Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 00240

 

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/00240

 

ПК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/03003 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ПК ББСБ ХХК-ийн хариуцагч Д.М, П.С нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 58 788 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Ц.Э, нарийн бичгийн дарга Ц.Э нар оролцов.

  

Нэхэмжлэгч шүүхэд, өмгөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч П.С, Д.Мнар нь 2015 оны 07 дугаар 02-ны өдөр манай байгууллагад биечлэн хандаж, өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо /Бэлх/ зуслангийн зориулалттай 700 м.кв талбайтай газар болон Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Б 21 дүгээр хэсэг гудамж, 2*** тоот хаягт байршилтай 322 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж 40.000.000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасныг нь бид хүлээн авч судлан, иргэн П.С, Д.Мнарт 40 000 000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлэхээр Зээлийн хорооны хурлын шийдвэр гарч 11-15061895 дугаартай зээлийн гэрээ, 11-15071895 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 11-15071895 дугаартай барьцааны гэрээ, 11-15061895 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг талууд харилцан тохирч, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр байгуулсан ба мөнгийг бэлнээр гарт нь олгосон. Хариуцагч Д.М2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 11-15081922 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулан өөрийн эзэмшлийн 26-** УНИ улсын дугаартай Тоёото Хариер маркийн машиныг барьцаалан 10 500 000 төгрөгийн зээлийг дахин тус байгууллагаас зээлж авсан байдаг.Өөрөөр хэлбэл авто машиныг барьцаалж 2 удаагийн зээлийг авсан. Д.М10 500 000 төгрөгийн зээлийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв төлөхгүй бол фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хүсэлтийг өөрөө гаргаж түүний хүсэлтээр 16 863 000 /үндсэн зээл, зээлийн хүү/ төгрөг, зогсоолын төлбөр 197 000 төгрөг нийт 17 060 000 төгрөгийг Ж.Гантөмөр гэдэг хүн төлж зээлийг нь хааж автомашиныг худалдан авч 10 500 000 төгрөгийн зээлийг хаасан талаарх баримт хавтас хэрэгт авагдсан хариуцагч нар маргадаггүй, харин итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Ц.Э маргаад байдаг. Зээлдэгч нар нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн авсан зээлийг 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэг ч төгрөгийн зээл төлөөгүй. Зээлийн барьцаагаар газрыг 30 000 000 төгрөг, фидуцийн гэрээгээр Тоёото хариер маркийн авто машиныг 18 000 000 төгрөг, ипотекийн гэрээгээр хувийн сууцыг 50 000 000 төгрөгөөр талууд харилцан тохиролцож үнэлээд 40 000 000 төгрөгийн зээл гаргасан. Зээлээ төлөхгүй байсан учир Д.Мт удаа дараа мэдэгдэл, шаардах хуудас өгөөд төлөх боломжгүй болсон учир өргөдлөө гаргаж зээлийн төлбөртөө шилжүүлэн өгсөн. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь банк бус болсон боловч хурааж авсан асуудал байхгүй. Д.Мнийтдээ 6 063 491 төгрөгийн хүү, 14 477 598 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр төлсөн, торгууль 782 909 төгрөг, нийт 21 324 000 төгрөг төлсөн нь түүний дансны хуулгаас харагддаг. Хариуцагч тал нь нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Д.М, П.С нараас үндсэн зээлийн үлдэгдэл 25 522 401.01 төгрөг, зээлийн хүү 15 017 980.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 628 808.23 төгрөг, нийт 43 169 190.02 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 3 215 821.72 төгрөгөөр, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1 071 940.9 төгрөгөөр, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2 143 881.81 төгрөгөөр, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10 260 005.83 төгрөгөөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 58 788 900.38 нэхэмжилж, хариуцагч нараас төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.М, П.С нар шүүхэд гаргасан тайлбартаа: ПК ББСБ ХХК-иас 2015 оны 07 дугаар сард 40 000 000 төгрөг зээлж, 15 000 000 төгрөгийг буцааж төлсөн. Үлдсэн 25 000 000 төгрөгийн хүүг төлж байгаад эдийн засгийн хямралаас болж 2016 онд төлж чадахгүй болсон. Зээлийн хүүг төлж чадахгүй болсныг удаа дараа мэдэгдсэн боловч ПК ББСБ ХХК нь өдийг хүртэл хүү, алданги тооцож явсан. Иймд миний хувьд уг зээлийн хүү, алданги төлөх боломжгүй. Үлдсэн зээл болох 25 000 000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Д.Мын итгэмжлэгдсэн төлөөлөн Ц.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага зөвхөн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, фидуцийн гэрээнүүдээр үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд яригдаж байгаа. Хэрэгт авагдсан 2015 оны 07 дугаар сарын зээлийн гэрээгээр 40 000 000 төгрөгийн зээлийг хариуцагч нарт олгосон байдаг. Энэ гэрээг үндэслээд үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу фидуцийн гэрээг 26-89 УНИ улсын дугаартай Тоёото хариер маркийн авто машин дээр байгуулж уг фидуцийн гэрээгээр 40 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Иймээс фидуцийн гэрээгээр хүлээсэн үүрэг буюу 40 000 000 төгрөгийн барьцаанд байсан Тоёото хариер маркийн авто машиныг ПК ББСБ ХХК нь хураан авч фидуцийн гэрээ дуусгавар болсон. Хариуцагчийн зүгээс нэгэнт фидуцийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон учир энэхүү гэрээний үүрэг дуусгавар болсон, мөн зээлийн үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа. Иймд ПК ББСБ ХХК-д хариуцагч Д.М, П.С нар төлөх төлбөр байхгүй, гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.М, П.С нараас 58 788 900.38 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ПК ББСБ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ПК ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 451 900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.М, П.С нараас 451 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ПК ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд хашаа байшин, газар болон автомашиныг барьцаалж холбогдох барьцааны гэрээг байгуулсан. Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ тус бүр 40 000 000 төгрөгийн үнийн дүнгээр хийгдсэн бөгөөд үүний нэг нь Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г 26-89 УНИ улсын дугаартай Тоёота Хариер маркийн автомашин дээр байгуулсан. Хариуцагчийн зүгээс зээлийн төлбөрийг төлж чадаагүйн улмаас нэхэмжлэгч буюу зээлдэгч тал 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр уг автомашиныг хураан авч, 17 060 000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөх гэрээ дуусгавар болно гэж заасан. Фидуцийн гэрээний онцлог нь үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа эд хөрөнгө, үүргийн үнийн дүнд хүрэхгүй байвал үүрэг гүйцэтгүүлэгч, илүү үнэтэй байвал үүрэг гүйцэтгэгч эрсдэлээ өөрсдөө хүлээдэг. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний дагуу үүрэг гүйцэтгүүлэгч барьцааны зүйлийг бодитойгоор гаргуулан авч, гуравдагч этгээдэд худалдан борлуулсан тул 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ тус тус дуусгавар болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооны өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч ПК ББСБ ХХК нь хариуцагч П.С, Д.Мнарт холбогдуулан 43 169 190 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсээр үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 58 788 900 38 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг /хх.1, 35, 64, 180/ хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.190/

 

Зохигчдын хооронд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 40 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй,зээлийн гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан 11-15061895 тоот зээлийн гэрээгээр тогтоогдож байна. /хх.7/ Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар авсан зээл, гэрээгээр тогтоосон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Түүнчлэн талууд энэхүү зээлийн гэрээний үүргийг хангахаар Тоёота харриер 26-89 УНИ улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн боронзон бор өнгөтэй суудлын автомашин, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо /Бэлх/ зуслангийн зориулалттай 700 м.кв талбайтай газар, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлх 21 дүгээр хэсэг гудамж 2160 тоот хаягт байршилтай 322 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан 11-15061895 тоот зээлийн гэрээ, 11-15071895 тоот барьцааны гэрээ, 11-15071895 тоот баталгаат ипотекийн гэрээ, 11-15061895 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр тогтоогдож байна. /хх.7-17/

Хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдолд заасан фидуцийн зүйлийн үнээс дээрх зээлийн үүрэг төлөгдсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Учир нь хариуцагч Д.Мнь ПК ББСБ ХХК-иас 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр авсан 10 500 000 төгрөгийн 11-15071922 тоот зээлийн эргэн төлөлтийг талуудын фидуцийн зүйл болох Тоёота харриер 26-89 УНИ улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн боронзон бор өнгөтэй суудлын автомашинаар хангасан болох нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /хх.79/ тогтоогдож байна. Тухайлбал, уг зээлийн хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор фидуцийн зүйлийг шилжүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь ПК ББСБ ХХК-д хариуцагчийн гаргасан өргөдөл /хх.82/ гэх хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Мын ПК ББСБ ХХК-иас 10 500 000 төгрөгийн зээл 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүүд 16 863 000 төгрөг, зогсоолын төлбөр 197 000 төгрөг нийт 17 060 000 төгрөгийн үүргийг фидуцийн зүйлийн үнээр гүйцэтгүүлсэн болох нь 11-150811922 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 11-15071922 тоот зээлийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ПК ББСБ ХХК-д гаргасан Ж.Гантөмөрийн өргөдөл, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх79, 80, 83, 89, 211/

 

Ийнхүү үүрэг гүйцэтгүүлэгч нь шилжүүлэн авсан фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг бусдад худалдаж, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11-15061895 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулсан нь эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.1.2, 3.1.3 дах заалтад нийцсэн. /хх.79-81/ Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд энэхүү фидуцийн үнийн үлдэгдлээс 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11-15061895 тоот 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээс 10 000 000 төгрөг төлөгдөх байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

 

Харин анхан шатны шүүхээс зээлийн үүргийн талаар тооцоолол хийхдээ холбогдох хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу байх тул залруулан өөрчлөлт оруулав.

 

Талууд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 40 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлэхээр тохиролцохдоо зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гэрээний 2.11-д тодорхой заасан боловч зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцох хүүг, түүний хэмжээний талаар тусгаагүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дах хэсэгт зааснаар хэтэрсэн хугацаанд төлөх хүүг үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр гэрээнд тусгах шаардлагатай. Гэвч хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээний талаар талууд зээлийн гэрээнд тусгаагүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрх үүсэхгүй байна. Хэтэрсэн хугацаанд төлөх хүүгийн хэмжээг гэрээнд тусгаагүй байхад үндсэн хүүтэй адил байна гэж гэрээний агуулгыг тайлбарлах нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт нийцэхгүй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт хугацаанд төлөөгүй гэрээний үүргийг биелүүлж дуусах хүртэл үндсэн хүү төлөхөөр заасан нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дах хэсгийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг үндсэн зээл 14 477 598 төгрөг, хүүд 6 063 491 төгрөг, торгууль 782 909 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд үүнээс илүү төлбөр төлсөн гэх нөхцөл байдлыг нотолсон баримтыг хариуцагч гаргаагүй, нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар няцааж чадаагүй болно. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 25 522 402 төгрөг, гэрээний хугацаанд төлбөл зохих хүүгийн үлдэгдэл 17 936 609 төгрөг, зээлийг төлөх хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой нэмэгдүүлсэн хүү 2 796 227 төгрөг /2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацааны нэмэгдүүлсэн хүү 3 573 136 төгрөгөөс торгуульд төлөгдсөн 782 909 төгрөгийг хасч/ , нийт 46 249 138 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/03003 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.М, П.С нараас 46 249 138 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ПК ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12 539 762 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 451 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ А.МӨНХЗУЛ

С.ЭНХТӨР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ