| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 128/2016/0186/З |
| Дугаар | 186 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 186
Э.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 950 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0194 дүгээр магадлалтай, Э.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 950 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.Мөнхдэлгэрийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан албан тушаал бууруулсан цалингийн зөрүүтэй тэнцэх олговор болох 1,637,370 /нэг сая зургаан зуун гучин долоон мянга гурван зуун дал/ төгрөгийг Э.Мөнхдэлгэрт олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгажээ.
Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0194 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 950 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэрийн “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, албан тушаал үндэслэлгүй өөрчилснөөс буурсан цалинг тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Миний бие давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.
1. Миний бие Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн тусгай албан тушаалтан. Миний бие Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлыг хангах газрын Аюулгүй байдал, төрийн нууц, шифр харилцааны хэлтэст ахлах байцаагчаас Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжлах хэлтэст ахлах төлөөлөгчөөр ажиллахаар албан тушаал буурсан. Үүнээс болж албан тушаалын цалин ТТ-15-5 шатлалаас ТТ-12-5 шатлал болж буурсан бөгөөд нэг сард 273,878 төгрөгийн зөрүү гарч байгаа.
2. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/43 дугаар тушаалын 6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч намайг албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулсан боловч тушаалын үндэслэх хэсэгт үүнтэй холбоотой хуулийн зохицуулалт байхгүй. Зөвхөн тушаалын утганд дурдсанаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг үндэслэсэн гэж үзэх ёсгүй бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах гэж заасныг Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолын 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх бүхий үндэслэл байгаагүй
гэдэгт ...түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамааруулж үзнэ” гэж тайлбарласан байна. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй.
3. Улсын Дээд шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх талаарх зөвлөмж”-ийн А/-д “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан үндэслэлээр захиргааны санаачлагаар төрийн албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсантай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд тухайн албан тушаалтны албан тушаал, ажлын байрны тодорхойлолт байгаа эсэх, түүнд талуудын эрх, үүргийг хэрхэн тодорхойлсныг;
- Гэтэл хэргийн материалд нотлох баримтаар авагдсан ажлын байрны тодорхойлолтыг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр боловсруулан баталсан байна. Харин тушаал 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гарсан бөгөөд энэ тушаал гарахад ямар эрх зүйн акт үйлчилнэ тэр эрх зүйн актаар зохицуулагдах ёстой атал зохицуулагдсангүй. Гэтэл албаны шалгалт хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт болох Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн албан шалгалт явуулсан дүнгийн тухай танилцуулгад нэхэмжлэгч миний ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын хүрээнд шалгаагүй бөгөөд дандаа 2015 оны ажил үүргийг шалгасан. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаалд нэхэмжлэгч надтай холбоотой 8 дугаар зүйлд нь хэдэн оны хэдэн сарын ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ажил үүргийг хийж гүйцэтгээгүй талаар байхгүй, тодорхой бус байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзсэнгүй.
- Уг ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдэг нь ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгааг, төрийн албанд баримтлах зарчмыг хэрэгжүүлээгүй, тогтоосон горим, журмыг зөрчсөн байх тохиолдлын шинж байдлыг харгалзан нотолж тогтоосон байх хэрэгтэй.
Уг ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдэг зөвхөн хариуцагчийн гаргаж өгсөн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингист ирүүлсэн албаны шалгалт явуулсан дүнгийн тухай танилцуулгыг гол нотлох баримтаа давж заалдах шатны шүүх болгосныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
А. Уг албаны шалгалт явуулах шалтгаан нь анхнаасаа нэхэмжлэгч миний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа эсэх талаар бус 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаагийн дэд ахлагч Г.Тулга албан үүргээ гүйцэтгэж яваад бусдад хутгалуулсан хэрэг дээр очиж ажиллах удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн шалтгааны улмаас шалгалт орсон. Өөрөөр хэлбэл нэг зүйлийн улмаас хоёр зүйл шалгаад хоёр арга хэмжээ авна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй болно.
Б. Тухайн үйл явдал 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 22 цагийн орчимд гарсан. Энэ үед нэхэмжлэгч миний бие гэр бүлийн хүн ажлаар хөдөө явсан учраас 13 настай охины хамт байсан бөгөөд утсаар залгаж хэлэхэд үүрэг өгсөн дарга нарт нь энэ тухай албан ёсоор хэлснээр чөлөө зөвшөөрлийг авсан гэж үзэж байна. Учир нь, өмнө нь хэлээд чөлөө авах боломж надад байгаагүй. Ийм хэрэг гарна гэж би тооцоолоод урдчилаад ажлын бус цаг байсан ч гэсэн чөлөө авах ёстой болж байна уу. Энэ нь уг албаны шалгалтаар нотлогдоно. Гэхдээ миний бие тухайн үед хүүхдээ харж байгаа гээд зүгээр суугаагүй бөгөөд тус дүүргийн нэгдүгээр хэлтсийн жижүүр, ахлах офицер, цагдаагийн ахмад Д.Батцоожтой ярин байдлыг тодруулаад, уг хэргийг шалгахаар томилогдсон цагдаагийн ахмад З.Наранбаатартай холбогдоход шалгалтын ажиллагаа явагдаж байна, маргааш өглөө хариу өгөх тухай хэлсэн.
В. Уг шалгалтаар илэрсэн гээд байгаа зүйлүүдээр газрын дарга, дэд комиссар Ц.Ням-Очирт 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Аюулгүй байдал, төрийн нууц, шифр харилцааны хэлтсийн аюулгүй байдлын чиг үүргийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгсөн дүнгийн танилцуулгыг хэлтсийн ахлах байцаагч, дэд хурандаа С.Дина, В.Отгонбаатар нар өгсөн. Энэ танилцуулгад нэхэмжлэгч намайг буруутгаад байгаа шалгасан танилцуулгад дурдаад байгаа шиг байгууллагын дотоод аюулгүй байдалд учирч болох эрсдлийн үнэлгээ хийх ажлыг хангалттай хийгээгүй байна гээгүй, харин ч эсрэгээрээ 8 дугаар хүснэгтэд тодорхой ажиллагаануудыг хийсэн байна гээд тусгаснаар няцаагдана. Тэгээд ч хангалтгүй бол манай хэлтсийнхэн, мөн хангалтгүй хийсэн байхад яагаад дан ганц нэхэмжлэгч намайг шалгаад, албан тушаал бууруулж байгаа юм бэ. Үүнийг ялгаварлан гадуурхсан буюу давуу байдал тогтоосон гэж үзэж байна. Мөн хэргийн 88 дахь талд дээрх буруутгаад, хангалтгүй хийсэн гээд байгаа ажил үүргийг харин ч нэхэмжлэгч миний бие бусад ажилтнаас хамаагүй илүү хийсэн байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Эндээс үзэхэд харин ч хамгийн их ажил хийсэн хүнд арга хэмжээ авагдсан байгаа нь харагдана. Тэгэхээр энэ шалгалтын буруутгаад байгаа танилцуулгыг хөдлөшгүй нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй болно.
Г. Нэхэмжлэгч миний бие хэрвээ муу ажилладаг байсан бол хэлтсийн дарга байсан хурандаа Н.Батсайхан нэхэмжлэгч намайг ажил үүргээ хэрхэн хийж байгааг мэддэг учраас шагнаж урамшуулах болон гадаад улсад сургалтад явуулахаар санал удаа дараалан гаргахгүй байсан болно.
Д. Дээрх хүсэлтийг газрын дарга, дэд комиссар Ц.Ням-Очир ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзаж, хүлээн авдаггүй. Нэхэмжлэгч миний бие хувийн асуудлаас болоод газрын даргатайгаа тухайн хэрэг явдал гарсны дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр маргаснаас болоод газрын дарга намайг ажил хийлгэхгүйгээр үл ялих шалтгаан зааж уг асуудлыг албаны шалгалт болгосон байдаг. Гэхдээ энэхүү асуудал болохоор цаг хугацааны хувьд тооцож үзэхээр нэхэмжлэгч над дээр сахилгын шийтгэл ногдуулах болон албан тушаал бууруулах захиргааны арга хэмжээг давхар авах саналыг холбогдох дүрэм журам зөрчин Хүний нөөц, сургалтын хэлтэст удаа дараа ирүүлсэн байдаг нь тус хэлтсээс манай хэлтсийн даргад ирүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ХНСХ/282 дугаар албан бичгээс харагдана. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан үндэслэлээр арга хэмжээ авах гол шалгуур нь эрх бүхий этгээдээс авсан мэргэшлийн шалгалтын дүн, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэх журам”-ын дагууд хийсэн үнэлгээгээр албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй байгаа нь нотлогдсон байх ёстой.
Тухайн үед хэлтсийн дарга байсан хурандаа Н.Батсайхан бүтэн жилийн ажлыг минь үнэлээд үр дүнгийн гэрээг дүгнэхдээ үндэслэлгүйгээр бууруулан Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 2 дугаар хавсралтын “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх аргачлал”-ыг баримтлан үнэлэлгүйгээр илт бууруулан үнэлсэн. Үүнийг дараах үндэслэлээр миний бие нотолж байна. Тухайлбал,
- Хэргийн 96 дахь талд манай хэлтсийн 2015 оны эхний хагас жилийн ажлын тайланг хүн нэг бүрээр хэлэлцээд нэхэмжлэгч намайг ажил үүргээ сайн гүйцэтгэсэн гэж үнэлээд хэлтсийн даргын зүгээс цалингийн 10 хувиар урамшуулах тухай саналыг хурандаа Ц.Ням-Очирт хүргүүлсэн хүсэлт болон түүнд хавсаргасан тайлангийн хурлын тэмдэглэлээс харагдана.
- Газрын дарга дэд комиссар Ц.Ням-Очирын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Аюулгүй байдлын хангах чиг үүргийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх удирдамжийн дагуу 2015 оны эхний 11 сарын байдлаар Аюулгүй байдал, төрийн нууц, шифр харилцааны хэлтсийн нийт алба хаагчдыг хамруулан хийж гүйцэтгэсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгсөн дүнгийн талаарх танилцуулгад тоон үзүүлэлтээр хүснэгтээр дэлгэрэнгүй харуулсан байгаагаас үзэхэд хамгийн их ажил үүргийг нэхэмжлэгч миний бие хийж гүйцэтгэсэн болох нь харагдана. Энэ нь маргаан бүхий актын үндэслэл буюу зорилт чиг үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгааг няцаах чухал нотлох баримт юм.
- Засгийн газрын 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 6.1 дэх хэсэгт менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийнэ гэж заасан байхад нэхэмжлэгч надтай ярилцлага хийгээгүй бөгөөд үүнийг хариуцагчаас гаргаж өгсөн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4Б/104 дүгээр албан бичгээр нотлогдох болно. Нэхэмжлэгч намайг хамт байлцуулан ярилцлага хийж дүгнээгүй тул менежер шалгасан эсэх нь тодорхой бус, огноо байхгүй, зөвхөн гарын үсэг л зурагдсан байгаагаас харагдахаас гадна нэхэмжлэгч миний бие дүгнэсний дараа өдөр нь танилцаад хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн үнэлгээтэй танилцсан гэсний доод хэсгийн зайд бичиж тайлбарыг уг журмын 6.5-д зааснаар гаргасан.
- Хариуцагч намайг яагаад 69.5 хувиар үнэлж байгаа тухай тайлбар шаардахад хэлтсийн дарга дээрээс дарамтлаад байгаа тул надад битгий гомдоорой гэсэн тайлбарыг хэлдэг. Үүнээс болоод миний бие уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гээд салбар зөвлөлд гомдол гаргаснаа 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зөвлөлийн хурал дээр хэлэхэд мэдэж байгаа асуудлыг чинь шийдвэрлээд хариу өгнө гэсэн атлаа шууд ажлын байр өөрчилсөн тушаал шийдвэрээ танилцуулсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэдийгээр ажлыг нь шалгасан танилцуулгын хуудсыг үндэслээд албан тушаал бууруулсан гэж тайлбарладаг ч хавтаст хэрэгт хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудасны 5.2-т албан тушаал өөрчлөх санал гаргасан байгааг нэхэмжлэгч миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Магадлалд “... Хэдийгээр маргаан бүхий актад төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулахад баримталвал зохих Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн тохирох зүйл, хэсгийг заагаагүй байх боловч Тушаах хэсэгт нь 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл тодорхойлогдсон байх тул дээрх заалтыг баримтлаагүй хэлбэрийн төдий зөрчлөөр тушаалыг хууль бус гэж үзэх боломжгүй юм. ... маргаан бүхий акт нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1..., 4.4..., 4.4.3-т ... заасантай нийцсэн, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж үзэхээр байна. ... хариуцагчаас албан тушаал бууруулах шийдвэр гаргахдаа гагцхүү үр дүнгийн гэрээний биелэлтийн дүнг бус Э.Мөнхдэлгэрийн ажил байдлын талаар явуулсан албаны шалгалтын дүнд үндэслэж шийдвэр гаргасан байхад анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан ... журмыг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь буруу болжээ” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах сөрөг нөлөөлөл бүхий аливаа захиргааны акт нь заавал эрх зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд үүнийг зөрчих нь “хэлбэрийн төдий алдаа” бус харин уг актыг “илт хууль бус”-д хүргэх ноцтой алдаа юм /Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6/.
Захиргааны актын эрх зүйн үндэслэл тодорхой байхын зорилго нь түүний улмаас эрх нь зөрчигдөж буй этгээдийн хувьд тухайн хууль зүйн үндэслэлийн талаар маргах, эрхээ хамгаалах боломжийг олгоход чиглэгддэг. Нөгөө талаар хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй актыг янз бүрээр тайлбарлан хамгаалах давуу байдлыг хариуцагчид олгох, түүнийг шүүхээс хүлээн зөвшөөрөх нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахад хүргэх эрсдэлтэй.
Иймээс “маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл, заалтыг үндэслээгүй боловч түүний агуулгаас нь тодорхой” гэх утга бүхий давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу байна.
Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны А/238 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын 3.5-д зааснаар “албаны шалгалт” гэдэг нь цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа, сахилга, ёс зүйн зөрчлийн талаарх өргөдөл гомдол, мэдээллийн бодит байдлыг тогтоож, дүгнэлт өгөхөд чиглэсэн үйл ажиллагааг; мөн журмын 3.4.1-ийн д/-д зааснаар алба хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэхдээ “бүрэн шалгалт” хийхээр зохицуулжээ.
Үүнээс үзвэл албаны /хэсэгчилсэн/ шалгалтын зорилго нь хариуцагчийн тайлбарласанчлан, цагдаагийн алба хаагчийн “ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалттай биелүүлсэн” эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэгдэхээргүй байна.
Иймд албаны шалгалтын дүнг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-ийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах үндэслэлгүй.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-ийг хэрэглэх үндэслэл нь мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан журам бөгөөд 19.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ. Мөн зүйлийн 19.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно”, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.3-т “...гэрээний биелэлтийг ... бүтэн жилээр дүгнэнэ” гэж заасан байна.
Иймд нэхэмжлэгчийн байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхдээ хариуцагч Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын холбогдох зүйл, заалтыг зөрчсөн бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг “ёс зүйн зөрчил гаргасан” гэж үзэж дүгнэсэн атлаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-ийн дагуу албан тушаал бууруулсан нь үндэслэлтэй гэж шийдсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Зүй нь хэрэв төрийн жинхэнэ албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан бол түүнд хүлээлгэх хариуцлагыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлээр тусгайлан зохицуулсан байна.
Иймд нэхэмжлэгч нь “... ёс зүйн зөрчил гаргасан тул ... зөвхөн үр дүнгийн гэрээний биелэлтийн дүнг бус Э.Мөнхдэлгэрийн ажил байдлын талаар явуулсан албаны шалгалтын дүнд үндэслэж шийдвэр гаргасан нь хууль ёсны...” гэх утга бүхий давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу байна.
Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0194 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 950 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ