Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 33

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Д.Ганчимэг /онлайнаар/,

          Шүүгдэгч М.Ж ,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа,          

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Х ,

          Хохирогч Х.Х ,

          Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Ганчимэг

          Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолтой, М.Ж т холбогдох 1929000310022 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа, шүүгдэгч М.Ж  нарын давж заалдах гомдлоор  2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын .....................оршин суух, ял шийтгэлгүй, Ёохон овгийн М.Ж  /РД: ...................../.

Шүүгдэгч М.Ж  нь Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 2016  оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхэд болох Х.Х ын эсрэг үйлдэж, жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь  М.Ж ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч М.Ж ийг бага насны буюу насанд хүрээгүй хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Ж ийг Эрүүгийн хуулийн /2015 оны/ тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ялтан М.Ж т оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч М.Ж  нь хохирол төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ялтнаас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардал, төлбөргүй М.Ж ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүгдэгч М.Ж т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа давж заалдах гомдолдоо: “Хэргийн бодит байдалд шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгсөн гэж үзэхгүй байна.

Хэргийн материалтай танилцахад хэрэгт холбогдогч нь хэргээ хүлээн зөвшөөрсөн, он сар цаг хугацааны хувьд ямар ч алдаа мадаггүй, шийдвэрлэхэд хялбар байдал байгаа боловч шүүгдэгч М.Ж ийн хувьд түүний эрх ашгийг зөрчсөн, хүнд гэмт хэрэгт өмгөөлөгчгүй байцаалт авсан, байцаагчаас шүүхийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон жирэмсэн болсон байх магадлалтай гэх хугацаанд тохируулан хөтөлж асуусан гэж өмгөөлөгчийн хувьд үзнэ.

Шүүгдэгч М.Ж  нь энэ талаар “байцаагч энэ үед хохирогч жирэмсэлсэн тул энэ цаг хугацаанд чиний үйлдэл байх ёстой гэж мэдүүлэг авсан" гэх бөгөөд хуульд зааснаар “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйг, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэдэг.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ургийн эсийн шинжилгээ хийх талаар шүүх хуралдаан дээр ярьж байсан боловч хэрэгт холбогдогч М.Ж  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцсон, хуульд заасан эрхийг нь хэрэгт холбогдсон цагаас хангаагаагүйгээс энэ хэрэг зохиол мэт явсан гэж үзэж гомдолтой байна.

Хохирогч Х.Х ын хувьд “би Эрхэмээ ахаас хүүхэд олсон..." гэсэн шүүгдэгчийн утас руу бичсэн мессеж байгаа бөгөөд Ба, Бу  гэх залуустай бэлгийн харьцаатай байсан талаар хууль ёсны төлөөлөгч ээж нь зохих байгууллагад хандах гэж байна гэсэн яриа гарсан. Энэ талаар өмгөөлөгч бусад хүмүүс мэдэж байгаа боловч нэг нутгийн хүүхдүүдийг бүгдийг нь хүнд хэрэгт холбогдуулж шоронд хийгээд яахав, ингэлээ гээд М.Ж ийн хэрэг өөрчлөгдөхгүй гэх мэт үг яриаг нягтлан шалгаж хэргийн бодит үнэн тогтоогдох ёстой гэж үзэж байна.

2016 онд сургууль дээр болон сум орон нутгийн өрхийн эмнэлэг эмч нар охидод үзлэг хийж, энэ хэрэг илэрсэн гэх боловч 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэгдсэн, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт орон нутгийн хуулийн байгууллага, сургууль, эмнэлэг, нийгмийн ажилтан гэх хүмүүс хайхрамжгүй, хариуцлагагүй хандаж, сум нутагтаа хов жив яриад, хүүхэд хамгаалах бодит ажил хэрхэн явагдсан, ямар арга хэмжээ авагдсан зэрэг тодорхойгүй байгааг зөвшөөрөхгүй.

Гэмт хэргийн талаар мэдээлээгүй, зохих байгууллагын хүмүүст ямар арга хэмжээ ногдуулсан эсэх нь ч тодорхой бус байна.

Энэ байдлаас болоод өнөөдөр бага насны хүүхдийн эрх ашиг улам хүндэрч, дээрх нэр бүхий хүмүүс бүлэглэж, үгсэн тохиролцсон эсэх, эсвэл ямар цаг хугацаанд хохирогчтой бэлгийн харилцаатай болохыг шалгаж тогтоох ёстой бөгөөд энэ нь М.Ж ийн эрх ашигт ч хамаатай гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйл, Тухайлбал: “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн, хэн үйлдсэн, гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй байна.

Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр ач холбогдол бүхий зүйлс “тогтоох боломжгүй” болж байгаа нь 3 жилийн дараа хэрэг үүсгэж шалгасантай холбоотой бөгөөд хэргийн байдлыг бүрэн дүүрэн тогтооход нөлөөтэй юм.

Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гэм бурууг тодорхойлохдоо: “...Баян- Овоо суманд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхэд болох Х.Х ын эсрэг үйлдэж, улмаар жирэмсэн болгосон” гэжээ.

Хохирогч Х.Х  нь шүүгдэгч М.Ж тэй анх бэлгийн харьцаанд орсон эсэх, эсвэл өөр хүн байсан эсэхийг тогтоох шаардлагатай. Иргэн Э , Ба, Бу  нарыг шалгах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж дахин шалгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч М.Ж  давж заалдах гомдолдоо: “Шүүх надад ийм хэмжээний ял өгсөнд гомдохгүй. Харин энэ хэргийг шалгасан байцаагч надад Х.Х ын жирэмсэн болсон хугацаа шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон гэдгийг байнга сануулж, чиний хэзээ тэр охинтой унтсаныг чинь шинжээч тогтоосон гэж сүрдүүлж байсан.

Би үнэндээ Х.Х тай бэлгийн харьцаанд орсон. Гэхдээ яг энэ цаг хугацаанд биш, энэ талаар Х.Х  өөрөө ч мэдэж байгаа.

Би анхнаасаа өмгөөлөгч авахгүй гэж мэдүүлэг өгсөндөө харамсаж байна. Ийм гэмт хэрэг хүнд бөгөөд бүх насаараа хорих ялтай хэрэг байдаг ч гэж би мэдээгүй. Арав гаруй жил хоригдох ялтай гэмт хэрэг байдаг ч гэж би бодоогүй юм.

Нэг шинжээчийн дүгнэлт дээр Х.Х  өөрийгөө 2017 онд бэлгийн харьцаанд анх орсон гэж мэдүүлсэн байсныг харсан. Сүүлд би түүнтэй уулзахад тэр өөрийгөө найз залуутай гэж ярьж байсан. Мөн надаас өмнө Эрхэмээтэй унтсан, миний жирэмсэн болсон нь таных биш, Эрхэмээ ахынх байх гэсэн мессеж хүртэл над руу бичиж байсан.

Манай нутгийн Ба, Бу  нар түүнийг хүчиндсэн гэдгийг би мэдсэн. Энэ талаар өмгөөлөгчдөө хэлсэн боловч тэглээ гээд чиний хэрэг өөрчлөгдөхгүй гэсэн. Энэ бүхэнд би гомдолтой байна. Би эдгээр хүмүүсийг шалгаж өгөхийг хүсэж байна.

Би Х.Х ыг жирэмсэн болгоогүй. Тэгэхээр түүнийг жирэмсэн болгосон, анх түүнтэй хавьтсан хүнийг тогтоохыг хүсэж байна.

Миний Х.Х тай бэлгийн харьцаанд орсон цаг хугацаа энэ хэрэгт хамааралтай гэж бодоогүй. Бэлгийн харьцаанд орсон нь үнэн гэж л хэргийг хүлээсэн. Би ийм хэрэг үйлдсэндээ үнэхээр гэмшиж байна. Яаж энэ олон жилийг давж туулах эсэхээ ч мэдэхгүй байна. Гэхдээ миний хэргийг шударга зөв шийдэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Өмгөөлөгч миний бие хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дууссан, хэргийг прокурорын шатанд шилжүүлсэн үеэс өмгөөлөгчөөр ажиллах болсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Ж ийн хуульд заасан эрх зөрчигдсөн байсан боловч хэргийг прокурорт буцааснаараа хуульд заасан эрхийг эдлүүлсэн гэж үзнэ.

Өмгөөлөгч миний бие насанд хүрээгүй хохирогч Х.Х тай М.Ж өөс гадна өөр бусад хүмүүс бэлгийн харьцаанд орсон эсэх талаарх байдалд хуулийн хүрээнд үйлчлүүлэгч М.Ж т хууль зүйн зөвлөгөө өгсөн.

Өмгөөлөгч миний хувьд өмгөөлөгч Л.Сарангуагийн бичсэн шиг зүйлийг хэлээгүй, арай өөр өнцгөөс хуулийн хүрээнд зөвлөгөө өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Нөгөөтэйгүүр өмгөөлөгч Л.Сарангуа нь Хуульчийн мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн мэдээллийг хууль бусаар задруулахгүй байх, өмгөөлөгч өмгөөлөгчийнхөө эсрэг түүний иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хууль бус үйлдэл хийхгүй байх хуульчийн үүргээ үл биелүүлж өмгөөлөгч миний хуульчийн үнэнч шударга шаардлага зөвлөгөөг бусдад сөргөөр илэрхийлэн тайлбарлаж байна.

Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт: ... үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад олж мэдсэн зүйлтэй нь холбогдуулан хуульчийг гэрчээр болон бусад байдлаар байцаах, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор мэдүүлэг, тайлбар авахыг хориглоно гэж заасан. Тэгэхээр өмгөөлөгч би тайлбар мэдүүлэг аль эсвэл М.Ж т өгсөн зөвлөгөөнийхөө талаар тайлбар мэдүүлэг өгөхийг би хүлээн зөвшөөрөхгүй. Өгөх шаардлага байхгүй, мэдүүлэг өгөх эрх зүйн үндэслэлгүй болно.

Өмгөөлөгч миний хувьд энэ хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд энэхүү нөхцөл байдлыг анхаараагүй биш анхаарсан. Гэхдээ хуучин мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдэх асуудал ба хэргийн хугацааны хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах үндэслэлгүй болсон байдаг” гэжээ

Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 

Шүүгдэгч  М.Ж т холбогдох эрүүгийн хэргийг Сум дундын шүүх хянан хэлэлцээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн процесс ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй. 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоол бол хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийг шийдвэрийг хэвээр үлдээж шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгч М.Ж  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийг үнэн шударгаар шийдвэрлэхийг хүсэж байна. Би үнэндээ хохирогчтой бэлгийн харилцаанд орсон гэхдээ энэ цаг хугацаанд биш, өөрөө мэдэж байгаа. Миний Х.Х тай бэлгийн харьцаанд орсон цаг хугацаа энэ хэрэгтэй хамааралтай гэж ойлгоогүй, би бэлгийн харьцаанд  орсон гэж хүлээсэн. Би ийм зүйл үйлдсэндээ үнэхээр их гэмшиж байна. Би Х.Х ыг жирэмсэн болгоогүй, тэгэхээр түүнийг жирэмсэн болгосон, анх бэлгийн харилцаанд орсныг тогтоохыг хүсэж байна. Надаас өмнө Э тай бэлгийн харьцаанд орсон. Миний жирэмсэн болсон нь таных биш гэсэн мессеж над руу илгээсэн. Би энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Мөрдөн байцаалтын шатанд байхад шинжээчийн дүгнэлтээр гарсан гэж тулгасан. Шинжээчийн дүгнэлтээр байцаалт өгсөн, өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: Би шүүх  хуралдааны явцаас охины байдлыг харахад 16 настай одоо ч насанд хүрээгүй байна. Тэгэхээр энэ охины эрх ашиг үнэхээр хөндөгдөж байна. Тэгээд хохирогчийн болон шүүгдэгчийн эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчиж явагдсан учраас энэ зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж байгаа биш хүний эрх зөрчиж байгаа. Нэгэнт 3 хүний нэр дурдаж байна, анх бэлгийн харьцаанд орсон хүнээ мэдэж байгаа, нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа учраас М.Ж ийн цагдан хорих арга хэмжээг өөрчилж батлан даалтад өгөөсэй гэсэн саналыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байдал бий болох юм бол мөрдөн байцаалтад буцаах хуулийн заалт байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

       Хохирогч, хохирогчийн хууль төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж  шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Хавтаст хэргийн материалд нийт 3 удаа мэдүүлэг өгсөн байна. Мэдүүлэг өгөхдөө хамгийн эхний гэрчийн мэдүүлэгт өмгөөлөгч оролцоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1-д яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллагдагчийн эрх үүргийг тайлбарлаж мэдүүлэг авч байгаа. М.Ж ийн гаргасан гомдолд ямар хэрэгт холбогдож байгаагаа мэдээгүй, ямар ял авч байгаагүй мэдээгүй гэдэг. Тухайн үед мэдүүлэг авах нь үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн үед цаг хугацаагаа мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байдаг.  2017 онд тоолж байгаад гээд, тэрнээс хойш хүүхдийн амралтаар хөдөө бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлсэн байна. Энэ мэдүүлгүүдийг тухайн үедээ мэдүүлсэн. Сүүлд нь одоо гомдолдоо намайг тулгасан, шинжээчийн дүгнэлтээр тулгасан гээд байна. Тухайн үед яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө маргах эрхтэй, хуульд зааснаар сонсгосон ялын талаар тайлбар гаргаж болно гэсэн байдаг энэнийхээ хүрээнд ч юм уу ямар нэг хүсэлт гаргаагүй байдаг. Ийм учраас тухайн үед М.Ж  үнэнээ хүлээн мэдүүлж байсан байх гэж үзэж байна. Х.Х  нэг хүсэлт өгсөн байдаг. Миний үйлчлүүлэгч насанд хүрээгүй, бага байхдаа эрх ашиг нь ноцтой хөндөгдсөн, энэ асуудлыг бодитой сайн шийдээгүй, дутуу дулимаг шийдсэн юм болов уу гэж нэг талаас нь харсан. Миний үйлчлүүлэгч яагаад тэгж бичиж өгөх болсон юм. Ямар ч байдал орсон талаараа өөрөө хэлэх байх гэж бодож байна. Тэгээд миний үйлчлүүлэгч энэ талаар шалгуулах хүсэлт өгч байгаа учраас шалгах нь зүйтэй л гэж үзэж байна гэв.

       Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбаргүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүгдэгч М.Ж , түүний өмгөөлөгч Л.Сарангуа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Ж т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.        

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулж үзвэл, шүүгдэгч М.Ж   насанд хүрээгүй Х.Х ыг Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд, 2016  оны 11 дүгээр сарын 17-ны өдөр,  2016 оны 12 дугаар сарын эхээр сумын төвд Хадай-Өвгөний гэрт, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хөдөө гэрт нь нийт 3 удаа хүчиндэж, улмаар Х.Х ыг жирэмсэн болгосон, Х.Х  нь насанд хүрээгүй жирэмслэлт заалтаар жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслах ажилбар хийгдэж үр хөндүүлсэн, Х.Х  нь 2003 оны 6 дугаар сарын 14-нд төрсөн зэрэг үйл баримт  нь:

 Х.Х ын 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хохирогчоор өгсөн: “...бэлгийн харьцааны талаар эрүүл мэнд, биологийн хичээл болон цахим орчин, мэдээллийн хэрэгслээс ойлголт авдаг. М.Ж тэй  2016 оны 11 дүгээр сард сумын төвд 1 удаа, түүнээс хойш 10-15 хоног орчмын дараа буюу 12 дугаар сард 1 удаа, түүний дараа 2017 оны 02 дугаар сард амралтаар хөдөө гэртээ байхад 1 удаа нийт 3 удаа бэлгийн харьцаанд орсон, Би өдрийг бол сайн санахгүй байна. Сараар бол дээрх саруудад бэлгийн харьцаанд орсон. Одоог хүртэл М.Ж өөс өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй..” гэх мэдүүлэг /хэргийн 011-013 дугаар хуудас/,

Х.Х ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн: “...2017 оны 02 дугаар сард байсан шиг санаж байна, ямар ч байсан сургуулийн хүүхдүүд амраад хөдөө оччихсон гэртээ байхад бэлгийн харьцаанд орсон, өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / 023 дугаар хуудас/,

гэрч Н.Ө ы “...би 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн  Баян-Овоо сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн 8 дугаар ангийн охидуудад урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд Х.Х  жирэмсэн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/,

М.Ж ийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шиг санаж байна, сургууль дээр тэмцээнд орсон. Тэр орой Б.Х.Х ын өвөө Хадны өвгөнийд очиж хоносон. Шөнө Б.Х.Х ын өвөрт орж хурьцал үйлдсэн. Арав орчим хоногийн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 01, 02-ны үед сумын төв рүү орж ирээд хурьцал үйлдсэн. Түүнээс хойш сар гарангийн дараа 2017 оны 02 дугаар сард яг өдрийг нь санахгүй байна хөдөө гэрт нь хурьцал үйлдсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 27-29 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 1179/369 тоот өвчний түүхийг үндэслэн хийгдсэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “Х.Х  нь 2016 оны 12 дугаар сарын эхний 7 хоногт бэлгийн харьцаанд орж жирэмсэлсэн байх боломжтой” гэх 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 174 дүгээр дүгнэлт /хэргийн 47 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 1179/369 дугаартай, Х.Х ын “...2017 оны 5 дугаар сарын 08-наас 7 хоног хэвтэж, насанд хүрээгүй жирэмслэлт заалтаар хожуу таслалт, эмээр жирэмслэлтийг таслах эмч нарын шийдвэртэй ... ” гэх өвтөний түүх /51-63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

М.Ж ийн дээрх үйлдэл нь  цаазаар авах ялын төрөлтэй, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж  байх боловч энэ гэмт хэргийн шинж нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцэж, цаазаар авах ялын төрөл хуульчлагдаагүй тул анхан шатны шүүхээс шинэчлэн найруулсан хуулийн энэ зүйл, хэсгээр М.Ж ийн үйлдлийг зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэнтэй нийцсэн байна.

Мөн шүүгдэгч М.Ж ийн 3 удаагийн үйлдэл нэг гэмт хэргийн шинжийг агуулсан тул хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нь нэгтгэн зүйлчилсэн нь “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” тухай шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасантай нийцсэн, оногдуулсан ял нь түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байна.

Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоосон бөгөөд  хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай мөн шийдвэр нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцсэн, хууль ёсны, үндэслэл бүхий байх бөгөөд хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлүүд тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч Б.Лхагважав нь “Х.Х ыг насанд хүрээгүй үедээ бэлгийн харьцаанд орж жирэмсэлж, үр хөндүүлсэн” гэх  гэмт хэргийн талаарх мэдээллийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Цагдаагийн газар ажилтай гэх Ч.Ганзоригоос хүлээн авч 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. /хэргийн 006, 007 дугаар хуудас/

Хэрэгт бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө буюу гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл гаргаагүй байхад 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нээгдсэн Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 1179/369 дугаартай өвчтөний түүхэнд “...эмээр жирэмслэлтийг таслах...” гээд “эмч нар”, мөн өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай зөвшөөрлийн хуудаст “Х.Х ын эх М.Х ” нар гарын үсгээ зурсан баримт мэдээлэл авагджээ. Эмнэлгийн энэ үйлчилгээ нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 148 тушаалын хавсралтаар батлагдсан “Үр хөндөлтийг зохицуулах журам”-ын  2.б заалтанд “Хожуу үеийн үр хөндөлт” гэж жирэмсний 13 долоо хоногоос 22 долоо хоногийн дотор жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслах ажилбарыг хэлнэ, 10 дугаар заалтанд хожуу үед үр хөндөхөд дараах баримт бичгийг бүрдүүлж, “Үр хөндөлт”-ийн түүхэнд хавсаргана.

а. Эмч нарын зөвлөгөөний шийдвэр,

б. Үр хөндүүлэх эмэгтэйн өөрийнх нь, 18 хүртэлх насны охидын эцэг, эх, асран хамгаалагчийн... хүсэлт, зөвшөөрлийг бичгээр авсан байна гэсэн шаардлагыг хангаж хийгдсэн байна.  /хэргийн 57 дугаар хуудас, 59-60 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Х.Х  нь 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр  Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд бичгээр гаргасан хүсэлтдээ “...хамаатны хүнээс жирэмсэн болсон тухай...” бичсэн байх ба М.Ж  нь Х.Х ын эцэг Х-тай төрөл, садан болох нь Х.Х ын эх М.Х гийн гэрчээр 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өгсөн “.. М.Ж  нь манай нөхөр Хүрэлбаатарын талаар садан төрлийн холбоотой байдаг. М. М.Ж  болон ээж, аавтай нь ойр дотно байдаг болохоор хэлж чадаагүй юм...” гэх /хэргийн 17-18, 22 хуудас/, М.Ж ийн ээж Б.М-гийн гэрчээр 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өгсөн “... Х.Х ын аав Хүрэлбаатар нь надтай садан төрлийн холбоотой...” гэх /хэргийн 34-35 дугаар хуудас/ , Н.Ө ы гэрчээр өгсөн: “...үзлэгээр гаднаас тэмтрээд үзэхэд 3 сар орчим жирэмсэн байсан, Яг нарийн үзээгүй, М.Ж өөс жирэмсэн болсон гэж байсан...” /хэргийн 0025, 0026 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Хэргийн талаар М.Ж өөс гэрчийн  мэдүүлэг авахдаа гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж, ойлгосон эсэхийг тодруулж улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөхөөс татгалзах, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхээ эдлэхийг асуусаны дараа түүний зөвшөөрлөөр гэрчийн мэдүүлэг авсан байна. /хэргийн 27-29 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэргийн талаарх М.Ж , насанд хүрээгүй хохирогч Х.Х нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй байна.

М.Ж  нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч Ц.Баярмааг оролцуулсан нь мэдүүлгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.4-т заасан бүх насаар нь хорих ял оногдуулж болох яллагдагч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэснийг мөрдөн байцаалтын ажиллагаанд зөрчөөгүй гэж үзнэ. /хэргийн 154 дүгээр хуудас/

          Харин М.Ж өөс яллагдагчаар мэдүүлэг авсан 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэлд өмгөөлөгч оролцуулсан тухай тусгагдаагүй боловч уг мэдүүлгийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, шинжлэн судлаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй  нь шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгээр нотлогдож байх тул яллагдагчийн өмгөөлүүлэх эрхийг хязгаарлаж цуглуулсан нотлох баримтыг үндэслэн түүнийг буруутгасан гэж үзэхгүй.  /хэргийн 85-88 дугаар хуудас/ 

          Насанд хүрээгүй хохирогч Х.Х  нь М.Ж өөс өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй гэж мөрдөн байцаалт, анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлж байсан байна.  

          Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг үндэслэл болгохгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа, шүүгдэгч М.Ж  нарын насанд хүрээгүй хохирогчийг өөр хүмүүстэй бэлгийн харьцаанд орсныг шалган тогтоох тухай гомдлын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй байна. Мөн давж заалдах гомдолд хавсаргаж ирүүлсэн баримтыг давж заалдах шатны шүүх үнэлээгүй, шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

          Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч М.Ж , түүний өмгөөлөгч Л.Сарангуа нарын шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулах тухай давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгийг баримтлаагүй, хуулийн нарийвчилсан зохицуулалтыг оновчтой зөв хэрэглээгүй, шийтгэх тогтоолд тусгавал зохих зүйлийг тусгаагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж, энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзсэн болно. Үүнд:

Шүүгдэгч М.Ж ийг 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 02  дугаар сарын 14-ний хооронд үйлдсэн гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэх тухай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэлт хийсэн боловч тогтоох хэсэгтээ 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тохирох заалтыг баримтлаагүй байна.

 Шүүгдэгч энэ хэрэгт шалгагдахдаа цагдан хоригдоогүй байхад энэ талаар шийтгэх тогтоолдоо заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т заасан шаардлагатай нийцээгүй байна.

Хорих ялыг эдлүүлэх байгууллагыг тогтоохдоо хорих ял, түүнийг эдлүүлэх байгууллагыг заасан хуулийн нийтлэг зохицуулалтыг хэрэглэсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж гэмт хэргийг нэрлэн заасан байхад шүүх М.Ж ийг бага насны буюу 14 насанд хүрээгүй хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан заагаагүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М.Ж , түүний өмгөөлөгч Л.Сарангуа нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Өмгөөлөгч Л.Сарангуа нь давж заалдах гомдол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ урьдчилан танилцуулах шаардлагыг биелүүлээгүй байсныг дурдаж байна.

Мөрдөгч Н.Батжаргал нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын ГХУСАЗСЗ болон  Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хас, Хаан, Голомт, Капитрон, Төрийн банк зэрэг байгууллагад М.Ж ийн хувийн байдлын талаар  мэдээллийг ирүүлэхийг даалгаж явуулсан шийдвэрүүддээ насанд хүрээгүй хохирогч Х.Х ын нэр, нас, хүйс, хэргийн нөхцөл байдал зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй бичсэн байгааг бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогчийн нэр төр, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлхүйц ажиллагаа болсон гэж үзэж магадлалд дурдах нь зүйтэй гэж үзлээ. /хэргийн 89, 103, 125 дугаар хуудас/

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд 18 нас хүрээгүй хүнээс мэдүүлэг авах ажиллагааг нарийвчлан журамласнаас өөрөөр заагаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа үндэсний бусад хууль, олон улсын гэрээ, конвенцийн заалт, түүний ойлголтод хүүхдийн эрх, нэр хүндийг хүндэтгэх, тэдний дээд ашиг сонирхлыг хангах талаар заасан агуулга, шаардлагыг баримтлах үндэслэл бий болж байна.Тухайлбал,

Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн Олон Улсын гэрээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” гэж тус тус заасан.

Иймд мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа  Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасан хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, эрүүл мэнд, хувийн харилцааны нууц, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй,

Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 16 дугаар зүйлийн нэг ч хүүхдийн хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй байдал болон захидал харилцааны нууцад хөндлөнгөөс, хууль бусаар буюу дур мэдэн оролцох, эсхүл түүний нэр төр, алдар хүндэд хууль бусаар халдаж болохгүй, хүүхэд хөндлөнгийн ийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхийг хүндэтгэнэ, Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, садар самуунд сурталчлахын эсрэг хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протокол / 2000 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ерөнхий Ассамблейн 2000 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн A/RES/54/263 тогтоолоор баталж, 2002 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр болсон/ -ын 8 дугаар зүйлийн (e) шаардлагатай үед хохирогч хүүхдийн амь нас, нэр төрийг хамгаалах болон үндэсний хууль тогтоомжийн дагуу хохирогч хүүхдийн нэрийг мэдэгдүүлсэн мэдээллийг зүй бусаар тараах явдлаас зайлсхийх арга хэмжээ авах зэрэг насанд хүрээгүй хүний эрх зүйн байдлыг тусгайлан заасан заалтуудыг биелүүлж, гаргасан шийдвэртээ хохирогчийн талаар мэдээлэхгүй байх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэх байсныг мөрдөгч анхаараагүйг дурдах нь зүйтэй.

Мөн мөрдөгч Н.Батжаргал нь гаргасан бүх  шийдвэрийнхээ “олсон нь” гэх хэсэгт хохирогчийн овгийг Хүрэнхүү гэж бичсэн байхад шүүх, прокурор энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 1 дэх заалтын “Шүүгдэгч Ёохон овгийн М.Ж ийг бага насны буюу 14 насанд хүрээгүй хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Ёохон овогт М.Ж ийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, 

 2 дахь заалтын “Шүүгдэгч М.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/  жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч М.Ж ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.”гэж,

3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар...” гэж,

6 дугаар заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. ” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь  хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай” гэж тус тус өөрчилж,  

5 дахь заалтын “...ирээгүй,...” гэсний дараа “..., цагдан хоригдоогүй...” гэж нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ж , түүний өмгөөлөгч Л.Сарангуа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл М.Ж ийн цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           Н.НАСАНЖАРГАЛ

         ШҮҮГЧИД                            Х.ГЭРЭЛМАА

                                                         М.МӨНХДАВАА