Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/312

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Э.Амартулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Энхбатын Амартулгад холбогдох эрүүгийн 2221003470334 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 0260 дугаар салбарт жагсаалын дарга ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 26-50 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Тайж овогт Энхбатын Амартулга. /РД: Ж389120511/

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багт байрлах Хилийн цэргийн 0306 дугаар ангийн харьяа Хилийн цэргийн 0260 дугаар салбарын жагсаалын дарга албан тушаалтай, ахлах ахлагч Э.Амартулга нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багт байрлах Хилийн цэргийн 0306 дугаар ангийн харьяа Хилийн цэргийн 0260 дугаар салбарт хугацаат цэргийн алба хаагч, ахлах байлдагч М.Түшигбаяртай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, хүч хэрэглэж, зодсон дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч М.Түшигбаярын зүүн чихэн тус газарт алгадан түүний биед зүүн чихний хэнгэрэг хальсны урагдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Амартулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч М.Түшигбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 26-ны орой 18 цаг 00 минутын үед хөл бөмбөгийн тэмцээн болж байхад би 0306 дугаар ангийн 6 дугаар заставд цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 20 цаг 00 минутад би ээлжнээс бууж, хөл бөмбөгийн тэмцээн дууссаны дараа цэргүүд бүгд заставын гадаа жагсаад байж байтал жагсаалын дарга, ахлах ахлагч цолтой Э.Амартулга нь миний зүүн талын хацар чих рүү 3 удаа алгадаад миний чихний хэнгэрэг хагарсан. Дараа нь бусад цэргүүдийг цохиж эхэлсэн. ...2 хоногийн дараа миний чихнээс цус гарахаар нь эрүүл мэндийн зааварлагч Отгонцэцэгт хэлээд тамедины уусмалаар цэвэрлэсэн. Мөн Отгонцэцэг зааварлагч хорхой орсон байж магадгүй гээд ус хийтэл улам хүндэрсэн. Заставаас миний энэ байдлыг нуугаад сүүлд 0306 дугаар ангиас улирлын шалгалтын үеэр анги мэдэж, анги руу татагдан Дорнод аймгийн эмнэлэгт үзүүлээд 4 хоног эмчилгээ хийлгээд хагалгаанд орох шаардлагатай гээд хот явсан. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Төрийн тусгай алба хаагчийн нэгдсэн эмнэлэгт ирж 11 хоног хэвтэн эмчлүүлсэн. Төрийн тусгай алба хаагчийн нэгдсэн эмнэлгийн эмч Сэргэлэн 3 сарын хугацаанд гам барьж байвал эдгэх магадлалтай, бас хагалгаа хийлгэх шаардлагагүй гэж хэлсэн. Би Орбитын 0164 дүгээр ангийн эмнэлэгт хэвтсэн. Дараа нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газарт өргөдөл бичиж өгсөн. ...Надад учирсан баримттай 400,800 төгрөгийн хохирлыг Э.Амартулга гэх хүн барагдуулсан тул гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20, 22/

 

Гэрч А.Батаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байх Түшигбаяр чихнээс булаг гарсан, байлдагч Б.Билгүүнгарам, Ш.Дашдондов нар шүд өвдсөн шалтгаанаар ангийн эмнэлэг рүү явсан. Миний бие ээлжийн амралтаа 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр аваад байж байхад ахлах ахлагч Амартулга нь Түшигбаярыг цохисон гээд гомдол гаргасан байсан. Ингээд л мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

 

Гэрч Э.Азхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр чөлөөний хугацаа дуусаж, застав дээр ирсэн. Тэр үед Түшигбаяр байхгүй, Мэнэнгийн отряд pyy татагдсан байсан. Амартулга надад цэрэг алгадсан талаараа юу ч хэлээгүй бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Мэнэнгийн отрядаас дотоод албаны шалгалтын хүмүүс ирэх үед би Түшигбаярыг Амартулгад алгадуулсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

 

Гэрч О.Одбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр оройн хоолны дараа 20 цагийн орчимд бид нарыг хөл бөмбөг тоглож байх үед тухайн өдрийн жижүүр ахлах ахлагч Амартулга бид нарыг гал тогооны зүүн урд талд дуудахаар нь бид хэд тэнд очиж жагссан. Тухайн үед Амартулга Түшигбаярын зүүн хацарт нь 2 удаа алгадсан. Түшигбаяр над руу налаад ирэхээр нь би түүнийг түшсэн. Амартулга ахлах ахлагч Түшигбаярт хандаад чи цагаасаа өмнө манаанаасаа буугаад ядаж буугаа хүлээлгэж өгдөггүй юм уу гэж түүнийг загнаад бид нарыг тараасан. Түүний маргааш буюу 6 дугаар сарын 27-ны өглөө Түшигбаяр надад өчигдөр миний чихнээс цус гарч хонолоо, зүүн чих шуугиад байна гэж хэлсэн. Тэр үед би Түшигбаярт гайгүй байлгүй дээ гэж хэлээд өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

 

Гэрч Д.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчим манай застав дээр хөл бөмбөгийн тэмцээн болсон ба уг тэмцээн дээр би манаанд гарч байсан. Орой 20 цаг болж цагийн манааны ээлжийн шалган нэвтрүүлэх хаалган дээр солилцох үед манаанаас бууж байсан Түшигбаяр ирээгүй, тэгээд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Амартулга нь Түшигбаяр болон хөл бөмбөг тоглож байсан цэргүүдийг ахлагч нарын байрны зүүн талд дуудаж жагсаасан. Тэгээд Амартулга Түшигбаярт хандаж чи буугаа дураараа сейфэнд хийгээд манаагаа хаяад хөл бөмбөг тоглож болдог юм уу гэж хэлээд түүний зүүн хацарт нь 3 удаа алгадсан. Түшигбаяр тэнцвэр алдаж, арагшаа ухраад унах гэж байхад нь байлдагч Одбаяр түүнийг түшиж авсан…гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/   

 

Гэрч Т.Хэрлэнбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчимд салбарын байлдагч нар хөл бөмбөг тоглож байсан. Улмаар 19 цагт оройн хоолондоо ороод гарч ирээд дахин хөл бөмбөг үргэлжлүүлэн тоглосон. Оройн 20 цагийн үед ахлах байлдагч цагийн манаанаас буугаад /Түшигбаяр/ бид нар дээр ирж хөл бөмбөг тоглосон. Тэгтэл удалгүй заставын жижүүр, жагсаалын дарга, ахлах ахлагч Амартулга бүгдийг нь дуудаж жагсаалын талбай дээр жагсаасан. Тэгээд Түшигбаярыг заставын жижүүрт цагийн манаа хүлээлцэж өгөөгүй, байлдааны бууг зохих журмын дагуу хүлээлгэн өгөөгүй гэх зэрэг шалтгаанаар баруун гараараа Түшигбаярын зүүн нүүрэн тус газарт 3 удаа алгадсан. Ингээд бид хэд тарсан. Орой 21 цагийн үед Түшигбаяр зүүн чихэндээ хөвөн хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

 

Гэрч Г.Дөлгөөнбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ...20 цагийн үед Түшигбаяр цагийн манаанаас бууж ирээд хөл бөмбөг тоглож байтал заставын тухайн үеийн жижүүр Амартулга бид нарыг дуудаад жагсаалын талбай дээр жагсаасан. Би жагсаалын нүүрний эгнээнд зогсож байсан бөгөөд энэ үед Амартулга нь Түшигбаярыг илтгэл өгч бууг зохих журмын дагуу хураалгаагүй гэж хэлээд 3 удаа баруун гараараа Түшигбаярын зүүн хацар хэсэгт алгадсан. Орой нь Түшигбаяр цэргийн байранд байхад чихнээс цус гараад байна гэхээр нь харсан чинь зүүн чихнээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

 

Гэрч Г.Чимэддоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өнгөрч байхад Түшигбаяр цагийн манаанаас буугаад хөл бөмбөгийн талбай дээр ирж бид нартай хөл бөмбөг тоглож байхад жагсаалын дарга ахлах ахлагч Э.Амартулга бид нарыг дуудсан. Бид хэд жагсаалын талбай дээр зогсож байхад Амартулга нь ахлах байлдагч Түшигбаярыг цагийн манаа хүлээлцээгүй буусан, зэвсгээ зохих журмын дагуу хураалгаагүй холбооны өрөөнд орхисон гэж загнаад байж байгаад баруун гараараа 1 удаа алгадаад 1 удаа цохих шиг болсон. Орой нь амрах байранд байхад эмнэлгийн ажилтан Отгонцэцэгт үзүүлж, улмаар чихнээс нь цус гарч байхыг харсан. Тэгээд өөрөө болохоор бид нараас нуугаад агуулахын хаалганд саваад ийм зүйл болсон гэж яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/

 

Гэрч Э.Цэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ангийн харьяа 0260 дугаар салбар буюу 6 дугаар заставд Түшигбаяр гэх цэрэг хугацаат цэргийн алба хаадаг бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр манай төв анги болох Мэнэнгийн отряд дээр ирсэн. Тэр үед ангийн эмч Түшигбаярыг үзээд чих нь гэмтэж, хараад мэдэх боломжгүй, аймгийн төв БОЭТ рүү явуулах хэрэгтэй гэж хэлсэн. Түүний дагуу Түшигбаярыг аймгийн төв рүү явуулж БОЭТ-д үзүүлэхэд гаднын нөлөөтэй хэнгэрэг нь цоорсон байна гэж хэлсэн. Түүний дагуу ангиас гэмтсэн шалтгаан гаднын нөлөөг тогтоох зорилгоор дотоод албаны шалгалт явуулсан. Шалгалтаар ахлах байлдагч М.Түшигбаярыг ахлах ахлагч Э.Амартулга цохиж гэмтээсэн болохыг нэр бүхий 8 цэргийн алба хаагч гэрчилсэн. Гэвч ахлах ахлагч Э.Амартулга нь Түшигбаярыг цохисон болохоо хүлээхгүй, цэргүүдэд гүтгүүлж байна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54/

 

Шүүгдэгч Э.Амартулгын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдөр заставын жижүүрийн үүргийг 24 цагийн хугацаанд гүйцэтгэж байсан. Харин тэр үед ахлах байлдагч М.Түшигбаяр нь 20 цагт буух ёстой ээлжнээс түрүүлж буугаад хөлбөмбөг тоглож байсан ба үүрэг гүйцэтгэх хугацаандаа үүрч байсан АКМ маркийн бууг холбооны өрөөнд оруулан буйдан түшүүлээд тавьсан байсан бөгөөд би тухайн бууг өөрийн биеэр зэвсгийн өрөөнд хийсэн. Дүрмээрээ бол ахлах байлдагч М.Түшигбаярын ээлжийг дараагийн байлдагчид халалцуулж улмаар Түшигбаярын бууг хурааж зэвсгийн өрөөнд хийн дараагийн ажилд нь шилжүүлдэг…” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 414 тоот дүгнэлтэд:

1. М.Түшигбаярын биед зүүн чихний хэнгэрэг хальсны урагдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 60-61/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15/

- Гэрч Л.Отгонцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 27-28/

- Шүүгдэгч Э.Амартулгын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 70-72, 75/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/

- Албаны шалгалт явуулсан дүнгийн илтгэх хуудас /хх-ийн 76-77, 92-93/

- Хилийн 0306 дугаар ангийн захирагчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/193 дугаар тушаал /хх-ийн 78/

- Эрүүл мэндийн зааварлагчийн хөтлөгдөх баримт бичиг /хх-ийн 79-91/

- Хилийн цэргийн 0260 дугаар салбарын бие бүрэлдэхүүнд ХХЕГ-ын даргын А/22 дугаар тушаалыг танилцуулж авсан баталгаа /хх-ийн 94-97/

- Албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 108-113/

- Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмүүдийг батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг /хх-ийн 114-115/

- Хил хамгаалах Ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/22 дугаар тушаал /хх-ийн 116/

- Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 118-119/

- Шүүгдэгч Э.Амартулга, хохирогч М.Түшигбаяр нарын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 126-127/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э.Амартулгад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Э.Амартулга нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багт байрлах Хилийн цэргийн 0306 дугаар ангийн харьяа Хилийн цэргийн 0260 дугаар салбарт хугацаат цэргийн алба хаагч, ахлах байлдагч М.Түшигбаяртай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, хүч хэрэглэж зодсон, дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч М.Түшигбаярын зүүн чихэн тус газарт алгадан түүний биед зүүн чихний хэнгэрэг хальсны урагдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Амартулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч М.Түшигбаяр, гэрч А.Батаа, Э.Азхүү, О.Одбаяр, Э.Цэнд, Д.Амарбаясгалан, Т.Хэрлэнбаатар, Г.Дөлгөөнбаатар, Г.Чимэддорж нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 414 тоот “...М.Түшигбаярын биед зүүн чихний хэнгэрэг хальсны урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Амартулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Амартулга нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч Энхбатын Амартулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан Тайж овогт Энхбатын Амартулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Түшигбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Амартулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Тайж овогт Энхбатын Амартулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 

 

             2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Энхбатын Амартулгад хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Э.Амартулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Амартулга нь тэнссэн 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амартулга нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Амартулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

         

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА