Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/343

 

 

 

 

        

   2022       11        15                                        2022/ШЦТ/343

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогч М.О-,

Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2238000000646 дугаартай хэргийг 2022 оны 11 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай М.О-ийг үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний зүүн чихэн тус газар төмөр хусуураар зүсэж шарх бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан ба уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000646 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Н.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Тэлээгийн гол” гэх газарт нутаглах Ц.Б-ы гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.О-ийг хувцасаа угааж байхад хэрүүл маргаан үүсгэж, “хамт Төмөрбулаг сумын төв орно, чи яасан том болсон юм” гэж улмаар гартаа барьж байсан модон иштэй төмөр хусуураар чих рүү нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “зүүн чихэнд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б-ийн өгсөн: “...хохирогч намайг заазуураар зүссэн гэж байгаа боловч модон иштэй хусуураар цохисон. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хохирогч М.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гомдол саналгүй, бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг,

Хохирогч М.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Төмөрбулаг сумын 2 дугаар баг “Тэлээгийн гол” гэх газар хүргэн ах Ц.Б- гэдэг айлд 17 цагийн үед угаалга хийгээд байж байхад манай нөхөр Н.Б- нь гаднаас орж ирээд хоол идье гэхээр нь би хоол халаагаад байж байхад, гадаа хувцас угааж байсан моторыг унтраагаад, угааж байсан хувцас өшиглөөд, намайг “хамт Төмөрбулаг сумын төв оръё” гээд байсан. Би “хувцас угааж байна. Маргааш явъя” гэхэд чи яасан том болсон юм гээд миний зүүн чихэн тус газар зөөлөн цохих шиг болоход цус гараад байсан. Намайг хурц ирмэгтэй зүйлээр дарсан. Одоо бодоход хурц ирмэгтэй төмөр заазуур байсан. Тэр заазуураар миний зүүн чихний урд хэсгийг зүссэн гэж бодож байна. Тэгээд би Ц.Б- ахын урд байдаг гэрт гүйгээд очиход манай эгч Далайжаргал, түүний охин М- нар байсан. Ц.Б- ах гаднаас орж ирсэн. Тэгээд эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандах болсон. Өмнө нь намайг байнга хэрүүл маргаан үүсгэж жингэр, пизда, хутгалж ална гэх мэтээр заналхийлж, хэл амаар доромжилдог хүн байгаа юм. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 22 дугаар тал/,

Гэрч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 сарын 12-ны өдөр манай дүү зуны гэрт угаалга хийгээд байж байхад Төмөрбулаг сумын төвөөс Н.Б- орой 17 цагийн үед согтуу ирсэн. Би зуны гэрээс урд 200 метр зайд байдаг өвөлжөөний гэртээ унтаж байхад М.О- цусаа гоожуулаад “Н.Б- намайг цохисон, эмч цагдаа дуудаад өгөөч” гэсээр орж ирсэн. Би эмч дуудсан. Надтай хамт манай охин М- байсан. ...нэг удаа заазуураар М.О-ийн толгойг нь цохиж оёдол тавиулж байсан гэж сонссон юм, 3 жилийн өмнө санагдаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,

Гэрч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 10 сарын 12-ны орой адууны хашаан дээр унагаа бариад зогсож байхад М.О- манай өвлийн гэр рүү гүйж явахдаа адууны хашааны үүдээр дайраад Ц.Б- ах аа та цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч Н.Б- намайг цохисон гээд зүүн чихэн тус газраас нь их хэмжээний цус гоожсон явахаар нь араас нь гэртээ очиход манай охин цусыг нь тогтоох гээд М.О- нь хүргэхгүй цусаа гоожуулаад гүйгээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 526 дугаартай:1. М.О-ийн зүүн чихэнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь 2022 оны 10 сарын 12-нд үүссэн байх боломжтой байна.         3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. М.О-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар тал/,

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх-ийн 23 дугаар тал/,

Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх-ийн 66-72 дугаар тал/,

Иргэний нэхэмжпэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.О- нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 48.000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Н.Б-ийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би 2022 оны 10 сарын 12-ны өдөр Төмөрбулаг сумын төв дээр хэдэн найзтайгаа архи ууж байгаад сумын 2-р баг “Тэлээгийн гол” гэх газарт байх Ц.Б- гэх айлд ганцаараа очсон юм. Тэнд манай эхнэр М.О- хувцаснуудаа угаагаад байж байсан. Би эхнэрээс хоол нэхэхэд хоол урд байгаа гэж хэлсэн, би эргэнэг уудлаад идэх юм хайж байтал нэг хусуур байсан, би тэрийг гартаа барьчихсан зогсож байхдаа эхнэрийг сумын төв рүү явъя гэж хэлэхэд эхнэр маргааш явъя гээд байхаар нь би уур хүрээд гартаа барьж байсан хусуураар эхнэрийн зүүн чих рүү нэг удаа цохьчихсон юм. Тэгсэн чинь эхнэрийн чихнээс нь цус гараад эхнэр Ц.Б- ахын гэр лүү гүйгээд явчихсан юм. Би гэм буруугаа зөвшөөрч байна. Би эхнэрээсээ уучлалт гуйж, дахин ийм алдаа гаргахгүй амласан” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.О-ийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 526 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Н.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Н.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Тэлээгийн гол” гэх газарт нутаглах Ц.Б-ы гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.О-ийг хувцасаа угааж байхад хэрүүл маргаан үүсгэж, “хамт Төмөрбулаг сумын төв орно, чи яасан том болсон юм” гэж улмаар гартаа барьж байсан модон иштэй төмөр хусуураар чих рүү нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “зүүн чихэнд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.О-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Б-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүгдэгч Н.Б-ийн үйлдэл идэвхтэй, хохирогч М.О-ийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Н.Б- гэм буруугийн талаар маргаагүй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.О-ийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч М.О- нь мөрдөн шалгах ажиллагааны үед иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр: “...Талууд харилцан тохиролцож эвлэрсэн. Хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 65 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Н.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн М.Мягмаржавын ЭМДЕГ-цахим системийн Мөнх-Эрдэнийн М.О- 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвөөс 48.000 төгрөгийн ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авсан талаарх баримт /хх-ийн 23 дугаар тал/ авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж зааснаар шүүгдэгч Н.Б-ээс 48.000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...бусад туслалцаа үзүүлсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хавтаст хэргийн 58, 61-64 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, Хөвсгөл аймгийн ... багийн Засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын баримт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.Б- нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ... дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 177 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газарт гудамж талбайн цэвэрлэгээний ажил хийлгүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Б- нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3,36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газарт гудамж талбайн цэвэрлэгээний ажил хийлгүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Н.Б-ээс 48.000 (дөчин найман мянга) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон 4 хэсэг даавуу, модон иштэй төмөр хусуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР