Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2021/0002/З |
Дугаар | 125/ШШ2021/0020 |
Огноо | 2021-09-23 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 125/ШШ2021/0020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш.Ч -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч : Ховд аймгийн Дотоод аудитын хорооны дарга, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Г.Ө нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар "Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн шалгалтын дүнг батлах тухай" тогтоолын Ш.Ч -д холбогдох хэсгийг, Ховд аймгийн Санхүүгин хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01/44 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актыг, 35-01-45 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актын Ш.Ч -д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ч , хариуцагч Г.Ө , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Р нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Г.Ө , тус албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Ц нар нь Ховд аймгийн Жаргалант сумын 6 цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, улсын ахлах байцаагчийн акт тогтоосон. Улсын ахлах байцаагч нарын актыг тус Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар цэцэрлэгийн ажилтнууд эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн сайд, санхүүгийн хяналт, шалгалтын улсын ерөнхий байцаагч Ч.Х -т хандаж гомдол гаргасан. Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ерөнхий байцаагчаас Ховд аймгийн Жаргалант сумын 6 цэцэрлэгийн ажилтнуудаас гаргасан гомдлыг хянан шийдвэрлээгүй албан ёсоор хариу ирүүлээгүй байна. Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн актыг эс зөвөөрч улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан талаар Ховд аймгийн Дотоод аудитын хорооны хуралд тайлбарласаар байхад хүчин төгөлдөр болоогүй улсын ахлах байцаагчийн актыг баталж, улмаар Ш. Ч миний албан тушаалыг бууруулах арга хэмжээ тооцохыг Жаргалант сумын Засаг дарга Ц.Ц -т даалгасан.
Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар тогтоолын 2 дахь заалтад дурьдсан "төсвийг анхан шатны хуурамч баримтаар зориулалт бусаар хэтрүүлсэн зарцуулсан" гэж дурдсан нь бодит байдалд нийцэхгүй зорилгодоо нийцээгүй, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Иймдээ ч Ш.Ч миний бие Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Г.Ө , тус албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Ц нарын актад гарын үсэг зуралгүйгээр эс зөвшөөрч санхүүгийн хяналт, шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т "Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон зүйл, заалтыг тодорхой заана" гэжээ. Гэтэл Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар тогтоолын 2 дахь заалт нь хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн хууль хэрэглээний алдаатай захиргааны акт байна. Учир нь дээрх тогтоолд үндэслэл болгосон Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5. "Дотоод аудитын дүрэм"-ийн 7.6. "Дотоод аудитын хорооны дүрэм"-ийн 3.6. 4.1.2 дахь заалтууд нь "төрийн албан хаагчийн албан тушаалыг бууруулахыг томилох эрх бүхий этгээдэд даалгах" харилцааг зохицуулаагүй байна.
Хүний үндсэн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын хязгаарлах нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн нийтлэг зарчим. Гэтэл Ховд аймгийн Дотоод аудитын хороо нь хуулиар бус Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын тушаалаар батлагдсан журмаар Ш.Ч миний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчих үр дагавар бүхий тогтоол гаргасан нь дээрх зарчимд нийцэхгүй. Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар тогтоолын улмаас Ш.Ч миний хөдөлмөрлөх, цалин хөлс зөрчигднө.Учир нь Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар тогтоолы Жаргалант сумын Засаг даргад хүргүүлж, Ш.Ч миний албан тушаалыг бууруулахыг шаардаж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг. Иймд Ш.Ч миний Ховд аймгийн Дотоод аудитын хороонд холбогдо нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхийг хүсье. Ховд аймгийн Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг Ховд аймгийн Засаг даргын захирамжаар баталан. Уг хорооны тогтоолд гарын үсэг зурж албажуулсан албан тушаалтан нь Ховд амйгийн Засаг дарга Б.Д тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжгүй гэж үзэн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан болно гэжээ.
Хариуцагч Г.Ө шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг даргын удирдамжаар төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Төлөвлөгөөт хяналт шалгалтаар хүүхэд бүрийн нэг өдрийн хоолны зардлыг 2018 онд 1913555 төгрөг, 2019 онд 6006464 төгрөг, бүгд 7920019 төгрөгөөр хэтрүүлэн хэрэглэсэн. Үүнээс 2018, 2019 онуудад хүүхдийн баярын бэлэг, ажилчдын тортны үнэ болон бусад санхүүгийн анхан шатны баримттай 2394147 төгрөгийг хасч үлдсэн 5525872 төгрөгийг Ш.Ч -ээр 4942665 төгрөгийг, нягтлан бодогч Б.А -аар 583208 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон.
Дотоод аудитын хорооноос албан тушаалыг бууруулах санал гаргасан ба Ш.Ч нь өөрийн хамаарал бүхий этгээдийг ажилд авч 4 сар гаруй ажиллуулж төсөв хэтрүүлсэн тул төсвийн шууд захиран зарцуулагчийг албан тушаалаас нь халах санал гаргасан боловч Засаг даргын зүгээс албан тушаалыг бууруулах санал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааны зөрчиж цалин олгосон. Ажилтанд ажил хийсэн цагаар, ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилж олгодог. 6-9 сард ажиллаагүй хүнд цалин олгосон тул эрх бүхий албан тушаалтан болох Ш.Ч буруутай гэж үзэж байна.
Мөн санхүүгийн анхан шатны баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн нь Нягтлан бодох бүртгэлийн 13.1, 13.5, 13.6, 13.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн буруутай гэж үзэж байна. Цэцэрлэгийн эрхлэгч буюу төсвийн шууд захирагч нь төсвийг хэтрүүлэн зарцуулсан. Өргүй зардал гэдэгт төсвийн шууд захирагч нь төсвийг хэтрүүлсэн зарцуулсан тул өргүй зардал гэж үзсэн. Албан бичгээр Ерөнхий байцаагчийн гарын үсэгтэй актыг хэвээр үлдээх тухай албан баримтыг ирэхэд нь нэхэмжлэгчид хүргүүлсэн. Хүүхдийн хоолны зардлаас Сангийн сайдын 73 дугаартай журмын дагуу саналаа санхүү төрийн газар руу явуулж төсвийг зөв зохистой хэрэглээгүй. Таны гаргасан шийдвэрээр ажилчид бус тухайн шийдвэр гаргагч нь хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг ойлгох нь зүйтэй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дотоод аудитын Улсын байцаагчийн акт нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Аудитын газрын дарга нь ажлаас чөлөөлөх хүсэлтийг гаргасан. Бидний зүгээс нэгжийн дарга олонхийн саналаар албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж тогтоол гаргасан. Улсын байцаагч актыг гаргаж тус актыг Сангийн сайд хянаж хуульд нийцсэн байна. Актыг албан хаагчид оногдуулсан актыг төсвийн шууд захиран зарцуулагч, нягтлан нарт актыг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Дотоод аудитын хорооноос хуралдаж эрх бүхий албан тушаалтанд *******г албан тушаалаас нь бууруулах үүргийг эрх бүхий албан тушаалтан өгөхөөр тогтоол гаргасан. Сангийн сайд нь Дотоод аудитын актыг хууль ёсны акт гэдгийг илэрхийлсэн. Дотоод аудитын хорооноос гаргасан хамтын шийдвэр буюу албан тушаалаас нь бууруулахыг даалгасан тогтоол нь хуульд нийцсэн.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ч нь Ховд аймгийн Дотоод аудитын хорооны даргад холбогдуулан Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар “Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн шалгалтын дүнг батлах тжхай” тогтоолын Ш.Ч -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Г.Ө -д холбогдуулан Ховд аймгийн Санхүүгин хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01/44 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах, 35-01-45 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актын Ш.Ч- д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.[1]
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч нарын тайлбар зэргийг үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төлбөр тогтоосон актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.
1. Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар “Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн шалгалтын дүнг батлах тухай” тогтоолын Ш.Ч -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Г.Ө баталсан удирдамжийн[2] дагуу Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Г.Ө , санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Г.Ц нар Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн 2017-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчилд
Улмаар аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг хэлэлцэж Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн шалгалтын дүнг батлах тухай” 18 дугаартай тогтоолыг баталжээ.
Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн шалгалтын дүнг батлах тухай” 18 дугаартай тогтоолоор[14]
1.Шалгалтаар нийт 12748457 төгрөгийн төлбөр илэрч, 1387711 төгрөгийг байгууллагаас нөхөн олгуулахаар, 11360746 төгрөгийг орон нутгийн төсөвт оруулахаар шийдвэрлэж, улсын ахлах байцаагчийн акт тогтоосныг баталж,
2.Зөрчил гаргасан Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн .... төсвийг анхан шатны хуурамч баримтаар зориулалт бусаар, хэтрүүлэн зарцуулсан эрхлэгч Ш.Ч албан тушаалыг бууруулах арга хэмжээ тооцож хариу мэдэгдэхийг Жаргалант сумын Засаг дарга Ц.Ц -д даалгажээ.
Нэхэмжлэгч талаас Дотоод аудитын хорооны 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 18 дугаартай тогтоол нь хүчинтөгөлдөр болоогүй актыг баталсан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч хорооны хурал хүчинтөгөлдөр, аудитын актаар тогтоогдсон зөрчилд албан тушаал бууруулах арга хэмжээ авахуулахаар тогтоолоор баталсан гэсэн тайлбар гаргасан байна.
Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна гэж заасан ба мөн хуулийн 69.5-д Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батлахаар зохицуулсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар Дотоод аудитын дүрмийг баталжээ.
Уг дүрмийн 4.12-т Төсвийн ерөнхийлөн захирагч дэргэдээ Дотоод аудитын хороотой байж болох бөгөөд хороог тухайн төсвийн ерөнхийлөн захирагч даргална гэж 4.13-т Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг төсвийн ерөнхийлөн захирагч, хорооны дүрмийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заажээ.
Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 29 дүгээр тушаалын хавсралтаар Дотоод аудитын хорооны дүрмийг баталсан байна.
Дүрмийн 3.1-д хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна, 3.6-д ... Хурлаас гарах шийдвэр нь хорооны тогтоол байна., 4 дэх хэсэгт Дотоод аудитын хорооны эрх, үүргийг заасан байх ба 4.1.2-т Дотоод аудитын нэгжийн гүйцэтгэсэн аудитын үр дүнг хэлэлцэх, шийдвэр гаргах, зөвлөгөө өгөх эрх үүргийг хэрэгжүүлэхээр заасан байна.
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36-д төсвийн ерөнхийлөн захирагч гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг; 4.1.49-д дотоод аудит гэж төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг ойлгохоор, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.10-д зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тус тус заасан байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3.З-д Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг даргын хяналт шалгалт, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон мэргэжлийн хяналт, түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж, мөн хуулийн 8.1.1-д Бүх шатны Засаг дарга хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулжээ.
Төсвийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтуудаас үзэхэд аймгийн Засаг даргаас хянан шалгах эрхээ хэрэгжүүлэхэд Дотоод аудитын хороо нь оролцож харьяа төрийн байгууллагуудын төсвийн зарцуулалтад хяналт тавьж тодорхой эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргах эрхийг эдэлснээр уг хорооноос гарах шийдвэр нь захиргааны актын шинжийг агуулж байна.
А.Дотоод аудитын хорооны хурлаар хүчинтөгөлдөр болоогүй актуудыг баталсан нь үндэслэлгүй гэх тайлбарын тухайд:
Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна гэж заасан ба мөн хуулийн 69.5-д Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батлана, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана гэжээ.
Өөрөөр хэлбэл дотоод аудитын хороо нь дээрх зүйлд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн буюу хүчинтөгөдөр болсон актыг хэлэлцэж баталгаажуулна.
Улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 35-01-257 “Үргүй залдал төлүүлэх тухай” актаар 1340900 төгрөгийг Ш.Ч нарын нэр бүхий 28 хүнээр төлүүлэхээр, 35-01-258 дугаартай “Үргүй залдал төлүүлэх тухай” актаар 5525872 төгрөгийг Ш.Ч нарын нэр бүхий 4 хүнээр төлүүлэхээр тус тус акт тогтоосон.
Дээрх актуудад Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн нэр бүхий ажилтнуудаас гомдол гаргасныг Монгол улсын сангийн сайд хянаад Сангийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 13-2/616 дугаартай албан бичгээр [15]
1.Цэцэрлэгийн эрхлэгчийн шийдвэрээр эх үрсийн баярын бэлэгт зарцуулсан зардлыг нийт багш, ажилчдаар эргүүлэн төлүүлэх нь үндэслэлгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-т “гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэсний дагуу улсын ахлах байцаагчийн 35-1-257 дугаартай актыг хүчингүй болгож, төсвийн шууд захирагчид хариуцуулан актыг дахин гаргах
2.Цэцэрлэгийн эрхлэгч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т “төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, нягтлан бодогч нь санхүүгийн баримтад 2 дугаар гарын үсэг зурж, төсвийн хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий албан хаагчид юм. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлаас зориулалт бусаар зарцуулсан зардлыг эргүүлэн төлүүлэх актад тухайн хөрөнгийг зарцуулсан асуудлаара шийдвэр гаргах эрхгүй нярав, тогооч нарт хамаатуулан хувь тэнцүүлэн төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар 98.1.2-т заасны дагуу улсын ахлах байцаагчийн тогтоосон 35-01-258 дугаартай актыг хүчингүй болгож, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн дагуу алдааг засаж, хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий хүмүүст хамаатуулан адхин акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн байна.
Дээрхээс үзвэл аймгийн Дотоод аудитын хорооны хурлаар баталсан 35-01-257, 35-01-258 дугаартай актууд нь тухайн хурал болох үед хүчинтөгөлдөр болоогүй, нэхэмжлэгч нь нэр бүхий хүмүүсийн хамт Монгол улсын сангийн сайдад гомдол гаргасан байсан болох нь тогтоогдож байна.
Мөн Ш.Ч нь дотоод аудитын хорооны хуралд оролцсон бөгөөд дээд шатны байгууллагад актуудтай холбоотой гомдол гаргасан талаараа тайлбарласан байна[16].
Хариуцагчийн зүгээс дотоод аудитын хурлаар заавал хүчинтөгөлдөр актуудыг батална гэсэн зүйл байхгүй хэдий 2 акт хүчингүй болсон ч бусад актуудаар Ш.Ч -д зөрчил илэрсэн тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаар тушаалаар баталсан Дотоод аудитын хорооны дүрмийн 4 дүгээр зйлийн 4.1.2-т “Дотоод аудитын нэгжийн гүйцэтгэсэн аудитын үр дүнг хэлэлцэх, шийдвэр гаргах, зөвлөгөө өгөх” гэжээ.
Дээрхээс үзвэл Дотоод аудитын хороо нь Дотоод аудитын нэгжийн гүйцэтгэсэн аудитын үр дүнг хэлэлцэх, шийдвэр гаргах эрхтэй бөгөөд тодорхой эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргах эрхийг хэрэгжүүлэхэд хуулийн хүчинтөгөлдөр болсон шийдвэрт үндэслэсэн байх ёстой.
Гэвч нэхэмжлэгч Ш.Ч -г төсвийг анхан шатны хуурамч баримтаар зориулалт бусаар, хэтрүүлэн зарцуулсан талаар тавигдсан актууд хүчинтөгөлдөр болоогүй байхад ийнхүү улсын ахлах байцаагчийн актуудыг баталж, албан тушаал бууруулах арга хэмжээ авч хариу мэдэгдэхийг даалгаж шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн маргаан бүхийн актад Сангийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Дотоод аудитын хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтыг үндэслэл болгосон.
Гэтэл дээрх дүрмийг Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаар тушаалаар “Дотоод аудитын хорооны дүрэм”-ийг шинэчлэн баталсан байх ба энэ тушаал гарсантай холбогдуулан “Дотоод аудитын хорооны дүрэм батлах тухай” Сангийн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон байна.
Дээрх үндэслэлүүдээр Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар “Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн шалгалтын дүнг батлах тухай” тогтоолын Ш.Ч -д холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн шийдвэр гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дотоод аудитын хорооны тогтоолыг хүчингүй болгосон нь Ховд аймгийн Жаргалант сумын 6-р цэцэрлэгт хийгдсэн хяналт шалгалтын хүрээнд гарсан бие даасан захиргааны актууд болох Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн актуудад нөлөөлөхгүй болохыг тэмдэглэв.
2.Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01/44 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01/44 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актаар[17]Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлаас 2018 оны 6 сард эх үрсийн баяраар ажилтны нэг хүүхдэд 22300 төгрөгийн бэлэг, 12 сард ажилтан бүрд 18000 төгрөгийн нэг торт, 2019 оны 12 сард ажилтан бүрд 18000 төгрөгийн нэг торт бүгд 1340900 төгрөгийг норматив зардал болох хүүхдийн хоолны зардлаас зарцуулж, зориулалт бус зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 16.5.6 дахь заалтыг зөрсөн тул үргүй зардал 1340900 төгрөгийг эрхлэгч Ш.Ч -ээр төлүүлэхээр акт тогтоожээ.
Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01/45 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актад 2018 онд 191355 төгрөг, 2019 онд 60006464 төгрөг, нийт 7920019 төгрөгөөр хэтрүүлэн зарцуулснаас ажилтанд өгсөн бэлэг, тортны үнэ 1340900 төгрөг, ... нийт 2394147 төгрөгийг баримтаар хасч тооцжээ.
Өөрөөр хэлбэл 1340900 төгрөгний бэлэг, торт нь баримтаар тогтоогдсон гэж үзэж 35-01-45 тоот актад төлбөрийн хэмжээнээс хасч тооцсон боловч дахин 1340900 төгрөгийн төлбөрийг Ш.Ч -гээр төлүүлэхээр акт тогтоож байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01/44 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
2. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01-45 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актын Ш.Ч -үүд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01/45 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актаар[18]
Шалгалтаар хүүхэд бүрийн нэг өдрийн хоолны зардлыг 2018 онд 1913555 төгрөг, 2019 онд 6006464 төгрөг, бүгд 7920019 төгрөгөөр хэтрүүлэн зарцуулснаас ... бүгд 2394147 төгрөгийг баримтаар хасч, үлдэх 5525872 төгрөгийг удирдах дээд байгууллагын тушаал, шийдвэргүйгээр зориулалт бус зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 16.5.6 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолын 4 дэх заалтыг зөрчсөн тул үргүй зардал 5525872 төгрөгийн 4942665 төгрөгийг эрхлэгч Ш.Ч -ээр төлүүлэхээр акт тогтоожээ.
Нэхэмжлэгч нь тухайн мөнгийг өөрийн урсгал зардалд зохицуулалт хийх эрхийн дагуу зөвхөн албан хэрэгцээ, цаг үеийн шинжтэй аймаг, сумаас зохион байгуулсан арга хэмжээнд зарцуулсан. Хувьдаа нэг ч төгрөгийн зарцуулаагүй гэж тайлбарлаж маргаж байна.
Нэхэмжлэгч нь хүүхэд бүрийн нэг өдрийн хоолны зардлыг 2018 онд 1913555 төгрөг, 2019 онд 6006464 төгрөг, бүгд 7920019 төгрөгөөр хэтрүүлэн зарцуулсантай, мөн уг мөнгийг зарцуулахдаа удирдах дээд шатны байгууллагаас зөвшөөрөл аваагүй талаар тайлбарладаг ба энэ талаар маргаагүй болно.
Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 6.6.2-т “төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх”, 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно, мөн Сангийн сайдын 2018 оны 134 дүгээр тушаалаар баталсан “Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийж журам”ын 3.1.6-д “Төсвийн тухай хуулийн 42.4-т заасны дагуу дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрлийг албан бичгээр авсан байх”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ш.Ч -г удирдах дээд шатны байгууллагын тушаал шийдвэргүйгээр зориулалт бусаар зарцуулсан мөнгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Гэхдээ улсын ахлах байцаагчийн төлбөр тогтоосон актад төлбөрийн хэмжээг 4942665 гэж тусгасан нь үндэслэлгүй байх тул төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч актаар тавигдсан 4942655 төгрөгийг дараах зүйлд зарцуулсан талаар тайлбарладаг.
1.Боловсрол соёл шинжлэх ухаан соёлын яамны хүмүүст цагаан идээгээр ширээ засахад 91000 төгрөгөөр ширээ зассан, Ховд аймгийн БСУГ-аас зохион байгуулсан Баруун таван аймагийн сургалтын багш нарын өрөөнд таваг засахад 55,000 төгрөгний помидор, тарвас тинго, бон бон чихэр 76500 төгрөг өөр авсан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Боловсролын хэвлэлийн албаны хүмүүст ширээ засахад вино жигнэмэг 20,097 төгрөг, помидор тарвас тингоны 36940 төгрөг зарцуулсан, 2019 оны 12 сарын 24-ны өдрийн А/23 тоот эрхлэгчийн тушаалын дагуу байгууллагын ажилтны 1 хүүхдэд 18,000 төгрөгөөр тооцож, Цагаан сараар байгууллагад идээ засахад тавгийн еэвэн, суурь еэвэн 32,000 төгрөгөөр авсан, Мартын 8-ны хүлээн авалтын таваг засах, Ховд БСУГ-ын үнэлгээний хүмүүст ширээ засах, Хичээлийн шинэ жилийн нээлтэд чихэр 70800 төгрөгөөр авсан, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/08 дугаартай эрхлэгчийн тушаалаар 521400 төгрөгийг “Нээлттэй хаалганы өдөрлөгт” оролцсон 158 хүүхэд урамшуулал олгох тушаалын ундаа, тараг нийт 521400 төгрөгөөр авсан, Солонгос багшийн зохион байгуулсан аймгийн хэмжээний өдөрлөгт 276800 төгрөг зарцуулсан, БСШУСЯ-наас хөрөнгө татахад 408000 төгрөг тээврийн хөлсөнд өгсөн, Цэцэрлэгийн тоног төхөөрөмж ачиж ирсэн хүмүүст цайнд 56000 төгрөг, Ховд аймгийн Боловсрол Соёл урлагийн газрын хүмүүст ширээ засахад 36000 төгрөг, 1-р хоолны тогооны тень солиход 50000 төгрөг, Говь-Алтай аймгийн 6-р цэцэрлэгийн хамт олон ирэхэд 133550 төгрөг, 2018 оны хичээлийн жилийн тайлан танилцуулах хоолны үзэсгэлэнд 200000 төгрөг, Дөргөн сумын цэцэрлэгийн ойд 50000 төгрөг, Ховд аймаг 3-р цэцэрлэгийн ойд 50000 төгрөг, Эрдэнэбүрэн сумын цэцэрлэгийн ойд 50000 төгрөг, БСШУСЯ-ны С.Б цэцэрлэгийн үйл ажиллагаантай танилцахад 56000 төгрөгийг тус тус зарцуулсан гэж тайлбарлаж байна.
1. Боловсрол соёл шинжлэх ухаан соёлын яамны хүмүүст цагаан идээгээр ширээ засахад 91000 төгрөгөөр ширээ зассан болох 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 180 дугаартай төлбөрийн хүсэлт[19], Алтай оргил буянт ББН-ийн дансанд цагаан идээний үнэ 91000 төгрөг шилжүүлсэн баримтаар, гэрч Б.А -ийн мэдүүлгээр[20]
2. Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас зохион байгуулсан Баруун таван аймгийн сургалтын багш нарын өрөөнд таваг засахад 131500 төгрөгний тарвас, тингуа авсан болох нь 2019 оны 10 сарын 29-ны өдрийн 151 тоот төлбөрийн хүсэлтээр[21] “СХУ” ХХК-ны дансанд 55,000 төгрөгний помидор тарвас тингуаны үнэ, мөн өдрийн 148 дугаар төлбөрийн хүсэлтээр[22] АОБ ББН-ийн данс руу бон бон чихэрний үнэ 76500 төгрөг шилжүүлсэн баримтаар, гэрч Б.А -гийн мэдүүлгээр
3. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Боловсролын хэвлэлийн албаны хүмүүст ширээ засахад 57037 төгрөг зарцуулсан болох нь 2019 оны 10 сарын 29-ны өдрийн 150 дугаартай төлбөрийн хүсэлтээр[23] НТТ ХХК-ны дансруу вино жигнэмэгний үнэ 20,097 төгрөгийг, 2019 оны 10 сарын 28-ны өдрийн 146 дугаартай төлбөрийн хүсэлтээр[24] СХУ ХХК-руу 36940 төгрөгний помидор тарвас тингоны үнийг шилжүүлсэн баримтаар, гэрч Б.А -гийн мэдүүлгээр,
4. 2018 онд Цагаан сараар байгууллагад идээ засахад 32000 төгрөг зарцуулсан болох нь 2018 оны 02 сарын 26-ны өдрийн 28 тоот төлбөрийн хүсэлтээр[25] “ИД” ХХК-руу тавгийн еэвэн, суурь еэвэнгийн үнэ 32,000 төгрөгийг шилжүүлсэн баримтаар, гэрч Б.А -ийн мэдүүлгээр
5. Мартын 8-ны хүлээн авалтын таваг засах, Ховд БСУГ-ын үнэлгээний хүмүүст ширээ засах, Хичээлийн шинэ жилийн нээлтэд 70800 төгрөг зарцуулсан болох нь 2019 оны 10 сарын 29-ны өдрийн 145 тоот төлбөрийн хүсэлтээр[26] АО ББН-руу чихэрний үнэ 27,600 төгрөг, 2019 оны 10 сарын 28-ны өдрийн 144 тоот төлбөрийн хүсэлтээр[27] АО ББН-руу чихэрний үнэ 43,200 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримтаар, гэрч Б.А -гийн мэдүүлгээр
6. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/08 дугаартай эрхлэгчийн тушаалаар 521400 төгрөгийг “Нээлттэй хаалганы өдөрлөгт” оролцсон 158 хүүхэд урамшуулал олгох тушаалын дагуу 521400 төгрөг зарцуулсан болох нь Ховд аймгийн Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/08 дугаар “Хөрөнгө зарлагадах тухай” тушаал[28], 2019 оны 05 сарын 27-ны өдрийн 71 тоот төлбөрийн хүсэлтээр[29] НТТ ХХК-руу ундаа, тарагны үнэ 521400 төгрөг шилжүүлсэн баримт болон гэрч Б.А -ийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Харин Солонгос багшийн зохион байгуулсан аймгийн хэмжээний өдөрлөгт 276800 төгрөг зарцуулсан гэх боловч гэрч Б.А -ийн мэдүүлэг болон 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 59 дугаар орлогын баримтаар[30]нэг удаагийн сэрээ, аяга, хүнсний скочны үнэ 26000 төгрөг шилжүүлсэн баримтаар 26000 төгрөг зарцуулсан болох тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ш.Ч нь дээрх нийт 929737 төгрөгийг дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрлийг албан бичгээр авалгүйгээр зарцуулсан болохоо тайлбарладаг боловч анхан шатны санхүүгийн баримттай 929727 төгрөгийг төлбөр тогтоосон актын төлбөрөөс хасах нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч нь
1.БСШУСЯ-наас хөрөнгө татахад 408000 төгрөг тээврийн хөлсөнд өгсөн зарцуулсан талаар тайлбарлах боловч 2019 оны 09 сарын 23-ны өдрийн 110 дугаартай төлбөрийн хүсэлтээр[31] махны үнэ 408,000 төгрөгийг Жаргалант шанд ХХК- руу шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл төлбөрийн хүсэлтийн зориулалт өөр байх тул тээврийн хөлсөнд 408000 төгрөгийг зарцуулсан гэх тайлбар үндэслэлгүй байна.
2.1-р хоолны тогооны тень солиход 50000 төгрөг зарцуулсан гэх боловч 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 161 дугаартай төлбөрийн хүсэлтээр[32] буузны жигнүүрний тень шилжүүлсэн байна. Төлбөрийн хүсэлтээр 2020 оны төсвөөс тухайн 50000 төгрөг гарсан байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Учир нь төлбөр тогтоосон актаар 2018, 2019 оны төсвийн зарцуулалтад хяналт шалгалт явуулсан тул уг төлбөрийг хасч тооцох үндэслэлгүй юм.
Мөн цэцэрлэгийн тоног төхөөрөмж ачиж ирсэн хүмүүст цайнд 56000 төгрөг, Ховд аймгийн Боловсрол Соёл урлагийн газрын хүмүүст ширээ засахад 36000 төгрөг, Говь-Алтай аймгийн 6-р цэцэрлэгийн хамт олон ирэхэд 133550 төгрөг, 2018 оны хичээлийн жилийн тайлан танилцуулах хоолны үзэсгэлэнд 200000 төгрөг, Дөргөн сумын цэцэрлэгийн ойд 50000 төгрөг, Ховд аймгийн 3-р цэцэрлэгийн ойд 50000 төгрөг, Эрдэнэбүрэн сумын цэцэрлэгийн ойд 50000 төгрөг, БСШУСЯ-ны С.Б цэцэрлэгийн үйл ажиллагаантай танилцахад 56000 төгрөгийг тус тус зарцуулсан гэж тайлбарлах боловч дээрх тайлбартай холбоотой санхүүгийн анхан шатны баримтууд байхгүй болохоо нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч тайлбарладаг тул актын төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй байна.
Иймд Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01-45 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актын Ш.Ч -д холбогдох хэсгийн төлбөрийг 929727 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дүгнэвэл Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар “Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн шалгалтын дүнг батлах тжхай” тогтоолын Ш.Ч-д холбогдох хэсгийг, Ховд аймгийн Санхүүгин хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01/44 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” акт зэрэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн байх тус тус хүчингүй болгож, Ховд аймгийн Санхүүгин хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01-45 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актын Ш.Ч-д холбогдох хэсгийн төлбөрийн хэмжээг 929727 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.6, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.6.2-д, 16 дугаар зүйлийн 16.5.5-д, 41 дүгээр зүйлийн 41.2.2-д, 42 дугаар зүйлийн 42.4-д, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар “Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн шалгалтын дүнг батлах тжхай” тогтоолын Ш.Ч-д холбогдох хэсгийг, Ховд аймгийн Санхүүгин хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01/44 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актыг тус тус хүчингүй болгож, Ховд аймгийн Санхүүгин хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01-45 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актын Ш.Ч-д холбогдох хэсгийн төлбөрийн хэмжээг 929727 төгрөгөөр багасгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ
[1] Хх-ийн 129 дэх тал
[2] Хх-ийн 170 дахь тал
[3] Хх-ийн 43 дахь тал
[4] Хх-ийн 52 дахь тал
[5] Хх-ийн 55 дахь тал
[6] Хх-ийн 58 дахь тал
[7] Хх-ийн 59 дэх тал
[8] Хх-ийн 61 дэх тал
[9] Хх-ийн 62 дахь тал
[10] Хх-ийн 63 дахь тал
[11] Хх-ийн 64 дэх тал
[12] Хх-ийн 71 дэх тал
[13] Хх-ийн 77 дахь тал
[14] Хх-ийн 29 дэх тал
[15] Хх-ийн 107-108 дахь тал
[16] Хх-ийн 38 дахь тал
[17] Хх-ийн 133 дахь тал
[18] Хх-ийн 134 дэх тал
[19] Хх2-ын 14-16 дахь тал
[20] Хх2-ын 32-35 дахь тал
[21] Хх1-ийн 239-241 дэх тал
[22] Хх1-ийн 242-244 дэх тал
[23] Хх2-ын 8-10 дахь тал
[24] Хх2-ын 11-13 дахь тал
[25] Хх1-ийн 225, 229 дэх тал
[26] Хх-1-ийн 245-247 дахь тал
[27] Хх1-ийн 248-250 дахь тал
[28] Хх1-ийн 232 дахь тал
[29] Хх1-ийн 233-235 дахь тал
[30] Хх2-ын 3 дахь тал
[31] Хх1-ийн 236-238 дахь тал
[32] Хх2-ын 22 дахь тал