Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/332

 

 

 

 

        

   2022       11            10                                        2022/ШЦТ/332

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Н.Энхтулга,

Хохирогч Ч.Л-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржав,

Шүүгдэгч О.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-т холбогдох эрүүгийн 2238000000304 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.Д-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Д- нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ч.Л-тэй маргалдаж улмаар түлхэж унаган, нүүр хэсэгт нь өшиглөж биед нь хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000304 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч О.Д- нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ч.Л-тэй “чи их том болсон байна лээ чамайг зодоход яадаг юм” зэргээр маргалдаж улмаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр явж байхад нь араас нь очиж түлхэж унаган, нүүр хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн чамархай ясны хугарал” бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д-ын өгсөн: “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Л-гийн өгсөн: “...хохиролд 200.000 төгрөг өгсөн, одоо 2 хонь өгнө гэсэн тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ч.Л-гийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн орой ...Д- ахындаа орж хоол иднэ гэж байсан би гэр рүүгээ харина гээд засмал зам дагаад явж байхад араас нэг хүн намайг түлхэж замын хажуу тал руу унагаасан. Би газарт унаад буцаад босоод харахын завдалгүй урдаас миний нүүр хэсэгт хоёроос гурван удаа өшиглөсөн. Хальт харахад намхан махлагдуу биетэй залуу байсан. Тэгээд намайг зодчихоод зугтаасан. Би араас нь нэг удаа орилсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна ухаан алдсан байсан. Нэг мэдсэн эмнэлэгт ухаан орж сэрсэн. ...Эмчилгээний зардалд гарсан 1 сая төгрөгөө гаргуулж авмаар байна. ...надад хохирол төлсөн зүйл огт байхгүй ...гомдолтой байна. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 11-18 дугаар тал/,

Гэрч Ч.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ...20 цагт дүү Ч.Л- рүү залгаад хоол хийсэн байна ирэхгүй юм уу гэхэд би тал дээр байна гэсэн ...Тэгээд 22 цагт дахиж ярихад “Оюу” дэлгүүрийн энд байна гэж хэлээд түүнээс хойш утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь ах эгчийнд очсон юм болов уу гэж бодоод асуухад манайхаар ирээгүй гэж хэлээд байж байтал манай хүргэн М-ын ах Ч.Л- гэж хүн манай эгч Б- рүү залгаад Ч.Л- зам дээр унасан байна гэж хэлж байна чи хувцсаа өмсөж бай би яваад очьё гэсэн. Тэгээд 9 дүгээр хорооны зүүн тийшээ явдаг уулзварын зам дээр цагдаа нар ирсэн хүмүүс шавсан байцгааж байсан. Би дундуур нь ороод харахад манай дүү Ч.Л- дээшээ харчихсан хамар амнаас цус гарчихсан байж байсан. Тэгээд түргэн ирээд эмнэлэг рүү авч явсан. Би эмнэлэг дээр Ч.Л-тэй хамт ирээд юу болов яагаад ийм болчихвоо гэхэд Дарханаа /О.Д-/ намайг цохиж зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,

Гэрч Д.Ч.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 07-ны орой би гэрээсээ гараад урд байранд хүүхдийндээ очих гээд 14-р хорооны засмал өөрийнхөө машинтай явж байхад засмал зам дээр эсрэг урсгалаас нэг машин аваарын гэрлээ татсан зогсож байсан. Тэгээд миний урд явахгүй зогсоод байхаар нь би тэр машины хажуугаар гараад явж байтал засмал зам дээр зүс таних хүүхэд хөндлөн хэвтэж байхаар нь машинаа зогсоогоод буугаад хартал манай дүүгийн эхнэрийн дүү нь байсан. Тэгээд би тэнд байсан хүмүүсээс энэ яасан юм бол гэж асуухад зам дээр ингээд хөндлөн хэвтэж байна машин дайрчих гээд байхаар нь аваарын гэрлээ асаагаад зогсож байна гэж хэлэхээр би эхнэрийн дүү рүү утсаар ярьж дүү чинь зам дээр согтуу хэвтэж байна гэж хэлсэн. Тэгсэн тэнд байсан хүмүүс цагдаа болон эмнэлэг дуудсан байсан. ...3асмал зам дээр хөндлөн баруун талаараа толгой нь ертөнцийн зүгээр урагшаа харсан байдалтай толгой хэсгээс нь цус гарсан ямар нэгэн юм ярихгүй ёолоод л байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 311 дугаартай: “...Ч.Л-гийн биед зүүн чамархай яс, эрүү, эрүү ясны сэртэн, зүүн дал, сээр нурууны 1, 3, 4-р нугалмайн арын сэртэн, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, чамархайн хуйханд шарх, дух, хамар, зүүн хацар, зүүн ташаа, баруун өвдөг, баруун чих, зүүн даланд зулгаралт, эрүү, баруун тохой, зүүн даланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Ч.Л-гийн биед учирсан зүүн чамархай ясны хугарал нь гэмтлийн зэрэг тоггоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд, эрүү, эрүү ясны сэртэн, зүүн дал, сээр нурууны 1, 3, 4-р нугалмайн арын сэртэнгийн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, чамархайн хуйханд шарх, бусад цус хуралт, зулгаралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/,

Шүүгдэгч О.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдэл байсан. ...Би өмнө гэрчээр мэдүүлэгтээ болсон хэргийн талаар тодорхой дэлгэрэнгүй ярьсан байгаа. 2022 оны 05 дугаар сарын 10-ны үед байх гэж бодож байна яг цаг хугацааг нь санахгүй байна тэр өдөр найз Л-н хамт архи ууж байгаад орой нь түүнтэй маргалдаж Мөрөн сумын 11 дүгээр багийн засмал зам дээр түлхэж унагаасан. Тэгэхэд Л- зам дээр унаад босох гэхээр нь нүүр хэсэгт нь хоёроос гурван удаа өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-96 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д- болон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ч.Л-гийн мэдүүлэг, гэрч Ч.Ж-, Д.Ч.Л- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 311 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч О.Д-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч О.Д- нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ч.Л-тэй “чи их том болсон байна лээ чамайг зодоход яадаг юм” зэргээр маргалдаж улмаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр явж байхад нь араас нь очиж түлхэж унаган, нүүр хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн чамархай ясны хугарал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Л-гийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон бөгөөд хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх ба энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч О.Д-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасгэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Д-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Л-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба тэрээр эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд “...надад хохиролд 200.000 төгрөг өгсөн, одоо 2 хонины мах өгнө гэж байгаа тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэж байх тул шүүгдэгч О.Д-ыг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэргийн 78-81 дүгээр талд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан тоот, цахим системийн зардлын мэдээлэл зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж зааснаар шүүгдэгч О.Д-аас 4.940.000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Д-ын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 49-52, 54-60, 65 талуудад авагдсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, АСАП санд эрэн сурвалжлалт зарласан мэдээлэл, мөрдөгчийн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч О.Д- нь ам бүл 1, Хөвсгөл аймгийн ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч О.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас: “2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 51 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох” дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн: “...миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдэж хохирогч Ч.Л-д учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх санал зэргийг тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ын цагдан хоригдсон 51 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-т оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ын цагдан хоригдсон 51 (тавин нэг) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч О.Д-аас 4.940.000 (дөрвөн сая есөн зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулж, хохирогч Ч.Л- нь шүүгдэгч О.Д-аас нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЧИР