Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/364

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0345/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мягдагбадам,

Шүүгдэгч С.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б- овогт С- Ц-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000409 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Октябрийн 7-9 тоотод бүртгэлтэй, одоогоор Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б- овогт С- Ц- /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Ц- нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод гэртээ, нөхөр Б.Ш-ын зүүн мөрөнд хутгалж, эрүүл мэндэд нь зүүн мөрөнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь:

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 15 дугаар байрны 61 тоотод 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-10-р хуудас/,

 

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-р хуудас/,

 

Хохирогч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ц- бол миний эхнэр байгаа юм. Бид хоёр хамт амьдраад 7 жил болж байгаа бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй. ...2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10 цагийн үед эхнэр Ц- над руу залгаад би ганц пиво уучхаад дараа нь бааранд орчхоод харина гэж хэлээд утсаа салгаад дахин над руу залгаагүй. Би гэртээ 2 хүүхдээ хараад байж байтал гэрийн тагтны доор хүн дуугараад байхаар нь цонхоороо хартал нэг согтуу хүүхэн манай эхнэрийг дагуулаад байрны гадна ирсэн байсан. Тэгэхээр нь би тэр хүүхнийг нь хөөгөөд явуулсан чинь Ц- тагтны доор зүлгэн дээр 1 цаг гаруй унтсан. Тэгээд босож ирээд гэрийн хаалгыг гаднаас нь баахан өшиглөж байгаад буцаад гараад манайх 1 давхарт байдаг болохоор тагтны цонхоор гэрт ороод ирсэн. Би хэрүүл хийгээд яахав гэж бодоод 00-ын өрөөнд ороод хэсэг суутал Ц- сав суулга түчигнүүлээд байхаар нь би гайхаад 00-оос гараад иртэл Ц- хутгаар миний зүүн мөрний орчим нэг удаа хатгасан. Би хутгыг нь булааж аваад нуугаад дараа нь цагдаагийн газарт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 970 дугаартай  “...Б.Ш-ын биед зүүн мөрөнд шарх тогтоогдлоо. Дээрх шарх нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Ш-ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21-р хуудас/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 2 оноо буюу “бага” түвшин байна гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 69-70-р хуудас/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 83 дугаартай : “...Шинжлэгдэж байгаа биеийн тамирын цамцны зүүн энгэрт, эгэмний дагуу үүссэн зүсэгдэлт нь нэг удаагийн хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Цамцны баруун талд үүссэн гэмтэл нь эдэлгээний явцад үүссэн хуучин гэмтэл байна. Цамцны зүүн энгэрт эгэмний дагуу үүссэн зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн хутгаар үүсгэгдсэн байж болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-31-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, яллагдагч С.Ц-, хохирогч Б.Ш- нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 77-78/ гаргасан байна.

 

С.Ц-, хохирогч Б.Ш- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

С.Ц- нь согтуурсан үедээ, үл ялиг зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Б.Ш-ын зүүн мөрөнд шарх үүсгэж гэмтээсэн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд С.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Ш-т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “ миний бие шүүх хуралдаанд оролцохгүй, хөдөө тээвэрт явж байна, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн модон иштэй хутгыг устгаж,  малгайтай хөх өнгийн зүүн энгэр дээрээ supreme гэх бичигтэй ноосон цамц 1 ширхгийг хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Б- овогт С- Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Ц-т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-т оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн модон иштэй хутгыг устгаж, малгайтай хөх өнгийн зүүн энгэр дээрээ “supreme гэх бичигтэй ноосон цамцыг хохирогчид буцаан олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД