Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/340

 

 

 

 

        

   2022       11        14                                        2022/ШЦТ/340

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Б.Л- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Л-д холбогдох эрүүгийн 2238000000638 дугаартай хэргийг 2022 оны 11 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Л-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Л- нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Э.Ц-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар баруун нүд рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ба уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000638 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Л- нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт байх гэртээ эхнэр Э.Ц-тай “чи ээжтэйгээ хов ярилаа” гэдгээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар баруун нүд рүү нь гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “баруун дотор, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л-гийн өгсөн: “...өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сумын 2 дугаар багийн иргэн Б- гэх айлд нөхрийнхөө хамт 18 цагийн үед очсон юм. Тэнд очоод би Б-ын ахын утсаар ээж рүүгээ ярихад ээж өөдөөс маань юм ярих гээд байхаар нь би ээжид хандаж дараа танайд очихоороо ярья гэж хэлчихээд утсаа салгасан юм. Манай нөхөр Б- ахтай 2.5 литрийн хэмжээтэй 1 сав пиво хувааж ууж дуусаад нөхөр надад хандаж чи ээжтэйгээ хор найрууллаа гэхээр нь юу яриад байгаа юм бэ гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаж, хэрэлдэж байснаа Б.Л- гараа атгаж байгаад миний баруун нүд рүү нэг удаа хүчтэй цохисон. Би хариуд нь чамайг цагдаад өгнө гэж хэлээд маргалдсаар байгаад бид хоёр хоносон. Тэгээд би хөдөө гэрээсээ өнөөдөр аймгийн төв орж ирээд өргөдлөө гаргаж байна. Б.Л- энэ зун 8 сард архи уусан үедээ намайг хоёр удаа зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 523 дугаартай: “...Э.Ц-ийн баруун дотор, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь хэрэг гарсан гэх 2022.10.08-нд үүссэн байх боломжтой. Э.Ц-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 402 дугаартай: “...Б.Л-гийн биед хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь хэрэг гарсан гэх 2022.10.8-нд үүссэн байх боломжтой. Б.Л-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалталтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр тал/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 37-39 дүгээр тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хохирогч Э.Ц-ийн гаргасан өргөдөл /хх-ийн 8 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Л-гийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эхнэр Э.Ц-ийн биед халдсан нь үнэн. Эхнэр бид хоёр жижигхэн зүйл дээр л маргалдаж, үл ойлголцсоны улмаас би гараараа түүний баруун нүд рүү нь нэг удаа цохьчихсон юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ гэмшиж байна. Би эхнэрээсээ уучлалт гуйж, бид хоёр одоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.Ц-ийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 523 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Л-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Л- нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт байх гэртээ эхнэр Э.Ц-тай “чи ээжтэйгээ хов ярилаа” гэдгээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар баруун нүд рүү нь гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “баруун дотор, доод зовхинд цус хуралт” бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Ц-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Л-гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүгдэгч Б.Л-гийн үйлдэл идэвхтэй, хохирогч Э.Ц-ийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Л- гэм буруугийн талаар маргаагүй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Ц-ийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Л-гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Э.Ц- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр: “...Талууд харилцан тохиролцож эвлэрсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 34 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Л-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Л-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч Б.Л-д хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Л-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хавтаст хэргийн 28, 31-33 талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Л- нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Рашаант сумын ... багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Л- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 180 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Л-гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Л- нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Л-д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР