Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/368

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0351/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч Х.О-ийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Г.О-, Х.О- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т- овогтой Г-ын О-, Ш- овогт Х-гийн О- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2218000000359 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа авто засварын газар ажиллуулдаг, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын ...тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Т- овогт Г-ын О- /РД:/,

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролгой, биеийн тамирын багш мэргэжилгэй, хувиараа хүнсний ногоо тариалдаг, ам бүл 5, хүргэн ах, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш- овогт Х-гийн О- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                         

Г.О-, Х.О- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.О-, Х.О- нар нь согтуурсан үедээ, бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 23-ны 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах О- лоунжид иргэн Б.Т-тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед нь халдаж, зүүн нүдний дээд зовхи, баруун чих, хэвлийн баруун талд цус хуралт, хүзүү, хэвлийн баруун дунд хэсэг, баруун бугалга, эрүүнд зулгаралт, зүүн дээд хоёрдугаар шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Би 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр орой 21 цагийн орчим найз У-, Г-, Н-, нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг О- лоунжид үйлчлүүлэхээр орсон, тухайн үед би болон надтай хамт явсан найзууд ямар нэгэн архи дарс уусан асуудал гаргаагүй. Ингээд уг Лоунжид ороод 1 цаг орчмын дараа би ариун цэврийн өрөөнд ороод бие засаж байтал ард танихгүй 25-30 орчим насны хоёр эрэгтэй хүн миний араас хөөе чи гээд дуудаад байх шиг байхаар нь би эргээд хартал чи яасан муухай хардаг юм бэ гэж хэлсэн. Би хариуд нь муухай хараагүй ээ гэж хэлтэл уг хоёр залуугийн намхан нуруутай нь намайг шууд л нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Уг цохилтоос болоод би ариун цэврийн өрөөн дотор газар унасан тэгтэл уг хоёр танихгүй залуу хоёулаа л миний дээр гарч нэг нь хоолойг боож цохиж зодсон. Тухайн үед уг ариун цэврийн өрөөнд надтай хамт явсан найз Н- болон Г- нар байсан. Салгах гээд салгаж чадахгүй байсан миний хувьд газар унасан байдалтай биеэ хамгаалаад л байж байсан намайг зодож байхдаа уг хоёр залуугийн нэг нь ариун цэврийн өрөөний хаалгыг дотор талаас нь түгжсэн байсан. Ингээд хэсэг хугацааны дараа ариун цэврийн өрөөний хаалга онгойлгоод л хүмүүс орж ирж уг хоёр залууг надаас салгасан. Ингээд ариун цэврийн өрөөнөөс гараад би найзуудын хамт өөрийн суух ширээнд сууж байтал ариун цэврийн өрөөнд намайг түрүүлж цохисон намхан нуруутай эрэгтэй нэг танихгүй залуугийн хамт ирсэн, ирээд за хөгшөөн зүгээр үү манай хэд согтуу байна, чи манай ширээнд хүрээд ир чамайг урьж байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед нь уг хоёр залуугийн хамт сууж байсан ширээн дээр нь очоод суусан. Тухайн үед ширээн дээр 6-7 залуу байсан, би уг залуучуудын нэгийг нь таньдаг хүн байсан, тэрийг Т- гэдэг залуу байсан. Намайг суутал миний харалдаа урд сууж байсан танихгүй эрэгтэй надад хандаж хөөе чи хэн юм бэ гэхээр нь би хариуд нь сая зодуулсан залуу байна гэтэл уг залуу хамт сууж байсан залуучууддаа наадхаа дахиад зодооч гэсэн тэгтэл миний баруун талд хажууд сууж байсан О- гэх /би нэрийг нь сүүлд мэдсэн юм/ хүн миний нүүр рүү гараараа цохисон, ингээд би газар унахад ширээний ард сууж байсан хүмүүс нь ер нь бүгдээрээ л цохиж зодсон, ...Би уг хоёр залууд зодуулснаас болж хүзүү хэсэг зүүн талдаа зулгарсан, зүүн нүдний дээд талд хөхөрч хавдсан, мөн баруун чихний дээд дэлбэнгийн дотор талд сэтэрч цус их гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

 

Гэрч Б.Шонхлойгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...О- лоунжид дэд ахлагч Б.А-ын хамт очсон. Тэр үед Т- гэх залуу хоёр найзын хамт гадаа нь зогсож айсан. Тэгээд Т- гэх залуу бид 2-т хандан “би сая дуудлага өгсөн хүн байна” гэж хэлээд бид 2-т болсон асуудлын талаар ярьсан. Би хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн хамтаар болсон асуудлыг тодруулахаар тус барилгын 4 давхарт байрлах О- нэртэй лоунж руу Т-ийг дагуулж орсон юм. Т-ийг зодсон гэх хүмүүс дээр очтол 5-6 хүн байсан. Юу болсон талаар тодруулахаар тус хүмүүс дээр очтол Т- гэх залууг чи дуудлага өгч цагдаа дууддаг арчаагүй эр байна, ийм асуудлыг эндээ шийдэж чадахгүй цагдаа сэргийлэх болдог ямар арчаагүй залуу вэ, хэдүүлээ эндээ сайхан эвлэрээд танилцъя гэж хэлэх үед нэг залуу нь Т-ийг шууд барьж аваад унагаах гэж оролдож байхад би А-ын хамтаар салгаж тус маргааныг болиулсан юм. Т-тэй зодолдож байсан залуу түүний цамцыг урчихсан байсныг бид хоёр салгахдаа харсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

 

Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Манай хуурай ах О- /О-/ найз З- бид 3 нойл руу явж байтал Золоо Т- гэх залуутай мөрлөлцөөд үүнээс болоод тэр хоёр маргалдсан. Тэгээд О- ах бид хоёр Золоог аваад тирас руу аваад гарсан. Т- /Долгионоо/, О- /Очки/, З- /Золоо/, О- ах бид 5 асартаа яриад сууж байтал бид нар дээр Т- гэх залуу нойлын урд талд маргалдсанаасаа болоод хүрч ирээд Золоо, О- ах хоёртой маргалдаад байсан. Маргалдаж байгаад О- ах Т- гэх залууг нэг удаа цохисон. Бүгд тэр үед бид нар сандралдаад босоцгоосон. Т- гэх залуу О- ахыг цохисны дараа бага зэрэг доошоо тонгойгоод ойр хавьд байсан хүмүүс бужигналдаад Т-ийн толгой руу өшиглөчих гээд байсан болохоор нь би Т-ийн хойд талд зогсож байсан болохоор өмднийх нь бүсний хойд талаас татаад босгосон. Удалгүй Т-ийн найз хүрээд ирэхээр нь чи найзыгаа аваад явчих гээд найзад нь өгсөн. Манай найз З- анх Т-тэй нойлын урд мөрлөлцөөд маргасан. Тэрнээс биш Т-ийн биед халдаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

 

Гэрч Г.З-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Г- О- бид хэд ариун цэврийн өрөө орсон тэр үед би танихгүй нэг залуутай шүргэлцэх үед бид нар луу үг хаяхаар нь маргаан үүсэж хэрүүл болоод ариун цэврийн өрөөнд үл таних маргалдсан залуу О- ахын хажууд ирж суух үед О- ахтай муудалцсан юм. Юунаас болж муудалдсан талаар би ойлгоогүй дуу чимээ ихтэй байсан. Нөгөө залуу О- ахын зүүн талд суусан байсан. Тэгээд О- ах тэр залуугийн толгой хэсэг рүү цохих шиг болсон би сайн анзаараагүй. Ингээд би залуугийн найзууд салгасан, бид ч бас хэдэн талаас нь салгах үед өөрөө чанга орилж бид нар луу дайраад байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,

 

Гэрч С.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...00-ын өрөөний үүдний тэнд очоод сорочкан цамцтай, ойролцоогоор 30 орчим насны эрэгтэй хүн О- болон Г-, З- нартай маргалдаад байсан, ...О- ах Т- гэх залууг 1 цохиод тэр 2 маргалдаад О- дахиад юм авч шидэх гэхээр нь цаанаас нь нэг нь О-ыг бариад бид нар цаана сууж байсан хэсгээс бужигналдаад гараад ирэхэд би О- ахын гараас бариад авсан. Тэр үед Т- гэх залууг бас хэд хэдэн хүн бариад авсан, О- ахыг би бариад байж байхад миний гараас мултраад Т-ийг цохих гэсэн боловч хий цохиод тэгээд би татаж аваад болиулсан дахиад ямар нэг зодоон болоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар тал/,

 

Гэрч А.Н-ын мөрдөн шалах ажиллагааны явцад өгсөн: “...Т-ийг хажуудаа суулгаад юм ярьж байсан ах Т-ийн нүүр хэсэг рүү нэг удаа гараа атгаж байгаа цохиход Т- сууж байснаа шууд газарт унасан. Тэр ширээн дээр сууж байсан залуучууд суудлаасаа босоод Т-ийг тойроод бүчээд эхэлсэн. Г- бид хоёр Т-ийг босгож аваад тэндээс шууд гарсан. Бид гурав гадаа гарсны дараа Т- ерөөсөө цагдаа дуудъя гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй 2 цагдаа ирээд болсон явдлын талаар биднээс тодруулж асуугаад Т-ийг зодсон залуучуудтай уулзсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,

 

Гэрч Э.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...00-оос гарсан чинь Т-ийг үл таних залуу дагуулаад 00 руу орохоор нь араас нь Н- бид хоёр орсон. Нэг танихгүй залуу Т-ийг муухай харлаа гээд хэдэрлээд дээрэлхээд байсан. Тухайн үед Н- бид 2 тэр залууд хандаад одоо больчих, найзыгаа аваад бид хоёр гарчихъя гэхэд үгэнд ороогүй. Тэгээд тэнд байсан залуу Т-ийг заамдаад боосон, ...О-ын 00-д Т-ийн эрх чөлөөнд Золоо гэх залуу заамдаж авч халдсан. Мөн Золоотой хамт 00 орсон нэрийг нь мэдэхгүй намхан биетэй эрүүн дээрээ сахалтай тираст Т-ийн нүүр лүү цохидог залуу мөн 00-д Т-ийг газарт хөлөөр нь дэгээдэж унагаасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,

 

Шүүхийн            шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 823 дугаартай “...Б.Т-ийн биед зүүн нүдний дээд зовхи, баруун чих, хэвлийн баруун талд цус хуралт, хүзүү, хэвлийн баруун дунд хэсэг, баруун бугалганы зулгаралт, зүүн дээд хоёрдугаар шүдний эмтрэл гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тус гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 753 тоот дүгнэлт үндэслэлгүй. Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 712 тоот дүгнэлт үндэслэлтэй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 150-153 дугаар тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-15 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Шүүгдэгч Г.О-, Х.О- нар нь бүлэглэн хохирогч Б.Т-ийн биед зүүн нүдний дээд зовхи, баруун чих, хэвлийн баруун талд цус хуралт, хүзүү, хэвлийн баруун дунд хэсэг, баруун бугалганы зулгаралт, зүүн дээд хоёрдугаар шүдний эмтрэл гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “”хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан бөгөөд Г.О-, Х.О- нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Иймд Г.О-, Х.О- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Т-т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг си-ди хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-, Х.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Т- овогтой Г-ын О-, Ш- овогт Х-гийн О- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.О-, Х.О- нарт тус тус 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-, Х.О- нарт оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг си-диг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-, Х.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД