Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/339

 

 

 

 

        

   2022       11        14                                        2022/ШЦТ/339

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгч Ч.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Б-ид холбогдох эрүүгийн 2238000000609 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ч.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б-ийг Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар нарийны өргөн зураа” гэх нэртэй газрын ойгоос 2022 оны 06 дугаар сарын 22-ны үед 2 ширхэг босоо мод огтолж, 2 м3 модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000609 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ч.Б- нь өөрийн байшинд даацын нуруу, татуурганы мод бэлтгэх зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 22-ны үед Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар нарийны өргөн зураа” гэх нэртэй газрын ойгоос 2 ширхэг хуурай босоо модыг хөрөөдөн огтолж, 2 м3 модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б-ийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн Түнэл сумаас албаны ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр 65 километр явж Түнэл сумын 1 дүгээр багийн Зуны гол гэх газрын Ар нарийн өргөн зураа гэх газарт иргэн Ч.Б-ийн хамт мод бэлтгэсэн хоёр модны хожуулд хэмжилт хийхэд 1 дугаартай модны өргөн 47 сантиметр, өргөн 73 сантиметр бөөрөнхий мод байв. Модны урт 19 метр 52 сантиметр, үзүүр нь 4 сантиметр байв. 2 дугаар модыг хуваан зүссэн байдалтай, хожуулын өргөн 42 сантиметр, өндөр 62 сантиметр байв. Мод бэлтгэсэн газрын цэгийг GPS72 маркын GPS-р цэг авахад N:49:45:43:6 E:10115413 цэгийг зааж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10 дугаар тал/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 11 дүгээр тал/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 12 дугаар тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн: “Ч.Б-ийн бэлтгэсэн хэрэглээний хуурай шинэс төрлийн 2 метр куб шинэс модыг Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг “Ар нарийны өргөн зураа” гэх газарт битүүмжлэхээр тогтов...” гэх тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Эд мөрийн баримт /эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 15 дугаар тал/,

Прокурорын “эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл /хх-ийн 16 дугаар тал/,

Эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хажуу хэсгээрээ улаан хүрэн өнгөтэй, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөөг түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17-18 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Д-ийн өгсөн: “...Байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 24 дүгээр тал/,

Гэрч Х.Б-ийн өгсөн: “...Ар нарийны өргөн зураа гэх газарт Ч.Б-ийн бэлтгэсэн гэх модны талаар зам тээврийн осол болсны дараа мэдсэн. Тухайн газарт Ч.Б- нь хууль бусаар 2 ширхэг босоо мод унагаасан асуудал гарсан. 2 ширхэг модонд ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Иргэн хүнд босоо модны зөвшөөрөл олгодоггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,

Хөвсгөл аймгийн “Түнэл-Эг” Сум дундын ойн ангийн инженерийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн: “1. Ч.Б-ийн бэлтгэсэн модонд хэмжилт хийхэд 2 метр куб хэмжээтэй хуурай хэрэглээний шинэс мод байв. Ч.Б-ийн бэлтгэсэн гэх модонд экологи-эдийн засгийн үнэлгээ хийж хохирлын хэмжээг тооцохдоо ойн нөөцийн төлбөр 1 муж, 1 м3 модны шинэс модны үнэ 168655 төгрөг, итгэлцүүр 1.0, модны хэмжээ 2 м3, экологи-эдийн засгийн үнэлгээ 337310 төгрөг. 2. Иргэн Ч.Б-ийн бэлтгэсэн модонд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “нэг шоо метр модны экологиэдийн засагт үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон болно. 3. Иргэн Ч.Б-ийн гаргаж өгсөн 02-022826 серийн дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг нь хэрэг үйлдэх үед мод бэлтгэх хүчин төгөлдөр биш. Мод бэлтгэх эрхийн бичиг нь Ойн тухай хуулийн 3.1.15-д заасан “ойн цэвэрлэгээ” хийх замаар зохих зөвшөөрлийг олгосон байна. 4. Шинжилгээ хийх явцад мод бэлтгэсэн газарт босоо хуурай мод 2-ыг унагаасан байна” гэх дүгнэлт /хх-ийн 33-35 дугаар тал/,

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нордовын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн: “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т заасныг үндэслэн “ойн санд учруулсан хохирол буюу экологи-эдийн засгийн үнэлгээ 337310 төгрөгийг хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлэхэд 1,011,930 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр тал/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 66 дугаартай: “Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг “Ар нарийны өргөн зураа” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болно” гэх албан бичиг /хх-ийн 87-88 дугаар тал/,

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-422/4772 дугаартай: “...Цахилгаан хөрөө 1 ширхэг, Үнэлэгдэж буй үнэлгээг зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 10 дугаар сарын байдлаар 200.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 53-55 дугаар тал/,

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-422/4773 дугаартай: “Хэрэглээний хуурай мод 2 м3. Үнэлэгдэж буй үнэлгээг зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 10 дугаар сарын байдлаар 180.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов....” гэх дүгнэлт /хх-ийн 61-63 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг “Ар нарийны өргөн зураа” нэртэй газарт ...цахилгаан хөрөөгөөр 2 ширхэг хуурай босоо мод огтолж унагаагаад 9 метрийн хэмжээтэй тайрч нэг модыг нь дундуур нь хуваагаад нөгөө модыг нь бөөрөнхий чигт нь үлдээчихсэн. ...Ганцаараа бэлтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр тал/, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Д-, гэрч Х.Б- нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн “Түнэл-Эг” Сум дундын ойн ангийн инженерийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 33-35 дугаар тал/, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нордовын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 40 дүгээр тал/, Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 66 дугаартай албан бичиг /хх-ийн 87-88 дугаар тал/, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-422/4772 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-55 дугаар тал/, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-422/4773 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-63 дугаар тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10 дугаар тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар тал/ зэрэг нь шүүгдэгч Ч.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.Б- нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.

Шүүгдэгч Ч.Б-ийн эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстойг мэдсээр байж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Б- нь өөрийн байшинд даацын нуруу, татуурганы мод бэлтгэх зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 22-ны үед Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар нарийны өргөн зураа” гэх нэртэй газрын ойгоос 2 ширхэг хуурай босоо модыг хөрөөдөн огтолж, 2 м3 модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж ойн санд 1.011.930 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч Ч.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 337310 төгрөгийн шууд хохирол /хх-ийн 33-35 тал/ учирсан нь Хөвсгөл аймгийн “Түнэл-Эг” Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 1.011.930 төгрөгийн /хх-ийн 40 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байх бөгөөд уг шүүгдэгч Ч.Б- нь 1.011.930 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Б-оос 1.011.930 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Б-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Б-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн дугаар 80, 92-96 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, мал, амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын баримтын хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б- нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багт оршин суудаг зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохиролоо төлөхөө илэрхийлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна. Шүүгдэгч Ч.Б-ийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ид оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зохицуулсан байна.

Хэрэгт прокурорын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн шинэс төрлийн 2 куб метр хэмжээтэй, 337.310 төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хажуу хэсгээрээ улаан хүрэн өнгөтэй, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй 1 ширхэг цахилгаан хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч Ч.Б- нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ид оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Б-ид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Б-оос 1.011.930 (нэг сая арван нэгэн мянга есөн зуун гуч) төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 2 м3 хэмжээтэй шинэс төрлийн 337.310 (гурван зуун гучин долоон мянга гурван зуун арав) төгрөгийн үнэлгээ бүхий модыг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 200.000 (хоёр зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хажуу хэсгээрээ улаан хүрэн өнгөтэй, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР