Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0455/З |
Дугаар | 221/МА2024/0595 |
Огноо | 2024-09-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2024/0595
“Т н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б
Нэхэмжлэгч: “Т н” ХХК
Хариуцагч: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо
Нэхэмжлэлийн шаардлага: “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/188 тоот “Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай” шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 593 дүгээр шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ш.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0455/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 593 дугаар шийдвэрээр:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.5, 10.1.12 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч "Т н" ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/188 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
2.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүй, хэргийн оролцогчдын мэтгэлцэх зарчмыг хангаагүй төдийгүй хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоолгүй хэт нэг талыг барьж, "Т н" ХХК-ийн хариуцаж байсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103, 103/1 байр, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48, 50 дугаар байр, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байр, 40 дүгээр хорооны 11а байрны нийт 674 айл өрх, 3 аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр усаар хангагдах, хэрэглээнээс гарсан бохир усаа татан зайлуулуулах хууль ёсны эрх ашгийг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0593 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараахь байдлаар хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч "Т н" ХХК-аас “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/188 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд холбогдуулан гаргасан.
3. Маргаан бүхий Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/188 дугаартай албан бичгээр Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 22 дугаар зүйлийн 22.2-д заасныг үндэслэн “...Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103, 10/1 байр, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48, 50 дугаар байр, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байр, 40 дүгээр хорооны 11а байрны хэрэглэгчдийг танай компанийн үйлчлэх хүрээнээс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хасаж “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын үйлчлэх хүрээнд нэмж бүртгэлийг хийх”-ээр шийдвэрлэжээ.
3.1. Нэхэмжлэгчээс “...Захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй, ...захиалагч компаниуд болон харьяалах СӨХ-оос ирүүлсэн албан бичиг, хүсэлтүүдийг үндэслэж гэсэн хэр нь тухайн байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийг бидэнд танилцуулаагүй, манай компани ямар зөрчил гаргасан, ямар хууль, дүрэм зөрчсөн болох нь тодорхойгүй, манай компанийн хэрэглэгчдийг шилжүүлэх ямар зөрчлийг манай компани гаргасан болохыг тогтоогоогүй байж манай хэрэглэгчдийг шилжүүлж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, ...маргаан бүхий актаа тогтоол хэлбэрээр гаргаагүй боловч уг маргаан бүхий шийдвэрээр манай хэрэглэгчдийг шилжүүлж, манайхыг хэрэглэгчгүй болгож, цаашид үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болгож байна” гэж, хариуцагчаас “...Зохицуулах хороо хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хэрэглэгчдээс ирсэн гомдлыг газар дээр нь очиж шалгаж “Т н” ХХК-д холбогдох үүрэг даалгавруудыг тогтмол өгч ирсэн, СӨХ-уудаас удаа дараа гомдол ирсэн, ...усны үйлчилгээний төлбөрөө төлөлгүй 2023 оны эхний улирлын байдлаар 107.3 сая төгрөгийн өр төлбөрийг үүсгэчихээд төлбөрөө төлөөгүй... зэрэг хүсэлтүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр нийтийн эрх ашиг буюу 674 айл өрх, 3 аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, ...байрнуудын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т шилжүүлэн бүртгэсэн” гэж тус тус тайлбарлан маргасан.
4. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13-т “Зохицуулах хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудлыг хорооны хурлаар хэлэлцэх бөгөөд Зохицуулах хорооны хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна”, 9.14-т “Зохицуулах хорооны шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө” 10 дугаар зүйлийн 10.1-д “Зохицуулах хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 10.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх; 22 дугаар зүйлийн 22.2-т “Энэ хуулийн 22.1-д зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.
4.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо нь өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудлыг хорооны хурлаараа хэлэлцэж, тус шийдвэрлэсэн асуудлаараа тогтоол гаргах бөгөөд тус тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгч дагаж мөрдөхөөр заасан байна.
4.2. Маргаан бүхий Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/188 тоот “Орон сууцны ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг шилжүүлэх тухай” шийдвэрийг гаргахдаа хорооны хурлаараа хэлэлцээгүй, мөн дээрх албан бичгээс өөрөөр тухайн асуудлыг шийдвэрлэсэн аливаа шийдвэр /тогтоол/ гараагүй, болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул энэ талаар анхан шатны шүүхээс “...өөрт олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлж шийдвэр гаргахдаа зайлшгүй хорооны хурлыг хийж асуудлыг хэлэлцэх, улмаар хорооны хурлаас олонхын саналаар дэмжигдсэн асуудлаар тогтоол гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ бүрэн дүүрэн зохих ёсоор хэрэгжүүлж гаргасан тогтоол буюу шийдвэрийг хуульд нийцсэн хэлбэрээр гарсан шийдвэр гэж үзнэ, ...шийдвэр нь тогтоол хэлбэрээр бус харин албан бичгээр гарсан, ...хорооны хурлаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй үндэслэлүүд болох Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг хангахад чиглэнэ” гэж үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.
4.3. Учир нь захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн тухайд шүүхээс тухайн нэхэмжлэлийн үндэслэлт байдлыг шалгах бөгөөд захиргааны актыг гаргасан этгээд эрх бүхий захиргааны байгууллага мөн эсэх, захиргааны акт гаргах ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх, уг ажиллагаанд оролцох ёстой этгээдийн оролцоог хангасан эсэх, захиргааны акт хуульд заасан хэлбэрээр гарсан эсэхийг бүрэн шалгасны үндсэн дээр тухайн захиргааны актыг гаргах болсон хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх учиртай тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхээс нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ.” 91 дүгээр зүйлийн 91.2-т “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно”, 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж тус тус заасан.
5.1.Анхан шатны шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг товлон зарлаж, мөн өдрөө тус захиргааны хэргийн шүүх хуралдаан 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 30 минутад товлогдсон талаар хэргийн оролцогч нарт мэдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт №10 “шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Д.Ч нараас тус өдөр товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх аливаа хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирцтэй холбоотой санал “байхгүй” гэсэн болох нь тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байгаа энэ тохиолдолд хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Түүнчлэн анхан шатны шүүхээс дээр дурдсанаар холбогдох хуульд нийцсэн тогтоол хэлбэрээр гараагүй шийдвэр гэж үзэж маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүйг буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас “Т н” ХХК-тай холбоотой маргаан бүхий актад дурдсан асуудлыг хуульд нийцсэн хэлбэрээр дахин шийдвэрлэхэд анхан шатны шүүхийн шийдвэр болон энэхүү шүүхийн магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН