Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч Г.Эрдэнэбуян нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Сартуул ургийн овогт Ганболдын Эрдэнэбуянд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2236001580211 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Сартуул ургийн овогт Ганболдын Эрдэнэбуян, 1996 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл хоёр, эцгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10 мянгатын 15 дугаар гудамжны 26 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пю96050234.

Холбогдсон хэргийн талаар:

Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутагт байрлах иргэн А.Номинзулын байшингийн цонхоор 2022 оны 06 дугаар сарын 27-ны шөнө хохирогч М.Аюурзана зөвшөөрөлгүй нэвтэрсний улмаас шүүгдэгч Г.Эрдэнэбуян нь түүнтэй харилцан зодолдох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2236001580211 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлийг (хавтаст хэргийн 01 дүгээр хуудас);

- Зөрчлийн талаар гомдол мэдээлэл шалгах ажиллагааны шатанд М.Аюурзанаас хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас);

- Зөрчлийн талаар гомдол мэдээлэл шалгах ажиллагааны шатанд А.Номинзулаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 5 дугаар хуудас);

- Прокуророос зөвшөөрөл авах тухай эрх бүхий албан тушаалтны саналыг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас);

- Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх, хүний биеэс шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах тухай прокурорын зөвшөөрлийг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас);

- Хохирогч М.Аюурзанын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 551 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас);

- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас);

- М.Аюурзанаас хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 49, 78 дугаар хуудас);

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас);

- Шүүгдэгч Г.Эрдэнэбуянаас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Г.Эрдэнэбуяны иргэний үнэмлэхний лавлагааг (хавтаст хэргийн 67 дугаар хуудас);

- Хаан банкны орлогын мэдүүлэг гэх баримтыг (хавтаст хэргийн 76 дугаар хуудас);

- Шүүгдэгч Г.Эрдэнэбуяны хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг (хавтаст хэргийн 82 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй, мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

- Хохирогч М.Аюурзанын “Би 2022 оны 06 дугаар сарын 27-ны шөнө 05 цагийн үед дотно харилцаатай байсан А.Номинзулын гэрт очсон ба хашааны хаалга нь онгорхой, байшингийн хаалга нь цоожтой байсан болохоор нь гэрийнх нь цонхоор орсон. Цонх нь ялааны тортой байхаар нь торыг нь аваад орсон чинь А.Номинзул нэг танихгүй залуутай хамт орон дээр хэвтэж байсан. Тэгээд би нөгөө залуутай барилцаж аваад тэр залуу нь намайг толгой, хэвлий, шанаа хэсэг рүү цохиод байхаар нь гэрээс нь гараад зугтаасан. Дааман хаалга дээр иртэл хажуу айлаас хүмүүс гарч ирээд бариад авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас);

- Хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдсон, шүүгдэгч Г.Эрдэнэбуяны гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 27-нд найз охиныхоо гэрт амарч байтал үүрийн 04-05 цагийн үед цонхоор үл таних эрэгтэй хүн орж ирээд миний нүүр лүү хоёр удаа гараа атгаж байгаад цохисон. Би зөрүүлээд хоёр удаа алгадахад намайг түлхсэн. Тухайн үед би авдар луу нуруугаараа мөргөөд унасан. Босож ирээд нөгөө хүнийг барьж аваад цагдаа дуудах гэтэл чадаагүй, нүцгэн байсан тул өмдөө өмсөх гэтэл нөгөө хүн зугтаасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутагт байрлах иргэн А.Номинзулын байшингийн цонхоор 2022 оны 06 дугаар сарын 27-ны шөнө хохирогч М.Аюурзана зөвшөөрөлгүй нэвтэрч, хардалтын улмаас шүүгдэгч Г.Эрдэнэбуяныг цохисны улмаас тэд нар харилцан зодолдсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Эрдэнэбуяны үйлдлийн улмаас хохирогчийн хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт, хүзүүний баруун хэсэгт цус хуралтууд, баруун эгэм хэсэгт цус хуралтууд, баруун мөр хэсэгт цус хуралт, баруун бугалгын гадна хэсэгт цус хуралт, баруун бугалгын дотор доод хэсэгт зулгаралт, цээжний баруун хажуу хэсэгт цус хуралт, баруун шууны дотор доод хэсэгт цус хуралт, баруун сарвууны ар хэсгийн цус хуралт, зүүн шууны дотор доод хэсэгт цус хуралтууд, хэвлийн баруун хажуу хэсгийн зулгаралтууд, хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт зүүн шилбэний урд дээд хэсгийн зулгаралт гэмтлүүд учирчээ. Хохирогчийн биед учирсан уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд болох нь шинжээчийн 551 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас)-ээр нотлогдож байна. Тодруулбал хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Эрдэнэбуян нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчтой харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Хохирогч М.Аюурзаныг шүүгдэгчийн биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон үйлдэлд нь эрх бүхий албан тушаалтан 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0235000 дугаартай шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 38 дугаар хуудас)-аар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100’000 төгрөгөөр торгосон, хохирогч гомдол гаргаагүй учир уг шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон байна. Мөн хохирогч М.Аюурзанын “...Би анх гэрт нь цонхоор ороод орон дээр хэвтэж байхад нь эрүү нүүр тус газар нь нэг гараараа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас)-ээс дүгнэвэл хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болжээ.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед олон тооны гэмтэл нэг цаг хугацаанд үүссэн байх тул шүүгдэгчийг хохирогчийн биед олон удаагийн үйлдлээр халдсан гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Г.Эрдэнэбуяныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч М.Аюурзанын “...Бүрэн төлж барагдуулсан байгаа. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дугаар хуудас), шүүгдэгчээс хохирогчийн Хаан банк дахь 5920673699 дугаарын дансанд 400’000 төгрөг шилжүүлснийг нотолсон Хаан банкны орлогын мэдүүлэг гэх баримт (хавтаст хэргийн 76 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь нотлогдсон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Г.Эрдэнэбуян Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар прокурор шүүгдэгч Г.Эрдэнэбуянд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550’000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), шүүгдэгч Г.Эрдэнэбуяны яллагдагчаар өгсөн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Эрдэнэбуян нь эцгийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Хохирогч нь шөнийн цагаар бусдын гэрт нэвтэрч шүүгдэгчийн биед түрүүлж халдсан байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж үзнэ. Мөн шүүгдэгч нь гэнэтийн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид 400’000 төгрөг төлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгасан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх болон мөн хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзана үзнэ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурор, шүүгдэгч нарын хооронд тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд буюу шүүгдэгч Г.Эрдэнэбуянд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ялаас чөлөөлөх”-өөр заасан ба шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй байна. Иймд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Эрдэнэбуян нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул ургийн овогт Ганболдын Эрдэнэбуяныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбуяныг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Эрдэнэбуяныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Эрдэнэбуян нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА