Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 12

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.У-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч,  2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.У, хариуцагчийн төлөөлөгч Г.Г, түүнийн өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.У нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хяналт шинжилгээ, үнэлгээ мониторинг хариуцсан албан тушаалд 2015 оны 11 сарын 04-ний өдрийн сургуулийн захирал А.П-н Б/29 тоот тушаалаар томилогдон ажилласан. 2017 оны 10 сарын 31-ний өдөр сургуулийн захирал Г.Г-н Б/37 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөн, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 133/ШШ2018/00037 тоот шийдвэрийн дагуу 2018 оны 03 сарын 12-ны өдрийн сургуулийн захирал Г.Г-н тушаалаар ажилдаа эргэн орсон. Г.Г захирал 2018 оны 03 сарын 01-нд шүүхийн шийдвэр гарсны дараа ажилдаа эргэн орохоор очиж уулзахад чамайг би ажилд авсан ч гэсэн хэдэн сарын дараа эргүүлээд гаргана, чамайг ер нь авахгүй гэсэн. Ажлын төлөвлөгөө баталж өгдөггүй, өрөөнд нь орох болгонд доромжилсон өнгө аясаар харьцдаг, тайван ажил хийхэд хүндрэлтэй, удирдах албан тушаалтны байнгын дарамтанд ажилладаг байсан. 2018 оны 06 сард Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны Дотоод аудитын газрын 20 орчим ажилтнууд манай сургууль дээр ирж шалгалт хийсэн. Тухайн шалгалт ирсэн байхад Г.Г захирал нягтлан Ж.Б-тэй сургуулийн коридорт У-г ажлаас гаргаад өгье гэсэн шүү гэж ярьж байхыг сонссон. Яамны шалгалт нь Г.Г захирлын эсрэг сургуулийн ажилтнуудын бичсэн өргөдлийн дагуу ирсэн боловч тухайн захирлын арга залинд орон өргөдөл бичсэн хүмүүсийг шалгаж, дарамталж байгаад явсан. 2018 оны 06 сард тухайн шалгалтын хариу бичиг ирсэн нь намайг ажлаас чөлөөлөхийг зөвлөмж бичсэн байсан. Г.Г захирал ажлын төлөвлөгөө баталж өгдөггүй, 2018 оны 03 сарын 12-нд захирлын тушаал гарснаас хойш хийгдсэн ажлын тайлан, материалуудыг ажил хүлээлцэх комисст хүлээлгэж өгсөн. Үүнд: 1. Сургуулийн захиргаанд иргэд, ажилчдаас ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэнд хийсэн хяналт /2018 оны 1-р улирал/, 2. Сургуулийн захиргаанд иргэд, ажилчдаас ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэнд хийсэн хяналт /2018 оны 2-р улирал/ 3. Сургуулийн захиргаанд иргэд, ажилчдаас ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэнд хийсэн хяналт /2018 оны 3-р улирал/ 4. Захирлын гаргасан тушаал дээр хяналт хийхээр ажлын төлөвлөгөөнд тусгасан боловч захирал зөвшөөрөөгүй. 5. Сар бүрийн цалингийн цагийн гүйцэтгэлд хийсэн хяналт 6. “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-ын үйл ажиллагаанд хийсэн хяналт-6 сар 7. “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-ын үйл ажиллагаанд хийсэн хяналт-9 сар 8. “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-ын үйл ажиллагаанд хийсэн хяналт-10 сар 9. Сургуулийн багш, ажилчдын диплом, багшлах эрхийн үнэмлэхийг шалгасан хяналтын тэмдэглэл 10. Сургуулийн багш ажилчдын ажилласан жилийн тооцоо 11. Сургуулийн өөрийн орлогын үйл ажиллагаанд хяналт хийхээр ажлын төлөвлөгөөнд тусгасан боловч Захиргаа аж ахуйн менежер удирдамж баталж өгөөгүй 12. Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийн судалгаа 13. Дотоод хяналтын баг байгуулахаар журам, тушаалын төсөл боловсруулан сургуулийн захиралд өгсөн 14. 2014, 2015 оны санхүүгийн тайлангийн аудитын актын тооцоо, 2014 оны үйл  ажиллагааны үр дүнд хийсэн аудитын актны тооцоо. Ажлын төлөвлөгөө гарган, төлөвлөгөөндөө тусгасан ажлуудыг тухай бүр нь хуулийн хүрээнд хийж гүйцэтгэж байсан. Г.Г захирал нь сургуулийн багш, ажилтнуудыг байнгын дарамт шахалтанд байлгадаг, Яамны шалгалтын хариу нь дутуу дулимаг гэдэг батлагдаж байна. Сургуулийн номын санч М-г мэргэжлийн үнэмлэх байхгүй гэж бичсэн байна. М нь соёлын магистрын дипломтой.Тухайн шалгалтаар миний хийсэн ажлын тайланг авч явсан, ямар нэгэн шалгалт аваагүй. Захирал нягтлан бодогч Ж.Б-н хийж чадахгүй аудитын актны тооцоог надаар гаргуулахаар үүрэг даалгавар өгсөн, тухайн үүрэг даалгавар нь өрөөсгөл санхүүгийн программ руу орж шүүхгүй бол тооцоо нь гарахааргүй. Намайг өрөөнд нь орох болгонд Г.Г захирал дайрч доромжлон, нэг удаа мэдрэлийнхээ эмчид очиж үзүүл гэж хашгирсан. Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны ажилтнуудтай хуйвалдан намайг ажлаас гаргах үйл ажиллагааг захирал Г.Г зохион байгуулсан байна. Сургуулийн захирал нь боловсролын салбарт 5-аас дээш жил ажилласан хүн байх ёстой. Гэтэл Г.Г дарга өмнө нь боловсролын салбарт ажиллаж байгаагүй, Татварын хэлтэст ажиллаж байгаад манайд ажилд орсон. Сургуулийн үйл ажиллагааг мэддэггүй. Ажлаас халах өө шалтаг хайгаад ажлаас халсан. Дотоод аудитын газрын дүгнэлтэд сургуулийн санхүүд бүртгэлгүй байсан тракторын чиргүүл алга болсон гэдэг хэл ам гарсан. Гэтэл зам ангид зам засуулахаар сольж өгсөн гэсэн тайлбар өгсөн байгаа нь үндэслэлгүй байна. Санхүүд бүртгэлгүй байгаа хөрөнгийг сургуулийн дансанд дахин үнэлгээ тогтоож бүртгэж авах ёстой байтал сургуулийн дансанд бүртгэж авалгүйгээр өөр байгууллга руу зам засуулахаар шилжүүлээд өгсөн гэдэг дүгнэлт гарсан. Тэгэхээр ийм дүгнэлт гаргаж байгаа байгууллага ямар гэдэг нь харагдаж байна. Дотоод аудитын газрын дүгнэлт дээр дотоод хяналтын ажилтан чинь ийм ийм ажил хийгээгүй, буруу хийсэн байгаа учир ажлаас чөлөөлөхийг санал оруулж байна гэсэн дүгнэлт байгаа. Иймд шударга бус үйл ажиллагаа явуулдаг сургуулийн захирал Г.Г-н 2018 оны 10 сарын 19-ний өдрийн Б/35 тоот тушаалыг дахин хянан үзэж ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хяналт шинжилгээ мониторинг хариуцсан ахлах мэргэжилтэн У-г 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар албан тушаалд эгүүлэн томилж ажиллуулсан. Тухайлбал өмнө нь тухайн ажлын байран дээр тавигдах мэдлэг ур чадвар тэнцэхгүй байна гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлөөд анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилсон. Ажиллуулах хугацаандаа тодорхой хэмжээний үүрэг даалгавар өгсөн. Тодорхой үүрэг даалгавар гэдэг нь захирлаас албан ёсоор цохоод өгсөн нэг л үүрэг даалгавар байдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудал дээр гүтгэлгийн шинж чанартай асуудлууд байна. Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төв нь онцлог байгууллага. Дагнасан нэг чиглэлийн үүрэг хэрэгжүүлдэггүй. Энэ учраас тэр бүр дотоод хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ажилтан маань орж ажиллах ёстой. Энэ үүднээс тухайн ажилтан нь ажлаа зохих ёсоор хийхгүй байгаа. Ажлаа мэддэггүй байгаа нь байгууллагыг хэвийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлж байна гэдэг чиглэлийг яамнаас өгсөн. Харьяа дээд байгууллага буюу миний хувьд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар томилогддог албан тушаалтан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын шууд харьяанд байдаг байгуулага байгаа. Сайдын тушаалаар томилогдсон 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж ажилласан. Ажлын хэсэг нь тодорхой удирдамж батлуулаад ирсэн байдаг. Сайдын тушаалаар батлагдсан удирдамж дээр манай үндсэн үүрэгтэй холбоотой дотоод хяналт шалгалтыг ажлыг үзэж шалгахаар, байгууллагын үйл ажиллагаанд өмнөх онуудад хийгдсэн аудит хяналт шалгалт зөвлөмжийн дагуу ажлын хэсэг ирж ажилласан. Ажлын хэсэг ирж ажиллаад тодорхой хийгдсэн ажлын хүрээнд хяналт шалгалтын тайлан гаргасан. Дотоод аудитын хорооны дарга баталгаажуулсан. Үүгээр 2017 оны төсөв санхүү үйл ажиллагаанд хийгдсэн дотоод аудитын хяналт шалгалтын тайланг баталсан. Уг тайлангаар өгсөн дүгнэлт хэсэг дээр 10 дугаар зүйл дээр хяналт шинжилгээ мониторингийн ахлах ажилтан нь жилийн ажлын төлөвлөгөөг захирлаар батлуулан өргөлдөл гомдлын шийдвэрлэлт өмнөх аудитын зөвлөмжийн хэрэгжилт, актын барагдуулалтад хяналт тавьж ажилласан боловч гүйцэтгэсэн ажлыг тайлагнаагүй, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах тал дээр санал дүгнэлт гаргадаггүй. Төсөв санхүүгийн болон сургалтын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх талаар хууль эрх зүйн мэдлэг дутмаг, ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлага хангахгүй байна. Зөвлөмж хэсэг дээр хяналт шинжилгээ мониторингийн ахлах ажилтаны ажлын байран дээр заагдсан мэдлэг ур чадварыг хангасан ажилтан томилж байгууллагын дотоод хяналтын сайжруулах, дотоод хяналтын талаар тодорхой төлөвлөгөөтэй, үр дүнтэй ажиллах удирдлага зохион байгуулалтаар ханган хяналт шалгалт хийсэн тухай бүр удирдлагад танилцуулан алдаа зөрчилийг хангах гэсэн тайлангийн дагуу зохих ажлыг хийж гүйцэтгэж 09 дүгээр сарын 10-ны дотор ирүүлхийг дотоод аудитын газраас үүрэг даалгавар өгсөн. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын дотоод хяналт шалгалт хариуцсан албаны даргын албан тоотоор дотоод аудит хяналт шалгалтын зөвлөмжөөр өгсөн зөвлөмж тогтоолоор өгсөн мөрөө ажил сайжруулах үүргийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэх үүрэг даалгавар өгсөн. Дотоод аудитын дүгнэлтийн мөрөөр ажил сайжруулах ажлын удирдамжийг батлан хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж явсан. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны дотор тайлангийн зөвлөмжөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг  гаргаж хүргүүлсэн боловч хөдөлмөр ниймгийн хамгааллын яамны дотоод аудитын хорооны тогтоолоор Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн байна гэдэг үндэслэлээр хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дотоод аудитын хороонд таницлуулга хийгдээд, танилцуулгаар хөдөлмөр нийгмийн хамгааллын дэргэдэх дотоод аудитын хорооны тогтоол мөн гарсан. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21812 дугаартай тогтоолоор аудит хяналт шалгалтын байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах тухай гээд хангалтгүй өгсөн байгууллагын удирдлагуудад хуулийн хүрээнд хариуцлага тооц гэдэг үндэслэлээр надад хариуцлага тооцуулахаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4/3659 дугаартай албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл ирүүлээд хийгдсэн ажлууд байгаа. У-той байгуулсан хөдөлмөрийн гэрээнд мэдлэг ур чадвар зохих байгууллагын дүгнэлтээр ажлын байрны шаардлага хангахгүй бол ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслээд ажлаас чөлөөлсөн байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Д.У-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Д.У нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Нэхэмжлэгч Д.У нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хяналт шинжилгээ, мониторинг хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 дугаартай албан тушаалд нь эгүүлэн авах тухай тушаал, мөн төвийн даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/35 дугаартай Д.Урангоогийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалууд, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ. Нэхэмжлэгч Д.У нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Д.У-той 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, хяналт шинжилгээ, мониторинг хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллуулснаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна. 
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5, 42.1 дэх заалтыг үндэслэн Д.У-г ажлаас чөлөөлжээ.
Хариуцагч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2018/06 дугаар тогтоолын тайлан дүгнэлтээр хяналт шинжилгээ, мониторинг хариуцсан ахлах мэргэжилтэн Д.У нь мэдлэг ур чадвар дутмагаас тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй байгаа нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн гэжээ. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “...ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно. 
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/105 дугаар тушаалаар Говь-Алтай, Завхан аймаг дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын харьяа байгууллагуудын 2017 оны төсөв, санхүү, үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтэд дотоод аудит, хяналт-шалгалт хийх удирдамжийг хавсралтаар баталсан байх бөгөөд уг тушаалын хавсралтад зааснаар Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд дотоод аудит, хяналт-шалгалт хийхээр баталжээ.
Уг дотоод аудит, хяналт-шалгалтын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2018 оны 06 дугаар сард Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017 оны сургалтын болон санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналт шалгалтын тайланг ирүүлсэн байна.
Дээрх тайлангийн 5.1 байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагаа гэх хэсэгт “тус сургуулийн дотоод хяналт хариуцсан ажилтан Д.У нь Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналт шалгалт зохион байгуулах журам боловсруулан батлуулсан боловч жилийн ажлын төлөвлөгөөг сургуулийн захирлаар батлуулаагүй, хийж гүйцэтгэсэн ажлын тайлангүй байна. Дотоод хяналтын ажилтан нь 2017 онд өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, өмнөх аудит хяналт шалгалтын актын төлбөр, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын удирдамж боловсруулан Захиргаа аж ахуйн даргаар батлуулан ажилласан боловч удирдамжаар хийх ажил хэт ерөнхий, хамрах хүрээ тодорхойгүй, хяналт шалгалтын ажлын үр дүнг тайлагнаагүй, дүгнэлт, санал, зөвлөмж гаргаж илэрсэн зөрчлийг арилгах дахин давтахгүй байх талаар ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй зэргээс үзэхэд хариуцсан ажилтны мэдлэг чадвар дутмаг, сургуулийн үйл ажиллагаанд тавих хяналт хангалтгүй байна” гэжээ.
Өөрөөр хэлбэл дээрх дотоод аудит, хяналт-шалгалтын удирдамжаар Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ажилтнуудын мэргэжил, ур чадварыг шалгах, энэ талаар дүгнэлт гаргах эрхийг олгоогүй тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017 оны сургалтын болон санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналт шалгалтын тайланг үндэслэн Д.У-г мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.У-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Д.У-г Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хяналт шинжилгээ, мониторинг хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу Д.У-ийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийг хүртэл 2 сар 11 хоногийн олговор 1.402.944 /нэг сая дөрвөн зуун хоёр мянга есөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд “ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж заажээ.
Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо дээрх журмыг баримтлан хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.У-ийн 0094207 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2018 оны 07, 08, 09 дүгээр сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1.402.944 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 37.397 төгрөг, нийт 107.597 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.У-г Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хяналт шинжилгээ, мониторинг хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.402.944 /нэг сая дөрвөн зуун хоёр мянга есөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Д.У-д олгосугай. 
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.У-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд даалгасугай. 
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1.402.944 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 37.397 төгрөг, нийт 107.597 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        
                         

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ