Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/311

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч С.Үнэнчимэг, Д.Анхсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овогт Сүхээгийн Үнэнчимэг, Хатагин овогт Доржийн Анхсүрэн нарт холбогдох эрүүгийн 2221000750336 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Ган октаэдрь” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр баг Хөх нуур гэх газарт оршин суух хаягтай, одоо Хэрлэн сумын 3-р баг 41-03 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хотгойд овогт Сүхээгийн Үнэнчимэг. /РД: ЖМ92012509/

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ган октаэдрь” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр баг Хөх нуур гэх газарт оршин суух хаягтай, одоо Хэрлэн сумын 3-р баг 41-03 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хатагин овогт Доржийн Анхсүрэн. /РД: ЖЖ92081412/

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Үнэнчимэг, Д.Анхсүрэн нар нь бүлэглэн Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багийн нутаг “Хавтгай” гэх газарт А.Төвшинтөгсийн малчнаар ажиллах хугацаандаа буюу 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 15 тооны хонийг бусдад зарж борлуулах, бэлэглэх, болон өөрсдөө хоол хүнсэндээ хэрэглэх зэргээр завшиж 2,974,995 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Үнэнчимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүгдэгч Д.Анхсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч А.Төвшинтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 46 тооны хонь дутсан талаар Цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэлд гаргаж шалгуулсан. Цагдаагийн байгууллага шалгах явцад 2022 оны 05 дугаар сарын дундуур олдохгүй байсан 46 тооны хонины 31 тооны хонийг айлын гаднаас олсон. ...Анхсүрэн, Үнэнчимэг нарт малаа хөлсөөр харуулж байхдаа имнэж зааж өгсөн 15 тооны хонь байсан бөгөөд тухайн үед албан ёсоор өгөөгүй байсан. Анхсүрэн, Үнэнчимэг нар миний эзэмшлийн малыг захиран зарцуулах эрхгүй. Голдуу хар халзан, ухаа толгой баруун чих араасаа бахь, зарим нь хоёр чих тасархай бүгд 4 настай эр хонинууд байсан. Би тус бүрийг нь 200,000 төгрөгөөр үнэлж байна. Малаа хөлсөөр харуулж байхдаа сайн ажиллаад байвал өгнө гэж зааж өгч байсан. Албан ёсоор Үнэнчимэг, Анхсүрэн нарын эзэмшлийнх болоогүй байсан 15 тооны хонийг тэдний зарж үрэгдүүлсэн 15 хонины оронд суутгаж авсан...” гэх мэдүүлэг /xx-ийн 26/

 

Гэрч Б.Ангуухайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сард байх Үнэнчимэг надтай Facebook-ээр холбогдож мөнгө зээлүүлэх хүн байна уу,  би удахгүй өгнө гэхээр нь Батцэцэг эгчтэй уулзуулсан. Батцэцэг эгч, Үнэнчимэг хоёр юм ярьж сууж байхдаа хонь мал ярьж Батцэцэг эгчээс мөнгө зээлсэн, уг зээлсэн мөнгөө Үнэнчимэг миний ХААН банкны дансанд хийлгүүлсэн. Үнэнчимэгт Батцэцэг эгчийн шилжүүлсэн 700,000 төгрөгийг банкнаас авч өгсөн. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Батцэцэг эгчийн хамт Үнэнчимэгийн нөхөр Анхсүрэнгийн зарсан 1 хонийг очиж авахаар хөдөө гэрт нь очсон. Тэгсэн 1 тооны улаан хүрэн ямаа мөнгө төгрөг авалгүй Үнэнчимэг надад өгсөн. Батцэцэг эгч Анхсүрэнгээс авах ёстой 1 хонио авсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үед Үнэнчимэг идэш хийж байна ирж мах, сүү ав гэхээр нь Алтангадас эгч, Эрка ах бид 3 хамт очсон. ...маргааш өдөр нь  Үнэнчимэг гэрийнхээ урд талын  хашаанаас 1  хонь аваад сумын төв явсан боловч малын өвчин гарсан болохоор хонийг нь хүн аваагүй. Үнэнчимэг, Анхсүрэн нараас 2 хонины нэгийг 130,000 төгрөгөөр авсан бөгөөд уг мөнгийг манай хүү данснаасаа миний данс руу шилжүүлж би дэлгүүрээс 130,000 төгрөгт тааруулж хоол хүнс, шил архи, тамхи авсан. 1 тооны хонийг ирж очсон бензин, шатахууны зарцуулалтад өгч байна гэж хэлээд өгсөн. Нийт 2 тооны хонь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/

Гэрч Г.Алтансувдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Үнэнчимэг над руу залгаж Хэрлэн сумын 1 дүгээр баг Силикат гудамжинд байдаг Сод дэлгүүрийн гадаа байна ирээд авчих гэхээр нь такси хөлсөлж очиход Үнэнчимэгээс гадна 2 эмэгтэй байсан. Тэгээд Үнэнчимэг чи мөнгөтэй байгаа бол манай 2 найзад том пиво аваад өгчих гэхээр нь дэлгүүрээс би том пиво авч өгсөн. Үнэнчимэгийн 2 найзыг үлдээж Үнэнчимэгийг авч явж 2 дугаар багт айлд очиж 2,5 литрийн 2 пиво ууж дуусаад байж байхад Үнэнчимэг найзыгаа хөдөө гэр рүү хүргээд өгчих, ирээд 7, 8 хонож байна хөлсөнд нь 1 хонь, жолоочид 1 хонь өгнө гэхээр нь Хэрлэн сумын үйлчилгээний төвийн хойд талын таксины зогсоолоос такси авч тохиролцоод Үнэнчимэгийн гэр рүү явсан. 16 цагт хөдөө гэрт нь очсон. Тэгээд Үнэнчимэг авч явсан 0,5 литрийн 1 шил архийг хамтран амьдрагч Анхсүрэнтэй хувааж ууж дуусаад жолооч ахыг та хашаанд байгаа хониноос барьчих гэхэд Анхсүрэн чи хөлсөөр харж байгаа хүний эзэмшлийн хониноос дур мэдэн өгдөг гэж юу байдаг юм. Чиний мэдлийн хонь байхгүй, төлөг байгаа тэрийгээ өг гэхэд жолооч ах тэр холоос гуйж хүргүүлчхээд төлөг авахгүй гэж уурласан. Үнэнчимэг нас гүйцсэн хонь аваад яв гэхэд хашаатай хониноос жолооч нас гүйцсэн 3 тооны хонь барьж тээврийн хэрэгслийн багаажинд хийж аймгийн төв рүү авч явсан. Жолооч таксины хөлсөнд болон машин нь эвдэрсэнд 2 тооны хонь авсан. Би Үнэнчимэгээс авах байсан 120,000 төгрөгийнхөө өрөнд 1 хонь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/

 

Гэрч Н.Сүхээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын дундуур мотоциклтой очиход охин С.Үнэнчимэг 3 тооны хонь өгсөн. Тухайн үед охины хамт хонийг ажиллаад махыг нь авч явсан. Мөн 2021 оны 10 дугаар сарын сүүлээр охины гэрт очиход охин Үнэнчимэг 3 тооны хонь ажиллаад махыг нь надад өгсөн. Миний мэдлийн хэдэн тооны хонь байгаа, охинд ойр зуурын хувцас, хичээлийн хэрэгсэл авахад нь нэмэрлээрэй гэж өгсөн. Манай охинд малын А данс байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/

 

Гэрч Г.Алтангадасын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Үнэнчимэгээс хонь авч байгаагүй.  Харин манай дүү Ангуухай, Эрка бид гурвыг Үнэнчимэг утсаар хөдөө гэртээ дуудаад байхаар нь 2021 оны 11 дүгээр сард гэрт нь очсон. Тэгээд Үнэнчимэг, Ангуухай, Эрдэнэбат бид 4 сумын төв рүү 1 тооны амьд хонь авч явсан боловч малын өвчин гарсантай холбогдуулан уг хонийг хүн авахгүй болохоор нь манай дүү Ангуухай хүүхдийнхээ данснаас өөрийнхөө данс руу 130,000 төгрөг шилжүүлж уг хонийг Үнэнчимэгээс худалдаж авсан. Мөн 1 тооны хонийг зардлаа дарaapaй гэж Үнэнчимэг манай дүүд өгсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/

 

Гэрч П.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үнэнчимэг гэх хүний хамаатан Ангуухайг би таньдаг. Би Ангуухайд өмнө нь мал зарах хүн байвал мэдэж байгаарай гэж захиж байсан. Тэгсэн 2021 оны 08 дугаар сард Ангуухай утсаар залгаж эгчээ та хүрээд ир, манай хамаатны хүн мал дээр байдаг юм, мөнгөний хэрэгтэй байна, мөнгө зээлүүлэх хүн байна уу гэж асуугаад байна, та ирээд уулзчих гэхээр нь уулзсан.  Үнэнчимэгээс ямар хонь байгаа юм бэ гэхэд би хүний малыг хөлсөөр хардаг одоохондоо өөрийн гэсэн мал байхгүй. Манай малын эзэн 20-иод тооны төлөг зааж өгсөн. Өөрийн гэсэн малтай болохоороо хонь, эсвэл мөнгийг нь өгье гэхээр нь 700,000 төгрөг Ангуухай гэх хүний данс руу шилжүүлж Үнэнчимэгт өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр Үнэнчимэг надтай уулзаад эгчээ малын эзэн зааж өгсөн хонио өгөхгүй байна, би танаас авсан мөнгөө 10, 11 дүгээр сард 2 хувааж өгье гэсэн. Тэгээд Үнэнчимэг 2021 оны 10, 11 дүгээр сард зээлсэн мөнгөө барагдуулж дууссан. Харин Үнэнчимэгийн хамтран амьдрагч Анхсүрэнгийн авсан 100,000 төгрөгийн оронд 1 хонь хөдөө гэрт нь очиж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89/

 

Шүүгдэгч С.Үнэнчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 10 дугаар сард Төвшинтөгс надтай тааралдаад нөхөртэйгөө манай хонийг хараад өгөөч би сар бүр цалин өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр Анхсүрэнтэй ярилцаад Төвшинтөгсийн малыг харахаар болоод сумын төвөөс хойш 10 км зайд гэрт нь очсон. Ингээд анх хонь харна гэж тохиролцсон боловч очоод бүгдийг нь харахаар болоод сард 500,000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон. Тэгээд хэсэг хугацаанд малаа харж байгаад мөнгөний хэрэг болоод Төвшинтөгсөд хэлэхгүйгээр 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын хүртэл бусдад бэлэглэх, хоол ундандаа хэрэглэх, машины бензин тос, зарж борлуулах гэх зэргээр нийт 15 хонийг нь ашигласан. Ингээд Төвшинтөгс дараа нь хонь дутсаныг мэдээд сумын цагдаад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115/

 

Шүүгдэгч Д.Анхсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 10 дугаар сард шиг санагдаж байна, манай эхнэр гаднаас гэртээ орж ирэхдээ Төвшинтөгс мал хараад өгөөч гэж гуйгаад байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хоёулаа харахаар болоод сумын төвөөс хойд зүгт 10 км байрлах Төвшинтөгсийн гэрт очоод адуу, үхэр, хонь гэх мэт малыг тоолж хүлээж авсан. Тэгээд малаа маллаж байгаад мөнгөний хэрэг болохоор нь эхнэр Үнэнчимэгийн хамт Төвшинтөгсөд хэлэхгүйгээр нийт 15 тооны хонийг зарж борлуулж, хүнд өгч ашигласан. Тэгээд Төвшинтөгс мэдээд сумын цагдаад хандсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15/

- Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 92-99/

- Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн  тооллого  /хх-ийн 121-122/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123-124/

- С.Үнэнчимэгийн ХААН банкны  дансны хуулга /хх-ийн 127-135/

- С.Үнэнчимэг, Д.Анхсүрэн нарын хувийн байдлын талаарх  баримтууд /хх-ийн 136-140/

- Шүүгдэгч С.Үнэнчимэг, Д.Анхсүрэн нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 149-160/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч С.Үнэнчимэг, Д.Анхсүрэн нар нь бүрэн дунд боловсролтой бөгөөд “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрсдийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч С.Үнэнчимэг, Д.Анхсүрэн нарт  холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч С.Үнэнчимэг, Д.Анхсүрэн нар нь бүлэглэн Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багийн нутаг “Хавтгай” гэх газарт А.Төвшинтөгсийн малчнаар ажиллах хугацаандаа буюу 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 15 тооны хонийг бусдад зарж борлуулах, бэлэглэх, болон өөрсдөө хэрэглэх зэргээр завшиж 2,974,995 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Үнэнчимэг, Д.Анхсүрэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Төвшинтөгс, гэрч Б.Ангуухай, Г.Алтансувд, Н.Сүхээ, Г.Алтангадас, П.Батцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, С.Үнэнчимэгийн ХААН банкны дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Үнэнчимэг, Д.Анхсүрэн нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Хотгойд овогт Сүхээгийн Үнэнчимэг, Хатагин овогт Доржийн Анхсүрэн нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч С.Үнэнчимэг, Д.Анхсүрэн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгч С.Үнэнчимэг, Д.Анхсүрэн нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс Хотгойд овогт Сүхээгийн Үнэнчимэг, Хатагин овогт Доржийн Анхсүрэн нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Төвшинтөгсөд 2,974,995 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч А.Төвшинтөгс нь “...15 тооны хонийг Үнэнчимэгийн зарж үрэгдүүлсэн 15 хонины оронд суутгаж авсан. Надад гаргах гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Хотгойд овогт Сүхээгийн Үнэнчимэг,  Хатагин овогт Доржийн Анхсүрэн нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сүхээгийн Үнэнчимэг, Доржийн Анхсүрэн нарыг тус бүр  6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үнэнчимэг, Д.Анхсүрэн нарыг 6 /зургаа/ сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч нарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үнэнчимэг, Д.Анхсүрэн нар нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, шүүгдэгч нарт хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Үнэнчимэг, Д.Анхсүрэн нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.        

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА