Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/370

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0268/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Э.Н- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ш- овогт Э-ын Н-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000408 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс дархад, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хзмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Ш- овогт Э-ын Н- /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Э.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Н- нь согтуурсан үедээ, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоот гэртээ, эхнэр Ш.Х-ыг үл ялих зүйлээр шалтаглан, ямар нэгэн шалтгаангүйгээр сандлаар цохин, зодож, эрүул мэндэд нь дагзны хуйханд шарх, тархи доргилт, эрүү, цээжний өмнө, зүүн мөр, бугалга, шуу, гуя, баруун бугалга, өвдөг хэвлийн баруун хажуу хэсэгт цус хуралт бухий хөнгөн хохирол санаагай учруулсан болох нь:

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн узүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-09-р хуудас/,

 

Хохирогч Ш.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай нөхөр надаас хүүхдийн мөнгө буусан юм чинь хайрдаа шар тайлах ганц юм аваад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за банк онгойхоор мөнгө аваад өгье гэсэн чинь хүүхдийнхээ мөнгөөр бүгдийг нь архи аваад уучихсан. Тухайн үед гэр бүлийн найзууд болох Ц-, А-, С- нар хамт байж байсан. Тэгээд шөнийн 03 цагийн үед манай нөхөр Н- намайг хардаад хойд өрөөнд хоёулхнаа байхдаа найзууд унтаж байхад гараараа хоолой багалзуурдаад доошоо дараад дараа нь өрөөнд байсан модон сандлаар дагз хэсэг рүү хоёр удаа цохисон. Тэр дороо миний толгой хагараад цус гарсан. Тухайн үед манай ангийн охин А- наадах чинь үхлээ шүү дээ, түргэн дуудъя гэсэн чинь наадах чинь үхэхгүй ээ, эмнэлэг дуудах юм бол цагдаатай хамт ирнэ гээд дуудуулаагүй. Тухайн үед С- Н-ийг надаас салгасан. Харин Ц- унтаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-16-р хуудас/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 4 оноо буюу “дунд” түвшин байна гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 10-р хуудас/,

 

Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Шөнө 03 цагийн үед гэнэт түр тар хийгээд явчихсан, босоод харсан чинь Н- Х- хоорондоо барьцалдаад авчихсан байхаар нь би Н-ийг хойш нь татаад орон дээр нь татаад хэвтүүлчхээд чи одоо яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь за за, би одоо унтлаа гээд унтаад өгсөн. Эхнэр дээр нь очсон чинь толгойны ар дагз хэсгээс нь цус гарч байсан. Юугаар цохисон юм бэ гэсэн чинь сандлаар цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд би эхнэрээс нь цагдаа дуудах уу, эмнэлэг дуудах уу гэж хэлсэн чинь яах юм бэ, дэмий гэж хэлсэн. Тухайн үед би Х-ын толгойноос нь гарч байгаа цусыг нь угааж өгөөд толгойг нь харахад толгойны ар дагз хэсэг нь жижигхэн хэмжээтэй ангайчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-р хуудас/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 947 дугаартай “...Ш.Х-ын биед дагзны хуйханд шарх, тархи доргилт, эрүү, цээжний өмнө, зүүн мөр бугалга, шуу, гуя, баруун бугалга, гуя, өвдөг хэвлийн баруун хажуу хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ш.Х-ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, яллагдагч Э.Н-, хохирогч Ш.Х- нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 77-78/ гаргасан байна.

 

Э.Н-, хохирогч Ш.Х- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 64/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Э.Н-ийн үйлдэл нь хэрцгий, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд Э.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших ба цаашид Э.Н-т тавих хяналтыг сайжруулж, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх талаар хамтарсан багт мэдэгдэхийг прокурорт сануулах нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Ш.Х- шүүх хуралдаанд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Н- шүүх хуралдаанд ирээгүй тул түүнийг эрэн сурвалжилж, албадан авчирч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, 90,000 төгрөгийг торгох ялаас хасаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ш- овогт Э-ын Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Н-т 450 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, 90,000 төгрөгийг торгох ялаас хасаж, Э.Н-ийн төлөх торгох ялын хэмжээг 360.000 /гурван зуу жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Н-ийн эдэлбэл зохих 360,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД