Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/302

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч Э.Баатархүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Эрдэнээгийн Баатархүүд холбогдох 2221000000297 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, засварчин ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Жуковын 3-5 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Хатгин овогт Эрдэнээгийн Баатархүү. /РД: ЖЯ92041614/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Баатархүү нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 92 дугаар байрны хойд талын машин засварын газарт хохирогч З.Зоригтхүүтэй таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж зүүн хөмсгийг язалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Баатархүү шүүх хуралдаанд: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч

, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 92 дугаар байрны хойд талд үйл ажиллагаа явуулдаг машин засварын газар машинаа будуулах гээд 12 цагийн орчим аваачиж өгсөн. Засварын газарт очиход өмнө манайд ажил хийдэг байсан Баатархүү байсан. Тэгээд Баатархүү надаас байн, байн наад машин чинь яачихаад байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь чи яасан ч чамд ер нь ямар хамаа байгаа юм гэхэд Баатархүү гараараа намайг олон удаа цохисон... нүүр рүү учир зүггүй цохиод байсан. Миний нүүр бүр цусанд будагдаад улаан нялга болчихсон байсан, ямар ч байсан олон удаа цохисон... Миний хувьд Баатархүүгээс эмчилгээний мөнгө нэхэмжлээгүй, мөн цаашид ч нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/

 

Гэрч Э.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хэрлэн сумын 11 дүгээр баг 92 дугаар байрны хойд талын грашдаа машин засаж байхад Зоригтхүү ах портер дээр приус-20 маркийн тээврийн хэрэгсэл аччихсан янзлуулна гээд нэг танихгүй хүний хамт ирсэн. Тухайн үед Зоригтхүү ах уучихсан байсан бөгөөд машинаа буулгачхаад байж байсан юм. Тэгсэн 12 цагийн үед дүү Баатархүү ирэхээр нь би зөрөөд машиныхаа будганд явсан. Тэгээд би 30 орчим минут болоод ирэхэд цагдаа нар ирсэн байсан бөгөөд Баатархүү, Зоригтхүү нар хоорондоо маргалдсан гэж байсан. Зоригтхүүгийн нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд цагдаа нар Баатархүүг аваад явахаар нь би хамт яваад болсон асуудлын талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

 

Шүүгдэгч З.Зоригтхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хэрлэн сум 11 дүгээр баг 92 дугаар байрны хойд талын грашт ажил дээрээ өдөр 11 цагийн үед очсон. Намайг очиход миний өмнө нь хамт ажил хийж байсан Зоригтхүү гээд ах хүмүүстэй хамт янзлуулах гэж байгаа машинаа буулгаж байсан. Тэгэхээр нь би сайн уу ахаа гэж мэндэлчихээд граш руугаа ороод нилээн байж байгаад гэрэлгүй болохоор нь байцаагч дуудаад байж байх хоорондоо Зоригтхүү ахын юм хийж байгаа газраар очсон. Тухайн үед Зоригтхүү ах архи уусан байдалтай байсан бөгөөд би Зоригтхүү ахаас машинаа үзүүлээд асаахаар болоо юу гэж асуухад Зоригтхүү ах чи яана гээд байгаа юм бэ гэж 4,5 удаа давтаад байсан. Тэгэхээр нь би дүү нь яана ч гээгүй шүү дээ гэхэд түрүүний бөөс толгой дээр гарахнуу гэж чамайг бодлоо гэсэн. Тэгэхээр нь би та одоо юу яриад байгаа юм бэ, дүү нь одоо бөөс болчихсон юм уу гэхэд миний өөдөөс чи бөөс шүү дээ, бөөс чи өөрийгөө мэддэггүй юм уу гээд байсан. Тэгэхээр нь би та одоо боль гэхэд дахиад давтаж хэлээд байхаар нь гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгэхэд арагшаа савж унаад буцаад босож ирээд над руу дайраад зууралдаад байснаа газар унаад босож ирэхэд нүүрнээс нь цус гарсан. Би та хол байгаарай би цохино шүү гэхэд дахиад өөрөө над руу дайраад байхаар нь нүүр рүү нь 2 удаа цохичихоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 514 тоот дүгнэлтэд:

1. 3.Зоригтхүүгийн биед зүүн хөмсөгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 21-22/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/

- Гэрч Ю.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 17-18/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 23/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 30-31/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34-49/

- Шүүгдэгч Э.Баатархүү, хохирогч З.Зоригтхүү нарын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 54-55/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Э.Баатархүү нь бүрэн дунд боловсролтой бөгөөд “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүгдэгч Э.Баатархүү нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 92 дугаар байрны хойд талын машин засварын газарт хохирогч З.Зоригтхүүтэй таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж зүүн хөмсгийг нь язалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Баатархүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч З.Зоригтхүү, гэрч Э.Батсайхан нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 514 тоот “... 3.Зоригтхүүгийн биед зүүн хөмсөгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Хатгин овогт Эрдэнээгийн Баатархүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Баатархүү нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Э.Баатархүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. 

 

Шүүгдэгч Э.Баатархүү нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Хатгин овогт Эрдэнээгийн Баатархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

 

Шүүгдэгч Э.Баатархүүгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч З.Зоригтхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Э.Баатархүүг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Баатархүү нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн  бөгөөд уг ялыг эдэлж дуусаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баатархүүд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Хатгин овогт Эрдэнээгийн Баатархүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнээгийн Баатархүүг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баатархүү нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Э.Баатархүүд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, өмнөх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Баатархүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА