Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/306

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх  Ч.Мөнхзулаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221002350331 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн сумын цэцэрлэгт ******* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг Б******* гэх газарт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: *******/

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн сумын 6 дугаар баг тоот хашаанд Toyota Prius маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан "жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух түүнийг орхиж явахыг зөвшөөрнө...” гэх заалтыг зөрчсөний улмаас хөдөлгөөн хийж уг тээврийн хэрэгслийн урд байсан 1 нас 4 сартай ******* мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй....” гэв.

           

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* миний машиныг задалж засаад буцааж угсарч асаагаад машин дотор сууж байсан юм. Тэгэхээр нь би юу болж байна гэсэн чинь тэр юм хэлээгүй. Би тухайн үед охин гийн хамт машинаасаа 2-3 метр орчмын зайтай зогсож байсан. Тэгээд байж байтал охин маань машины чигтэй алхсан. Гэтэл гэнэт машин хөдлөхөөр нь би хөөе *******оо хүүхэд гэж орилоход ******* тормозоо гишгээд охин маань машины урд талын куфер мөргөөд арагшаа савж унасан. Тэгээд охиноо аваад шууд эмнэлэг явсан. ...******* тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/

 

            Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ...сумын ах улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд машин үзээд өгөөч хаалт нь болохгүй байх шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиныг нь засварлаж дуусаад дотор нь орж байгаад арааг нь салгаад гал хамгаалагчийг нь шалгах гээд доошоо тонгойход машин гэнэт урагшаа хөдөлсөн. Гэтэл ах хүүхэд мөргөлөө гээд орилохоор нь тормоз дарж зогсоогоод бууж харахад машины урд хэсгээр ахын охин гэх хүүхдийг мөргөсөн байдалтай хүүхэд газарт дээшээ хараад хэвтэж байхаар нь ах бид хоёр эмнэлэг рүү авч явсан... Би маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 434 тоот дүгнэлтэд:

            1. *******ийн биед дагз ясны хугарал, их тархины гүүр, бага тархины баруун тал бөмбөлгийн няцрал, баруун чамархайн хатуу хальсны доорх цусан хураа, дагзны аалзан хальсан доорх цус харвалт, нүүрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар тогтоогдсон дагз ясны хугарал, их тархины гүүр, бага тархины баруун тал бөмбөлгийн няцрал, баруун чамархайн хатуу хальсны доорх цусан хураа, дагзны аалзан хальсан доорх цус харвалт нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар нүүрний зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 25-26/

           

            Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 434 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1. Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын шинжээч нарын зүгээс өмнө гарсан дүгнэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй.

            2. ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6. "Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө...” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            3. Энэхүү дүгнэлтийн 2-р хариултаар хариулсан гэж үзэж байна.

            4.Энэхүү дүгнэлтийн 2-р хариултаар хариулсан гэж үзэж байна гэжээ. /хх-ийн 49-50/

           

            -Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үлдэхүйг илрүүлсэн тухай  тэмдэглэл /хх-ийн 07/

            - Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-13/

            - Зам тээврийн осол дээр тогтоосон акт  /хх-ийн 14/

            - Зам тээврийн осолд холбогдсон Toyota Prius-11 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15/

            - Гэрч мэдүүлэг /хх-ийн 36-37/

            - Шинжээч 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 42-43/

            - *******ийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 53/

            - *******ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 54/

            - Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засвар хийх журам /хх-ийн 67-78/

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/

            - Шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 81-83/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн сумын 6 дугаар баг тоот хашаанд Toyota Prius маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан “жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух түүнийг орхиж явахыг зөвшөөрнө...” гэх заалтыг зөрчсөний улмаас хөдөлгөөн хийж уг тээврийн хэрэгслийн урд байсан 1 нас 4 сартай ******* мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П., гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 434 тоот дүгнэлт, Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 434 тоот дүгнэлт, шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, зам тээврийн осолд холбогдсон Toyota prius маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол тогтоосон акт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

            Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас бага насны хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, түүний хууль ёсны төлөөлөгч П. нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүгдэгч *******ид гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

           

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан  автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.  

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн  хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр  1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

           

            Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан ******* овогт ******* *******ийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн  хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр  1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,  баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах зүйтэй байна.

 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ******* *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн  хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр  1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ид тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******ид мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА