| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2022/0311/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/310 |
| Огноо | 2022-10-04 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дөчинжилийн Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2121002190335 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 86-00 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Боржигон овогт Дөчинжилийн Мөнх-Эрдэнэ. /РД: ЛЙ93111811/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Дөчинжилийн Мөнх-Эрдэнэ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат хорооллын 11 дүгээр гудамжинд иргэн М.Отгончимэгийн Samsung А10 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй...” гэв.
Хохирогч М.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 17-ны орой 18 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарч дэлгүүр рүү нэгж худалдан авахаар очоод утасныхаа дугаарыг мэдэхгүй байсан учир буцаж гэр рүүгээ алхаж явахад авто засварын урд явж байсан хоёр эрэгтэй, нэг эмэгтэй 3 хүн архи уусан байдалтай 1 шил архи бариад алхаж явж байгаад надтай таарсан. Тэгээд эмэгтэй нь надаас чи хаашаа явж байгаа юм бэ гэж асуухаар нь би дэлгүүр ороод гэр рүүгээ харьж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь тухайн гурван хүн надад хандан бид гурав жаахан уусан юм аа, чи бид гуравтай цуг юм ярьж суух уу гэж асуухаар нь би үгүй, та нартай явахгүй гэж хэлэхэд намайг хамт явчих гээд байхаар нь би дээрх гурван хүнтэй цуг хойшоо алхаж, манай гэрийн ард талд очиж суусан. Тэгээд тэр хэд надад чи жаахан байж байгаад гэрийнхээ араас орчих гэж хэлээд нэг шил архиа хувааж ууж дуусгаад /би тухайн үед архи уугаагүй гэх/ нэг залуу нь надад хандаж чи надад утсаа өгчих, би дэлгүүрт нэг шил архинд барьцаанд тавиад маргааш аваад өгье гэж хэлэхээр нь би үгүй утсаа өгөхгүй гэж хэлээд халаасандаа хийгээд алхаж байтал миний халааснаас samsung А10 маркийн хар өнгийн гар утсыг аваад зугтаасан. Намайг тухайн гурван хүний нэг эрэгтэй нь дээрэмдсэн. ...Би гар утсаа буцаагаад авчихсан болохоор надад нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
Гэрч Ш.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ...гэрийн урд талын дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн Их монгол нэртэй архи авч Мөнхсүхийн ойролцоо хашааны үүдэнд бид 3 хувааж уугаад Зангиатын өргөн гудамжинд байх мотоциклын засвар руу очиж Мөнхсүх, Мөнх-Эрдэнэ нар орж уулзсан. Тэгээд Мөнхсүх, Мөнх-Эрдэнэ бид 3 зүүн зүгт алхаж хорооллын гудамжинд очиж /ямар дэлгүүр байсныг мэдэхгүй байна гэх/ дэлгүүрээс 0,75 литрийн Их монгол нэртэй архи авч явахад бороо орж байсан ба дэлгүүрийн үүдэнд нэг эмэгтэй зогсож байхаар нь очиж танилцахад Оогий гэж байсан. Тэгээд Оогийтой юм яриад сууж байхад найз нь хэд хоног наадмаар найзуудтайгаа уусан юм аа гэж хэлэхээр нь 2 давхар модон дэлгүүр рүү орж Оогийд 1 хундага архи уулгахад Мөнх-Эрдэнэ, Оогий 2 хойшоо цуг явсан. Тэгээд Мөнхсүх бид 2 араас нь очих гээд явсан боловч олоогүй ба удалгүй дэрсний цаанаас Мөнх-Эрдэнэ, Оогий 2 гарч ирсэн. Тэгээд Мөнх-Эрдэнэ хажуугаар зугтаарай гэж хэлээд гүйхээр нь яасан бэ яагаад гүйгээд байгаа юм гэж асуухад Мөнх-Эрдэнэ найз нь ийм утас авсан гэж хэлээд хар өнгийн утас харуулсан ба Оогий араас нь гүйж байхаар нь Мөнх-Эрдэнийг дагаад Мөнхсүх бид 2 гүйж 0132 дугаар ангийн ард очиж уулзахад Мөнх-Эрдэнэ хар өнгийн андройд гар утсыг өврөөсөө гаргаж ирээд энэ утсыг заръя гэж хэлэхэд Мөнхсүх дүүтэйгээ утсаар яриад гар утас авах уу гэж асуусан. Удалгүй дүү нь гэх эрэгтэй, эмэгтэй 2 ирэхэд гар утсыг 50,000 төгрөгөөр зарсан. Мөнх-Эрдэнэ нь өөрөө Мөнхсүх бид хоёрт Оогийгоос утсыг нь булаасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/
Гэрч У.Мөнхжавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн орчим Мөнхсүх 88720752 дугаарын утаснаас миний 99581104 дугаар руу залгаад утас худалдаж авах уу, надад нэг утас байна гэж хэлэхээр нь би ямар нэртэй, хэнээс авсан утас юм бэ гэж асуухад Мөнхсүх нэрийг нь сайн мэдэхгүй байна, цэвэрхэн утас байна, чи Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хойд талд хүрээд ир гэж хэлэхээр нь би өөрийнхөө машинтай очиход Мөнхсүх, Мөнх-Эрдэнэ үл таних 1 эмэгтэйн хамт байсан ба утсыг харахад хар өнгийн андройд гар утас байсан ба цоожийг нь эмэгтэй нь гаргаж өгч байсан. Тэгээд хэдэн төгрөгөнд зарах талаар нь асуухад 50,000 төгрөгөнд зарна гэж хэлэхээр нь бэлэн 50,000 төгрөг өгөөд гар утсыг худалдаж аваад явсан. Тухайн үед Мөнхсүх, Мөнх-Эрдэнэ, үл таних эмэгтэй 3 архи уусан байдалтай согтуу байсан. ...Гар утас худалдаж авсан мөнгөө 2022 оны 04 дүгээр сарын дундуур бэлэн мөнгөөр нь Мөнхсүх ахаас авсан. ...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/
Гэрч Э.Мөнхсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын дундуур гэртээ эхнэр Отгонжаргалын хамт байхад Мөнх-Эрдэнэ манай гэрт ирээд бид гурав гэрээс гарч гэрийн урд талын дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи худалдан авч Хилийн цэргийн 0132 дугаар ангийн урд талд очиж уусан. Тэгээд ...Зангиатын өргөн гудамжинд нэг хүүхэнтэй таарсан. Тэр хүүхэнтэй Мөнх-Эрдэнэ танилцаж бид хэд “Азудай” гэх дэлгүүрийн сүүдрэвчинд 1 шил архи хувааж уугаад Мөнх-Эрдэнэ дээрх эмэгтэйг гэрт нь хүргэж өгөх гээд хойшоо алхаж бид 2 араас нь явж байхад Мөнх-Эрдэнэ нөгөө хүүхэнтэй алга болчихсон. Бид 2 тэднийг хайгаад явж байхад Мөнх-Эрдэнэ дэрсний цаанаас гүйж гарч ирээд баруун зүгт гүйхээр нь яасан бэ гэхэд араас гүй гэж хэлэхээр нь Отгонжаргал бид 2 араас нь гүйж очоод юу болсон талаар асуухад Мөнх-Эрдэнэ би нөгөө хүүхний утсыг булаачихлаа, чи энэ утсыг зараад өгчих, архи авч ууя гэж хэлэхээр нь би дээрх утсыг хамаатны дүүгээ дуудаж зарсан. Тэгээд Хан-Уулын дэлгүүрээс 1 шил архи, 1 том пиво аваад манай гэрт очиж Отгонжаргал бид 3 хувааж уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/
Гэрч Г.Хонгоржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манай охин Отгончимэг нь 17 цагийн орчим шиг санагдаж байна гар утсандаа нэгж хийнэ гэж гэрээсээ гарсан. Тэгээд хэсэг байж байгаад гэртээ орж ирсэн. Би тухайн өдөр яг юу болсон талаар мэдээгүй. Маргааш өглөө нь надад гудамжинд явж байгаад гар утсаа булаалгасан. Тэгээд би гудамжинд явж байсан танихгүй эгчийн утаснаас цагдаад мэдэгдэхэд хүрээд ир гэхээр нь очилгүй одоо явах гэж байна гэж надад хэлээд аав Мягмарсүрэнгийн хамт цагдаа руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
Гэрч Н.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манай бага охин Отгончимэг нь гэртээ байж байгаад дэлгүүр рүү гар утсандаа нэгж авна гээд гарч явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа орж ирэхдээ гар утсаа булаалгачихлаа, цагдаа руу гудамжинд явж байсан танихгүй эгчийн утсаар ярьж хэлсэн. Хүрээд ир гэж хэлсэн гээд орж ирсэн. Тэгэхээр нь би цагдаа руу явъя гэхэд маргааш очъё гээд унтаад өгсөн. Маргааш нь охин Отгончимэгтэй цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгсөн. Зодуулж цохиулсан шинж огт байгаагүй. 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн гудамжинд таараад гар утсаа өгч бай гэхээр нь үгүй гээд халаасандаа хийсэн байхад нь халааснаас нь гар утсыг нь аваад зугтаасан гэж надад хэлсэн. Чухам яг хэн нь хэдүүлээ гар утас авсан талаар надад хэлээгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр найз Мөнхсүхтэй утсаар яриад 5 дугаар хороонд байрлах хилийн 0132 дугаар ангийн хашааны орчим 1 шил 0,75 граммтай Хараа архи ууж байгаад дуусгалгүй зангиат руу авч яваад нэрийг нь санахгүй байна дэлгүүрийн гадаа очоод үргэлжлүүлээд ууж байтал нэг согтуу юм шиг царайтай 20-30 орчим настай эмэгтэй дэлгүүр рүү орох гэж байхаар нь цуг архи уух уу гэж асуусан. Тэгсэн чинь нөгөө охин зөвшөөрөөд хамт ууцгаагаад архи ууж дуусгаад би охиныг гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Тэгээд Зангиат хорооллын өргөн гудмаар явж байгаад халаасанд нь гар утас харагдахаар нь утсыг нь аваад зугтаасан. Намайг утсыг нь авах үед нөгөө охин утас өгөөч гээд ард үлдсэн. Ингээд Мөнхсүхтэй уулзаад утсыг нь 0132 дугаар ангийн орчим эмэгтэй хүнд 50,000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи авч уугаад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 28-31/
- Гэрч Д.Эрдэнэзулын мэдүүлэг /хх-ийн 44/
- Гэрч Г.Хонгоржавын мэдүүлэг /хх-ийн 47-48/
- Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 399 тоот дүгнэлт /хх-ийн 54-55/
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-57/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 58-59/
- Дорнод аймгийн Хэрлэн сумын үнэлгээний комиссын үнэлгээ /хх-ийн 60/
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 31 тоот дүгнэлт /хх-ийн 66/
- Цагдаагийн Ерөнхий газрын асап сангийн лавлагаа /хх-ийн 68-80/
- Илтгэх хуудас /хх-ийн 81-83/
- Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 92-99/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113/
- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 114-120/
- Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэний Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 128/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат хорооллын 11 дүгээр гудамжинд хохирогч М.Отгончимэгийн Samsung А10 маркийн гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч М.Отгончимэг, гэрч Ш.Отгонжаргал, У.Мөнхжавхлан, Э.Мөнхсүх нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч прокурорын саналд гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан Боржигон овогт Дөчинжилийн Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Отгончимэгийн эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гар утсаа буцааж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Дөчинжилийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дөчинжилийн Мөнх-Эрдэнийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг 6 /зургаа/ сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА