүгнэлтэд: “..Э Мын биед дух, зүүн шанаа, зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүсэх шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /1хх-55-56/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 690 дугаартай дүгнэлтэд: “Талийгаач Б.М нь тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн зулайн орой хэсэг, зүүн чамархайн дэлбэн, баруун, зүүн тал бөмбөлгийн ховил завсар, баруун духны дэлбэн, зүүн духны дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цогцост тархины зүүн тал бөмбөлгийн зулайн орой хэсэг, зүүн чамархайн дэлбэн, баруун, зүүн тал бөмбөлгийн ховил завсар, баруун духны дэлбэн, зүүн духны дэлбэнд аалзан хальсан доорхи цус харвалт, дагзны баруун доод хэсэг, духны баруун хэсэг, баруун чамархайн булчин, зүүн чамархайн хуйханд цус хуралт, баруун 9-р хавирганы хугарал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зовхины гадна хэсэг, дээд уруулын дотор салстанд шарх, баруун чихний дэлбэнд цус хуралт, доод уруул дотор салсанд язралт, дээд үүдэн баруун 1-р шүдний хугарал, духны баруун болон гол хэсэг, баруун хацар, зүүн хөмсөгний гадна булан, зүүн хацар, зүүн шанаа, зүүн чамархай, эрүүний төвгөр, зүүн чихний ар хэсэг, баруун чихний дэлбэн, баруун шуу, баруун мөр, цээжний баруун ар хэсэг, зүүн бугалга, зүүн тохой, зүүн мөр, баруун шуунд зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсэгт урагдсан шарх, зүүн шанаа, зүүн чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн доод хэсэг, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун шуу, зүүн сарвуу, зүүн бугуйнд цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархины зүүн тал бөмбөлгийн зулайн орой хэсэг, зүүн чамархайн дэлбэн, баруун, зүүн тал бөмбөлгийн ховил завсар, баруун духны дэлбэн, зүүн духны дэлбэнд аалзан хальсан доорхи цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд байх үед үүссэн байна. Талийгаач нь үхэлд нөлөөлөх архаг хууч өвчингүй байна. Талийгаачийн цогцосыг зөөвөрлөсөн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй. Цусанд 0,8 промилли, ходоодны шингэнд 2,6 промилли, шээсэнд 1.7 промилли спиртийн зүйл илэрсэн бөгөөд энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16:35 цагт хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 8-10 орчим цаг болсон байх боломжтой..” гэх задлан шинжилгээний дүгнэлт /1хх-115-119/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд, /1хх-5-13/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-49-52/, Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ /1хх 55-56/, Хяналтын камерын бичлэгтэй СД-ийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2хх-53/, Юнител ХХК-аас ирүүлсэн 89511212, 88871767, 88738564, 89900998 дугааруудын орсон, гарсан ярианы лавлагаа /2хх-83-91/, тус ярианы биллд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-92-94/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт/1хх-186-187/, шүүгдэгч Э.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-217/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-229/ зэрэг нотлох хуралдаанаар шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Э.М нь 2022 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 20-н орчим ажлаа тараад пабад орж 9 шил Сэнгүүр нэртэй пиво ууж гараад Чингэлтэй дүүргийн 6 буудал Оргилуун төвийн баранд 02 дугаар сарын 20-ны өдрийн 02 цаг 06 минутад орж нэмж 150 гр цагаан архи уун 04 цаг 48 минутад гарч барны эзнээр таксинд суулгуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 2-1606б тоотод гэртээ харьсан байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 2-1606б тоотод 2 өрх оршин суудаг бөгөөд нэг гэрт нь гэрч Ж.О, О.Ө, О.О  нар нөгөө гэрт нь талийгаач Б.М, шүүгдэгч Э.М нар амьдарч байсан байна. Шүүгдэгч Э.М нь тухайн үед гэртээ ирж оройтож ирлээ, зуух хазайлгалаа, хоол ундгүй байна гэж амь хохирогч Б.Мтай маргалдан улмаар сүхний иш, махны тавцан мод зэргээр зодсон, зодсоны улмаас талийгаачид тархины зүүн тал бөмбөлгийн зулайн орой хэсэг, зүүн чамархайн дэлбэн, баруун, зүүн тал бөмбөлгийн ховил завсар, баруун духны дэлбэн, зүүн духны дэлбэнд аалзан хальсан доорхи цус харвалт, дагзны баруун доод хэсэг, духны баруун хэсэг, баруун чамархайн булчин, зүүн чамархайн хуйханд цус хуралт, баруун 9-р хавирганы хугарал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зовхины гадна хэсэг, дээд уруулын дотор салстанд шарх, баруун чихний дэлбэнд цус хуралт, доод уруул дотор салсанд язралт, дээд үүдэн баруун 1-р шүдний хугарал, духны баруун болон гол хэсэг, баруун хацар, зүүн хөмсөгний гадна булан, зүүн хацар, зүүн шанаа, зүүн чамархай, эрүүний төвгөр, зүүн чихний ар хэсэг, баруун чихний дэлбэн, баруун шуу, баруун мөр, цээжний баруун ар хэсэг, зүүн бугалга, зүүн тохой, зүүн мөр, баруун шуунд зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсэгт урагдсан шарх, зүүн шанаа, зүүн чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн доод хэсэг, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун шуу, зүүн сарвуу, зүүн бугуйнд цус хуралт зэрэг гэмтлүүд үүссэн бөгөөд шүүгдэгч Э.Мыг өглөө 00:00 цагт гэрч О.Ө, О.Отгон-Үжин нар орж сэрээсэн байна.

Энэ нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, дээр дурдагдсан баримтаас: хэргийн газрын үзлэгийн фото зураг, эд мөрийн баримтаар хураагдсан сиди дэх бичлэг, шүүгдэгч Э.Маас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би 19-ний орой ажлаа тараад 8 цагийн үед пабад орж суусан. 9 шил пиво уусан, 5000 төгрөг үлдсэн. Урьд нь хамт ажилладаг байсан А-д очиж пиво аваад, зээлээр архи авч уусан. Би тэр үед бараг 10 гаруй шил пиво, 200-300 грамм цагаан архи уусан, нэлээн согтолттой байсан., гэрч О.Аос мэддүлсэн: ..М найз нь ганц нэг пиво ууя, аль эсвэл хэдэн грамм цагаан юм байсан ч яахав, цалингаа буухаар мөнгийг нь өгчихье” гэж хэлээд 100 грамм авъя гэхээр нь би согтчихож магадгүй гэж бодоод 50 грамм хийж өгсөн, ахиад 100 грамм гээд байхаар нь 50 граммаар 3 удаа хийж өгсөн, нийт 150 грамм архи уусан. би Мтай 04 цаг өнгөрч байхад пабаас гараад яг үүднээсээ таксинд суулгаж явуулахаасаа өмнө “маргааш яриарай, болгоомжтой яваарай” гэж хэлээд явуулсан., гэрч О.Өоос мэдүүлсэн шөнө 05 цаг 13 минутын үед миний гар утасны 88871767 дугаарлуу 89511212 дугаараас ээжийн төрсөн ахынх нь дагавар хүүхэд болох М надруу залгаад “хоолны мах авья” гэж хэлэхээр нь “юу яриад байгаа юм, өглөө бол” гээд би гар утсаа тасалсан. 05 цаг 24 минутын үед над руу дахиж залгахаар нь утсаа авсан чинь “мах авья” гэхээр нь “өглөө бол, ээж сэрчүүл буцаж унтахгүй” гэж хэлээд гар утсыг нь таслалгүй сонсож байхад М ах “М ах руу дайраад пизда минь босоод ир” гээд агсан тавиад байгаа нь сонсогдоод байсан ба 2 минут ярьж сонсож байгаад би гар утсаа тасалсан., гэсэн мэдүүлгүүдээр,

Талийгаач Б.М нь тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн зулайн орой хэсэг, зүүн чамархайн дэлбэн, баруун, зүүн тал бөмбөлгийн ховил завсар, баруун духны дэлбэн, зүүн духны дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт гэмтлийн улмаас нас барсан болох нь шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.М нь би их архи ууж согтсон байсан учраас гэртээ очоод юу болсон болохыг мэдэхгүй байна. Би энэ хэргийг хийв үү, өөр хүн хийсэн мэдэхгүй байх тул мэдмээр байна, өглөө сэрээд цагдаатай уулзахад миний гар, хумсыг харсан. Ямар нэг цус байгаагүй, гутлын мөр, архины шилийг шалгуулья” гэсэн гэсэн байр суурьтай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангуа, С.Ууганбаяр нараас “шүүгдэгч Э.М нь энэ хэргийг үйлдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Үүнд шүүгдэгчийн суусан таксиг олж шалгаагүй, амь хохирогчийн шүд буйлаар хугараад унасан гэдэг тэрийг олоогүй, хар куртик дээрх гутлын мөрийг шинжлэн судлаагүй, шүүгдэгч хохирогчийг яаж зодсоныг тогтоогоогүй” гэж маргасан ба яагаад Ө цогцос хараад яагаад айхгүйгээр фото зураг авав, амь хохирогч солгой гартай, солгой гартай хүн зүүн нүдэнд бус баруун нүдэнд цус хурна, зүүн нүдэнд хэн цус хуралт үүсэгсэн бэ, таксины жолооч магадгүй Мыг дээрэмдэвүү, шүүгдэгчийн нүдийг цохьсон байх магадлалтай, шүүгдэгчийн зүйлс цүнх, түрийвч хайчсан бэ, Хохирогчийн цус шүүгдэгчээс илрээгүй, хохирогч хэнтэй архи уусан бэ, Маас гадна хэн нэг хүн байна гэх зэргээр таамаг дэвшүүлж хэргийг цагаатгах байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон.

 

Гэвч энэ нь шүүх хуралдаанаар шинжлэн судалдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: гэрийн үүдний баруун талд улаан иштэй сүх., гэрийн зүүн урд талд цагаан өнгийн гал тогооны шүүгээний ард талд царгал өнгийн махны тавцан байсныг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж., гэсэн тэмдэглэл, биологийн шинжилгээ №1378-д ..сүх, махны гампанзад цус илэрсэн., гэх дүгнэлт, хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ № 3264-д: Мын биед дух зүүн шанаа, зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл байна. Энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэсэн дүгнэлт, гэрч О.Өоос мэдүүлэн ..би М ахын гар хөлөнд нь хүрсэн чинь хүйтэн байсан ба хөлийг нь нугалах гэсэн чинь хөшсөн байдалтай байсан. Тэгэхээр нь би М ахыг сэрээсэн чинь зүүн нүд нь хөхөрчихсөн хүзүү нь улайчихсан байдалтай байсан. 102-луу дуудлага өгсөн юм. Удалгүй 103-н эмч ирээд М ахыг үзсэн чинь нас барчихсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..А таксинд суулгаж өгсөн, манай гэр төв замаасаа нилээн өгсүүр байдаг тул би таксинаас доор л буусан байх гэж бодож байна. Тэгээд гэртээ орохдоо тэнцвэрээ алдаад зуухныхаа урд талыг налаад уначихсан чинь М босч ирээд би хэдэн цагт ирээд байгаа юм бэ?, Зуух хазайлагачихлаа гээд загнаад л байсан. Би тухайн үед нилээд согтсон байсан болохоор юу яриад байсныг нь санахгүй байна. ..Миний зүүн талын нүдийг талийгаачийг л цохисон байх гэж бодож байна. Намайг цохисон бол би түлхэх ч юм уу ямар нэгэн хариу үзүүлэх байхаа..” гэсэн мэдүүлэг, гэрч О.Аос мэдүүлсэн: Гарахынхаа үед өлсөөд байна гэхээр нь хиам шараад будаатай, саладтай өгсөн боловч ерөөсөө амсаагүй.. гэсэн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, нэмж шалгах зүйлгүй, хэрэгт хамаарал бүхий яллах болон цагаатгах баримтыг цуглуулсан гэж үзлээ.

Иргэдийн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч эцсийн болгож үг хэлсэний дараа шүүгдэгч Э.М нь гэсэн гаргаж Б.Мыг алсан гэм буруутай гэсэн санал гаргасан нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үндэслэсэн зөв санал гаргажээ.

Иймд шүүгдэгч Э.Мыг нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 аас 06 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 2-1606б тоотод нэг гэрт хамт амьдарч байсан Б.Мтай “оройтож ирлээ, зуух хазайлгалаа, хоол ундгүй байна” гэж маргалдан улмаар сүхний иш, мах өшиглөх тавцан мод зэргээр зодсож Б.Мт тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн зулайн орой хэсэг, зүүн чамархайн дэлбэн, баруун, зүүн тал бөмбөлгийн ховил завсар, баруун духны дэлбэн, зүүн духны дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт гэмтэл үүсгэн, түүнийг алсан болох нь тогтоогдсон гэж үзээд шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оаас талийгаач Б.Мыг оршуулсан оршуулгын зардал 13.417.655 төгрөг, өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагвад төлсөн хөлс болох 2.000.000 төгрөг, нийт 15.417.655 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн. Хохирогч өмгөөлөгч авах, эс авах нь сайн дурын асуудал бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож талийгаачийг оршуулахад гаргасан зардал болох 13.417.655 төгрөгийг шүүгдэгч Э.Маас гаргаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.От олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхээс шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.От 13.417.655 төгрөгийг төлөх төлбөртэй болохыг тогтоосны дараа шүүгдэгч гэм буруугаа хүлээж хохирогчоос нэхэмжилсэн хохиролыг төлөхөө илэрхийлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-д заасан завсарлага авахыг хүссэн тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч ажлын 5 хоног шүүх хуралдааныг  завсарлуулсан. Энэ хугацаанд шүүгдэгч, түүний ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2.000.000 төгрөг төлж үлдэх төлбөрийг цаашид төлөхөө илэрхийлсэн тул төлөх төлбөрийн хэмжээг 11.417.655 төгрөгөөр тогтоолоо.

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч болон талийгаач нарын хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдэх үед аль аль нь согтуурсан байсан бөгөөд хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд харгалзах нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь судлан дүгнэж, шүүгдэгчид дээрхи хуульд заасан хорих ялын хэмжээг 9 жилийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч  Э.М нь 2022 оны 02 сарын 20-ны өдрөөс эхлэн нийт 214 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаарган үлдээх, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мын цагдан хоригдсон 214 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Маас 11.417.655 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын...тоотод оршин суух Б.От олгуулсугай.

 7. Шүүгдэгч Э.Мын бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР

 

                                   ШҮҮГЧИД                            П.АРИУНБОЛД

 

                                                                                       Д.СУВД-ЭРДЭНЭ