Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/319

 

 

 

 

        

   2022       11            04                                        2022/ШЦТ/319

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Ч.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-т  холбогдох эрүүгийн 2238000000599 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б- нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 багт байрлах “Хөх даваа” гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Я.Б-г үл ялих зүйлээр шалтаглаж хөл рүү өшиглөж зүүн гуянд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000599 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч Ч.Б- нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 багт байрлах “Хөх даваа” гэх газар хохирогч Я.Б-г үл ялих зүйлээр шалтаглаж хөл рүү өшиглөж зүүн гуянд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б-ийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Я.Б-гийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ч.Б- гэрт орж ирээд цулбуураар толгой хэсэг рүү ороолгохоор нь тархиа бариад хойш суутал дахин зүүн талын гуя хэсэг рүү өшиглөсөн. Уучлалт гуйх болов уу гэж хүлээгээд ирэхгүй байхаар нь Ч.Б-т хөлөө үзүүлэхэд Я.Б- эгч уучлаарай танай гэрт өдөр очно гэж хэлээд ирээгүй юм гэсэн. Миний хувьд нас дээр гарсан төрсөн эгч Я.Д-гийн хамт амьдраад 30 гаруй жил болж байна. Бид хоёр хүргэн Б-ы үр хүүхдүүдэд туслаад л амьдардаг юм. Миний хувьд 67 нас хүрч байна. Манай нутаг усны хүмүүс мэднэ хүнд ямар нэгэн гэм хоргүй л явлаа тэгэхэд ийм нас дээр гарсан хоёр хүнийг ямар ч шалтгаан нөхцөл байхгүй хэр нь зодож танхайрч биед минь гэмтэл учруулсанд маш их гомдолтой байна. Үүнээс үүдээд миний даралт тогтворгүй болсон, зүрх байнга савлаад байгаа. Би их айсан юм. ...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Мөрөн сум орж эмнэлгээр явахад 200.000 төгрөг орсон юм. Аймаг сум хооронд болон хөдөөнөөс сум орох зэрэг ажлуудад замын зардал 100.000 төгрөг орсон. Цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул хэдэн төгрөг орох талаар мэдэхгүй байна. Одоогийн байдлаар 300.000 төгрөг зарцуулсан байгаа. Энэ хүн ийм асуудал гаргаагүй байсан бол юунд л ингээд явах бил ээ. Эдгээр гаргасан зардлыг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,

Гэрч Я.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн үед Шинэ-Идэр сумын 1 дүгээр багт байрлах Хөх даваа гэх гэдэг газар гэртээ байж байтал бэлчээрт байсан мал хөөгөөд гэрийн гадна хүн оруулаад ирсэн юм. Манай төрсөн дүү Я.Б- нь хэн мал оруулж ирэв гэж харах гээд үүдээр гарах гэтэл урдаас нь хаалга онгойлгож 2-оос 3 давхарласан морины цулбуураар Ч.Б- нь манай дүүг ороолготол хойшоо толгойгоо дараад суусан юм. Гэтэл дахин гуя хэсэг рүү өшиглөтөл орилоод уйлаад унасан. Би баруун талын орон дээрээс дүүг минь аллаа гэж орилон босож ирээд дундуур нь ороод салгасан юм. Тэгээд юу ч дуугаралгүй гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 487 дугаартай: “1. Я.Б-гийн зүүн гуянд зөөлөн эдийн няцрал, цус хуралт тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Я.Б-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх 2022 оны 09 дүгээр сарын 08-нд үүссэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ч.Б-ийн өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ... Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар бүгдийг үнэн зөв ярьсан тул надад дахин ярих шаардлага байхгүй. Би тухайн үед юм идээгүй байх үедээ нэг шанага монгол архи уугаад салхинд цохиулаад их согтсон байсан, тухайн үед болсон явдлыг санахгүй байгаа. Я.Б- эгчтэй дараахан талд нь таарахад “чи намайг яагаад зодож байгаа юм” гээд зүүн гуяа харуулахад хөхөрчихсөн байсан, би хариуд нь согтсон байна лээ, намайг уучлаарай гэж хэлсэн. Хөгшин хүн юу гэж худлаа ярихав дээ, би л тийм зүйл хийсэн болохоор надад гомдоод тэгж хэлсэн нь ойлгомжтой. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар тал/ зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Я.Б-, гэрч Я.Д- нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ч.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Ч.Б- нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 багт байрлах “Хөх даваа” гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Я.Б-г үл ялих зүйлээр шалтаглаж хөл рүү өшиглөж зүүн гуянд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Я.Б-гийн биед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүүн гуянд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Ч.Б-ийн хөлөөрөө өшиглөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ч.Б-ийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ч.Б-, түүний өмгөөлөгч Б.Батдорж нар нь гэм буруу дээр маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б- нь хохирогч Я.Б-д 300.000 төгрөгийг төлж, хохирол нөхөн төлж барагдуулсан талаарх 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг гарган өгч байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Б-ийг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт “...гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, болсон үйл явдлыг санахгүй байна” гэж мэдүүлж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.

Хавтаст хэргийн 50-55 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ч.Б-  нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ... оршин суудаг, малчин, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.Б-ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2238000000599 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ийг 1.200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2238000000599 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР