| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2018/03918/и |
| Дугаар | 184/ШШ2019/00374 |
| Огноо | 2019-01-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 184/ШШ2019/00374
2019 оны 01 сарын 31 өдөр Дугаар 184/ШШ2018/00374 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо, орбитын 73-28 тоот хаягт оршин суух Боржигин овогт М.Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо, Москва хороолол 143 дугаар байр 69 тоот хаягт оршин суух Сартуул овогт Б.Б холбогдох
”Гэрлэлт цуцлуулах,хүүхдийн асрамж тогтоолгох ” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б,нарийн бичгийн даргад С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: Миний бие Б.Бтэй 2001 онд танилцаж 2002 оноос хамтран амьдарч 2007 оны 3 сарын 26-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Ууган охин Б овогтой М 2002 оны 12 сарын 12-ны өдөр төрсөн. Отгон хүү Б овогтой Б 2004 оны 6 сарын 21-нд төрсөн. Бид 2007 онд Чех улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явсан. Чех улсад ажиллаж, амьдарч байхдаа бид маргалдсанй улмаас эхнэр Б.Б нь хамт ажиллаж амьдрах хүсэлгүй байгаагаа илэрхийлэн 2008 онд Монгол улс руу буцсан. М.Б миний бие 2008 оноос Бельги улсад шилжин ажиллаж байгаад 2018 онд Монгол улсад ирсэн. Энэ хугацаанд 2009 онд хүү Б.Бийг Бельги улс руу өөр дээрээ аваад хүүгээ сургуульд оруулж, одоо хүү минь Бельги улсын /ASO scheppers mechelen/ дунд сургуулийн 8 дугаар ангид суралцаж байгаа. Бид 10 жил тус тусдаа амьдраад байгаа юм. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид ярилцан зөвшилцсөнөөр охин Б.Мг ээж Б.Б асран халамжилахаар шийдсэн. Бидэнд ямар нэгэн тэтгэлэг болон өмчийн маргаан байхгүй учир бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б овогтой Б миний бие нөхөр М овогтой Бтэй 2007 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Нөхө М.Б нь Бельги улсад ажиллаж амьдраад 10 гаруй жил болсоноор бид олон жил тусдаа амьдарсанаар салах болсон. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон тул гэр бүл цуцлан шийдвэрийг гаргаж өгнө үү. Бид ямарваа нэг эд хөрөнгө, тэтгэмжийн маргаангүй болно. Охин Б.Мг ээж Б.Б миний бие, хүү Б.Бийг эцэг М.Б асран халамжилахаар зөвшилцсөн. Иймд бидний гэр бүл цуцлалтыг шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Боржигин овогт М.Б нь хариуцагч Сартуул овогт Б.Бадамцэцэгт холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: гэрлэгч М.Б, Б.Б нар нь 2001 онд танилцаж 2002 оноос хамтран амьдарч байгаад 2007 оны 03 дугаар сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 919 дугаарт бүртгүүлж гэрлэлтээ батлуулсан ба 2002 оны 12 дугаар сарын 12-нд охин Б.М, 2004 оны 06 дугаар сарын 21-нд хүү Б.Б нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрөлт бүртгэлийн гэрчилгээ, зохигч нарын тайлбар, хүүхэд сургуульд суралцаж байгаа тухай сургуулийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар бол гэрлэгчид нь 2008 оноос хойш хоёр тусдаа амьдарч байгаа бөгөөд нөхөр М.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 14-нд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй, дуусгавар болсон тул гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШЗ2018/13863 дугаартай захирамжаар гэрлэгчдэд 2 сар хүртэлх эвлэрэх хугацаа өгч тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хэргийг шилжүүлсэн боловч 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 35 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгож шүүхэд ирүүлжээ.
Гэрлэгчид нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан,цаашид эвлэрч амьдрах боломжгүй бөгөөд одоо нэхэмжлэгч, хариуцагч тусдаа амьдарч байгаа, хариуцагч нь хамтран амьдрагчтай болсон, гэрлэлт цуцлуулах шаардлагад маргаагүй, талууд эвлэрч амьдрах хүсэлгүй байх тул хуульд зааснаар дахин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлав.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар талууд хүүхдүүдийн асрамжийн асуудлаар харилцан тохиролцож охин Б.Мг эх Б.Бийн асрамжинд, хүү Б.Бийг эцэг М.Бгийн асрамжинд хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгч М.Бгийн гэрлэлт цуцлуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт М.Б,Сартуул овогт Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2002 оны 12 дугаар сарын 12-нд төрсөн охин Б.Мг эх Б.Бийн, 2004 оны 06 дугаар сарын 21-нд төрсөн хүү Б.Бг эцэг М.Бгийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.
3.Зохигчид хүүхдийн тэтгэлэгийн асуудалд харилцан тохиролцсон, эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар М.Б, Б.Б нар нь гэрлэлтээ цуцлуулсан ч энэ хуулийн 26.2 дахь хэсэгт заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор зохигч нарын гэрлэлтийг бүртгэсэн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ