Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 00299

 

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00299

 

 

Э гүрэн ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/03997 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э гүрэн ХХК ХХК-ийн хариуцагч Б.О, Ж.Ч нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, хариуцагч Б.О, Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Э нар оролцов.

  

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Ж.Ч, Б.О нартай зээлийн гэрээ байгуулж, 66-45 УБХ тоот улсын дугаартай ланд крузер 80 маркийн автомашиныг фидуцийн гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авч, тэдгээрт 4 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 1 800 000 төгрөг байхад 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 7 200 000 төгрөгийг нэмж олгосон. Анх хариуцагч Ж.Ч зээл хүсэхэд тэрээр хөдөө орон нутгийн хаягтай байсан тул Б.Оыг үндсэн зээлдэгч, өөрөө хамтран зээлдэгч болж, эхний гэрээний хугацаанд автомашиныг өөрийн эзэмшилд байлгаж байгаад нэмж зээл авахадаа зээлдүүлэгчийн эзэмшилд шилжүүлсэн. Тухайн үед уг автомашин цэмбэгэр, засвар хийх шаардлагагүй, 8 000 000 төгрөгөөр зарагдахаар байсныг үндэслэн өнгө үзэмж хэвээр байгаа гэж итгэн нэмж 7 200 000 төгрөгийг олгож, зээлийн үлдэгдлийг 9 000 000 төгрөг болгосон. Гэтэл хариуцагч тал 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр утсаар ярьж ажил бүтэлгүйтсэн тул автомашиныг худалдаж, зээлийг барагдуулаарай гэсэн учир энэхүү автомашиныг худалдахаар удаа дараа зар тавихад хүмүүс үзээд машины эд анги муудсан, 8 000 000 төгрөгөөр бус 5 000 000 төгрөгөөр авах санал тавьдаг байсан. Ингээд манай компани уг автомашинд зарим шаардлагатай засвар хийж, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8 000 000 төгрөгөөр худалдаж, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх 152 хоногийн алданги, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх 42 хоног, нийт 194 хоногийн алдангид 2 044 000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дуусах 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны хүү 2 280 000 төгрөг, автогаражийн төлбөр 176 000 төгрөг, үндсэн зээлээс 3 500 000 төгрөгийг тус тус төлүүлж, 5 500 000 төгрөг үлдсэн юм. Иймд хариуцагч Б.О, Ж.Ч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 5 500 000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О, Ж.Ч нар тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэхдээ өөрийн өмчлөлийн автомашиныг фидуцийн гэрээний дагуу тус компанийн өмчлөлд шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал Ж.Ч хөдөө орон нутгийн хаягтай гэсэн үндэслэлээр зээл олгохоос татгалзаж, Б.Оыг хамтран зээлдэгч болгосон. 4 000 000 төгрөгийг графикийн дагуу төлж явж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1 800 000 төгрөгийн үлдэгдэл дээр 7 200 000 төгрөг авсан. Гэвч эрхэлсэн ажил бүтэлгүйтсэн тул 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зээлийг төлж чадахгүй болсон, автомашиныг худалдаж, хохирлоо барагдуулах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн бөгөөд тухайн асуудлыг шийдэгдсэн гэж ойлгож байсан юм. Нэхэмжлэгчийн шаардлагаас алданги 2 044 000 төгрөг, зээлийн хүү 2 280 000 төгрөг, автогаражийн төлбөр 176 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин автомашиныг 8 000 000 төгрөгөөр худалдсан гэснийг үндэслэн 1 500 000 төгрөгийг төлж эвлэрэх санал гаргасан боловч хүлээн аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 235 угаа зүйлийн 235.4.-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Э гүрэн ХХК ХХК-ийн гаргасан хариуцагч Б.О, Ж.Ч нарт холбогдох 5 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан баримтаас авч үзвэл "Э гүрэн ХХК ХХК 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б.О, Ж.Ч нартай зээлийн гэрээ байгуулж 4 000 000 төгрөгийг олгосон, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж 66-45 УБХ улсын дугаартай Тоёото Ланд круйзэр авто машиныг барьцаалж 7 200 000 төгрөгийг өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 1 800 000 төгрөг дээр нэмж нийт 9 000 000 төгрөгийг олгосон нь хавтаст хэрэгт байгаа баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний дээр зээлийн гэрээгээр хүлээх зээлдэгчийн үүргийг буруу тодорхойлсон байна. "Э гүрэн ХХК" ХХК болон Б.О, Ж.Ч нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээлиин гэрээний дагуу 9 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй, зээлдүүлж, зээлэхдээ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож, зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг хоёр тал байгуулсан. Уг хоёр гэрээний дагуу зээлдүүлэгчийн өмчлөлд шилжих автомашин нь фидуцийн гэрээний зүйл болох эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулж авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээ дуусгавар болох тухай Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсон гэж үзсэн нь өөрөө дутмаг байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 5 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх.20,22/

Хариуцагч Б.О нь нэхэмжлэгч байгууллагатай зээлийн гэрээ байгуулан уг гэрээнд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гарын үсэг зурж хэлцэл хийсэн байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Ж.Чгийн хамтран үүрэг гүйцэтгэгч болох учиртай. Мөн хуулийн 242.3 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч компани нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. Иймд хариуцагч Б.О зээлийн гэрээний үүргийг хариуцагч Ж.Чгийн нэгэн адил хариуцан төлөх үүрэгтэй.

 

Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2017 оны 04 дүгээр 27-ны өдөр 7 200 000 төгрөг нэмж зээлэх тухай зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтаар хариуцагч нар нэхэмжлэгчээс гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зээлийн гэрээний үлдэгдэл 9 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байна. /хх.4,6,11/

 

Нэхэмжлэгч Э гүрэн ХХК ХХК 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Б.О, Ж.Ч нартай зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 4 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхдээ уг үүргийн гүйцэтгэлийг хангахаар 66-45 УБХ тоот улсын дугаартай Ланд крузер 80 маркийн автомашины өмчлөх эрхийг фидуцийн гэрээгээр шилжүүлэн авсан байна. /хх.10/ Хариуцагч нарын зүгээс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид хандан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрчлөлт оруулсан 9 000 000 төгрөгийн зээлийн үүргийг гүйцэтгэх боломжгүй болсны улмаас фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрч байгаа талаар мэдэгдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон. /хх.1/

 

Ийнхүү хариуцагчийн зүгээс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрснийг үндэслэн нэхэмжлэгч нь автомашиныг худалдахаар зар тавьсан зэрэг үйл баримт зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байна. /хх.1,22/ Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид хандан Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч гэрээг цуцалсан гэж үзэхээр байх тул гэрээ цуцлагдах хүртэл үүссэн үндсэн үүргийг фидуцийн зүйлээр хангуулах учиртай. Өөрөөр хэлбэл, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасны дагуу 435 000 төгрөгийн хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 9 000 000 төгрөг, нийт 9 435 000 төгрөг төлөх үүрэг хариуцагчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар үүссэн байна. Фидуцийн зүйл худалдагдахгүй байх нь гэрээ цуцлагдсанаас хойшх хугацаанд алданги, хүү тооцох үндэслэл болохгүй.

 

Уг зээлийн гэрээ цуцлагдах хүртэл үүссэн 9 435 000 төгрөгийн үүргээс фидуцийн зүйлийг худалдаж олсон орлого болох 8 000 000 төгрөгийг /хх.10/ хасахад үлдэх үүрэг 1 435 000 төгрөг байх боловч хариуцагч Ж.Ч 1 500 000 төгрөгөөр /хх.30/ зээлийн гэрээний үлдэгдлийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. Иймд уг үнийн дүнгээр үүргийн хэмжээг тооцож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь иргэний эрх зүйн диспозитив зарчимд нийцнэ. Зээлийн гэрээ цуцлагдсан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойшх хугацааны хүү, алдангийг нэхэмжлэгч шаардах эрхгүй болно.

 

Фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг төрөл боловч гэрээний талуудын хувьд тодорхой үүрэг үүсгэсэн байдаг. Тодруулбал, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч мөнгө төлөх үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд фидуцийн зүйлийн өмчлөлийг өөртөө шилжүүлж авсан тал уг зүйлийг буцаан өгөх үүрэгтэй. Фидуцийн гэрээний нэг тал нөгөө талын эд хөрөнгийг өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахдаа нөгөө тал уг зүйлийг дур мэдэн захиран зарцуулахгүй байх итгэлцлийн үүрэг хүлээдэг. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсгийн зохицуулалт нь фидуцийн гэрээний дагуу үүссэн өмчлөх эрх, итгэлцлийн үүргийг дуусгавар болох нөхцлийг агуулсан бөгөөд мөнгөн төлбөрийн үүрэг үүсгэсэн үндсэн гэрээний үүргийг харилцан тооцож дуусгавар болгоход чиглэгдээгүй. Иймд фидуцийн зүйлийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч бодитойгоор хэрэгжүүлэн эд хөрөнгийг худалдан борлуулсан нөхцөл байдлыг мөнгөн төлбөрийн үндсэн үүргийг шууд дуусгавар болгох үр дагавартай холбон тайлбарласан анхан шатны шүүхийн дүгнэлт хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/03997 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 1 500 000 төгрөгийг хариуцагч Б.О, Ж.Ч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн гэрээний үүргээс 4 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч нараас 38 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э гүрэн ХХК ХХК-д олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Ж.ОЮУНТУНГАЛАГ