Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
Хэргийн индекс | 166/2022/0318/Э |
Дугаар | 2022/ШЦТ/357 |
Огноо | 2022-11-08 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0318/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар З- овогт Д-ын Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2216000500327 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, З- овогт Д-ын Д- /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Д- нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Э.Э-ээс Б.О-ы эзэмшлийн Х- банкин дахь ХХХ- дугаартай дансанд шилжүүлсэн 5,700,000 төгрөгийг завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол болох нь:
Хохирогч Н.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн Э- гэх фейсбүүк хаягаас М- гэх хүнтэй харьцаж улмаар энэ хүн цэргийн чөлөө авахад туслаач, чөлөө авах бичиг 7 хоногийн дотор баталдаг юм, чөлөө авчхаад мөнгийг чинь буцаагаад хийе гээд над руу ХХХ- дугаартай данс өгсөн. Би тухайн данс руу мөнгө хийх гэсэн чинь болохгүй болохоор нь чатаар явуулсан данс руу чинь мөнгө хийж болохгүй байна гэсэн чинь над руу ХХХ- дугаартай Батбаярын О- гэх данс явуулсан. Тэгээд би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ээжийн ХХХ- дугаартай данснаас 5,700,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд чаталж байгаад 10 хоногийн дараа мөнгөө авъя гэсэн чинь дахиад 5000 доллар хэрэгтэй байна, энийг олчхоод буцаагаад өгье гэж хэлсэн’’ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/,
Гэрч М.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний ХХХ- дугаартай дансыг би болон миний хүү Э- хамтран эзэмшигчээр ашигладаг. 5,700,000 төгрөгийг миний хүү Э- хадгаламжийн зээл 6,000,000 төгрөгийг аваад 5,700,000 төгрөгийг О- гэх хүний данс руу хийсэн. Манай хүү Э- “гадаад хүнтэй харилцаад цэргийн чөлөө авах гэсэн, мөнгө дутаад байна, эргүүлээд мөнгийг чинь буцаагаад өгье” гэж ярьж байсан. Тэгээд миний хүү дансаар мөнгө шилжүүлсэн. Энэ мөнгийг миний хүү Э- захиран зарцуулах эрхтэй. Тийм учраас Э- энэ хэрэгт хохирогчоор оролцох нь зөв” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-р хуудас/,
Гэрч Б.О-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...ХХХ- дугаартай данс нь миний эзэмшлийн данс мөн. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний ХХХ-гэх фейсбүүк хаяг руу М- гэх гадаад нэртэй фейсбүүкээс 2021 оны 12 сарын дундуур чат ирээд “би чамтай маш чухал зүйл ярих хэрэгтэй байна” гэсэн, би сайн ойлгохгүй байсан. Өөрийн эзэмшлийн ХХХ- дугаартай дансаа явуулсан. ...5,700,000 төгрөг орсон, тэгээд удалгүй тухайн мөнгөнөөс зээл 3,500,000 орчмыг нь татаад авчихсан. Үлдэгдэл мөнгийг нь хүүхдийнхээ ХХХ- гэсэн данс руу шилжүүлээд тухайн үед эхнэр нурууны хагалгаанд ороод мөнгөний хэрэг байсан учраас эмчилгээнд нь тухайн мөнгийг зарцуулчихсан. Надад мобайл банк болон интернэт банк байдаг. Тухайн мобайл банк болон интернэт банкийг манай эхнэр Д- надаас гадна бас ашигладаг. Тухайн өдөр миний дансанд орж ирсэн мөнгөнөөс зээл татаад үлдсэнийг нь манай эхнэр шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,
Х- банкин дахь Б.О-ы эзэмшлийн ХХХ- дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 42-43-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Хохирогч Н.Э- нь хуурамч нэртэй фейсбүүк хаягаас ирсэн захидлын дагуу итгэж уг этгээд рүү мөнгө шилжүүлэх гэсэн боловч уг данс руу гүйлгээ хийж болохгүй байсан учир уг этгээдийн бичсэн Б.О-ы эзэмшлийн ХХХ- дугаартай данс руу 5,700,000 төгрөг шилжүүлжээ.
“М-” гэх хаяг нь хуурамч цахим хаяг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Уг этгээд өөрийн өгсөн данс руу гүйлгээ хийж болохгүй байгааг мэдээд арга буюу Б.О-ы дансыг өгч Б.О-оос Н.Э- ХХХ- дугаартай данснаас шилжүүлсэн мөнгийг өөртөө шилжүүлэхийг гуйсан болох нь Б.О-ы мэдүүлэг, хэрэгт авагдсан Фейсбүүкийн мэссэнжэрээр харилцсан баримтаар тогтоогдож байна.”
“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн болон бусдын өмчлөлд хууль бусаар авах, шилжүүлэх, захиран зарцуулах, үрэгдүүлэхийг ойлгох ба Д.Д- нь өөрийн нөхрийн дансаар шилжиж орж ирсэн мөнгийг захиран зарцуулж болохгүйг мэдсэн атлаа дур мэдэн хэн нэгнээс зөвшөөрөл авалгүйгээр захиран зарцуулсан нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өөрөөр хэлбэл “М-” гэх хаягтай этгээд Б.О-д шилжүүлсэн мөнгийг үрэгдүүлж болохгүй талаар бичсэн, энэ талаар Б.О- Д.Д-д хэлсэн, Д.Д- дансанд орсон шилжиж орсон мөнгийг үрэгдүүлж болохгүйг лавтай сайн мэдэж байжээ.
Иймд Д.Д-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээний талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх ёстой.
Шүүгдэгч Д.Д- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 5,700,000 төгрөгөөс шүүхийн шатанд 1,700,000 төгрөг төлж 5 хоногийн завсарлага авсан хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 4,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч ... Э-д олгохоор шийдвэрлэв.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос ойш 6 сарын хугацаанд арилгах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэв.
Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. З- овогт Д-ын Д-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Д-д мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Ялтан Д.Д- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-гээс 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулж, хохирогч ... Э- /РД:ДЖ, утас:/-д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД