Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
Хэргийн индекс | 179/2022/0345/Э |
Дугаар | 2022/ШЦТ/344 |
Огноо | 2022-11-15 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/344
2022 11 15 2022/ШЦТ/344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Ш-, Р.Э- нарт холбогдох эрүүгийн 2238000000678 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Ш-,
Монгол Улсын иргэн, Р.Э-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нар нь тохиолдлын шинжтэй маргааны улмаас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод хашааны гадна харилцан бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000678 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Ш- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод хашааны гадна “эхнэрээ пизда гэж дуудлаа” гэсэн шалтгаанаар хохирогч Р.Э-тай маргалдаж, улмаар түүний толгойн хэсэг рүү гараараа цохиж, дараа нь хохирогч Р.Э-ыг гэртээ сууж байхад нь нүүр хэсэг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн дээд зовхинд цус хуралт, хамар, хоолой болон баруун хацар, цээжинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Р.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод хашааны гадна “эхнэр Д.Ө-г өмөөрсөн” гэх шалтгаанаар хохирогч Г.Ш-той маргалдаж, түүний уруул, толгой руу гараараа цохиж эрүүл мэндэд нь “үүдэн 3 ширхэг шүдэнд сулрал, доод уруулд язралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш-ын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Э-ын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Р.Э-ын өгсөн: “...3. Хохирогч Р.Э-ын: "... гэрийн гадаа ирээд байж байтал Г.Ш- нь юу гэж хэлсэн гэдгийг нь мэдэхгүй байна над руу томроод миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд би цохиулчхаад газар унаад байж байхад Г.Д- гэдэг нь миний зүүн талын хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөж байсан. Тэгээд намайг зодуулж байхад манай эхнэр энэ хоёроос намайг салгасан. Үүний дараа эхнэр бид хоёр гэртээ ороод байж байхад гаднаас Г.Ш- ганцаараа орж ирээд миний нүүр лүү цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,
Хохирогч Г.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед Г.Д-, Ц.Д- хоёртой явж байгаад ганцаараа М-ын гэрт ороход гэрийнх нь хүмүүс унтах маягтай, Д.Ө- нь хүүхдээ тэвэрсэн сууж байсан. Харин М- зүгээр сууж байхаар нь би очоод нүүр хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөчихөөд гэрээс нь гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,
Гэрч Д.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...том савлагаатай пиво гаргаж ирээд ууцгаагаад замдаа явж байхад Г.Ш-, Р.Э- хоёр хорондоо маргалдаж эхэлсэн. Тухайн үед манай нөхөр ийшээ ч явна тийшээ ч явна гээд байхад Г.Ш- нь чи ямар ядаргаатай юм хүрэх газар чинь хүргээд өгнө гэж хэлээд энэ хоёр маргалдаж эхэлсэн. Тэгж байснаа Сод-Эрдэм сургуулийн урд зогсоод Г.Ш- нь машинаасаа буугаад Р.Э-ыг чирч гаргаж ирээд цохиод газар унгаагаад өшиглөөд байсан. Тэгэхэд Г.Д- нь машинаас гарч ирээд энэ хоёрыг салгах гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,
Гэрч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.Ш- нь машинаасаа гараад бие засаад байж байхад араас нь М- гарч ирээд Г.Ш-ын нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд энэ хоёр хоорондоо зодолдоод барьцалдаж аваад М- нь газар унаж байгаа харагдсан. Миний харж байснаар энэ хоёр лав бие биенийгээ цохиод байсан. Тэгэхээр нь Д.Ө-, Ц.Д- бид гурав дахиад энэ хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,
Гэрч Ц.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М-ын гэр рүү явж байхад Г.Ш- нь гялс буугаад бие засна гэж хэлээд хашааны буланд бие засаж байхад ардаас нь М- машинаас бууж очоод Г.Ш-ыг хавсраад унгаасан. Тэгээд М- нь Г.Ш-ын дээрээс нь гараараа цохиод байсан. Энэ хоёр хоорондоо барьцалдаж аваад зодолдоод дээр дээрээ гарч байгаад сүүлд нь Г.Ш- дээр нь гараад М-ын толгой руу нэг удаа дэвссэн. Ингээд байж байхад нь Г.Д- очоод энэ хоёрыг салгасан. Энэ хоёрыг салгасны дараа дахиад буцаж нийлж барьцалдаж авч зодолдоод байхаар нь Г.Д- дахиад салгах гэж дундуур нь ороод М-д цохиулсан. Тэгэхэд нь Г.Д- зөрүүлээд М-ын толгой хэсэг рүү нь нэг удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 556 дугаартай: “1. Г.Ш-ын биед үүдэн 3 ширхэг шүдэнд сулрал, доод уруулд язралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. 3. Г.Ш-ын биед учирсан гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагааг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь шүдний эмчилгээний байдлаас хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 558 дугаартай: “1. Р.Э-ын биед зүүн дээд зовхинд цус хүралт, хамар, хоолой болон баруун хацар, цээжинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. 3. Р.Э-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар тал/,
Шүүгдэгч Г.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнөх өгсөн мэдүүлгүүдээ бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн. Дахиж би мэдүүлэг өгмөөргүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,
Шүүгдэгч Р.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь өгсөн мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. ...Миний санаж байгаагаар бол Г.Ш- нь намайг гэртээ байж байхад гаднаас орж ирээд миний нүүр лүү өшиглөчихөөд гараад зугтаагаад явсан гэдгийг л санаж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 тал/,
Хохирогч Р.Э-ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 14 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Ш-, Р.Э-, гэрч Д.Ө-, Г.Д-, Ц.Д- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 556 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 558 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.Ш- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод хашааны гадна “эхнэрээ пизда гэж дуудлаа” гэсэн шалтгаанаар хохирогч Р.Э-тай маргалдаж, улмаар түүний толгойн хэсэг рүү гараараа цохиж, дараа нь хохирогч Р.Э-ыг гэртээ сууж байхад нь нүүр хэсэг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн дээд зовхинд цус хуралт, хамар, хоолой болон баруун хацар, цээжинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Р.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод хашааны гадна “эхнэр Д.Ө-г өмөөрсөн” гэх шалтгаанаар хохирогч Г.Ш-той маргалдаж, түүний уруул, толгой руу гараараа цохиж эрүүл мэндэд нь “үүдэн 3 ширхэг шүдэнд сулрал, доод уруулд язралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тус тус нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Ш-, Р.Э- нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нарын харилцан үйлдэл идэвхтэй, хохирогч Г.Ш-, Р.Э- нарын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Ш-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Э-ын биед хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Р.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Ш-ын биед хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нар нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “талууд харилцан тохиролцож эвлэрсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй болно” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 70 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нарыг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 52-56, 58-63 дугаар талд авагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Р.Э- нь ... тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 67-69, 71 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Ш- нь ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 189 дугаартай тогтоолоор хангаж, тэдгээрт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирол, санал, гомдолгүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, гомдол саналгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нарыг тус бүр 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нарт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2238000000678 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ш-, Р.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР