Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Г.Мөнхбаяр,

хохирогч П.Эрдэмбилэг,

шүүгдэгч А.Өнөболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж,

иргэдийн төлөөлөгч А.Оюун,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еншүб овогт Амарсанаагийн Өнөболдод холбогдох эрүүгийн 201626030982 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто оношлогооны мэргэжилтэн, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 21-р гудамж, 775 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Еншүб овогт Амарсанаагийн Өнөболд /РД:ДБ91111615/,

 

   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

   Шүүгдэгч А.Өнөболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүрийн 12 дугаар хорооны нутаг давсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парадайс нэртэй амралтын газарт 2016 оны 07 дугаар сарын 3 ны шөнө 22.00 цагийн үед өөрийн найз П.Эрдэмбилэгийг миний ай фоне 5 маркийн утсыг барьцаанд тавьж архи авсан гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн архины хоосон шилийг зэвсгийн чанартай ашиглан хүч хэрэглэж, иргэн П.Эрдэмбилэгийн толгой тус газар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч А.Өнөболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

...Мөрдөн байцаалтын шатанд болсон хэргийн талаар үнэн зөвөөр ярьж мэдүүлсэн учир нэмж ярих зүйл байхгүй байна. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. Амралтанд очсон эхний өдөр гар утас барьцаанд тавиагүй. Маргааш нь миний хоёр утсыг тавьсан байсан. Миний утсыг өндөр үнээр барьцаанд тавьснаас болж миний уур хүрээд эхэлсэн.

Хохирогч надад хэдэн төгрөгийн өртэй байсныг авахгүйгээр тохирч, дээр нь эмчилгээний зардал төлбөрт 200.000 төгрөг, нийт 400.000 төгрөг төлөгдсөн. Тухайн хэрг гарах үед хэн, хэн нь согтуу байсан. Эрдэмбилэг бид 2 бид хоёр 2006 оноос хойш найзалсан. Ууж идэх, наргих асуудал байдаг байсан. Эрдэмбилэг миний утсыг 90.000 төгрөгөөр барьцаанд тавьсан гэхээр нь бухимдаж уурласан. Зодоон амралтын газрын гэрт 00:00-01:00 цагийн үед болсон санагдаж байна. Цаг хугацааг нь нарийн санахгүй байна. Би хохирогчоос уучлалт гуйсан, маш их гэмшиж харамсаж байна. Хэрэг гарах үед тэнд Г.Золзаяа, П.Эрдэмбилэг, Ж.Ариунбат, А.Болорсүх нар байсан... гэсэн мэдүүлэг,  

 

2. Хохирогч П.Эрдэмбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

...Би хэсэг найз нарын хамт салхинд гарч амрахаар 2016 оны 07 сарын 02-ны өдөр Хан-уул дүүргийн Био-гийн тэнд байх Парадайс амралтын газарт очсон. Тэгээд тэндээ нэг хоноод маргааш нь дахин сунгахаар болсон юм. 2016 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 11:00 цагийн үед би орон дээр хэвтэж байхад Өнөболд миний нүүр рүү өвдгөөрөө өвдөглөж цохиод авсан. Тэгэхэд би босч ирээд заамдалцаад, бид хоёр нэг нэгнийгээ цохисон.

Энэ үед Өнөболд нь миний толгой руу архины шилээр цохисон. Парадайс амралтын газар очихдоо өмнөх өдөр нь идэж уух бүх юмаа авсан байсан. Маргааш нь амралтын газрын гэрийг сунгаж авахаар болсон байсан. Ингээд Нисэхийн Морингийн даваанд байдаг дэлгүүр нь манай гудамжны урд талд байдаг, би тэр дэлгүүрийн хүнийг таньдаг байсан учир Өнөболдын Ай фоне 5 маркийн гар утсыг 60.000 орчим төгрөгийн барьцаанд тавьж, 2 шил 0,75 литрийн Экс архи, хиам, талх, ус, ундаа идэж уух юм авсан. Тус дэлгүүрт би өмнө нь бага зэргийн өртэй байсан нь үнэн. Тухайн үед амралтанд байсан хүмүүс бүгд авсан юмны үнийг дараа хувааж төлөхөөр санаа нийлж тохироод, тэгээд дэлгүүрийн хүнийг би таньдаг тул А.Өнөболдын гар утсыг нь 60.000 гаруй төгрөгөөр барьцаанд тавьж, архи ундаа нэмж авсан байсан юм.

Тухайн үед би тоглоомоор гар утсыг нь 90, 100 мянган төгрөгөөр барьцаанд тавьсан гэж хэлснээс болж ийм хэрэг маргаан үүссэн гэж бодож байна. Тэгээд л А.Өнөболд гар утас үнэтэй тавьсан байна гэж уурлаад эхэлсэн.

Өнөболд, бид хоёр бага байхаас найзалж эхэлсэн. Бараг 7-8 жил болсон. Энэ хэрэг тоглоом наргиа хийснээс л тийм зүйл болсон байх гэж бодож байна. Надад бас гэм буруу байгаа. Би архи уусан, муудалцсан, гар утсыг нь барьцаанд үнэтэй тавьсан асуудал байгаа. Миний хувьд Өнөболдын үйлдэлд нь танхайн сэдэлт байхгүй гэж үзэж байна. Гар утас үнэтэй барьцаанд тавилаа гэдэг асуудлаас маргаан үүссэн, мөн бид бүхэн архи уусан байсан учир үл ойлголцсон байдал гарсан. Өнөболдод зодуулаад би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй, харин толгойгоо бариачид үзүүлж бариулсны төлбөр 150.000 төгрөгийг Өнөболд төлсөн. Мөн өмнө нь Өнөболдын гинжийг барьцаанд тавьж байсан мөнгө 150.000 төгрөгийн Өнөболд надаас авахгүй гэж тохирсон. Одоо надад гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, миний биеийн байдал зүгээр эрүүл болсон. Бид хоёрын дунд өс хонзонгийн асуудал байхгүй. Найзыгаа ял аваад шоронд оруулахыг хүсэхгүй байна. гэсэн мэдүүлэг,

 

 Эрүүгийн 201626030982 дугаартай хэргээс:

                                                                                                        

  1. Хохирогч П.Эрдэмбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай найзууд салхинд гарахаар болоод Биокомбинатын Парадайс амралтын газар очсон. Тэнд очиж нэг хоноод, маргааш нь манай нэг найз ирнэ гээд ирээгүй. Тэгээд Парадайс амралтын газрын гэрийг сунгаж авахаар болсон. Манай хоёр найз гар утсаа барьцаанд тавихаар болсон. Нэг нь Парадайс амралтын газарт утсаа тавиад нөгөө нь дэлгүүрт тавьж идэж уух юм авахаар болсон. Өнөболдын Ай фоне 5 маркийн саарал өнгийн гар утсыг 60.000 орчим төгрөгийн барьцаанд тавьж 2 шил 0,75 литрийн Экс архи, ундаа, чихэр жимс, идэж уух юм авсан. 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хоёр гар утсыг барьцаанд тавьсан байсан. Болорсүхийн гар утсыг амралтын газарт, Өнөболдын гар утсыг дэлгүүрт тавьсан. Манай хоёр найз өөрсдөө зөвшөөрч барьцаанд тавиулсан.  Нилээн орой болсон хойно 22-23 цагийн үед Өнөболд гар утсаа барьцаанд тавьчихлаа гээд уурлаад байсан.

Намайг Өнөболд нь дээрэлхээд, дайраад надтай муудалцах гээд шалтаг хайгаад байсан. Би орон дээр хэвтэж байхад миний нүүр рүү өвдгөөрөө өвдөглөж цохиод авсан. Тэгээд би босч ирээд заамдалцаад нэг нэгнийгээ цохисон. Өнөболд ширээн дээрээс Голд чингис нэртэй архи 0.75 литрийн архины шил аваад миний толгойны орой хэсэгт цохисон. Миний толгойноос цус гараад хагарсан байхаар нь цагдаа дуудсан. Амралтанд байх хугацаанд Голд чингис, Экс нэртэй архинаас 0,75 литрийн 3 шил архийг дөрвүүлээ хувааж уусан. Өнөболд согтуу байсан боловч ухаанаа мэдэж, орчинтой харьцаатай, өөрөө явж чадаж байсан. Би ч архи уусан согтуу байсан, гэхдээ болсон явдлыг мэдэж байсан. Өнөболдын утсыг тавьсан дэлгүүрт би гуч орчим мянган төгрөгийн өртэй байсан. Энэ дэлгүүрээс дараа нь Өнөболд очиж гучин хэдэн мянган төгрөг төлөөд гар утсаа буцаагаад авсан байсан.

...Зодоон болж байх үед Болорсүх, Ариунбат, Өнөболд, Золзаяа, бид 5 байсан, өөр хүн байгаагүй. Зодоон гэр дотор болсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол байхгүй. Өнөболд бид хоёр эвлэрсэн, надаас ирж уучлалт гуйсан. Одоо надад гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлэг /хэргийн 15-17х/,

 

2. Гэрч Ж.Ариунбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Миний бие Эрдэмбилэг, Өнөболд нартай найз нөхдийн холбоотой.  2016 оны 07 дугаар сарын эхэнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадайс амралтын газарт найз Болорсүх, Эрдэмбилэг, Өнөболд, бид нар амрах гэж очсон. Энэ амралтын газарт нэг хоноод, хоёр дахь хоногт буцаад явсан. Анх очсон өдрийн орой Эрдэмбилэг, Өнөболд хоёр ойр зуурын ярианаас болж маргалдсан. Маргааныг Өнөболд эхлүүлсэн. Өнөболдын гар утсыг Морингийн даваанд байдаг дэлгүүрт барьцаанд тавьж архи зээлж авч уусан байсан.

Гар утсыг барьцаанд тавьсан мөнгөн дүнгээс болоод Өнөболд маргаан үүсгэсэн. Гар утсыг барьцаанд тавихдаа Өнөболд өөрөө зөвшөөрч өгсөн ба Эрдэмбилэг дэлгүүрт аваачиж барьцаанд тавьсан. Өнөболд маргаанаас болж Эрдэмбилэгийн хацар нүүр рүү 2, 3 удаа цохисон. Тэгээд би гайгүй болчих байх гэж бодоод сууж байхад Өнөболд, Эрдэмбилэг хоёр зодолдох гээд зууралдаад байхаар нь би Өнөболдыг очиж авсан. Би Өнөболдыг бариад салгах гэтэл Өнөболд ширээн дээр байсан архины шилийг аваад Эрдэмбилэгийн толгой руу нэг удаа цохиод авсан. Эрдэмбилэгийн толгой жаахан язраад цус гарч байсан. Өнөболдыг авч гараад цагдаад дуудлага өгсөн.

Өнөболд, Эрдэмбилэг хоёр хоёулаа согтуу байсан. Бид дөрөв 0,75 литрийн Экс нэртэй архинаас 2 шил, 0,33 литрийн лаазтай 8-9 ширхэг пиво уусан байсан. Өнөболд, Эрдэмбилэг хоёр орчноо мэдэрч байсан, ухаангүй согтуу байгаагүй. Өнөболд нь Эрдэмбилэгийн толгой руу 0,75 литрийн Экс нэртэй архины хоосон шилээр цохисон, цохисны дараа архины шил хагарсан. Эрдэмбилэг нь Өнөболдыг зодоогүй. Тухайн үед бид нараас гадна Эрдэмбилэгийн эхнэр байсан. Болороогийн эхнэр зодоон болохоос өмнө явсан.

...Амралтын газар хоноод маргааш өглөө нь 10, 11 цагийн үед Эрдэмбилэг, Өнөболд хоёрын хооронд үл ойлголцох маргаан эхэлсэн. Гар утсыг барьцаанд тавьж авсан архи, ундааны мөнгөнөөс болж маргалдсан. Их хэмжээний мөнгөнд тавьсан байна гэж Өнөболд дургүйцэж Эрдэмбилэгийг өдөж эхэлсэн. Амралтын газарт гадаа явж байхад Өнөбөлд нь Эрдэмбилэгийг гөлөгөө гэж дуудаад эхэлсэн. Зодоон нь орой 22, 23 цагийн үед эхэлсэн... гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19, 28х/,

 

3. Гэрч А.Болорсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Өнөболд, Эрдэмбилэг хоёртой найз нөхдийн холбоотой. Нисэхэд байдаг болохоор нэгнийгээ сайн танина. Эрдэмбилэгтэй дотно багын найзууд. 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 18-19 цагийн үед байх Эрдэмбилэг бид хоёр эхнэрийн хамт Ариунбат, Өнөболд нар очсон. Энэ амралтын газар хоносон. Өнөболд гар утсаа Морингийн давааны гэр хороололд байдаг дэлгүүрт барьцаанд тавьж 2 шил 0,75 литрийн Экс нэртэй архи, тамхи, пиво зэрэг зүйл авсан.

Өнөболдын гар утсыг Эрдэмбилэг авч явж тавиад аваад ирсэн. Нийтдээ тавин мянган төгрөгийн барьцаанд тавиад авч ирсэн гэсэн. Би Өнөболдын дахиад нэг гар утсыг нь авч өөрийн гар утастай нийлүүлээд Парадайс амралтын газарт барьцаанд тавин мянган төгрөгөөр тавьж гэрийг нэг хоногоор сунгуулсан. Эрдэмбилэг нь тэр гар утас барьцаанд тавьсан дэлгүүрт өмнө нь 49.000 төгрөгийн өртэй байсан. Эрдэнэбилэг, Өнөболдод чиний гар утсыг өөрийнхөө өртэй нийлүүлээд  100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан гэж тоглож хэлсэн байсан.

Тэгсэн чинь Өнөболд нохойн гөлөг гэж уурлаад Эрдэмбилэгийг хэвтэж байхад очиж нүүр рүү нь өвдөглөөд өдөөд байсан. Өнөболд, Эрдэмбилэг хоёр муудалцаад, нэг нэгнийгээ барьж аваад түлхэлцээд байсан. Гэрт орж ирээд Өнөболд, Эрдэмбилэг хоёр барьцалдаж эхэлсэн. Өнөболд Эрдэмбилэгийг илүү дээрэлхээд байсан. Ариунбат босоод боль гэхэд Өнөболд нь дайрсан. Тэгээд Ариунбат Өнөболдыг алгадсан. Эрдэмбилэг үсэрч орж ирээд зууралдах шиг болсон. Өнөболд нь Эрдэмбилэгийг цохиод эхэлсэн. Ариунбат энэ хоёрыг салгах гээд энэ хоёрын хооронд ороод энэ гурав зууралдаж байхад Өнөболд ширээн дээр байсан ууж дууссан 0,75 литрийн Экс нэртэй архины шилийг аваад Эрдэмбилэгийн толгой руу цохиход Эрдэмбилэгийн толгой хагарч нилээн цус гарсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн.

Бид нар бүгдээрээ юу болж байгааг мэдэх ухаантай байсан. Эрдэмбилэгийн толгой руу шилээр цохисны дараа шил нь нилээн хүчтэй хагарч бутарсан. Өнөболдын биед ямар нэгэн гэмтэл учраагүй. гэсэн мэдүүлэг /хэргийн 20-22х/,

 

4. Гэрч Г.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 7 дугаар сарын эхэнд Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадайс амралтын газарт салхинд гарч зугаалах гээд Өнөболд манай нөхөр Эрдэмбилэг, Болорсүх, Болорсүхийн эхнэр Золзаяа, Ариунбат бид нар очсон. Эхний өдөр очоод ууж идээд маргааш нь ахиад харих гэж байсан боловч харихгүй гээд амралтын газрын гэрийг сунгаж авах гэж байсан. Өнөболд амралтын газрыг сунгаж авахаар болсон. Өнөболд хоёр утасныхаа нэгийг амралтын газарт, нэг утсаар нь ууж идэх юмаа авна гээд гар утсаа өгөхөд амралтын газрынхан аваагүй. Өнөболд хоёр дахь утсаа дэлгүүрт очиж тавиулахаар болсон. Тийшээ явах хүн байгаагүй тул манай нөхөр яваад Морингийн таньдаг дэлгүүрээс ууж идэх юмаа аваад барьцаанд тавьсан. Хэдэн төгрөгөнд тавьсан гэдгийг мэдэхгүй, тэр орой 17-18 цагийн үед Өнөболд миний утас яасан юм бэ гэсэн дэлгүүрт барьцаанд тавьсан шүү дээ гэхэд Өнөболд уурлаад, утсаа барьцаанд тавьчихлаа гээд бухимдаад эхэлсэн.

Өнөболд манай нөхөр хоёр гадаа барьцалдаад байсан. Манай нөхрийг Өнөболд унагааж өшиглөх гэж байхад нь салгаж аваад нөхрөө орон дээр хэвтүүлсэн. Тэгэхэд Өнөболд очоод шууд өшиглөсөн. Манай нөхөр босоод яах гэж байгаа юм бэ гэхэд Өнөболд бариад авсан. Ариунбат тэр хоёрыг салгасан. Салгах хооронд Өнөболд ширээн дээр байсан архины шилийг аваад манай нөхөр Эрдэмбилэгийн толгой руу цохиход толгойноос нь цус гарсан. Тэгээд цагдаа дуудсан... гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 9518 тоот актад:

1. Эрдэмбилэг-н биед дагзны хуйханд шарх, уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэсэн мэдүүлэг /хэргийн 33х/,

 

6. Шинжээч эмч Б.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Иргэн Эрдэмбилэгийн биед учирсан гэх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүнд мод, төмөр, чулуу, архины шил зэрэг хамаарч болно. Мөн хагархай зүйлийн ир үзүүртэй зүйлд цохигдох үед үүсч болно гэсэн мэдүүлэг /хэргийн 38х/,

 

7. Гэрч О.Цогнэмэхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Эрдэмбилэг манай дэлгүүрт ирж Айфоне-5 маркийн гар утсыг барьцаанд тавьж архи, пиво, ундаа ус зэрэг зээлээр авсан. Нийтдээ тавин хэдэн мянган төгрөгийн эд зүйлийг зээлээр авсан. Авсан юмны тоо, хэмжээ, нэг бүрийн үнийг санахгүй байна. Тэр утсыг барьцаанд тавихын өмнө Эрдэмбилэг манай дэлгүүрээс 50 орчим мянган төгрөгийн зээлтэй байсан. Эрдэмбилэг нь тэр Айфоне-5 гар утсыг зөвхөн тэр өдөр авсан юмны барьцаанд тавьсан. Өмнөх зээл нь тэр гар утастай хамааралгүй. Энэ гар утсыг маргааш нь нэг залуу эзэн нь байна гэж хэлээд 45.0 орчим мянган төгрөг төлөөд аваад явсан. Үлдэгдэл мөнгөө төлөөгүй, Эрдэмбилэг өөрөө төлөх байх гэж хэлсэн. гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х/,

 

8. Шүүгдэгч А.Өнөболдын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

...2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр биокомбинатын доод талын Парадайс гэх амралтын газарт П.Эрдэмбилэг эхнэрийн хамт, Болороо эхнэрийн хамт, Ариунбат бид зургуулаа амрах гээд очиж хоносон. Маргааш 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Эрдэмбилэг бид хоёр хоорондоо маргалдсан бид хоёр угаасаа шал согтуу байсан. ... Гар утаснаас болж маргалдсан. Би согтоод унтаад босоод сэрсэний дараа гар утсаа асуусан. Эрдэмбилэг архины барьцаанд тавьсан гэж хэлсэн. Би хэдэн шил архи авсан гэсэн. Би чи яахаараа ерэн мянган төгрөгөөр хоёр шил архи авдаг юм бэ гэж маргалдсан. Маргалдсаны улмаас нэг нэгийгээ цохиж эхэлсэн. Би эхэлж Эрдэмбилэгийг хацар луу нь цохьсон чинь Эрдэмбилэг зөрүүлээд миний хацар луу цохисон. Баясан хүмүүс бид нарыг салгасан. Тэгээд маргалдаж байхад би ширээн дээр байсан бидний уусан архины хоосон шилээр Эрдэмбилэгийн толгойн дагз тус газарт цохисон. ...Тэгээд Эрдэмбилэгийн толгойноос нь цус гараад больсон. Цагдаа дуудаад намайг цагдаа аваад явсан.

...Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр уулзаж уучлалт гуйгаад толгойг нь бариачаар бариулж өгсөн. Эм тарианы мөнгө гэж 70, 80-аад мянган төгрөг өгсөн. П.Эрдэмбилэгээс би 200 мянган төгрөг авах авлагатай байсан. Энэ авлагаа авахгүйгээр эмчилгээний зардалд өгөхөөр хоорондоо тохирсон. П.Эрдэмбилэг бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн гэсэн мэдүүлэг /хэргийн 42-43х, 46-47х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.  

 

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох гэрч Б.Ганцэцэг, Ш.Амарсанаа нарын мэдүүлэг /хэргийн 29-30х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 48х, 49х/, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хэргийн 50х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 51х/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хэргийн 56-57х/, гадаад паспортын хуулбар /хэргийн 58х/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хэргийн 59-67х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн ¹9518 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

 

Хан-уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Өнөболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохироогүй байх тул хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдлоо. Тодруулбал:

- Энэ хэргийн хохирогч П.Эрдэмбилэг, шүүгдэгч А.Өнөболд нар нь гэр бүл, найз нөхдийн хамтаар 2016 оны 07 сарын 02-ны өдөр Хан-уул дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадайс амралтын газарт амрахаар ирж, маргааш нь буюу 2016 оны 07 сарын 3-ны өдөр үргэлжлүүлэн амрахаар болж, амралтын гэр сунгах, архи дарс, бусад хүнсний зүйл худалдан авах шаардлагын улмаас өөрсдийн эд зүйлээ /гар утаснууд/ барьцаалан төлбөр гүйцэтгэхээр ярилцан тохирч, шүүгдэгчийн Айфоне-S5 маркийн гар утсыг хохирогч П.Эрдэмбилэг нь өөрийн мэдэх хүнсний дэлгүүрт /Морингийн давааны гэр хороололд байдаг хүнсний дэлгүүр гэх/ барьцаанд тавьж, 2 шил 0.75 литрийн Экс нэртэй цагаан архи, тамхи, пиво, ундаа ус зэрэг эд зүйлсийг зээлээр худалдан авсан, улмаар шүүгдэгч А.Өнөболд өөрийн гар утсыг хэдэн төгрөгөөр барьцаанд тавьсан талаар хохирогчоос тодруулж асуухад тэрээр өөрийнхөө өртэй нийлээд зуун мянган төгрөгийн барьцаанд тавьсан гэж тоглож хэлсэн гэснээс шүүгдэгч нохойн гөлөг гэж уурлан, орон дээр хэвтэж байсан хохирогчийн нүүр лүү нь өвдөглөж өдөж хоргоосон, хоорондоо маргалдан муудалцаж, улмаар барьцалдан зодолсон, энэ явцдаа шүүгдэгч А.Өнөболд нь амралтын гэрийн ширээн дээр байсан архины шилийг авч П.Эрдэмбилэгийн толгойн тус газарт цохиж, түүний биед дагзны хуйханд шарх, уруулд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь

-  гэрч Ж.Ариунбатын ...Өнөболдын гар утсыг Морингийн даваанд байдаг нэг дэлгүүрт барьцаанд тавьж архи зээлдэж авч уусан. Гар утсыг барьцаанд тавьсан мөнгөн дүнгээс болоод Өнөболд маргаан үүсгэсэн. ...Өнөболд нь дэлгүүрээс авсан юм дөчин хэдэн мөнгөн төгрөг гээд, Эрдэмбилэг нь тавин хэдэн мянган төгрөг гээд маргалдсан. ...Гар утсыг барьцаанд тавихдаа Өнөболд өөрөө зөвшөөрч өгсөн ба Эрдэмбилэг дэлгүүрт аваачиж барьцаанд тавьсан юм. Маргаанаас болоод Өнөболд Эрдэмбилэгийн хацар, нүүр лүү нь хоёр гурван удаа цохисон. ...Би Өнөболдыг бариад салгах гээд явж байхад ...Өнөболд ширээн дээр байсан архины шилийг аваад Эрдэмбилэгийн толгой руу нэг удаа цохисон. Экс архины хоосон шилээр цохисон. Эрдэмбилэгийн толгой язарч цус гарсан... Амралтын газар хоноод маргааш өглөө нь 10, 11 цагийн үед Эрдэмбилэг, Өнөболд хоёрын хооронд үл ойлголцох маргаан эхэлсэн. Гар утсыг барьцаанд тавьж авсан архи, ундааны мөнгөнөөс болж маргалдсан. Их хэмжээний мөнгөнд тавьсан байна гэж Өнөболд дургүйцэж Эрдэмбилэгийг өдөж эхэлсэн. Амралтын газарт гадаа явж байхад Өнөбөлд нь Эрдэмбилэгийг гөлөгөө гэж дуудаад эхэлсэн. Зодоон нь орой  22, 23 цагийн үед эхэлсэн... гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19, 28х/,

- гэрч А.Болорсүхийн ...Эрдэмбилэг тэр гар утас барьцаанд тавьсан дэлгүүрт урьд өмнө 49.000 төгрөгийн өртэй байсан. Эрдэмбилэг Өнөболдод чиний гар утсыг өөрийнхөө өртэй нийлүүлээд зуун мянган төгрөгийн барьцаанд тавьсан гэж тоглож хэлсэн байсан. Тэгсэн чинь Өнөболд нохойн гөлөг гэж уурлаад Эрдэмбилэг хэвтэж байхад очоод нүүр лүү нь өвдөглөөд өдөөд байсан. Тэр хоёр муудалцаад  нэг нэгийгээ барьж аваад заамдалцаад түлхэлцээд байсан. Гэр дотор Өнөболд, Эрдэмбилэг хоёр барьцалдаж эхэлсэн. ...Ариунбат босоод боль гэсэн чинь Өнөболд дайрсан. Ариунбат Өнөболдыг алгадсан. Эрдэмбилэг үсэрч орж ирээд зууралдах шиг болсон. Өнөболд Эрдэмбилэгийг цохиод авсан. Зууралдаж байхад Өнөболд ширээн дээр байсан ууж дууссан 0.75 литрийн экс архины шилийг аваад Эрдэмбилэгийн толгой луу цохиод хагалсан. Эрдэмбилэгийн толгой хагарч, цус гарсан. Өнөболд Эрдэмбилэг хоёр харилцаа холбоотой байдаг, нэг нэгнээсээ мөнгө төгрөг зээлдэж аваад өгөөд явдаг. Найзууд шиг болсон улс.  гэсэн мэдүүлэг /хэргийн 20-22х/,

- гэрч Б.Мягмардоржийн ...2016 оны 07 сарын 03-ны өдөр манай амралтын газарт хэдэн залуу, хэдэн хүүхнүүдийн хамт манай Парадайс амралтын газарт ирж хоносон. Тэр өдрийн орой 20-21 цагийн үед байх тэдний нэг нь ирж манай нэг хүнийг шилээр цохьчихлоо, цагдаа дуудсан гэсэн. Удахгүй цагдаа ирээд аваад явсан. Бид зодоон яаж болсныг мэдэхгүй. ...Тэд манай амралтын газрын гэрт байрлаж байсан. гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээч эмчийн Эрдэмбилэгийн биед дагзны хуйханд шарх, уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 9518 дугаартай актын дүгнэлт /хэргийн 33х/,

- шинжээч эмч Б.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Иргэн Эрдэмбилэгийн биед  учирсан гэх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүнд мод, төмөр, чулуу, архины шил зэрэг хамаарч болно. Мөн хагархай зүйлийн ир үзүүртэй зүйлд цохигдох үед үүсч болно гэсэн мэдүүлэг /хэргийн 38х/,

- гэрч О.Цогнэмэхийн ...Эрдэмбилэг манай дэлгүүрт ирж Айфоне-5 маркийн гар утсыг барьцаанд тавьж архи, пиво, ундаа ус зэрэг зээлээр авсан. Нийтдээ тавин хэдэн мянган төгрөгийн эд зүйлийг зээлээр авсан. Авсан юмны тоо, хэмжээ, нэг бүрийн үнийг санахгүй байна. Тэр утсыг барьцаанд тавихын өмнө Эрдэмбилэг манай дэлгүүрээс 50 орчим мянган төгрөгийн зээлтэй байсан. Эрдэмбилэг нь тэр Айфоне-5 гар утсыг зөвхөн тэр өдөр авсан юмны барьцаанд тавьсан. Өмнөх зээл нь тэр гар утастай хамааралгүй. Энэ гар утсыг маргааш нь нэг залуу эзэн нь байна гэж хэлээд 45.0 орчим мянган төгрөг төлөөд аваад явсан. Үлдэгдэл мөнгөө төлөөгүй, Эрдэмбилэг өөрөө төлөх байх гэж хэлсэн.  гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х/ болон хохирогч П.Эрдэмбилэг, шүүгдэгч А.Өнөболдын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон ба уг хэрэг гарах үед хохирогч, шүүгдэгч хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

 

Шүүгдэгч А.Өнөболд нь хохирогч П.Эрдэмбилэг болон найзуудын хамт амралтын газарт үргэлжлүүлэн хонохоор болж амралтын гэрийн төлбөр болон бусад уух идэх хүнсний зүйлийн үнэнд тус тус гар утсаа барьцаанд тавихаар тохирч, улмаар хохирогч П.Эрдэмбилэг нь түүний Айфоне-5 маркийн гар утсыг 60-аад мянган төгрөгөөр барьцаалж архи, пиво, ус, ундаа зэрэг эд зүйл авсан атлаа 100, 90 мянган төгрөгийн барьцаанд тавсан гэж /тоглож хэлсэн гэдэг/ шүүгдэгчид хэлснээс тэрээр өөрийн гар утсыг өндөр үнээр барьцаанд тавьлаа гэж ойлгон уурлан бухимдаж, улмаар хохирогчийг өдөж түүнийг гөлөг гэх мэт бүдүүлэг үгээр хэлэн, маргалдан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, архины шилийн зэвсгийн чанартай ашиглан хүч хэрэглэн, танхайрсан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, тухайн хэрэг танхайн сэдэлтээр үйлдэгдээгүй, харин шүүгдэгчийн Айфоне 5 маркийн гар утсыг барьцаанд тавьсан үнийн дүнгээс болж хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн хувийн сэдэлттэй таарамжгүй харилцаанаас буюу тодорхой шалтгаантай маргааны улмаас үйлдэгдсэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

Нөгөө талаар шүүгдэгч нь хэдийгээр өөрийн гар утсыг барьцаанд тавихыг зөвшөөрсөн гэх боловч хэдэн төгрөгийн барьцаанд тавих эсэх талаар хохирогчтой тохиролцоогүй, өөрийн утсыг үнэтэй барьцаанд тавьлаа гэснийг үл ялих зүйлээр шалтагласан хэмээн дүгнэх учир дутагдалтай бөгөөд Монгол улсын Үндсэн хууль болоод Иргэний хуульд заасан өөрийн эд хөрөнгөө захиран зарцуулах өмчлөгчийн эрх  тодорхой хэмжээнд хөндөгдсөн гэж үзэх юм.  

 

Танхайрах гэмт хэрэг нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго зэрэг субъектив талын шинж, мөн үйлдэл, үр дагавар зэрэг объектив талын шинжээр ялгагдах бөгөөд тухайн хэрэг маргаан оройн цагаар, Парадайс амралтын газарт, гэрт гарсан хэдий ч тухайн үед тус газарт шүүгдэгч, хохирогч, тэдгээртэй хамт явсан найзууд нь болох энэ хэргийн гэрч Г.Золзаяа, Ж.Ариунбат, А.Болорсүх нараас өөр хүн байгаагүй, амралтын газрын бусад амрагч нарын амгалан тайван байдлыг алдагдуулсан, тус байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан болон эд хөрөнгөд нь хохирол учруулсан зүйлгүй, нийгмийн хэв журам болон олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжгүй болох нь тус амралтын газрын зохион байгуулагч Б.Мягмардоржийн /хэргийн 23х/ гэрчээр өгсөн мэдүүлэг баримтаар тогтоогдож байна.

 

Иймд Хан-уул дүүргийн прокурорын газраас Еншүб овогт Амарсанаагийн Өнөболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч А.Өнөболд нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 51х/ тогтоогдсон байх тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол саналгүй болсон, хохирогч П.Эрдэмбилэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд түүний толгойг бариачаар бариулсны төлбөрт 150.000 төгрөг төлсөн гэж, шүүгдэгч нь хохирогчоос авах байсан гэх өмнөх өр авлагыг авахгүйгээр /200.000 орчим төгрөг/ түүний эмчилгээний төлбөрт тооцуулахаар харилцан тохиролцсон талаар хэн аль нь мэдүүлж, хохирогч П.Эрдэмбилэг нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн зэргээс шүүгдэгч А.Өнөболдын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцож гаргуулах хохирол, төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх, шүүгдэгч А.Өнөболд нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгож ухамсарласан байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн буюу гэм хор арилсан зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Шүүгдэгч А.Өнөболын өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, хохирогч П.Эрдэмбилэг нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа болон шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байдлаа илэрхийлж, энэ хүсэлтээ шүүхэд бичгээр өгсөн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу А.Өнөболдод холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох улмаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй юм.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасан ба шүүгдэгч А.Өнөболд нь дээрх гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн нь тогтоогдсон, гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуульд заасан үндэслэл болох тул хохирогчтой сайн дураар эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан гэх үндэслэлээр А.Өнөболдод холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх талаарх өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээн авах эрх зүйн үндэслэлгүй юм.      

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, А.Өнөболдын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч П.Эрдэмбилэг гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болох тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэг, 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290 дугаар зүйлийн 290.3 дэх хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:      

                                                              

 1. Хан-уул дүүргийн прокурорын газраас Еншүб овогт Амарсанаагийн Өнөболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.  

 

2. Еншүб овогт Амарсанаагийн Өнөболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар А.Өнөболдод 01 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар  А.Өнөболдод оногдуулсан 01 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

 5. Энэ хэрэгт А.Өнөболд нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч П.Эрдэмбилэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан А.Өнөболдод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 7. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан А.Өнөболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.        

               

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД

                         

                                        ШҮҮГЧИД                                     Д.АЛТАНЖИГҮҮР                                                   

                                                                                                  П.ТУЯАТ