Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/322

 

 

 

 

        

   2022       11            07                                        2022/ШЦТ/322

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгч Ц.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Н-д холбогдох эрүүгийн 2238000000668 дугаартай хэргийг 2022 оны 11 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц.Н-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ө.Б-тай маргалдаж улмаар нүүр хэсэгт нь толгойгоороо мөргөх, алгадах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ба уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000668 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ

2022 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Хөх толгойн ... тоотод байрлах гэртээ эхнэр Ө.Б-ыг “чи хүний амьдралд оролцлоо” гэдгээр шалтаглан нүүр хэсэгт нь толгойгоороо мөргөх, алгадах, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамар, зүүн хөмсөг, зүүн гуянд цус хуралт, зүүн дээд 2-р шүдний эмтрэл, уруулын салстад язрал, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н-гийн өгсөн: “... өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Ө.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 сарын 18-нд оройны 22 цагаас эхэлж манай нөхөр Ц.Н- нь найз Г.Р-, бас дүү нар нь болох Нямбаяр, Ганаа гэдэг хүнтэй хамт архи уусан. Миний мэдэж байгаагаар лав 1 шил архи уусан. Би Г.Р- болон Нямбаяр, Ганаа нарыг нь таньдаг юм. Тэгээд эд нартай хамт би юм яриад сууж байхад Нямбаяр нь найз охиноосоо салсан гэж ярьж байсан. Ингэж ярихаар нь би ашгүй ашгүй гэж хэлсэн чинь Ц.Н- нь чи хүний амьдралд оролцлоо гээд миний нүүр лүү шууд мөргөөд миний хацар руу алгадаад, нуруу, гуя болон гэдэг хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Намайг зодож байхад Г.Р- бид хоёрыг дундуур орж салгаад Ц.Н-г аваад гэрээс гарсан. ...Тэгээд би Б.А-г ирэхээр нь гэрээсээ гараад ирэхэд Ц.Н- нь намайг хэл амаар доромжлоод байхаар нь би урдаас нь хэдэн үг хэлсэн чинь дахиад миний толгой руу мөргөөд миний хөл рүү 2-3 удаа лав өшиглөсөн. ...Тэгээд л удалгүй цагдаа ирээд Ц.Н-г аваад явсан.. ..Бид хоёр албан ёсны гэр бүлийн хүмүүс мөн. 2014 онд гэрлэлтээ батлуулж байсан. Дундаасаа 3 хүүхэдтэй. ...Тийм ээ өмнө нь намайг алгадах, өшиглөж түлхэх зэргээр миний биед халдаж байсан. ...Би өөрөө гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдлэг муу бас өөрөө багаасаа гэр бүлийн хүчирхийлэлд өссөн болохоороо их тоодоггүй байсан. ...Бүгд л мэдэж байгаа. ...Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/,

Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 сарын 19-ний шөнийн 02 цагийн үед намайг гэртээ унтаж байхад манай найз Ө.Б- над руу залгахаар нь би авсан чинь уйлаад цагдаа дуудаад өгөөч гээд яриад байж байсан. ...Намайг ирээд удаагүй байж байхад Ө.Б- нь гэрээсээ гарч ирээд энэ хоёр хоорондоо муудалцаад байсан. ...Тэгж байснаа Ц.Н- нь Ө.Б- руу ойртож зогсоод Ө.Б-ын нүүр рүү нь толгойгоороо мөргөсөн. Тэгэхэд Ө.Б- газар унаад өгөхөөр нь бие рүү өшиглөөд байсан. ...Тэгээд би Ц.Н-г найзтай нь хамт Ө.Б-аас салгаад байж байхад цагдаа ирээд Ц.Н-г аваад яваад өгсөн. Тухайн үед намайг Ө.Б-ыг харахад хамраас нь цус их гараад нүүр болон хувцас нь цус болсон байсан. Бас нүүр ам нь хавдсан байгаа харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

Гэрч Г.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 сарын 18-нд оройн 20 цагийн үед би найз Ц.Н-тай 11-р хороонд уулзсан. ...Тэгээд Ц.Н- Ө.Б- хоёр гэр рүүгээ түрүүлээд орсон. Харин би өөрөө машинаа зогсоолд тавих гэж байсан. Намайг гадаа машинаа зогсоож байхад байшин дотор чанга чанга дугараад байхаар нь яваад орсон чинь Ө.Б-ын нүүр ам нь цус болсон байсан. Харин Ц.Н- нь эхнэрийнхээ хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би очоод энэ хоёрыг салгаад боль барь гээд Ц.Н-г аваад гэрээс нь гарсан. Тухайн үед шөнийн 01 цаг л болж байсан байх Тэгээд байж байхад Ө.Б-ын найз Б.А- нь ирээд юу болсон яасан юм бэ гээд байж байхад гэрээсээ Ө.Б- гарч ирэхэд нь Ц.Н- нь 2-3 удаа цохиод газар унагаасан. ...удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Шижиртуяагийн хохирогчид хийсэн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 41-43 дугаар тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 538 дугаартай: “1. Ө.Б-ын биед хамар, зүүн хөмсөг, зүүн гуянд цус хуралт, зүүн дээд 2-р шүдний эмтрэл, уруулын салстад язрал, духанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба хэрэг гарсан гэх 2022 оны 10 дугаар сарын 18-нд үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтлүүд нь шинэ ба шүдний эмтрэл гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/,

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Ө.Б-ын гаргасан өргөдөл /хх-ийн 7 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ц.Н-гийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ...би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ө.Б-, гэрч Б.А-, Г.Р- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 538 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ц.Н-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Ц.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Хөх толгойн ... тоотод байрлах гэртээ эхнэр Ө.Б-ыг “чи хүний амьдралд оролцлоо” гэдгээр шалтаглан нүүр хэсэгт нь толгойгоороо мөргөх, алгадах, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамар, зүүн хөмсөг, зүүн гуянд цус хуралт, зүүн дээд 2-р шүдний эмтрэл, уруулын салстад язрал, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ө.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.Н-гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүгдэгч Ц.Н-гийн үйлдэл идэвхтэй, хохирогч Ө.Б-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Ц.Н- гэм буруугийн талаар маргаагүй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Б-ын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Н-гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ө.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр: “...Талууд харилцан тохиролцож эвлэрсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 39 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ц.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч Ц.Н-д хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Н-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хавтаст хэргийн 32-38, 40 талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.Н- нь ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 173 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Н-гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Н- нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд

хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭРДЭНЭ-ОЧИР