Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 118/2024/0012/З |
Дугаар | 221/МА2024/0609 |
Огноо | 2024-09-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2024/0609
“Ц-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Н.И нар;
Нэхэмжлэгч: “Ц-Ө” ХХК
Хариуцагч: ЗАА-ийн АСЗД
Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Алдархаан сумын нутагт байрших А уул нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-022*** дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд “Ц-Ө” ХХК-иас 2023, 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа тус сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг даалгах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 118/ШШ2024/0037 дугаар шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Ж.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.А нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 118/2024/0012/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-иас ЗАА-ийн АСЗД-д холбогдуулан “Завхан аймгийн Алдархаан сумын нутагт байрших А уул нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-022*** дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд “Ц-Ө” ХХК-иас 2023, 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа тус сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг даалгах”-аар маргасан байна.
2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.8 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б давж заалдах гомдолдоо:
3.1. ...Шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И-ыг оруулж, мэтгэлцэх үндсэн эрхээр хангаагүй.
3.2. Завхан аймгийн үндэсний их баяр наадмын хурдан морины барианы газарт хайгуулын талбайтай (аймгийн баяр наадмын 6 нас морь барьдаг, наадамладаг газар учраас аймаг баяр наадмаа хийх боломжгүйд хүрч байна.)
3.3. Алдархаан сумын 8 айлын өмч хувьчлалаар авсан болон түүнээс хойш авсан өвөлжөөтэй давхцуулж олгосон.
3.4. Ард иргэдийн хаваржаа, өвөлжөө, бэлчээрийг оролцуулсан талбайтай учраас ард иргэдийн эсэргүүцэл маш их.
3.5. Төлөвлөгөөгөө стандартын шаардлага хангаагүй, байгаль орчны улсын байцаагчаар хянуулаагүй.
3.6. Засаг даргатай зөвшилцөж боловсруулах журамтай байтал сумын засаг даргатай зөвшилцөөгүй байгаа тул Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 01-ны өдрийн 118/ШШ2024/0037 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И давж заалдах гомдолдоо:
4.1. ....Шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И намайг оролцуулаагүй, манай багийн нутаг дэвсгэрт зөвшөөрөл нь олгогдсон байхад мэтгэлцэх үндсэн эрхээр хангаагүй.
4.2. Надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй, мөн шүүхийн шийдвэрийг ч мөн өгөөгүй, танилцуулаагүй, Ж.Б даргаас шүүхээс ямар шийдвэр гарсныг танилцаж энэхүү гомдлыг гаргаж байна. Малчин иргэд маш их эсэргүүцэж, надаар дамжуулан шүүх байгууллагад үзэл санаагаа хэлэх байсан.
4.3. Завхан аймгийн үндэсний их баяр наадмын хурдан морины барианы газарт хайгуулын талбайтай (аймгийн баяр наадмын 6 нас морь барьдаг, наадамладаг газар учраас аймаг баяр наадмаа хийх боломжгүйд хүрч байна.)
4.4. Алдархаан сумын 8 айлын өмч хувьчлалаар авсан болон түүнээс хойш авсан өвөлжөөтэй давхцуулж олгосон. Өвөлжөөний айлууд гомдолтой байдаг.
4.5. Ард иргэдийн хаваржаа, өвөлжөө, бэлчээрийг оролцуулсан талбайтай учраас ард иргэдийн эсэргүүцэл маш ихтэй тул Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 01-ны өдрийн 118/ШШ2024/0037 дугаар шийдвэрийг хүчин болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Маргааны зүйл нь нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын ХV-022*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2023, 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар гаргасан хүсэлтийг хариуцагч ЗАА-ийн АСЗД шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж маргаж байна.
3. Хариуцагчаас “...Тус газраар нутагладаг болон Алдар багийн иргэд нийтийн хурлаар дээрх асуудлыг 100%-ийн санал нэгтэйгээр эсэргүүцэл илэрхийлдгийн улмаас байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцжээ.
4. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 243 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, тусгай зөвшөөрөл олгох ажлын хүрээнд Завхан аймгийн Яруу, Алдархаан сумын нутаг Цахир уул нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК нь шалгарч улсын төсөвт 1 200 000 000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийг төлж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 25* дугаар шийдвэрээр Завхан аймгийн Алдархаан сумын А уул нэртэй 5632.00 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын ХV-022*** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр олгожээ. Хариуцагчаас энэхүү тусгай зөвшөөрөл олгосон талаарх үйл баримттай маргадаггүй.
5. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ”, 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах,”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах,”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж,
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална.” гэж Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнахтай холбогдсон харилцааг хуульчлан зохицуулжээ.
Мөн дээрх хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, батлах, тайлагнах журам”-ын 2.11-д “Газрын тос, уламжлалт бус газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалаас бусад ашигт малтмалын хайгуулын төслийг хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, тухайн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт батлуулахаар хүргүүлнэ.” гэж Сумын Засаг даргын эрх, үүргийг тодорхойлон хуульчилжээ.
6. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК нь тусгай зөвшөөрөл авснаас хойш хуульд заасан хугацааны дотор 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар ЗАА-ийн АСЗД д 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/4300, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/4368 дугаар албан бичгүүдээр хүсэлт гаргаж, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/4382 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Орон нутгийн төлөөлөл хариуцсан газарт “...тус компанийн боловсруулсан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2023 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн” агуулга бүхий албан бичгийн хариуг тус газраас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15/5974 дүгээр албан бичгээр “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн хуулиар хүлээсэн эрх, үүргээ биелүүлэхэд, хуулийн хүрээнд хамтран ажиллах нь зүйтэй” гэж, хувийг Завхан аймгийн Яруу, Алдархаан сумын Засаг дарга нарт явуулжээ.
6.1. Үүний дараа, нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/4470, мөн оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01/4575 дугаар албан бичгээр Завхан аймгийн Засаг даргад хандаж Алдархаан сумын Засаг дарга 2023, 2024 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд улмаар 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/4548 дугаар албан бичгээр АСЗД-д “2024 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянан баталж өгнө үү” гэх агуулга бүхий албан бичгүүдээс үзвэл, нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-иас 2023, 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хуульд заасан хугацаанд удаа дараа хүсэлт гаргасан байхад уг хүсэлтийг шийдвэрлэх үүргээ хариуцагч хэрэгжүүлэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.3-т заасан эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байна.
6.2. Хариуцагчаас байгаль орчны хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэлтэй холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/97 дугаар албан бичгээр “Алдар багийн иргэдийн нийтийн хурлаар 100%-ийн санал нэгтэйгээр эсэргүүцэл илэрхийлдгийн улмаас байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэж, тус сумын Алдар багийн иргэдийн нийтийн хурлын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Хурлаас гарсан шийдвэр хэрэгжүүлэх тухай” 01 дүгээр тогтоолыг, мөн өдөр хуралдсан хурлын тэмдэглэл /хх-ийн 43-45/, болон 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл /хх-ийн 112-119/ зэрэг баримтуудыг хавсаргасан байх бөгөөд эдгээр хурлын тэмдэглэлд хэлэлцсэн асуудал нэг боловч, бичвэр, огноо зөрүүтэй, мөн үүнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар албан бичгээр “...2023 оны 10-р сарын 09-ний өдрийн Багийн ИНХ-аар ард иргэд 100 хувь эсэргүүцсэн хурлын тэмдэглэл нь сар өдрийн зөрүүтэй байгаа нь Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Г нь андуурсан” гэх тайлбарыг ирүүлжээ.
6.3. Дээрхээс үзэхэд, хариуцагч Сумын засаг дарга Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж санал авах талаар Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжид зохицуулалт тусгагдаагүй байна.
6.4. Энэ талаар анхан шатны шүүх “Хариуцагч АСЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч компанийн 2024 оны төлөвлөгөөг батлахаас татгалзсан эс үйлдэхүйн үндэслэлийг 2023 оны төлөвлөгөөг батлах эсэх асуудал шүүхийн маргаантай байгаа тул 2024 оны төлөвлөгөөг авч хэлэлцэх боломжгүй гэж тайлбарлаж байх ба тус шүүхээс нэхэмжлэгч компанийн 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, батлахыг даалгаж шийдвэрлэсний эрх зүйн үр дагавраар 2024 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, батлахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
6.5. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйл “Аймаг, сумын Засаг даргын бүрэн эрх”, 12.2.5-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах.” гэж заасан хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэлгүй, хариуцагч нь сумын Алдар багийн иргэдийн Нийтийн Хурлаар эсэргүүцсэн гэх хуульд тусгагдаагүй үндэслэлээр нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-ийн 2023 болон 2024 онд “Завхан аймгийн Алдар хааны сумын нутагт орших “Ц-Ө ” ХХК-ийн “Алаг уул” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г хуульд заасан хугацаанд батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна.
6.6. Иймд дээрхээс үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 118/ШШ2024/0037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА