Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/324

 

 

 

 

        

   2022       11        08                                        2022/ШЦТ/324

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогч П.Т-,

Шүүгдэгч Я.О-, Г.У- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Я.О-, Г.У- нарт холбогдох эрүүгийн 2238000000601 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:    

Монгол Улсын иргэн, Я.О-,

Монгол Улсын иргэн, Г.У-,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Я.О- нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг Аянчин нэртэй бааранд П.Т-ийг үл ялих зүйлээр шалтаглан эрүүн тус газар пивоны шилээр зүсэж шарх бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.У- нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг Аянчин нэртэй баарны  гадаа Я.О-ыг манай найзыг зодлоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар мөргөж түүний биед хамрын таславчны муруйлт, нүүрэн дэх цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000601 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Я.О- нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Аянчин нэртэй бааранд бүжиглэж байхдаа П.Т-ийг мөрлөж, түлхлээ гэх шалтгаанаар эрүүн тус газар нь пивоны шилээр зүсэж эрүүл мэндэд нь “эрүүнд шарх, доод уруул эрүү, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт, эрүү цээж, нуруу, баруун долоовор хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.У- нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Аянчин” нэртэй баарны гадаа Я.О-ыг манай найзыг зодлоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь “хамрын таславч муруйлт, баруун зулайн хуйх, дух, зүүн дээд зовхи, зүүн зовхины дотор булан, зүүн хацрын шонтон, баруун нүдний дотор зовхи, хамар, баруун шуу, зүүн шуу, зүүн мөрөнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.О-ын: “...мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У-ийн: “...мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх,

Хохирогч Я.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Аянчин” нэртэй бааранд очиход онгойж байхаар нь бүжиглэхээр ороход замд зүс танихгүй охин намайг мөрлөөд түлхсэн. Тэгэхэд нь бид хоёр ямар нэгэн маргаан үүсгээгүй. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нөгөө намайг мөрлөсөн охин болон түүний найзууд талбайн захад бүжиглэж байгаад гол хэсэг рүү шахаж орж ирээд намайг анх мөрлөсөн танихгүй охин миний хөл дээр гишгэсэн. Тэгэхээр нь би тэр охиныг цааш нь зүгээр түлхсэн. Тэгээд байж байсан чинь зүс таних Мөөгий гээд охин Хонгороо бид хоёрыг хөлөөрөө жийгээд ороод ирсэн. Тэгээд бид нар тэнд үсдэлцээд намайг текний буланд унагаасан. Тэгээд тэндээсээ гарах гээд явж байхад өлгүүрийн тавцан дээр байсан пивоны шил газарт унаад хагарсан байсан нөгөө охидууд чинь бөөнөөрөө ирээд намайг үсдэж газар унагаагаад зодсон. Тэгж байхад газарт унаж хагарсан пивоны шил гарт баригдахаар нь түүнийг аваад тэр хэдтэй зууралдаж байхад нэгнийх нь эрүүг зүссэн юм шиг байсан. Би тухайн үед тэр хүний эрүүг зүссэнээ мэдэхгүй байгаа юм. Гараад явж байхад араас нөгөө охин ирээд чи миний эрүүг ингээд зүсчихсэн байна гэж байсан. Тэгээд бид нар цэцэрлэгт хүрээлэнгийн хаалганы орчим зогсож байхад нөгөө охинтой хамт явсан У- гэсэн байх тэр хүүхэн эхэлж миний дүү яасан юм гээд их эвтэйхэн ярьж байснаа араас нь найзууд нь гарч ирэх үед хувцаснаас барьж аваад миний хамар хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тэгсэн миний хамраас цус гарсан. Тэгээд манай найзууд салгах гэхэд үсдэж аваад байсан. Тэгээд замын эсрэг талд очиход нөгөө хүүхэн ахиад нэг удаа мөргөсөн. ...Бааранд дотор бид нар хоорондоо үсдэлцэж зодолдсон зүйл болсон. ...Дотор бол миний хамранд гэмтэл учруулах хүн байхгүй. ...баарнаас гарч ирээд зам хөндлөн гараад найзуудын хамт байж байхад Г.У- нь эхлээд бид нар дээр ирээд эвээр ярьж байснаа гэнэт орилоод чи миний найзыг ийм болгочихлоо гээд миний цамцнаас зулгааж байснаа хамар хэсэг рүү нэг удаа мөргөсөн, тэгэхэд хажууд байсан найзууд салгасан. Тэгэхэд миний хамарнаас бага зэрэг цус гарахаар нь би баар байгаа талын замаар хөндлөн гарахад мөн Г.У-, П.Т- нар нь араас гүйж ирээд дахиад барьж аваад Г.У- нь дахин нэг удаа намайг мөргөсөн. Харин тэгж мөргөхдөө миний духанд мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 19 дүгээр тал/,

Хохирогч П.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...талбай дээр бараг 20 минут орчим бүжиглэж байхад Б-ын хамт 00 өрөө орчихоод шатаар буугаад явж байхад намайг шилээр цохисон охин нэг найзынхаа хамт хажуугаар өнгөрөхдөө Б- бид хоёрыг хоёуланг нь мөрлөөд өнгөрсөн. Тэгээд найзуудын хамт талбайн захад бүжиглэж байхад намайг шилээр цохисон охин нь та нар яагаад налж бүжиглээд байгаа юм бэ хол очиж бүжиглэ гээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би яагаад намайг тулхэж байгаа юм бэ гээд урдаас зөрүүлээд түлхсэн. Манай найз О.М- та нар яагаад хоорондоо маргалдаад байгаа юм бэ гээд тухайн үед салгасан. Тэгээд нөгөө охинтой хамт явсан нэг охин нь дундуур дайрч орж ирээд манай найз О.М-ийг цохиод авсан. Тэгсэн намайг шилээр цохисон охин нэг найзын хамт цаанаас нь О.М-ийг цохиод ороод ирсэн. Тэгээд миний хажууд байсан Б-, У- бид гурав тэр хэдийн дундуур орж салгах гэсэн боловч салахгүй байсан. Тэгээд нэг охин нь миний үснээс зулгаагаад зууралдаж явсаар байгаад үүдний хувцасны өлгүүр хэсэгт очсон. Тэгсэн нөгөө найзыгаа салгаж авах гээд нэг найз миний гарыг барьж авсан. Намайг барьж байх хооронд нөгөө өндөр охин хувцасны өлгүүрийн тавцан дээр байсан пивоны шилийг аваад миний эрүү хэсэгт цохичихоод гараад явсан. Тэгэхэд миний эрүү хэсгээс цус гараад унасан. Би хэсэг цусаа тогтоож байгаад араас нь гарсан чинь гадаа бас бөөн хэрүүл маргаан болж байсан. Тэгээд тэд нар хоорондоо маргалдаад байж байхад цагдаа нар ирээд бид нарыг аваад цагдаагийн газарт ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,

Гэрч Ж.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Я.О-, Э.Х- гэдэг хоёр найзын хамт Мөрөн сумын 8 дугаар багт байдаг “Аянчин” нэртэй бааранд 2022 оны 08 дугаар сарын 30-ны орой 23 цаг өнгөрч байхад орсон юм. Ороод бүжгийн талбай дээр бид гурав бүжиглэж байгаад би гадагшаа гарчихаад буцаад орж ирэхэд бүжгийн талбай дээр манай хоёр найзыг тэнд байсан хэдэн хүүхнүүд доороо оруулсан үсдэлцсэн байж байсан. Тэгэхээр нь очоод тэр хэдийг салгах гэж очоод хүчрээгүй байж байхад өөрсдөө зууралцаад баарнаас гарцгаасан. Би баарнаас түрүүлээд гарсан байхад ард үлдсэн тэр хэд цус нөж болцгоосон байдалтай гарч ирсэн. Тэгсэн надтай хамт явсан Я.О-ыг чи шилээр цохичихлоо гээд найзууд нь гээд олноороо дайраад зодоод үсдээд байсан. Тэгэхэд би салгах гэж үзсэн би дийлээгүй. Тэгсэн нэг бор царайтай туранхай хүүхэн нь Я.О-ыг хөдөлгөх боломжгүй болгож байгаад хашаатай нааж байгаад нүүр хэсэгт хоёр удаа мөргөсөн. Тэгээд одоо цагдаа, эмнэлэг дуудъя гэхэд нөгөөдүүл чинь салахгүй Я.О- руу л дайраад байсан. Э.Х- бид хоёр салгах гэсэн боловч хүч хүрэхгүй байсан. Тэр хүүхнүүд олуулаа явж байсан. Тэгээд зууралцаж байхад нь цагдаа нар ирээд салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Гэрч О.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би найзууд болох Г.У-, П.Т-, Б-, Б- нарын хамт Доргио бааранд орцгоосон юм. Тэндээ хоёр, хоёр пиво ууцгаасан. Тэр бааранд байж байхад Я.О- Э.Х- нар нь Б-ыг мөрлөөд өдөөд байсан. Тэгээд тэр баар хаахаар нь бид нар гараад “Аянчин” бааранд ороод баарны бүжгийн талбай дээр бид нар бүжиглэж байхад нөгөө Я.О- гэж охин хажуугаар бужиглэж байхдаа Бааска бид хоёрыг мөрлөж түлхэж аваад Э.Х- гэж охин нь миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдээд авсан. Тухайн үед бид нар зодоон цохион хийлгүй салсан. Дараа нь намайг караокены 00-ийн өрөө явчихаад ирсэн чинь манай найзууд Я.О-, Э.Х- нартай зодолдсон бололтой П.Т-ийн эрүүнээс цус гарсан надтай хамт явсан найзууд нөгөө Я.О-ыг явуулахгүй чи ядаж эмнэлэгт үзүүлж оёо тавиулж өг гээд байж байсан. Тэгэхэд Я.О- Бааскад чамаас илүү намайг хайрладаг юм шүү дээ гичий минь гээд хэлсэн чинь Г.У- Я.О- дээр очоод дух хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тэгээд тэнд хэрэлдээд зогсож байхад цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/,

Гэрч Э.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд “Доргио” баар хаагаад бид гурав Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Аянчин” нэртэй бааранд ороход нөгөө хэдэн эмэгтэй ирсэн бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Бид гурав мөн нөгөө бааранд ороод зайтэй бүжиглэж байхад ...тэр хэд бид нар луу шахаж орж ирж бүжиглэхдээ Я.О- хөлөн дээр гишгэсэн. Тэгсэн Я.О- зөрүүлээд мөрлөөд түлхсэн. Тэгсэн хамт явж байсан нэг эмэгтэй нь Я.О-ын гэдэс хэсэг рүү нь жийж өшиглөж орж ирээд тэнд зодоон болсон. Тэгж байхад тэр хэдтэй явж байсан сүүлд нэрийг нь мэдсэн П.Т- гэх эмэгтэйн эрүүнээс цус гарсан байдалтай Я.О- руу дайрсан байдалтай байж байхад нь нэг найз нь араас нь татаад байсан. Тэгэхэд нь би хамт болио гээд гарнаас нь татаж болиулсан. Яг эрүүг нь юугаар зүссэнийг хараагүй гарч ирээд харсан. Тэгээд баарнаас гарч ирээд байж байхад Г.У- гэх эмэгтэй нь Ж.Х- бид хоёроос яасан юм гэж асуухад нь бид хоёр сайн мэдэхгүй байна гэж хэлээд байж байхад Я.О- руу тэр хэд бөөнөөрөө дайраад замын нөгөө талд байхад нь Г.У- гэж эмэгтэй нүүр лүү нь нэг удаа мөргөсөн. Тэгэхэд нь Я.О-ын хамарнаас бага зэрэг цус гарсан байсан. Тэгээд Я.О- нөгөө хэдээс зугатааж замаар дахин нөгөө талд гарахад П.Т-, Г.У- хоёр нь очиж үсдээд Г.У- нь дахин хамар руу нь мөргөсөн. Мөн 1-2 удаа Я.О-ын гэдэс хэсэг рүү нь Г.У- өвдөглөсөн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 480 дугаартай: “1. Я.О-ын биед хамрын таславч муруйлт, баруун зулайн хуйх, дух, зүүн дээд зовхи, зүүн зовхины дотор булан, зүүн хацрын шонтон, баруун нүдний дотор зовхи, хамар, баруун шуу, зүүн шуу, зүүн мөрөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба хэрэг гарсан гэх 2022.09.09-нд үүссэн байх боломжтой. 3. Я.О-ын биед үүссэн хамрын таславчны муруйлт, нүүрэн дэх цус хуралт нь тусдаа, бусад цус хуралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 482 дугаартай: “1. П.Т-ийн биед эрүүнд шарх, доод уруул эрүү, зүүн шуу, барууй шилбэнд цус хуралт, эрүү цээж, нуруу, баруун долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь иртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба хэрэг гарсан гэх 2022.09.09-нд үүссэн байх боломжтой. 3. П.Т-ийн биед үүссэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусас зулгаралт, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар тал/,

Шүүгдэгч Г.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өмнө танд гэрчээр өгсөн мэдүүлэпгээ болсон хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг ярьсан байгаа. ... Би ганц удаа л мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр тал/,

Шүүгдэгч Я.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн Эрүүгийн хуульд заасан зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. ... Би өмнө өгсөн мэдүүлэгтээ болсон хэргийн талаар дэлгэрэнгүй өгсөн байгаа тэр мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. П.Т-ийн биед халдаж эрүүг нь шилээр зүссэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч П.Т-, Я.О- нарын мэдүүлэг, гэрч Ж.Х-, О.М-, Э.Х- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 480, 482 дугаартай дүгнэлтүүд, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Я.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Я.О- нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Аянчин нэртэй бааранд бүжиглэж байхдаа П.Т-ийг мөрлөж, түлхлээ гэх шалтгаанаар эрүүн тус газар нь пивоны шилээр зүсэж эрүүл мэндэд нь “эрүүнд шарх, доод уруул эрүү, зүүн шуу, барууй шилбэнд цус хуралт, эрүү цээж, нуруу, баруун долоовор хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г.У- нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Аянчин” нэртэй баарны гадаа Я.О-ыг манай найзыг зодлоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь “хамрын таславч муруйлт, баруун зулайн хуйх, дух, зүүн дээд зовхи, зүүн зовхины дотор булан, зүүн хацрын шонтон, баруун нүдний дотор зовхи, хамар, баруун шуу, зүүн шуу, зүүн мөрөнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.Т-, Я.О- нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.У-, Я.О- нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.У-, Я.О- нарын үйлдэл идэвхтэй, хохирогч П.Т-, Я.О- нарын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Г.У-, Я.О- нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.У-, Я.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.У-, Я.О- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Т-, Я.О- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар баримтыг хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд хохирогч нар хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч П.Т- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардал, олох ёстой байсан орлого 1.000.000 төгрөгийн хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Я.О-аас, хохирогч Я.О- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардал 500.000 төгрөгийн хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.У-ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.У-, Я.О- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.У-, Я.О- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.У-, Я.О- нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хавтаст хэргийн 69-74, 76-79 дүгээр талд авагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ... нарын төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.У- нь ... тоотод түр оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байсан зэрэг,

Хавтаст хэргийн 82-84, 86 дугаар талд авагдсан иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Я.О- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод ам бүл ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.У-, Я.О- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 175 дугаартай тогтоолоор хангаж, тэдгээрт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Г.У-, Я.О- нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Г.У-, Я.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-, Я.О- нарт оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.У-, Я.О- нар нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргасан Си ди 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.У-, Я.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-, Я.О- нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-, Я.О- нарт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.У-, Я.О- нарт оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч П.Т- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардал, олох ёстой байсан орлого 1.000.000 төгрөгийн хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Я.О-аас, хохирогч Я.О- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардал 500.000 төгрөгийн хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.У-ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргасан Си ди 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У-, Я.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭРДЭНЭ-ОЧИР