Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 124/2024/0006/З |
Дугаар | 221/МА2024/0610 |
Огноо | 2024-09-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2024/0610
2024 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 221/МА2024/0610 | Улаанбаатар хот |
“Ц ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О ;
Нэхэмжлэгч: “Ц ” ХХК
Хариуцагч: Увс аймгийн ӨХСЗД
Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн ӨХСЗД-ын “Ц” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа явуулахад саад болж буй үйлдэл, 2024 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэл зэрэг нь хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.1, 12.1.2-т заасан бүрэн эрхээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллан “Ц ” ХХК-ийн 2024 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг даалгуулах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 124/ШШ2024/0013 дугаар шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э-Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О,
Хариуцагч Г.Т,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 124/2024/0006/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ц ” ХХК-иас Увс аймгийн ӨХСЗД-д холбогдуулан “Увс аймгийн ӨХСЗД-ын “Ц” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа явуулахад саад болж буй үйлдэл, 2024 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэл зэрэг нь хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.1, 12.1.2-т заасан бүрэн эрхээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллан “Ц” ХХК-ийн 2024 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О давж заалдах гомдолдоо:
3.1. Шүүхээс даалгах нэхэмжлэлийн төрлийг буруу ойлгож, дүгнэсний улмаас шийдвэр бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй гарсан байна.
3.1.1. Нэхэмжлэгч “Ц ” ХХК нь Увс аймгийн ӨХС-ын нутагт Дэлт нэртэй XV-018*** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 40.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасны дагуу өөрийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд “Байгаль орчныг менежментийн төлөвлөгөөг” боловсруулж батлуулахаар 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн ӨХСЗД-д хүргүүлсэн байдаг. Увс аймгийн ӨХСЗД Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан чиг үүргээ дээрх хуульд заасан хугацаа дотор хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт болох “Ц ” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэл гаргасан.
3.1.2. Иргэн, хуулийн этгээдийн захиргааны акт гаргуулах тухай хүсэлтэд захиргааны байгууллага, албан тушаалтан татгалзсан хариу өгсөн болон уг татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох харин хуульд заасан хугацаанд огт хариу өгөөгүй эс үйлдэхүй байгаа бол эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэл гаргаж болохоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, мөн хуулийн 106.3.4-т хуульчилсан. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “эс үйлдэхүй гэж иргэн хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч компаниас хариуцагч Увс аймгийн ӨХСЗД д 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 001/009 дүгээр албан бичгээр хандахад хариуцагч Увс аймгийн ӨХСЗД нь нэхэмжлэгчид ямар ч хариуг өгөлгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-д заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч тус эс үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.1.3. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчээс гаргасан 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтэд хуулийн хугацаанд огт хариу өгөөгүй атлаа шүүхийн мэтгэлцээний үед нэхэмжлэгчээс ирүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь шаардлага хангаагүй байсан буюу төлөвлөгөөнийхөө үр дүнг танилцуулаагүй, хянуулаагүй, мөн хугацаа хэтэрсэн учраас батлах боломжгүй гэж татгалзлаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, шүүхэд хандах хүртэл эс үйлдэхүй гаргаж байсан хариуцагч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн буй мэтээр, төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн татгалзсан хариуг өгсөн. Хэрэв хариуцагч нь шүүх хуралдаан дээр хэлсэн татгалзлын үндэслэлээ компанид бичгээр мэдэгдсэн бол компанийн хувьд зөрчлөө арилган, дахин хүсэлтээ гаргах эсвэл эс хүлээн зөвшөөрвөл татгалзсан шийдвэртэй маргах байсан. Гэтэл хүсэлтэд татгалзсан хариу өгөх үндэслэлтэй байсан тул түүнд хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан мэтээр шүүх хуралдаан дээр илэрхийлсэн нь үндэслэлгүй.
3.1.4. Учир нь захиргааны байгууллага албан тушаалтан нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд хандан өргөдөл, гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно: 1/өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй; 2/бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол; 3/төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй; 4/өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” гэж заасан 4 тохиолдолд тус өргөдөл гомдлыг хянаж үзэхгүй байх эрхтэй. Бусад тохиолдолд өргөдөл гомдлыг хянахгүй орхиж иргэний Монгол Улсын Үндсэн хуулийн 16.12-д “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан үндсэн эрхийг зөрчих эрх байхгүй юм.
3.1.5. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад өргөдлийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь зөв бөгөөд Увс аймгийн ӨХСЗД хууль бус эс үйлдэл гаргаагүй, хууль ёсны эс үйлдэл гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй, Анхан шатны шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгчээс ирүүлсэн 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэсэн баримт бичгийг “Ц ” ХХК-ийн геологич боловсруулсан нь Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан эрх бүхий этгээдээр боловсруулсан байх шаардлагыг хангаагүй, мөн зүйлийн 9.5 дахь ...заалттай нийцээгүй байна”, “нэхэмжлэгч нь хуульд нийцүүлэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулаагүй тул хариуцагчаас төлөвлөгөөг батлаагүйг буруутгах үндэслэлгүй” гэж хариуцагчаас уг үндэслэлээр татгалзсан шийдвэр гарчихсан юм шиг, түүнтэй нь нэхэмжлэгч маргаж байгаа юм шиг хийсвэр дүгнэлт хийж маргааны үйл баримт, нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг зөрчсөн байна. Гэвч бодит байдал дээр нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад л өөрсдийн гаргасан хүсэлтийн хариуг хариуцагчаас анх сонсож байхад шүүх хариуцагчийн тайлбарт хөтлөгдөн улмаар нэг талыг барьж шийдвэрлээгүй эс үйлдлийг хянан шийдвэрлэх бус харин тус өргөдлийг татгалзах ёстой байсан байна” хэмээн шүүх өөрөө захиргааны шийдвэр гаргасан нь шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй.
3.1.6. Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж зааснаар сумын Засаг даргад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах үед шаардах баримтын жагсаалт, шалгуур үзүүлэлтийг нэрлэн заагаагүй мөн батлах эсэх талаар сонгох боломжийг Засаг даргад хуулиар олгоогүй тул Засаг дарга тус төлөвлөгөө батлах үүрэгтэй. Иймд захиргааны албан тушаалтанд сонгох боломжийг хуулиар олгоогүй тул гаргасан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоохыг зэрэгцээ хуулиар шууд нэрлэн заасан үйлдэл болох “батлах” шийдвэр гаргахыг шүүхээс даалган шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй юм.
3.2. Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.
3.2.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж, мөн зүйлийн 40.3-д “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж зохицуулсан байна” гэж заасан атал үргэлжлүүлээд “Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5-д сумын Засаг дарга ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах эрхийг хэрэгжүүлэхээр заажээ”. Шүүхийн үндэслэл болгон авсан хуулийн заалтад “10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” хэмээн үүрэг болгосон заалтыг дурдсан атлаа сумын засаг дарга батлах эрхтэй хэмээн эрх олгосон зохицуулалт мэтээр үндэслэлгүй тайлбарласан байна. Иргэний эрх зүйн харилцаанд хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэх эсэх талаар чөлөөт сонголт эрх байдаг бол захиргааны эрх зүйн харилцаанд хуулиар хүлээсэн чиг үүрэг буюу захиргааны байгууллагын үүрэг байдаг. Ийнхүү шүүх сумын засаг даргад эрх олгогдсон байна гэж хуулийг буруу тайлбарласан нь хожим тус эрхээ хэрэгжүүлэх эсэх асуудал нь өөрийн бүрэн эрхийн асуудал мэт дүгнэж эс үйлдлийг зөвтгөх үндэслэл болжээ. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь заалтад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг 9.1, 9.4-т заасныг хэрэглэж улмаар үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт “Нэхэмжлэгчээс ирүүлсэн 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэсэн баримт бичгийг “Ц ” ХХК-ийн геологич боловсруулсан нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан эрх бүхий этгээдээр боловсруулсан байх шаардлагыг хангаагүй, мөн зүйлийн 9.5-д “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ” гэж зохицуулсантай нийцээгүй байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаарх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэв” гэж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.
3.2.2. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 18.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хүсэлт гаргахад болон мөн хуулийн 21.1-д заасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших үед байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх үүрэг байхгүй. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 25.1.7-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж заасны дагуу ашиглалтын зөвшөөрөл хүсэх үедээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.1-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үүрэгтэй байна. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалаар “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ыг баталсан байх бөгөөд тус журмын хоёр дахь хэсэгт тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах талаар зохилцуулсан байх бөгөөд 2.11-д “Газрын тос, уламжлалт бус газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалаас бусад ашигт малтмалын хайгуулын төслийг хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, тухайн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт батлуулахаар хүргүүлнэ” гэж заасан байна” хэмээн нарийвчилсан оновчтой зохицуулалтыг нэрлэн заасан боловч түүнийг тайлбарлан хэрэглээгүй.
3.2.3. Уг нь тухайн заалтаар хайгуулын төсөл хэрэгжүүлэгч нь өөрөө байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж батлуулахаар хүргүүлэх эрхтэй талаар тодорхой заасан байдаг. Гэвч үндэслэх хэсгийн 8-д “Эдгээр зохицуулалтаас үзэхэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль хамгаалах төлөвлөгөөг жил бүр боловсруулж, сумын Засаг даргаар батлуулахаар, харин Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө холбогдох эрх бүхий этгээдээр шинэчлэн боловсруулан сумын Засаг даргаар батлуулах зохицуулалттай байна” хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг тус үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр хийлгэн улмаар тус үнэлгээг хийсэн хуулийн этгээдээр ашиглалтын үеийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулах” шаардлагыг “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй, хайгуулын үйл ажиллагааны үед байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг өөрөө боловсруулан батлуулах” эрх бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавьж хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болжээ. Дээрх байдлаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0013 тоот шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан үндсэн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Нэг. Маргаан бүхий үйл баримтын талаар:
Хоёр. Хууль хэрэглээний талаар:
2.1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.”, 40.3-т “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална.” гэж,
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална.” гэж Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнахтай холбогдсон харилцааг хуульчлан зохицуулжээ.
2.2. Дээрх хуулийг хэрэгжүүлэх зорилгоор баталж мөрдүүлсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, батлах, тайлагнах журам”-ын 2.11-д “Газрын тос, уламжлалт бус газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалаас бусад ашигт малтмалын хайгуулын төслийг хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, тухайн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт батлуулахаар хүргүүлнэ.” гэж Сумын Засаг даргын эрх, үүргийг тодорхой хуульчилжээ.
2.3. Хариуцагч Увс аймгийн ӨХСЗД дээрх хууль тогтоомжийг зөрчин нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Ц ”ХХК-ийн ӨХСЗД д хүргүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 001/09 тоот албан бичиг, Увс аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 001/11 тоот албан бичгүүд болон хэргийн оролцогчдоос шүүх хуралдаанд мэтгэлцэх явцад гаргасан тайлбараар нотлогдож байна.
2.4. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль хамгаалах төлөвлөгөөг жил бүр боловсруулж, сумын Засаг даргаар батлуулахаар, харин Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө холбогдох эрх бүхий этгээдээр шинэчлэн боловсруулан сумын Засаг даргаар батлуулах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл “байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь тусгай зөвшөөрлийг сунгах 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх баримт бичиг байна” гэх дүгнэлтээс үзвэл, “байгаль хамгаалах төлөвлөгөө”, “байгаль орчны менежментийн төлөвлөгөө” гэж зөрүүтэй, хоёр өөр тусдаа төлөвлөгөө мэт дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.
2.5. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” гэж хуульчилсан байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, батлах, тайлагнах журам”-ын 1.1-д “Төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн (цаашид төсөл хэрэгжүүлэгч гэх) байгаль орчныг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хянан батлах, хэрэгжилтийг ханган тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.” гэж “байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г боловсруулах, батлахтай холбогдсон харилцааг зохицуулсан байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.
2.6. Нөгөөтээгүүр, анхан шатны шүүхээс “...Нэхэмжлэгчээс ирүүлсэн 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэсэн баримт бичгийг “Ц ” ХХК-ийн геологич боловсруулсан нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан эрх бүхий этгээдээр боловсруулсан байх шаардлагыг хангаагүй ...гэж зохицуулсантай нийцээгүй байна” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасантай нийцээгүй.
3. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, хариуцагч Увс аймгийн ӨХСЗД Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан чиг үүргээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч “Ц ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 124/ШШ2024/0013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Увс аймгийн ӨХСЗД-ын “Ц ” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Ц ” ХХК-ийн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА