Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/331

 

 

 

 

        

   2022       11            10                                        2022/ШЦТ/331

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,   

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-ид холбогдох эрүүгийн 2238000000545 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ...тоотод байрлах байшинд 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэвтэрч хохирогч Б.Б-гийн эзэмшлийн Dell брендийн I5 загварын нөүтбүүк, Жи-мобайлын товчлууртай жижиг гар утас, нэг нүдний орос дуран, сүү, цөцгийн тос, масло, 43 инчийн Моnel брендийн телевизорийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.678.500 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000545 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б- нь шунахайн сэдэлтээр 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ...тоот байрлах байшингийн таамбарын цонхны шилийг хагалан нэвтэрч хохирогч Б.Б-гийн эзэмшлийн Dell брендийн I5 загварын нөүтбүүк, Жи-мобайлын товчлууртай жижиг гар утас, нэг нүдний орос дуран, сүү, цөцгийн тос, масло зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.128.500 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг “...хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-: “...би эгчийндээ тэр өдөр орсон нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хөдөө явахдаа Мөрөн сумын 14 дүгээр багийн ...тоотод байх байшингаа цоожлоод явсан. 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хөдөөнөөс ирэхэд манай байшингийн үүдний цонхны шилийг хагалсан байсан. Байшингаа онгойлгож ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд манай байшинд байсан нөүтбүүк, жи-мобайлын товчлууртай жижиг утас, нэг нүдний дуран, хөргөгчид байсан сүү, тос, масло зэрэг эд зүйлс алга болсон байсан. Тэгээд хэн манай байшинд орсныг мэдээгүй байж байтал орой миний төрсөн дүү Б.Б- манайд согтуу орж ирсэн. Тэгэхдээ манай байшинд байсан нөхрийн куртик, манай охины куртик хоёрыг давхарлаад өмсчихсөн байсан. Би Б.Б-ийг манайхаас юм хулгайлж авсан байж магадгүй гэж сэжиглээд чи манайд орж эд зүйл авсан юм уу нөүтбүүк хаана байна гээд асуусан чинь Б.Б- “нөүтбүүкийг 14-р хорооны бүжгэн дээр аваачиж Т- гэдэг залууд нэг шил архинаас өгсөн” гэж ярьсан. Тэгээд нөхөр бид хоёр Т- гэдэг залууг нь хайж олоод уулзахад “Б.Б- нөүтбүүк зарна гээд явж байсан. Гэхдээ би аваагүй, өөр хүнд өгсөн байх” гэж ярьсан. Б.Б-той нүүрэлдүүлээд асуусан чинь Б.Б- “би Т-т өгөөгүй, өөр хоёр танихгүй залууд өгсөн” гэсэн юм яриад байгаа. Тэгээд Б.Б-ийн нөүтбүүкээ зарсан гэх хүн хэн байсан нь мэдэгдэхгүй болчихоод байна. Тиймээс уг асуудлыг шалгуулж нөүтбүүкээ гол нь олж авмаар байна. Алдагдсан нөүтбүүк нь Dell брэндийн I5 загварын нөүтбүүк байсан юм. Уг нөүтбүүкийг 2021 оны 08 дугаар сард 1.200.000 төгрөгөөр авч байсан. Одоо алдсан нөүтбүүкээ 1.200.000 төгрөгөөр үнэлнэ. Жи-Мобайлын товчлууртай жижиг утсыг 2022 оны хавар авсан. Тэр утсыг одоо 80.000 төгрөгөөр үнэлнэ. Тэр хавьцаа үнээр л авч байсан байх. Нэг нүдний орос дуран манайд удаж байгаа. Аавын маань дуран байсан юм. Тэр дуранд 60.000 төгрөгөөр үнэлнэ. Хөргөгчид байсан сүү 5 литрийн савтай байсан. 1 литрийг нь 1500 төгрөгөөр бодож 7500 төгрөгөөр үнэлнэ. 500 грамм шилтэй цөцгийн тос байсан. Тэр цөгцийн тос нэлээн хэд байснаас 4 шилийг нь авсан байсан. Тэгэхээр 4 шил тос нь нийт 2 литр шил тос болно. 1 литрийг нь 20.000 төгрөгөөр бодож нийт 40.0       төгрөгөөр үнэлнэ. Масло нь барагцаагаар 3 килограмм байсан. Маслыг 1 килограммыг 15000 төгрөгөөр бодож 45000 төгрөгөөр үнэлнэ. Мөн манайд байсан 43 инчийн монел брэндийг зурагтыг авч явах гэж байсан бололтой суурь, залгуур утаснуудыг нь салгаж тавиад хагалж гэмтээсэн байсан. Дэлгэц нь хагараад туяа татчихсан байна лээ. Тэр зурагтаа 2022 оны 05 дугаар сард 700.000 төгрөгөөр Номин худалдааны төвөөс авч байсан. Одоо 700.000 төгрөгөөр үнэлнэ. Зурагт худалдан авсан баримт бичиг гэрт байгаа. Нөүтбүүкний баримт байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Байвал авч ирж өгч болно. Бусад алдсан зүйлс нь худалдан авсан баримт энэ тэр байхгүй. Б.Б- миний төрсөн дүү байгаа юм. Манайхаас удаа дараа хулгай хийж намайг хохироож байсан. Шоронд хэд хэдэн удаа явж байсан. Ер нь байнгын хулгай хийдэг. Эрүүл бүх зүйлээ хийж байгаа үйлдлээ мэдэж байдаг боловч худлаа балай юм шиг жүжиглээд байдаг. Архи дарс байнга уудаг. Түнэл сумын 6 дугаар багт оршин суух харьяаллын хаягтай боловч тэндээ байнгын амьдардаггүй. Ер нь гэртээ тогтохгүй тэнэж архи уусан байдалтай байдаг. Мөрөнд манайхаар хаяа ирдэг. Боловсрол мэргэжилгүй. Сургууль суугаад 2 дугаар анги төгссөн. Гэхдээ бичиг үсэг бол сайн мэддэг, өөрөө алдаагүй уншиж бичиж чаддаг. Би алдагдсан эд зүйлсээ нэхэмжилж хохирлоо барагдуулмаар байна. Эд зүйлсээ хулгайд алдсандаа гомдолтой байна. Би хамгийн гол нь нөүтбүүкээ олж авах нь маш чухал байна, хэрэгтэй файлууд баисан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

Гэрч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би яг хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна. 2022 оны 07 дугаар сарын 20-ны үед л юм би 14 дүгээр хороонд байдаг "Дурсамж" бүжгийн гадаа таксинд явж байхад Б.Б- нэг жижиг хар цүнхтэй юм барьчихсан явж байсан. Тэгээд тэрийгээ надад үзүүлэхэд нөүтбүүк байсан бөгөөд надад асааж үзүүлээд авах уу гэхээр нь би авахгүй гэж хэлсэн. Тэгээд тэр нөүтбүүкээ куртикний дотор талдаа хийгээд цахилгаанаа татаад явсан. Би бүжгийн гадаа машиндаа сууж байсан болохоор зааланд доторх цонхоор нь харагдаж байсан. Б.Б- тэгээд бүжгийн клуб рүү ороод дотор суугаад байсан. Би тэндээс нэг хүн аваад явсан. Тэгээд яасан талаар нь мэдэхгүй байна. Тэгээд 2-3 хоногийн дараа ах эгч хоёр манайд ирээд цагдаа дээр очиж уулзъя гэхээр нь дагаад ирсэн. Тэгтэл Б.Б- байж байсан. Тэгээд тэр ах эгч хоёр Б.Б-оос энэ нөүтбүүк зарсан залуу чинь мөн үү гэж асуухад мөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи хүнээ олж таниарай би чамаас хэзээ нөүтбүүк авсан юм” гэсэн чинь Б.Б- дуугарч чадахгүй дуугүй зогсоод байсан. Тэгээд дахиад чи энэ хүнд яг зарсан юм уу гэсэн чинь Б.Б- үгүй өөр хүнд зарсан гэж хэлж байсан. Би бол Б.Б-оос нөүтбүүк аваагүй. Б.Б-ийг нөүтбүүкээ хэнд зарсныг нь ёстой мэдэхгүй. Би тэнд зогсож байгаад нэг хүн аваад явсан. Нөүтбүүк худалдаж авсан хүнийг нь ч хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/,

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Б.Б-гийн гаргасан өргөдөл /хх-ийн 7 дугаар тал/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 дугаар тал/,

“ИхэрМөрөн-Аудит” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2245617200377 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэн Б.Б-гийн хулгайд алдагдсан 7 нэрийн эд зүйлийн нийт үнэлгээг 1.678.500 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-23 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...тогтоолтой танилцсан. Санал хүсэлт байхгүй. Би 2022 оны 7 дугаар сард төрсөн эгч Б.Б-гийн байшингийн цонхоор орж нөүтбүүк энэ тэр авсан. Зурагтыг нь авч явах гэж байгаад салгаад байшинд нь орхисон. Нөүтбүүкийг нь “Дурсамж” бүжгийн газарт танихгүй хүнд өгч зарсан. Тэр хүнээ олохгүй байгаа. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судласнаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/, гэрч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Б.Б-гийн гаргасан өргөдөл /хх-ийн 7 дугаар тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 дугаар тал/, “ИхэрМөрөн-Аудит” ХХК-ийн үнэлгээчний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-23 дугаар тал/, шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Б.Б- нь шунахайн сэдэлтээр 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ...тоот байрлах байшингийн таамбарын цонхны шилийг хагалан нэвтэрч хохирогч Б.Б-гийн эзэмшлийн Dell брендийн I5 загварын нөүтбүүк, Жи-мобайлын товчлууртай жижиг гар утас, нэг нүдний орос дуран, сүү, цөцгийн тос, масло зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.128.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нотлогдон тогтоогдож байна.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрчийн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ. 

Шүүгдэгч Б.Б- нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно. “Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Б.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж үзэх бөгөөд “орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгохоор байна. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын хулгайлах гэмт хэргийг “...хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б- нь шунахайн сэдэлтээр 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ...тоот байрлах байшингийн таамбарын цонхны шилийг хагалан нэвтэрч хохирогч Б.Б-гийн эзэмшлийн Dell брендийн I5 загварын нөүтбүүк, Жи-мобайлын товчлууртай жижиг гар утас, нэг нүдний орос дуран, сүү, цөцгийн тос, масло зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.128.500 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-д 1.678.500 төгрөгийн шууд хохирол учирсан гэж прокурор яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Б.Б- өгсөн мэдүүлэгт: “...манайд байсан 43 инчийн монел брэндийн зурагтыг авч явах гэж байсан бололтой суурь, залгуур утаснуудыг нь салгаж тавиад хагалж гэмтээсэн байсан” гэх /хх-ийн 14-15 тал/, шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Зурагтыг нь авч явах гэж байгаад салгаад байшинд нь орхисон” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/ хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “...би зурагт аваагүй, намайг гар хүрэхэд унасан. Түүнээс биш гэрээс нь авч гараагүй” гэх мэдүүлгийг өгч байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 43 инчийн Монел брэндийн зурагтын үнэ 550.000 төгрөгийг /хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-23 тал/ хасч, шүүгдэгч нь хохирогч Б.Б-д 1.128.500 төгрөгийн хохирлыг учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б- нь хохирогчид 1.128.500 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-оос 1.128.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б-ийг “...хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 43-49, 52-60 дугаар талд авагдсан оргодол эрэн сурвалжлалт зарласан лавлагаа, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас, мөрдөгчийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б- нь ам бүл 2, ээжийн хамт ... оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 52 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ийг ...хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ид оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-оос 1.128.500 (нэг сая нэг зуун хорин найман мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б- (...)-д олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 52 (тавин хоёр) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР